Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/869

 

 

 

 

 

  2025             07             23                                       2025/ДШМ/869

 

Г.А , Г.Э  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

шүүгдэгч Г.Э-н  өмгөөлөгч Б.Ганбаатар, Д.Мягмарсүрэн,

шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч Д.Одонтунгалаг, Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-н  өмгөөлөгч Б.Ганбаатар, Д.Мягмарсүрэн, шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.А , Г.Э  нарт холбогдох эрүүгийн 2302005790475 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.А  нь *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2. "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, *** дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “Т.Ө ” ХХК-ийн захирал З.Т тай уулзаж, түүний өөрт нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн “А  эмнэлгийн эмч Д.Э г “Т.Ө ” ХХК-д 2014 оноос 2019 оны хооронд 01 сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Д.Э ”-г “Т.Ө ” ХХК-д ажилласан байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэж өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд З.Т аас 15,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

улмаар Г.А  нь З.Т аар дамжуулан 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “...Т.Ө  ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” хууль бус хүсэлтийг гаргуулан, хүлээн авч, *** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Г.Э тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай хууль бус, хуурамч актыг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороонд байрлах *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

2. Шүүгдэгч Г.Э  нь *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2. "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, яллагдагч Г.А тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн “Т.Ө ” ХХК-ийн захирал З.Т аас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “...Т.Ө  ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” гэсэн хууль бус хүсэлт гаргасныг хүлээн авч, *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** дүүргийн 6 дугаар хороонд байрлах *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Э-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Г.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.А-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд, хийсний хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд, шүүгдэгч Г.Э ийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А , Г.Э  нарт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А , Г.Э  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э-н  өмгөөлөгч Б.Ганбаатар өмгөөлөгч Д.Мягмарсүрэнтэй хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан мөрдөх ажиллагааны явцад нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж нотлоогүй, гэрчүүдийн мэдүүлгүүдийн зөрүүг анхаарч дүгнээгүй, нотлох баримтын эх сурвалж болсон баримт бичгүүд мөрдөх ажиллагааны явцад олж тогтоогоогүй байхад иргэн Г.Э ийг гэм буруутайд тооцон ял шийтгэл ноогдуулсанд гомдолтой байна.Үүнд:

1. Шүүгч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ иргэн Г.Э ийг хэд хэдэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Иргэн Э нь Цагдаагийн байгууллагад хандан З.Т т 15 сая төгрөгөө залилуулсан тухай өргөдөл /1хх 3/ гаргасан байхад залилуулсан үйлдлийг шалгахгүйгээр хэрэгт холбогдогчийг гэрчээр байцаан бодит нөхцөл байдалд үл нийцсэн нэг ашиг сонирхолтой гэр бүл ах дүүгийн хамаатан иргэдийг гэрчээр байцаан гэрчээр байцаасан мэдүүлгүүдийг үндэслэн иргэн Г.Э ийг хахууль авсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 зүйлийн 3-т заасан ... Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах.шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана, 16.3-т заасан ...Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухай мэдүүлэг дангаараа түүнийг нотлох баримт болохгүй. гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийтгэх тогтоол гаргасан байна. /гэрчээр байцаагдсан З.Т ыг хахууль өгсөн үйлдлээр шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг/

2. Мөрдөн байцаалтын явцад /1 хх 83-р тал/ гэрч З.Т  мэдүүлэгт “...Би тэр хоёр компьютерыг өргөж дийлэхгүй байсан тул төрсөн дүү Н.Т , манай эхнэр П.Э  бид хамт өрөөнд оруулж өгсөн. А-д  хоёр компьютер өгснийг төрсөн дүү Н.Т , эхнэр мэдэж байгаа.” гэсэн мэдүүлэг. Гэрч П.Э ийн /1 хх 90-р тал/ ... “Манай нөхөр 2020 онд Нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгөх гэж байгаа гээд аваад явсан. Би яг очиход нь бол хамт байгаагүй. Манай нөхөр ажил дээрээс аваад явсан.” гэсэн мэдүүлэг, дүү Н.Т ын мэдүүлэг /1 хх 88-р тал/ “... Манай ах З.Т  нь бие муутай болохоор 2020 онд намайг дуудаад 2 компьютер Нийгмийн даатгал дээр аваачиж өгөх хэрэгтэй байна гэж хэлэхэд нь би машинтайгаа очоод 2 компьютерыг аваад *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс буюу ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тэнд байдаг газарт очоод 2 давхарт нь гараад баруун иргээд шилэн өрөөнд оруулж өгсөн” гэсэн мэдүүлэг нь гэрч З.Т ын мэдүүлэгтэй зөрж компьютерыг хүлээлгэн өгөхөд Г.А , Г.Э  нар ажлын өрөөнд байсан гэсэн мэдүүлгийг үгүйсгэж байгаа болно.

Мөрдөгчөөс Нийгмийн даатгалын газрын ажилтан Т.Г аас гэрчийн мэдүүлэг/1хх 119, 192-193/ авахдаа Г.А , Г.Э  нарын үйлдсэн 2300063 дугаартай актын дугаарыг 23000663, 23/00063 гэж буруу ташаа асуусан байдлаас болж, гэрч Т.Г  тухайн 2300063 дугаартай акт тус Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлгүй тухай мэдүүлсэн бөгөөд албан бичгээр /1 хх 145/ мөн бүртгэлгүй тухай хариу өгсөн байдаг. Өмгөөлөгч Д.Мягмарсүрэнгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.7-д заасны дагуу гаргуулсан Нийслэлийн *** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2024-01-24-ний өдрийн 56 дугаар албан бичигт 2300063 тоот акт тавигдсан болохыг тодорхойлсон /2 хх 81 тал/ бөгөөд тухайн 2300063 тоот актын дугаар нь тус нийгмийн даатгалын хэлтсээс Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн 2023-11-07-ны өдрийн 689 дугаартай албан бичигт дурдагдсан “... 2020 онд 2300001-2300148 тоот акт тогтоож, 7 ширхэг хадгаламжийн нэгж үүсгэн бүртгэлжүүлсэн гэдэгт багтаж байгаа болно. /1 хх 145, 149 / Харин мөрдөгчөөс тус хэлтсийн 689 дугаартай албан бичигт бичигдсэн 23000663 гэсэн актын дугаарыг 2300063 болгон зассан байдаг. /1 хх 145 / үүнээс үзэхэд гэрч Т.Г , Н.А  нарын 2300063 тоот акт бүртгэлгүй гэсэн нь үгүйсгэгдэж байна.

“А.Т.И ” ХХК-н 2020 оны 5 дугаар сарын 12-ний өдөр 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримт байгаа боловч тухайн компьютерын төлбөрийг хэдэн сарын хэдэнд шилжүүлсэн үндсэн баримт болон худалдаа хийсэн үйлдлийг нотолсон бичгийн баримтын эх сурвалжийг шалгаж тогтоогоогүй байдал, “А.Т.И” ХХК нь *** дүүргийн *** хороо, ***, ***,*** тоотод хаягтай бөгөөд компьютерын худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй, зөвхөн Программ хангамж, Мэдээлэл технологийн үйл ажиллагаа явуулдаг, татвар, нийгмийн байгууллагад тайлан тооцоо гаргадаггүй, мөн компьютер худалдсан гэх 2020-05-12-ны өдөр гэрч Агиймаа нь захирлын ажил эрхэлдэггүй байсан бөгөөд 2024-04-22-ны өдөр тус компанид захирлаар бүртгэгдсэн болох тухай мэдээллүүдийг нийтэд ил тод болсон Интернэт Google-с гарган авч холбогдох баримт бичгүүдийг шүүх хуралдааны өмнө шүүгдэгч нараас шүүгчид гаргаж өгсөн боловч тухайн баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн мөрдөгчийн тэмдэглэлд /1 хх 70,71 тал/ компьютер хаанаас авсан нь тогтоогдоогүй байдаг.

3. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгчээс З.Т ын Капитрон банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 93-р тал/ зэрэг нотлох баримтын агуулга нь нэг нөгөөгөө үгүйсгээгүй харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна гэж шүүгч дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэсэн хуулийн заалтуудыг зөрчин хийсвэр байдлаар дүгнэлт өгч хууль зөрчлөө.

4. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Г.Э-н  өгсөн мэдүүлэгт 2020 оны 3 сарын 9-ний өдрийн 2300063 дугаартай улсын байцаагчийн акт үйлдэхдээ “Т.Ө ” ХХК-аас 2014, 2018, 2019 онд ажиллаж байсан Г.М , Ц.С , Д.Э  нарын хөлсөөр ажиллах гэрээ болон бусад гэрээ, цалин авч байсан баримт бичгүүд болон бусад санхүүгийн баримт бичгүүдийг үндэслэн шалгаж акт тавьсан бөгөөд эдгээр баримтуудыг “Т.Ө ” ХХК-ийн захирал З.Т  нь мөрдөгчид өгөөгүй байсныг мөрдөх ажиллагааны явцад өмгөөлөгчөөрөө дамжуулан нотлох баримтаар гаргуулахыг шаардсан өргөдөл удаа дараа өгч байсан боловч З.Т  нь өгөөгүй болно. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн хувьд нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг тогтооход зайлшгүй шаардлагатай баримтуудыг үндэслэн акт гаргадаг болохыг шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг.

Хахууль авах гэмт хэрэг нь бусдын хууль бус хүсэл зорилгыг гүйцэтгүүлсэн болон гүйцэтгүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх төлбөргүй болон хөнгөлөлттэй ажил үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай байхыг шаарддаг байна.

Шүүгч шийтгэх тогтоол гаргахдаа мөрдөх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтжуулдаг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалтай үндэслэлгүй дүгнэлт өгч шүүгдэгч Г.Э ийг гэм буруутайд тооцон Ял шийтгэл ногдуулсныг хүчингүй болгож цагаатгуулахаар гомдол гаргаж байгаа болно.” гэв.

Шүүгдэгч Г.Э-н  өмгөөлөгч Д.Мягмарсүрэн өмгөөлөгч Б.Ганбаатартай хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад нийгмийн даатгалын газрын ажилтан Т.Г , Н.А  нараас мэдүүлэг авахдаа Г.А , Г.Э  нарын үйлдсэн 23063 дугаартай актын дугаарыг 23663, 230063 гэж буруу асуусан. Хавтаст хэргийн дугаар нарийн байдагтай адил Улсын байцаагчийн дугаар нарийн байдаг байх. Гэтэл буруу асууснаас болж тухайн нийгмийн даатгалын ажилчид болох гэрчүүдээс асуусан асуултад манай байгууллагад ийм дугаартай акт бүртгэлгүй гэх хариуг өгсөн. Бүртгэлгүй учраас үүнийг хуурамч акт гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад яллах дүгнэлт үйлдээд хэргийн материалтай танилцах явцад би оролцсон. Хэргийн материалтай танилцаад би мөрдөгчид та нар актын дугаарыг буруу үйлдсэнээс гэрчүүд буруу мэдүүлэг өгсөн байна, энэ актыг яагаад та нар хуурамч гэж үзээд байна вэ гэж хэлсэн. Тухайн акт үйлдэгдсэн байдлаас үзэхэд  Д.Э , Мө , Ц.С  гэсэн гурван хүний асуудал яригдаж байгаа. Гурван хүний асуудал яригдаж байхад Д.Э д холбогдох асуудалд ач холбогдол өгч байгаа боловч актын дугаарыг буруу асуусан асуудал гаргасан. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасны дагуу тухайн Нийгмийн даатгалын хэлтэст ийм акт бүртгэлтэй байсан эсэхийг шалгах ёстой байсан. Ажилласан хугацаа, шимтгэл яагаад төлөгдөөгүй эсэх талаарх зохих нотлох баримтыг үнэн зөв гаргах үүрэгтэй. Үүний үндсэн дээр тухайн акт үйлдэгдсэн бөгөөд хуурамч биш юм байна гэдэг тодорхой болох ёстой. Актад ажил олгогч тал гомдол гаргах юм бол тухайн салбарын Нийгмийн даатгалын тухай хуулиараа зохицуулах боломжтой гэж миний хувьд үзэж байгаа.  Тухайн улсын байцаагчийн актад нэгжийн дарга нь өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй байдаг. Үүнтэй холбоотой асуудал байдаг. Тухайн актыг буруу мэдээлснээс Нийгмийн даатгалын газрын дарга Авлигатай тэмцэх газар хариу өгөхөд тухайн актыг зассан байдаг. 23663 гэдгийг 63 болгож зассан. Ийм зүйл байж болохгүй. Миний үйлчлүүлэгч Г.Э  төрийн байгууллагад олон жил ажилласан гавъя шагналтай, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ хүний цаана гэх бүл нь бий. Тэдгээр хүмүүст энэ хэрэг хэрхэн шийдвэгдэх бол гэсэн хүлээлт байгаа. Тэгэхэд мөрдөгчийн зүгээс ажилдаа ийм байдлаар хандаж болохгүй. Цагаатгах байр суурьтай оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч Д.Одонтунгалаг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Одонтунгалаг миний бие Г.А-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан эрүүгийн 2302005790475 дугаартай хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа билээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 15-ний өдрийн 2025/ШЦТ/952 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гомдол гаргаж байгаа болно.

Гомдол гаргах үндэслэл нь гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Энэ хэрэгт гэм буруугүйд тооцох зарчим бүрэн үйлчлэх, нотлох баримтууд эргэлзээ бүхий, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, удаа дараагийн мэдүүлгүүд тогтвортой бус хүнд өрөнд орж гэмт хэрэгт шалгуулсан цаг хугацаанаас эхлүүлээд өөр этгээд рүү гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэж гүтгэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр гэрчлүүлж тухайн этгээдүүдийн мэдүүлсэн, мэдүүлгээр авлига өгсөн мэтээр эргэлзээ бүхий бодит байдал хангалттай нотлогдсон байхад хэргийг гэмт хэрэг гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх бодит байдлыг тогтоохдоо талуудын хавтас хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлэг, Д.Э гөөс шилжүүлэн авсан мөнгөний хугацаа, З.Т  дансаар аваад хэрхэн зарцуулсан, дансны баримт, хэсэг хугацаанд өөрөө шалгуулж байгаад мэдүүлж байгаа мэдүүлгийн зөрүү, гэрчүүд эх сурвалжаа зааж мэдүүлж чадахгүй байгаа байдал, зөрүүтэй мэдүүлж байгаа гэрчийн мэдүүлгүүд нь анхаарч үзэлгүй бодит байдалд бүрэн дүүрэн няцаалт хийж эрх зүйн дүгнэлт өгсөнгүй байгаа нь хэргийн бодит байдалд бүрэн дүүрэн нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн материалд анх Д.Э  цагдаагийн газарт 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдөр гомдол, мэдээлэл З.Т т холбогдуулан гаргасан байдаг. З.Т т холбогдуулан гомдол гаргахдаа 15 сая төгрөг залилсан тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү хэмээн гомдол гарган шалгуулсан байдаг.

Б.Н  цалингийн зээл авч 5 сая төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 19-нд өдөр 5 сая төгрөгийг Голомт банкнаас Капитрон банк руу З.Т ын данс руу зарцуулалтыг бүрэн шалган тогтоох,

дараа нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Эмч таны нэг сарын цалин 1 сая төгрөгөөр бодоод тэтгэврийг чинь тогтоолгох болсон 10 саяыг шилжүүл гээд Н, Ог  данс өгсөн. Түүнд Д.М аас 6 сая төгрөг зээлж, Д.М аас 6 сая төгрөг, өөрт байсан 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингэж хэлээд намайг залилан мэхлээд утсаар ярихаар худлаа хэлээд, сүүлдээ утсаа авахаа байсан гэх Би ***-ийн НДХ-т материалаа өгөөд 2022 оны 09 дүгээр сарын 01-нд 714 000 төгрөгийн  тэтгэвэр тогтоолгон авч эхэлсэн гэх. Үйл баримтад бид дүгнэлт хийх ёстой. Улсын байцаагчийн акт нь 2020 оны 03 сарын 09-нд гарсан байдаг. Авлигад өгсөн гээд нотлоод байгаа зүйл 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5 400 000 төгрөгийн үнэ бүхий Делл загварын 2 ширхэг суурин компьютер өгсөн гэж нотолдог.

2020 оны 05 дугаар сард нийт Монгол даяар ковидын нөхцөл байдал гарсан хөл хорионы онцгой нөхцөл байдалтай байсан. Засгийн газрын тогтоол. Төрийн байгууллага руу хэр баргийн хүн нэвтэрдэггүй байсан нөхцөл байдал илэрхий тогтоогддог. Үүнийг шүүх хуралдаанд орсон гэрч Н.А  болон өмгөөлөгчийн өгсөн нотлох баримтаар тогтоогддог. Үүдний жижүүрийн бүртгэл дээр тухайн өдөр орж, гарсан хүмүүсийн бүртгэлээр давхар нотлогдоно. Үүнээс дүгнэлт хийхэд улсын байцаагчийн актаас өмнө л хахууль өгөх гэмт хэрэг үйлдэгдэх ёстой. Гэтэл хахууль нь акт гарсны дараа аваачиж өгөөд байгаа үйлдэл хэр логик утга санааг агуулах вэ. Бид хавтас хэрэгт авагдсан З.Т  хэдэн удаа мэдүүлэг өгсөн ... мэдүүлэг бүр нь хэр үндэслэлтэй вэ? яагаад зөрөөд байгааг анзаарч харах хэрэгтэй. З.Т  эд зүйл аваачиж өгсөн гэж өөрийн хамаарал бүхий гэрчүүд болох Н.Т , эхнэр П.Э ийн мэдүүлэгт хууль зүйн дүгнэлт үнэн бодитоор ёстой. Яагаад мэдүүлгүүд зөрөөд байна вэ, хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгээд байх вий... гэсэн. Тэгэхээр энэ гэмт хэрэг хэн үйлдсэн, юунаас болов, шалтгаан нь юу вэ? Яагаад гэх асуудлууд, яагаад мэдүүлэг зөрөөд байна гэх асуудал үнэлэлт дүгнэлт өгч байж энэ хэргийн гогцоо тайлагдана. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдлыг” бүрэн дүүрэн нотолж чадаагүй эргэлзээ бүхий нөхцөл байдал бий болсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчим бүрэн үйлчлэх боломжтой байх тул миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгтэй танилцаж анхан шатны шийтгэх тогтоолыг үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, эргэлзээгүй нотлох баримтаар тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдож, нотлогдсон зүйл байхгүй. Хэзээ, хаана, хэн, яаж, ямар эд зүйлийг, хэчнээн төгрөгийн үнэтэй эд зүйлийг өгсөн бэ гэдгийг нотолж чадаагүй. Хэргээс нийгмийн даатгалын акттай нэлээдгүй зууралдсан харагддаг. Тухайн акт хууль ёсны мөн эсэхийг тогтоогоогүй. Прокурор хуурамч акт үйлдсэн гэж яллах дүгнэлтдээ бичсэн. Гэтэл хуурамч бичиг баримт үйлдсэн эсэх талаар шалгаж, тогтоосон зүйл байхгүй. Акт бүр эрүүгийн гэмт хэрэг байх албагүй. Тухайн акт хуульд нийцсэн эсэхийг захиргааны журмаар хэлэлцэх боломжтой. Эрүүгийн гэмт хэргийн шинж аль нь вэ, авлига авсан эсэхийг нотолж, тогтоогоогүй гэж үзэж байна. Н.Т  хоёр компьютер өгсөн гэж хэлсэн. Уг этгээдийн үйлдэл залилангийн шинжтэй гэмт хэрэг юм уу эсхүл авлагын гэмт хэрэг юм уу гэдэг нь тодорхойгүй. Г.А-г 15,000,000 төгрөг авахаар шаардсан гэж шүүх дүгнэсэн. Гэтэл энэ талаарх нотлох баримт байхгүй. Суурийн компьютерыг 2020 оны 5 дугаар сард буюу цар тахлын үед ямар ч бүртгэлгүйгээр авч орох боломжгүй. Хүн уулзуулахгүй байсан үе шүү дээ. Энэ компьютерыг оруулж өгсөн талаарх нэг ч нотлох баримт байхгүй. “А.Т.И ” ХХК-аас компьютер авсан хоёр ширхэг зарлагын баримт л байдаг. Мөнгө төлсөн баримт байхгүй. Мөн энэ компьютерын талаар үнэлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлд заасан хор, хохирол учирсан эсэх нь тодорхойгүй. Шүүхээс шүүгдэгч нарын төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Төлөх төлбөргүй байхад хохирол гэж байгаа юм уу. Компьютер өгсөн, авсан талаарх нотлох баримт байхгүй. “А.Т.И ” ХХК гэх байгууллага компьютер худалддаггүй. Зөвхөн программ худалддаг. Гол нь компьютер өгч, авсан уу гэх асуудал байдаг. П.Э , Н.Т , З.Т  нарын өгсөн мэдүүлгүүд гэрчээр нотлох эрхээ алдсан. Эдгээр гэрчүүдийн мэдүүлж байгааг өөр нотлох баримтаар нотолсон тухайн баримт нь хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй байна. Хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэтэл үйлдэл нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт аваад 03 дугаар сарын 09-ний өдөр акт гаргасан. Үйлдэл нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр юм бол яагаад Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байгаа юм бэ. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар уг зүйл заалт гарч ирсэн. Зүйлчлэлийн тухайд ч тохирохгүй байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн талаар хөдөлшгүй тогтоогдсон зүйл байхгүй. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч нар нийтлэг агуулгаар гомдол гаргасан байна. Рапортын бүртгэлийг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэж тайлбарлаж байна. Шүүх хуралдааны явцад гэрч Н.А  гэх хүн буюу *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг дуудаж, шүүх хуралдаанд оролцуулсан. Үүнээс нэг зүйлийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Н.Т  хэлэхдээ манай ах З.Т  хоёр ширхэг суурин компьютерыг хоёр давхарт шилэн хоргонд аваачиж өгсөн гэж тайлбарладаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Н.А  манай хоёр ажилтан болох Г.Э , Г.А  нар *** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хоёр давхарт байрлах шилэн хоргонд суудаг гэж тайлбарладаг. Н.Т ын аваачиж өгсөн байр үнэхээр байдаг гэдгийг гэрч Н.А  давхар нотолж байгаа. Актыг хуулийн хүчин төгөлдөр эсэх, хуурамч эсэхтэй холбоотой асуудлыг ярьж байна. Тухайн акт үйлдэгдэж гараагүй, хуурамч гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, *** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тоот, мэргэжилтний мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Уг мэдүүлэгт би ийм акт байгаа эсэхийг өөрийн биеэр шалгаж үзсэн. Манай байгууллагад тухайн акт байхгүй байсан гэх шийдвэр гарсан. Тиймээс тухайн актын хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэхээс өөр арга байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Улсын яллагчийн зүгээс энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй шүүхийн шатанд орсон. Гэвч хэрэгт хяналт тавьж байсан прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Гэмт хэргийг хэзээ үйлдэгдэж байгаа, эдгээр нь ямар баримтаар тогтоогдож байгаа талаарх баримт байгаа. Шүүхээс гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.А , Г.Э  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.А , Г.Э  нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй үндэслэл тогтоогдлоо. Тодруулбал;

Шүүгдэгч Г.А , Г.Э  нарт холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/1521 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ДШМ/1209 дүгээр магадлалаар “2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн хэргийн камерын бичлэг 2024 онд олдохгүй, бусад ажиллагааг шүүх хуралдаанд шаардлагатай оролцогчдыг бүрэн оролцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэнд шаардлагатай зарим зүйлийг нотлох боломжтой” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас тухайн хэрэг болсон үеийн “бүртгэлийн дэвтрийг хуулбар үнэн тэмдэг даруулж” шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн, тухайн баримтыг нотлох баримтаар үнэлсэн эсэх, үнэлээгүй бол няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар дурдаагүй, дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

Уг нотлох баримт нь шүүгдэгч Г.А , Г.Э  нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт байх тул энэ талаар анхан шатны шүүх зайлшгүй дүгнэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-н  өмгөөлөгч Б.Ганбаатар, Д.Мягмарсүрэн, шүүгдэгч Г.А-н өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаас зарим  хэсгийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.А , Г.Э  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/952 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.А , Г.Э  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                       ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ