Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0362

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 20 өдөр

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0362

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Д.Ц нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Б.П, өмгөөлөгч Н.О нарын давж заалдах гомдлоор, Д.Ц нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Ц 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Д.Ц ажлаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ц Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Цэвээнсүрэнгийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8100708 /найман сая нэг зуун мянга долоон зуун найм/ төгрөгийг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, түүний өмгөөлөгч Ж.Э нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Д.Ц нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаал тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүйд гомдолтой байна.

Нэг: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Д.Ц хувьд урьд эрхэлж байсан ажлын байрны чиг үүргүүдээс ахмад настны асуудал хариуцах чиг үүрэг хасагдсан боловч бусад чиг үүрэг нь агуулгын хувьд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдсан үлдсэн байна. Иймд Д.Ц төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд уг орон тоонд урьд нь Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр ажиллаж байсан гуравдагч этгээдийг томилсон нь буруу болжээ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Ц урьд ажиллаж байсан өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” 5/21 тушаалын хавсралтаар Ховд аймгийн бүтэц орон тоог баталсан бөгөөд Д.Ц танилцуулж 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал гаргасан бөгөөд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байхгүй болох нь гэрч П.Б “...одоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоонд өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч П.А “...Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй, батлаагүй юм...” гэх мэдүүлэг зэргээр нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 121 дүгээр тогтоолд “...тухайлбал, Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ямар чиг үүрэг нь шинээр бүтцээр бий болсон “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалын чиг үүрэгт нэгтгэгдсэн нь тодорхой бус байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн албан тушаалд томилогдсон Б.П гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь ойлгомжгүй болжээ...” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулахыг даалгахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, гуравдагч этгээд Д.П ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалд томилуулахаар даалгуулах эрхгүй гэж үзэж байна.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй, хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэхийг тодруулаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дахин дахин тодруулж байсан нь шүүхээс гарах шийдвэр нь хэргийн оролцогчид ойлгомжтой байсан.

Нэхэмжлэгч Д.Ц Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрч 3 сарын тэтгэмжээ авсан нотлох баримт хавтаст хэрэгт байхад дээрхи тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд Б.П ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүрэг нь нэхэмжлэгчийн урьд нь ажиллаж байсан өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний зорилт, ажлын байрны чиг үүрэгтэй хамааралгүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдсон. Гуравдагч этгээд Б.П Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго нь Өрхийн мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангах, баазыг шинэчлэх, мэдээллийн сан, үйлчилгээтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, ажлын байрны үндсэн чиг үүрэг, зорилт нь 1. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн програм болон бусад холбогдох програмын хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавьж ажиллах,

2. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн хүрээнд бүрдүүлсэн мэдээллийн санг шинэчлэх, мэдээлэл оруулах ажлыг зохион байгуулах,

3. Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол санал хүсэлтийг хүлээж авах, хугацаанд нь шийдвэрлэх,

4. Сумдын мэргэжилтнүүдээс өргөдөл гомдлын тайлан мэдээ авах шийдвэрлэлтийн явц байдалд хяналт тавьж ажиллах,

5. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн програмтай холбоотой нэгдсэн мэдээлэл, судалгааг гаргаж танилцуулах,

6. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчилах ажлыг зохион байгуулах,

7. Байгууллагын удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэх, байгууллагын дотоод үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэргээс харахад шинэ бүтцээр бий болсныг нотлогдсон.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “...1, 2, 5, 6 зорилт нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистын 3, 4 зорилт нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний хийж гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистын орон тоо хасагдсан байтал хасагдсан орон тоотой харьцуулалт хийсэн нь ойлгомжгүй болжээ. Нэхэмжлэгч Д.Ц Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын байрны зорилго нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой ирсэн өргөдөл гомдлыг хүлээн авч цаг хугацаанд нь шийдвэрлэх, Ажлын байрны үндсэн зорилт нь

1. Амьжиргааны түвшний үнэлгээ болон хүнсний эрхийн бичигтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол санал хүсэлтийг хүлээж авах, хугацаанд нь холбогдох хариуг нь өгөх,

2. Сумдын мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдлын тайлан мэдээ авах шийдвэрлэлтийн явц байдалд хяналт тавьж ажиллах,

З. Ахмадын асуудлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, судалгаа мэдээлэл гаргах,

4. Ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний талаар сумдын мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэгтэй ажиллаж байсан бөгөөд албан тушаалын орон тоо хасагдсан байна. Энэ нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал, тушаалын хавсралтаар нотлогдсон.

Гэтэл дагуу Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэний баталгаажсан ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр ирүүлээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасан нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэх хуулийн заалтыг зөрчсөнд гомдолтой байна.

Хоёр: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангах хэлбэрээр хавтаст хэрэгт байхгүй тул тэдгээрийн үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тэдгээрийн ажлын байрны үндсэн чиг үүргийг тодорхойллоо” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасны дагуу нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлсэнгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 121 дүгээр тогтоолд “...хамааралтай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлж, маргааны үйл баримтыг зөв тодорхойлох шаардлагатай” гэснийг биелүүлсэнгүй. Мөн гуравдагч этгээд Б.П төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орсон, тангараг өргөсөн зэрэг нотлох баримтуудыг шүүх цуглуулах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэх нь тодорхой байсныг нотлож байна. Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын хавсралтад Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, Үлгэрчилсэн загварын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээ байгуулахад Үр дүнгийн гэрээ байгуулах аргачлалыг баримтлахаар заасан.

Уг аргачлалд “...нэгжийн хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд чиглүүлэн тухайн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэх ажил үйлчилгээг бичнэ.

Энэ ажил, үйлчилгээг төлөвлөхдөө хөгжлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө болон тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг үндэслэн гэжээ. Энэ нь 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний дарга Ч.Н, Д.Ц нарын байгуулсан үр дүнгийн гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний дарга Ч.Н Б.П нарын байгуулсан Үр дүнгийн гэрээ, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Б Д.Ц нарын байгуулсан үр дүнгийн гэрээнүүдийг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, хэтэрхий нэг талыг баримтлан, хэргийн оролцогчдыг чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программист, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тэдгээрийн ажлын байрны үндсэн чиг үүргийг тодорхойллоо гэсэн нь шүүх санаачлагаараа Д.Ц ажлын байрны чиг үүргийг зохиож тодорхойлж, харьцуулж нотлох баримтаар үнэлсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтад үндэслэсэн байх хуулийг зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв: Гуравдагч этгээд Б.П, түүний өмгөөлөгч Н.О нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц Өрхийн мэдээллийн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа байгуулсан Үр дүнгийн гэрээ, Өрхийн мэдээллийн сангийн оператор программистаар ажиллаж байсан Ц.Н Хөдөлмөрийн гэрээ, гуравдагч этгээд Б.П одоо ажиллаж байгаа Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан шинжлэн судалж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистийн ажлын байрны чиг үүрэг нь нэгдэн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт тусгагдсан байна гэж дүгнэжээ.

Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 3, 4 дэх зорилт нь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний хийж гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг байна гэсэн дүгнэлтийн тухайд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын Гуравд: Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээж авах, хугацаанд нь шийдвэрлэх үндсэн зорилтын хүрээнд,

Амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан болон хүнсний эрхийн бичигтэй холбоотой иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах,

Өргөдөл гомдлын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодруулга авах, шаардлагатай баримт бичгийг тодруулах,

Өргөдөл гомдлын дагуу мэдээллийн санг шалгах,

Өргөдөл гомдлын мөрөөр хүнсний дэлгүүр болон арилжааны банкны үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хамтран ажиллах, Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч боловсруулалт хийх ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй бол Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний мэргэжилтний Үр дүнгийн гэрээнд

Өргөдөл гомдлын мөрөөр хүнсний дэлгүүр болон арилжааны банкны үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хамтран ажиллах, Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч боловсруулалт хийх ажил үүрэг тусгагдаагүй байна.

Дөрөвд: Сумдын мэргэжилтнүүдээс өргөдөл гомдлын тайлан мэдээ авах шийдвэрлэлтийн явц байдалд хяналт тавьж ажиллах зорилтын хүрээнд

Амьжиргааны түвшний үнэлгээ дахин хийлгэсэн үнэлгээний дүн бүхий өрхийн жагсаалтыг чиглэл бүхий зааврын хамт сумын халамжийн мэргэжилтнүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулах,

Өргөдөл гомдолтой холбогдох асуудлаар сумын халамжийн мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгөх,

Сумын халамжийн мэргэжилтнүүдээс өргөдөл гомдлын тайлан мэдээг авч нэгтгэх,

Сумдын мэргэжилтнүүдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцад хяналт тавих,

Өргөдөл гомдлын тайлан мэдээг cap, улирал, хагас бүтэн жилээр гарган журамд заасан хугацаанд тайлагнах ажлуудыг гүйцэтгэх үүрэгтэй бол Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний мэргэжилтний Үр дүнгийн гэрээнд

Амьжиргааны түвшний үнэлгээ дахин хийлгэсэн үнэлгээний дүн бүхий өрхийн жагсаалтыг чиглэл бүхий зааврын хамт сумын халамжийн мэргэжилтнүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг тусгагдаагүй байна.

2. Нэхэмжлэгч Д.Ц Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний үр дүнгийн гэрээнд Ахмад настнуудын нийгмийн хамгааллын хүрээнд хүрээнд хийж гүйцэтгэх олон үүрэг тусгагдсан нь гуравдагч этгээд Б.П одоо ажиллаж буй Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод огт тусгагдаагүй байна. Ахмад настнуудын нийгмийн хамгааллын хүрээнд хийж гүйцэтгэх ажил үүрэг ямар албан тушаал, ажлын байр луу шилжсэн талаар шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

3. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистийн ажлын байрны чиг үүрэг Б.П ажлын байртай нэгтгэгджээ гэж дүгнэжээ.

Хэрэгт одоо Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Т.М томилогдон ажиллаж байгаа баримт авагдсан. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистийн ажлын байрны чиг үүрэг нь одоогийн Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэний ажлын байрны чиг үүрэгт байгаа эсэхийг шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн “орон тоо цөөрчээ” гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Орон тоо цөөрөх гэдэг нь байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдахыг ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч Д.Ц тухайд өмнө нь ажиллаж байсан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн орон тоо байхгүй байгаа бөгөөд маргаж буй Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт зөвхөн зарим хэсэг нь хадгалагдан үлдсэн байна.

Өөрөөр хэлбэл Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь хэд хэдэн албан тушаалд хувиарлагдан тархсан байдаг.

Мөн Д.Ц ажлын байрны чиг үүрэгт байсан Ахмад насны халамжийн асуудал нь Б.П ажлын байрны чиг үүрэгт огт тусгагдаагүй байдаг. Энэ тохиолдолд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон тул “орон тоо хасагдсан” гэх хууль зүйн үндэслэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 221/МА2017/0799 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 121 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасан ажиллагааг анхан шатны шүүх хийх нь зүйтэй байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Т.М, Өрхийн мэдээллийн сангийн судалгаа үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.М, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Б, Өрхийн хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.Б, Хүн амын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.О, Халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Н.О, Халамжийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн Н.А нарын ажилд томилогдсон тушаалыг шүүх нотлох баримтаар үнэлэхээр хариуцагчаас гаргуулсан боловч тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт аваагүй байна.

Тухайлбал Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн сангийн судалгаа үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байрны чиг үүрэгт Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн оператор программистийн ажлын байрны чиг үүрэг шилжсэн эсэхийг тодруулаагүй.

Мөн нэхэмжлэгч Д.Ц Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт байсан Ахмад настны халамжийн асуудлын чиг үүрэг нь ямар ажлын байранд шилжсэн, эсвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үндсэн чиг үүргээс бүрмөсөн хасагдаж, ахмадуудад үйлчилгээ үзүүлэхээ больсон эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс хэрэгт авагдсан баримтуудыг хүчээр эвлүүлэн тулгаж үнэлж дүгнэлт хийсэн.

Гурав. Нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухайд Өрхийн мэдээллийн сангийн оператор программистаар ажиллаж байсан Ц.Н Хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлэн Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний Үр дүнгийн гэрээ, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үнэлжээ. Хөдөлмөрийн тухай хуульд “хөдөлмөрийн гэрээ” гэсэн ойлголтыг “ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон дотоод журмын дагуу тодорхой ажил үүрэг гүйцэтгэж, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо” гэж тодорхойлжээ.

Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2001 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах зөвлөмж”-д ажлын байрны тодорхойлолт гэдэг нь байгууллагын дотор уг ажлын эзлэх байр суурь, байршил, шийдвэрлэх зорилт, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг иж бүрэн авч үзэж тодорхойлсон баримт бичиг мөн. Ажлын байрны тодорхойлолт нь байгууллагын зорилго, зорилттой уялдан тухайн ажлын байранд хийгдэх ажил үүргийг тодорхойлно гэж тайлбарлажээ.

Иймд хөдөлмөрийн нөхцөлийн талаар талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлсон Хөдөлмөрийн гэрээгээр тухайн ажлын байрны зорилго, зорилт, чиг үүргийг тодорхойлох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгч Д.Ц нь анхан шатны шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй гэх Хүнс тэжээлийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй ч нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа, талууд маргахгүй байгаа тохиолдолд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, бодит үнэнд нийцсэн байна гэсэн журмын дагуу мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлэх боломжтой байсан.

3. Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаан дээр Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын одоо Б.П ажиллаж буй Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 7 үндсэн зорилтоос зөвхөн 1 нь миний хуучин ажлын байртай тохирч байна гэж тайлбарласан. /Шүүх бүрэлдэхүүн нэг бүрчилсэн тодруулсан нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлд тусгагдсан/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нь “бодит үнэнд нийцсэн байх” үүрэг хүлээлгэсний дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх үнэлэх үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх журмыг зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Б.П, өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж, зарим нэг ажлын байр бүтцийн өөрчлөлтөөр хасагдан цөөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ц Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас мөн өдрөөс эхлэн чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалд томилон ажиллуулахыг хариуцагчид даалгасан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй байна.

Хуулийн зохицуулалт ёсоор дадлага туршлага, мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үзэж, сонгон шалгаруулах замаар шинээр буй болсон Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль нэгнийг томилон ажиллуулах тул шууд томилохыг даалгах бус харин Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа буюу сонгон шалгаруулалтад оролцох нэхэмжлэгчийн эрхийг хангах байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Өрхийн мэдээллийн нэгдсэн сан нь 3 мэргэжилтэнтэй буюу Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, оператор програмист, судалгааны мэргэжилтэнтэй ажиллаж байсан, Хөдөлмөрийн хэлтсийг тус хэлтэстэй нэгтгэсэн шинэ бүтцээр бий болсон Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд дээрхээс зөвхөн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний болон оператор, програмистын ажлын байрыг нэгтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

Гуравдагч этгээд Б.П өмнө эрхэлж байсан “Байгууллагын үйл ажиллагааг сурталчилах “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагааг бусад мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулах” чиг үүрэг нь одоогийн эрхэлж буй Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт шилжээ. Түүнчлэн шинэ бүтцээр буй болсон Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн тооцоо судалгаа хариуцсан мэргэжилтэний албан тушаалд одоогийн гуравдагч этгээд Б.П өмнө эрхэлж байсан судалгааны мэргэжилтний чиг үүрэг шилжсэн гэх боловч уг албан тушаалд өөр этгээдийг томилж, харин нэхэмжлэгчийн томилогдохыг хүссэн албан тушаалд Б.П томилогджээ.

Иймд Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Ц, гуравдагч этгээд Б.П нараас сонгон шалгаруулах байдлаар шинээр буй болсон албан тушаалд томилох нь зүйтэй, өөрөөр хэлбэл зөвхөн өмнөх ажлын байрны тодорхойлолтод үндэслэн нэхэмжлэгчийг Өрхийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгах нь учир дутагдалтай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгон, Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, өмгөөлөгч Ж.Э, гуравдагч этгээд Б.П, өмгөөлөгч Н.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН