| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0335/э |
| Дугаар | 343 |
| Огноо | 2018-07-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч И.Х-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И.Х-д холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиар хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт И.Х
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч И.Х-нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул нутаг дэвсгэрт байрлах “M” ХХК-ний байранд хамт ажилладаг Н.М-тай архидан согтуурч, маргалдан улмаар түүнийг цохиж, зодон эрүүл мэндэд нь зүүн мөрний үений мултрал, зүүн эгэм далны холбоосны суналт, эгэмд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, 2 шүдний эмтрэл, нүдний алимны салстад цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч И.Х-гоос: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай “M” ХХК-ны надтай хамт ажилладаг И.Х-гий төрсөн өдөр болсон. ...Б-, Б- бид нар...ярилцаж байгаад...0.75 литрийн 2 шил Хар чингис архи, ундаа зэргийг авсан...ингээд 2 шил архийг Б-, Х- бид 3 хувааж уугаад Б- харихаар гэр рүүгээ явсан. Б- ажлаа хийхээр явсан. Харин Х- бид хоёр Б-ын машиныг машины зогсоолд байрлуулж тавьчихаад ажлын байр болох дулааны узелийн өрөө рүү явж байх замд Х-гийн таньдаг хүн таарсан. Х- тэр хүнтэй уулзаж байгаад хамтдаа дэлгүүр орж 0.75 литрийн Соёрхол архи авч өгсөн. Тэр архийг нь Х- бид хоёр аваад узелийн өрөө рүү орсон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Ингээд тэнд ороод авч орсон архиа хувааж ууцгаасан. Ууж байгаад би согтоод ухаангүй тасарчихсан байсан. Ингээд нэг мэдэхэд намайг суугаа байдалтай хана налуулчихсан чигээр Х- толгой нүүр рүү цохиж байсан. Тэгэж байгаад би газар уначихсан Х- намайг дээрээс зодоод өшиглөөд байсан. Би “одоо больёо” гээд хөлнөөс нь зуурч байснаа мэдэж байна. Тэгээд Х- намайг зодохоо болоьчихсон. Тухайн үед намайг өөрөө зодохоо больсон уу, хүн орж ирж салгасан уу гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд 00 цагийн үед манай эхнэр намайг Маршал хотхоны ордог хаалганы хажуу талын диспечерийн өрөөнөөс очиж авсан. Эхнэр Гүрхүү ирээд намайг сэрээхэд л би сэргэсэн...Миний хоёр нүд битүү хавдаж тагларсан байсан. Баруун чихний ар тал нугалаагаараа бага зэрэг ярагдсан...зүүн эгэмний холбоос суналттай, зүүн мөрний толгой ясны мултралтай, толгой энд тэндгүй булдруу, хоёр шүдний эмтрэл үүссэн гэмтэлтэй байсан. Өөр гэмтэл шарх байхгүй байсан...Би Х-той юунаас болж маргалдаж муудалцсанаа санахгүй байна. Урьд өмнө Х-той маргаж муудалцаж байсан зүйл байхгүй...Би Х-той шатнаас унасан эсэхээ мэдэхгүй байна...Би Х-г зодож цохисон зүйл байхгүй. Би өөрөө ямар ч чадваргүй, согтчихсон байсан болохоор хүн цохих тэнхээгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),
Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18-19 цагийн үед...Нийтийн ус дулаан дамжуулах төвийн амралтын... өрөөнд ороход Н.М-нь газар ойччихсон хэвтээгээр байсан. Харин Х- нь нүүр рүү өшиглөөд, дэвсээд байсан. М-ын нүүр хэсэг нь хавдаж, хамраас нь цус гараад доошоогоо гоожсон байдалтай ёо ёо гэж орилоод байсан. Өрөөний үүдний зууван толь хагарсан, цагаан плитан шалан дээгүүр цус гоожсон байдалтай байсан. Х- Н.М-ыг цаашаа хараад нүүр рүү өшиглөж байхаар нь араас нь очиж тэвэрч сугадаж аваад гадагш нь гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ...17 цаг өнгөрч байхад машин дээрээ эргээд ирэхэд...Х- М- хоёр нилээн согтсон байсан...М- нь Х-гоо “жаахан уучихаад согтоод ууж чадахгүй” гэсэн маягаар үг хаяад нэг удаа алгадаад авсан. Х- “чи найзыгаа яагаад алгадаад байгаа юм бэ, чи найзыгаа алгадчихлааштэй” гээд байсан. Тэгтэл М- нь энэ зэргийн алгадалт даахгүй юун сүртэй юм бэ гээд байсан. ...Маргааш өглөө нь би Х-гийнхоор дайрч ороход...Х- баруун хөл гишгиж болохгүй болсон байсан гэж байсан. Мөн нүүрний 2-3 газар бага хэмжээний зүсэгдсэн байдалтай байсан. Толгой бага хэмжээний хагарчихсан байна гэж ярьж байсан. Тэр шархыг нь би хараагүй. Зүүн нүдэн доогуураа бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан өгөөд ажилдаа явж чадахгүй болохоор нь би орхиод ажилдаа явсан...М-ыг яаж гараа гэмтээснийг мэдэхгүй байна. Намайг явахад Х нь нилээн согтсон байдалтай хийж өгсөн архийг нь ууж чадахгүй хахаж цацаж бөөлжиж гаргаад байсан. М- нь арай гайгүй “чи одоо ганц юм ууж чадахгүй байна уу” гээд үг хаяад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
Гэрч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Х-гийн төрсөн өдөр гээд М-, Б-, Х- бид 4 өөрсдийн ажлын ойролцоо...Хар чингис нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч миний машинд бүгдээрээ сууцгаасан...Би хийж өгсөн архинаас нь нэг удаа уугаад буусан...М- нь Х-гоо чи томорчихсон гэсэн утгатай үгээр идээд байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19),
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №2889 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч И.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн болсон. Тэр өдөр би ажлаас 17 цагт буугаад ажлаас инженер Б-, Б- сантехникч М- бид 4 гарч яваад миний төрсөн өдрийг тэмдэглэхээр болцгоосон. Тэгээд...Б-, Б-, М- нар Хар чингис нэртэй архи авчирсан... тэгээд архиа хувааж уугаад дуусгасан. Ингээд дахин нэг шил архи задлаад ууж байгаад би согтчихсон байсан. Уул нь Б- намайг явья гэхэд М- архи дуусаагүй байна гээд явуулаагүй. Нэг ухаан ороход машин дотор М- намайг алгадаад байсан. Намайг ухаан оруулах гэж алгадаж байгаа юм уу, маргаад алгадаад байгаа юм уу гэдгийг ойлгоогүй, Тэгтэл хажуугаас Б- “боль та хоёр нэг бол найз гээд, нэг бол маргалдаад байх юм” гэж хэлж байсан. Ингээд архи дуусах үеэр би согтоод тасарчихсан ухаангүй болсон байсан. Тэгээд нэг сэрэхэд хажууд М- суучихсан намайг бос гээд толгой алгадаад байсан. Тэгэхээр нь би уурлаад босож ирээд хоорондоо маргаж байсан. М- “архи ууж чадахгүй юм бол яах гэж авсан юм” гээд байсан. Тэгээд М- миний хувцаснаас барьж аваад цааш түлхэх үед...өрөөний толийг мөргүүлчихсэн. Тэгэхээр нь би М-ын хоёр хөлийг хамж аваад газар унагаасан. Тэгээд М-ыг би нүүр рүү нь өшиглөж байснаа мэдэж байна...М- бид хоёр шат руу өгсөж явахдаа хамтдаа унасан...Намайг сууж байхад М- цохиод шил мөргүүлж байсан. Өөр цохиж зодсоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46),
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 29, 30), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 10), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 31) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Х.Х- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “M” ХХК-ний байранд, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, иргэн Н.М-тай маргалдан улмаар түүнийг цохисны улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч И.Х-гийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46), хохирогч Н.М-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6), гэрч Г.Амартүвшингийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13), гэрч М.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16), гэрч У.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №2889 дугаартай:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч И.Х-нь согтуурсан үедээ маргалдан хохирогч Н.М-ыг цохиж зодон хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Х-нь хохирогч Н.М-ыг зодон эрүүл мэндэд нь зүүн мөрний үений мултрал, зүүн эгэм далны холбоосны суналт, эгэмд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, 2 шүдний эмтрэл, нүдний алимны салстад цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүний улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч И.Х-д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-д эмчилгээний зардалд нийт 3.000.000 төгрөгийг шүүгдэгч И.Х-гоос нь төлсөн (хавтаст хэргийн 10) хохирогчоос цаашид гаргах гомдол саналгүй гэжээ. Иймд шүүгдэгч И.Х-нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Х-нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Х-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй И.Х-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.