Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00026

 

Ш.*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Насанжаргал, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00654 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Өлзийт сум 6 дугаар баг 2 дугаар гудамж 17 тоотод оршин суух Тавнан овогт *******н *******ын нэхэмжлэлтэй

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэрэгт прокурор С.Болорзулын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.

Хүсэлт гаргагч *******н *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний аав Жамцын ******* (******* ) нь 1939 оны 6 дугаар сарын 23-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлагдан Өвөрхангай аймгийн Ардын шүүх Таслах газрын 1941 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 123 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 47 дугаар зүйлээр 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Хэргийг хянаад Дээд шүүхийн цэргийн коллегийн 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар магадлалаар цагаатгасан.

Намайг ******* (*******)-ийн охин болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар тогтоосон. Тиймээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 1998 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар хэсгийн дагуу хэлмэгдэгч Жамцын ******* (*******)-ийн нөхөн олговор 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранцэцэгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний ээжийн аав нь 1939 оны 6 дугаар сарын 23-ны өдөр баривчлагдаж, 1941 онд 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Энэ хэргийг 1999 онд Улсын дээд шүүхээс цагаатгасан болно. Миний ээжид нөхөн олговор 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор С.Болорзул анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дэх хэсэгт зааснаар Ш.*******д 40.000.000 төгрөгийн нөхөн олговрыг олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нэхэмжлэлд хавсаргах баримт материалыг бүрэн хавсаргасан, мөн нөхөн олговрыг нэхэмжлэх, авах эрхтэй этгээд буюу хэлмэгдэгчийн охин болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Санхүү тасгаас 40.000.000 /Дөчин сая/ төгрөгийг гаргуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.*******н төрсөн охин, ВП14030807 регистрийн дугаартай, Тавнан овогт *******н *******д олгож, хүсэлт гаргагч Ш.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул гаргасан давж заалдах гомдолдоо:

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Болорзул би, тус аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00654 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ш.*******ын нэхэмжлэлтэй нөхөх олговор болох 40.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцээд:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамцын ******* /*******/ нь 1938 оны 06 сарын 23-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан Өвөрхангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1941 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 123 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 47-р зүйлээр 6 жилийн хорих ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

Монгол Улсын Дээд Шүүхээс хэлмэгдэгч Жамцын *******н нэр дээр 2000 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14077 дугаарын цагаатгалын үнэмлэх олгосон байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь хэлмэгдэгч Ж.*******гийн охин болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2019/00466 тоот шийдвэр, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03-2/702 тоот лавлагаа зэргээр тогтоогдсон, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т: хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөх олговорыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нөхөх олговорыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 4 дүгээр хэсгийн 5-ын В, 9 дүгээр заалт, 3 дугаар хэсэгт заасны дагуу Б.Шараа нь төрсөн эцэг болох хэлмэгдэгч Ё.Юндэнгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөх олговорыг нэхэмжлэх, нөхөн олговор авах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч Ш.*******ын хүсэлтийг хангаж, Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын санхүү тасгаас 40.000.000 /наян сая/ төгрөгийг гаргуулж, Ш.*******д олгох нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэж шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр/нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор заасан байгаа. Хуулийн 23.1-д Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.*******ын хувьд түүний эцэг болох Ш.******* нь 1939 онд хилс хэрэгт хэлмэгдэх явцдаа ямар нэгэн эд хөрөнгө, гэр орон сууцаа хураалгасан баримт байхгүй буюу хураалгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээд эд хөрөнгөө хураалгаагүй нь түүнд нөхөн олговор олгохоос татгалзах үндэслэл биш буюу хэлмэгдсэн хүн бүрт олгохоор дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь илтэд үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг удирдлага болгон Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00654 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******н *******аас шүүхэд гаргасан нэхмжлэлдээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу 40.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамцын ******* /*******/ нь 1938 оны 06 сарын 23-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан Өвөрхангай аймгийн Ардын Шүүх таслах газрын 1941 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 123 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 47-р зүйлээр 6 жилийн хорих ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 192 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

Монгол Улсын Дээд Шүүхээс хэлмэгдэгч Жамцын *******н нэр дээр 2000 оны оны 03 дугаар сарын 17-ны өдөр 14077 дугаарын цагаатгалын үнэмлэх олгосон байна.

Нэхэмжлэгч Ш.******* нь хэлмэгдэгч Ж.*******гийн охин болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2019/00466 тоот шийдвэр, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 03-2/702 тоот лавлагаа зэргээр тогтоогдсон, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т: хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөх олговорыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нөхөх олговорыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 4 дүгээр хэсгийн 5-ын В, 3 дугаар хэсэгт заасны дагуу Ш.******* нь төрсөн эцэг болох хэлмэгдэгч Ж.*******н улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөх олговорыг нэхэмжлэх, нөхөн олговор авах эрхтэй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хуулийн зохицуулалт нь хэлмэгдэгч, хэлмэгдэгч өөрөө байхгүй бол нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол тухайн оршин сууж байгаа орон нутгийн засаг захиргааны зүгээс орон сууц олгоно гэсэн заалт болно.

Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хэлмэгдүүлэлтийн явцад орон сууц, гэрээ хураалгаагүй, хураалгасан эсэх нь тодорхойгүй боловч төрөөс орон сууц олгоогүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ар гэрт, эхнэр /нөхөрт/ нь орон сууц олгоогүй бол төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдэд нь нөхөн олговор 40 сая төгрөгийг олгож болох эсэхийг хуулинд зохицуулахдаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “..Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг олгоно..” гэсэн заалтаар хэлмэгдэгчийн ар гэрт нь орон сууц олгоогүй л бол хэлмэгдэгчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдэд нь нөхөн олговор олгож болохоор заасан хуулийн зохицуулалт болно. Учир нь хэлмэгдүүлэлтийн явцад тухайн хэлмэгдэгчийн гэр, орон сууцыг хураасан эсэх нь тогтоогдохгүй байгаа нөхцөлд, өөрөөр хэлбэл хэлмэгдэгч гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгаагүй байна гэж шүүх дүгнэлт өгөх боломжгүй байгаа нөхцөлд хэлмэгдэгчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдэд нь нөхөн олговор олгож шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.

Хэлмэгдэгч Ж.*******г хэлмэгдүүлэх явцад гэр орон сууцыг нь хураасан тухай баримт байхгүй, гэрийг нь хураасан эсэх нь тодорхойгүй байна. Ж.*******г хорих ялаар шийтгүүлсэний дараа үлдэж байгаа ар гэрт нь /эхнэрт нь/ орон сууц олгоогүй болох нь Ш.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад нотлох баримаар тогтоогдож байна. Хэлмэгдэгч Ж.*******гийн ар гэрт нь, эхнэрт нь орон сууц олгоогүй болох нь тодорхой байгаа нөхцөлд хэлмэгдэгч Ж.*******гийн төрсөн охин Ш.*******д 40 сая төгрөгийг нөхөн олговорт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “..Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг олгоно..” гэсэн заалт нь хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн ар гэрт, эхнэр /нөхөр/-т орон сууц олгох, хэрэв орон сууц олгоогүй бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн, болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд 40 сая төгрөгийг олгох хуулийн зохицуулалт болно.

Хэлмэгдэгч нь 1941 онд хэлмэгдэх явцдаа гэр орон сууцаа хураалгасан эсэх нь тодорхойгүй, тогтоогдохгүй байгаа нөхцөлд, өөрөөр хэлбэл хэлмэгдэгч гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгаагүй байна гэж шүүх дүгнэлт өгөх боломжгүй байгаа нөхцөлд хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн үлдэж байгаа ар гэрт нь төрөөс орон сууц олгох хуулийн зохицуулалт хэрэгжих үндэслэл болно.

Прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо зохигчийн нэгэн адил эрх,үүрэгтэй талуудын тэгш эрхийн, мэтгэлзэх зарчимд үндэслэж хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэл тайлбартайгаа холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй нөхцөлд шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор С.Болорзулын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор С.Болорзулын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

  ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 Л.НЯМДОРЖ