| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2409000001798 |
| Дугаар | 2025/ДШМ/892 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/892
2025 07 24 2025/ДШМ/892
Т.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
хохирогч П.М-н өмгөөлөгч Х.Оюунбаяр,
шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1190 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбаярын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.Г ад холбогдох эрүүгийн 2409000001798 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” центрийн гаднах автомашины зогсоолын зорчих зам дээр мопедтой явж байсан хохирогч П.М тэй “хаалтаар гарахгүй яагаад бродюр давж гарч байгаа юм” гэсэн шалтгаанаар маргаж, улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Т.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г ад 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Т.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилЖж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч П.М нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Ж” центрийн гадна мопедтой явж байсан хохирогч П.М г “хаалтаар гарахгүй бродюр давж гарлаа” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт, завЖнд язралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогддог. Т.Г нь П.М г цохиход хохирогч П.М нь ухаан алдаж газар унадаг бөгөөд Т.Г нь хохирогчийг ухаан алдтал цохиж унагаснаа харсан хэр нь огт тусламж үзүүлэхгүй, сандарч тэвдсэн зүйлгүй орхиод “Ж” центр гэх барилга руу орсон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Хур системийн гэмт хэрэг зөрчлийн мэдээллийн лавлагаагаар Т.Г нь 2010-2024 оны 06 дугаар сарын хооронд 32 удаагийн зөрчлөөр торгох шийтгэлтэй, үүний дотор 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчил гаргаж, торгох шийтгэл авсан байдаг. Т.Г нь гэмшиж байна гэдэг атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Мөрөн мотоспортын тамирчин хүн бэлтгэлээс болоод сүүлийн үед унаж тусдаг болсон байсан”, “2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай эхнэр рүү О ээр ээж нь яриулаад Солонгос руу эмчилгээнд явуулна, мөнгө төгрөг авах зорилгоор ярьсан”, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтдээ “гомдол гаргасан П.М нь уралдааны тамирчин бөгөөд хохирогчийг бэртэл гэмтлийн улмаас тархины гэмтэлтэй болсон” гэж тус тус худал мэдүүлсэн байдаг. Мөн Т.Г нь хохирогчийн ээж болох Т.М д холбогдуулж гэмт хэрэгтэн мэтээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, хохирогчийг бие махбодоор хохироосон дээр нь давхар сэтгэл зүйгээр нь хохироодог. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Т.Г нь инженер мэргэжилтэй, “У.Т ” ХХК-ийн ерөнхий захирал албан тушаалтай, гэмт хэрэг үйлдэгдсэн *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” центрийн эзэн нь гэгддэг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг үнэлэхдээ шүүгдэгч Т.Г ын П.М гийн биед санаатайгаар халдан, цохиж, ухаан алдуулж унагаасан, хохирогчийг ухаан алдаж унахыг харсан атлаа тусламж үзүүлэхгүй орхиж явсан, хохирогчийн мотоспортоор хичээллэдэг хувийн байдлыг ашиглаж унаж тусдаг өвчтэй, өмнө нь гэмтэлтэй байсан мэтээр, хохирогчийн ээж Т.М г шантаажчин мэтээр худал мэдүүлж бие махбодоороо хохирсон хохирогч, түүний гэр бүлийг давхар сэтгэлзүйгээр хохироож байгааг бодитоор харгалзан үзээгүй. Мөн Т.Г ын гэмт хэрэг зөрчлийн лавлагаагаар харагдаж буй 32 удаагийн торгуулийн шийтгэлтэй зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хүний биед халдан зодож, торгуулийн шийтгэл авч байсан хувийн байдал нь түүнчлэн хохирогчийг үгийн зөрүүгүй цохисон, ухаан алдаж унахыг харсан атлаа тусламж үзүүлэхгүй орхиж явсан хувь хүний хандлага болоод эдийн засгийн байдал нь түүнд “торгууль ногдуулах” эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр засрахгүй, дахин гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхгүй, нийгэмшүүлэхгүй, шүүгдэгчийг цээрлүүлж чадахгүй болох нь тодорхой харагдаж байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан Т.Г ыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажилагааны үеэс эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Би анх удаа шүүх хуралдаанд орж байна. Хохирогчийн аавтай харилцааны хувьд үл ойлголцол гарсан тул дараа нь түүнтэй холбогдох гэж 9******* дугаар луу 10 гаруй удаа залгаж түүнээс уучлалт гуйх гэж хичээсэн боловч уулзах боломжгүй гэсэн. Би буруу зүйл хийсэн учраас өөрийгөө өмгөөлж хамгаалахгүй. Би хохирогчийн нагац эгч н.О-ийг огт гүтгээгүй, надад “мэргэжлийн Дакар рали уралдаанд оролцдог байсан тул байнга унаж босдог, манай дүү 7 хоногийн өмнө эмнэлэгт хэвтээд гарсан тул биеийн байдал тиймэрхүү болсон” гэж хэлсэн. Хохирогчийн ээж нь н.О ээр дамжуулж манай эхнэртэй 2 удаа утсаар ярихдаа “маргааш Солонгос улс руу эмчилгээнд явна” гэж хэлэхдээ мөнгөний асуудал ярьсан. Би анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчоос албан ёсоор уучлалт гуйсан. Хохирогчийн ар гэрийнхэн намайг баян цатгалан гэж ойлгоод байдаг. Гэтэл би 35 жил бизнесийн салбарт ажилласан, улсаас 1 сая төгрөгийн ч тендер авч үзээгүй. Мөн би эгэл жирийн хар ажил хийдэг жолооч хүний хүүхэд юм.” гэв.
Шүүгдэгч Т.Г ын өмгөөлөгч Ө.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэрэг нь тохиолдлын чанартай бөгөөд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн өгсөн анхны мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирлоо төлөх гэсэн боловч хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны үед хохирол нэхэмжлээгүй. Харин шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон даруй төлсөн. Мөн энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Хохирогч гарцтай газраар гарахгүйгээр байгууллагын бродюрыг мопедтойгоо давахад нь шаардлага тавьсан шүүгдэгчийг хараалын үгээр доромжилсон нөхцөл байдалд шүүгдэгч хариу үйлдэл үзүүлж хохирогчийг цохисон. Энэ нь гэмт хэргийн шинжтэй буруу үйлдэл тул үүндээ уучлалт хүсэж удаа дараалан холбогдсон. Мөн анхан шатны шүүх хуралдаанд мөн адил хохирогчоос уучлалт хүссэн. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял нь хэргийн зүйлчлэлтэй тохирсон гэж үзэж байна.” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хийгдвэл зохих аЖллагаа бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөөгүй гэж гомдолдоо дурдсан байна. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах шат болон прокурорын шатанд хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирол байгаагүй. Үүнийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосны дагуу шүүгдэгчийн зүгээс хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн мөнгөн төлбөрийг барагдуулсан. Мөн анхан шатны шүүхээс хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаж оролцсон боловч шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 1.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” центрийн гаднах автомашины зогсоолын зорчих зам дээр мопедтой явж байсан хохирогч П.М тэй “хаалтаар гарахгүй яагаад бродюр давж гарч байгаа юм” гэсэн шалтгаанаар маргаж, улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас хохирогч П.М гийн эрүүл мэндэд “тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт, завжинд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.М гийн “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 14:00 цагийн үед “Ж” центрт буяны ажилд оролцоод мопедтой гарч үед зогсоолын хаалт онгойхгүй байсан тул хажуу талаар бродюр даван гарч явах үед 1 хүн ардаас орилсон. ...Тэгтэл нэг өндөр ах ирсэнээ “хаалтаараа гарахгүй яагаад бродюр давж гарч яваад байгаа юм бэ” гээд орилоод яриад байсан. Би “хаалт хаалттай онгойхгүй байсан тул тойрч гарлаа” гэж хэлж байх үед үгийн зөрөөгүй нүүрний баруун тал шанай хэсэг рүү цохиж ухаан алдсан. ...камерын бичлэгээс үзэж, сонсоход намайг цохисон хүн алхаад “Ж” центр рүү яваад орсон байсан. ...” /хх 10-11/,
гэрч Т.М-гийн “...Тэгсэн цааш явж байх үед хойноос нь хүн дуудахаар нь зогссон чинь 1 эрэгтэй хүн юм хэлээд байхаар нь зогсоолын хаалтаа нээдэггүй гэж хэлэх гэж байтал манай хүү М-г шууд цохиод авсан. Би машинтай гарах гээд явж байх үед хүүхэд маань газар унаж байсан. ...” /хх 17-18, 26-27/,
гэрч Д.А-ы “...Би камер дээрээс орох, гарах хаалт руугаа хартал 1 мопедтой хүн зогсож байхаар нь шууд нээсэн. Нээх үед нөгөө хүн хажуу талаар нь тойроод гараад явсан. ...Тэгээд байж байтал манай оффис руу олон хүмүүс “ийшээ нэг хүн орж ирсэн”, гар утсаараа “энэ хүн манай хүүхдийг зодчихоод танайх руу орсон, хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэсэн. Тэгээд байж байтал тухайн гаднаас орж ирсэн олон хүмүүс цагдаа дуудъя гээд цагдаа дуудсан. ...камерын бичлэг харахад Галбадрах гэх манай захирал орж байсан. ...” /хх 20-21/,
гэрч Д.О ийн “...манай дүү М-г гадаа мопедтой байж байх үед 1 хүн цохиод явсан. Хажууд нь байж байсан 1 хүн араас нь зургийг нь дарсан, “Ж” центр лүү орсон гэж байсан. Тухайн зургийг нь гар утас дээрээс нь татаж аваад тухайн “Ж” центерийн ресейпшн дээр зургийг үзүүлээд асуухад манайд ажилладаг хүн биш, бид нар мэдэхгүй гэж худлаа ярьж байсан. Тэгэхээр нь би найз З руу залгаж “манай дүүг хүн цохиод ийшээ орсон байна. Бууж ирээд камераар хараад өгөөч” гэсэн. Тэгсэн бууж ирээд утсан дээрх зураг хараад дуугүй буцаад дээш гарч явсан. Удалгүй над руу утсаар залгаад “чи 14 давхарт гараад ирээч” гэсэн ба өрөө рүү нь ортол “яанаа Г байна шүү дээ” гэж хэлсэн. Найз З-н хамт Г-н өрөө лүү ороод Г-д “чи манай дүүг цохисон байна, яаж байгаа юм бэ, чи хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн. Тухайн үед “өө яанаа танай дүү байсан юм уу, танайхыг буяны ажил хийж байгаа болохыг мэдсэнгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “манай дүү ч байсан, өөр хүн ч байсан чи яахаараа хүн цохидог юм бэ, хэрэв каск байхгүй бол тэр хүн хаалт хашлага мөргөөд унасан бол яана, чи хүн алах нь байна шүү дээ” гэж хэлээд өрөөнөөс гарсан. ...М-н хамт өрөө рүү орох үед М “та яаж байгаа юм бэ, хүн цохиод, таны хашлага үнэтэй юу хүний амь үнэтэй юу” гэж хэлсэн. Г тэгсэн “өө яанаа харин ийм юм болчихлоо” гэсэн. ...” /хх 23-24/ гэсэн мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийн эхэнд 2024.09.20 14:53:24 гэсэн бичиглэл байх ба *** дүүргийн *** дүгээр хороо, “Ж центер”-ийн гадна талын хяналтын камерт зогсоолын хаалт хэсэгт хар өнгийн толгойн хамгаалалт буюу касктай, хар өнгийн гадуур хувцас, хар өнгийн өмд, цагаан алаг өнгийн мопедтой 26 орчим насны эрэгтэй 14 цаг 53 минут 48 секундэд зогсоолын хаалт тулж зогсох бөгөөд 14:54:09 секундэд мопедоо хөдөлгөн хаалтын хажуу талын бродюрыг 14:54:10 секундээс давж гарах гэж байхад 14:54:13 секундэд хаалт дээш өргөгдөн нээгдэх бөгөөд энэ үед хар өнгийн толгойн хамгаалалт буюу касктай, хар өнгийн гадуур хувцас, хар өнгийн өмд, цагаан алаг өнгийн мопедтой 26 орчим насны эрэгтэй мопедоо хөдөлгөн гарч байгаа дүрс бичлэг үзэгдэх бөгөөд 14:54:20 секундэд саарал куртик, хар цамц, цайвар шаргал өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй дуудах бөгөөд 14:54:24 секундээс 14:54:29 секунд хүртэл ярилцан зогсож байгаад саарал куртик, хар цамц, цайвар шаргал өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай 45-50 орчим насны эрэгтэй зүүн гараараа цохих үед хар өнгийн толгойн хамгаалалт буюу касктай, хар өнгийн гадуур хувцас, хар өнгийн өмд, цагаан алаг өнгийн мопедтой 26 орчим насны эрэгтэй мопедоосоо унаж газар хэвтэж байв...” /хх 37-38/ гэх тэмдэглэл,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1256 дугаартай “...П.М гийн биед тогтоогдсон тархи доргилт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, завЖнд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, уруулд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн газарт унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл хамгаалалтын каск малгай өмссөн үед цохиход үүсэх боломжтой. ...” /хх 64-65/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
2. Анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Хохирогч П.М гийн өмгөөлөгч Х.Оюунбаяр “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г ыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
4. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1190 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.М гийн өмгөөлөгч Х.Оюунбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1190 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.М гийн өмгөөлөгч Х.Оюунбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ