Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 124

 

Ц.И, Д.Б, Б.И, Ж.Г нарын нэхэмжлэлтэй,

МУЕС-ад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                        Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                          Б.Мөнхтуяа

                                          Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан арга хэмжээ аваагүй нь хууль бус эс үйлдэл байсан болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэл оногдуулахыг МУЕС-ад даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0717 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0717 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал “...Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.2-т заасны дагуу албан тушаалын цалинг зургаан сар хүртэл 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож; 2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Инарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, МУЕС-ын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Шийтгэл ногдуулах” тухай 133 дугаар захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Ерөнхий сайдын “Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105.2.4-д заасан арга хэмжээ авахыг даалгах” гэснийг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан арга хэмжээ авахыг буюу тохирох шийтгэл ногдуулахыг хариуцагч МУЕС-ад даалгаж; 3 дахь заалтаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И нар болон нэхэмжлэгч Ж.Гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 нийт 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.И нарт 70200, нэхэмжлэгч Ж.Гт 70200 төгрөг тус тус олгуулж, нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И тус бүрээс 46800 төгрөг нийт 140400 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 717 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, МУЕС-ын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Шийтгэл ногдуулах тухай” 133 дугаар захирамжийг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ аваагүй МУЕС-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан тохирох шийтгэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д оногдуулахыг хариуцагч МУЕС-ад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх “Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105.2.4-д заасан арга хэмжээ авахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И нарт 70 200 төгрөг, нэхэмжлэгч Ж.Г-т 70 200 төгрөгийг олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

4. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан албан тушаалтанд түүний дээд шатны албан тушаалтнаас тохирох шийтгэл оногдуулахыг үүрэг болгосон бөгөөд чухам ямар шийтгэл оногдуулах нь мөн хуулийн 105.2-т зааснаар тухайн дээд шатны албан тушаалтны бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан болно. Эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан нь шүүхээр тогтоогдсоны дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б- нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн томилсон, нөхөн олговрыг зохих журмын дагуу олгосон байдлыг МУЕС-аас харгалзан үзсэний үндсэн дээр тус аймгийн Засаг дарга Г.Б-д Ерөнхий сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамжаар хууль тогтоомж биелүүлж ажиллахыг “хаалттай сануулах” хэлбэрээр сахилгын шийтгэл ногдуулж, уг асуудлыг нэхэмжлэгч нарын гомдлын хүрээнд шийдвэрлэсэн байдаг.

5. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна”, 105.2.1-д “хууль биелүүлж ажиллахыг хаалттай болон нээлттэй сануулах” гэж заасны дагуу авсан арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, Г.Б-д хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 105.1-д заасанчлан үйлдсэн зөрчилд нь тохирсон шийтгэл гэж МУЕС-аас үзсэн болно.

6. МУЕС-ын 2018 оны 133 дугаар захирамж нь Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д чиглэсэн захиргааны акт бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа, уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс Ерөнхий сайдын оногдуулсан шийтгэл нь хөнгөдсөн гэж үзэж, түүнийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж заасны дагуу эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан аймгийн Засаг даргад ямар төрлийн хариуцлага хүлээлгэх нь хариуцагч Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал байна гэдгийг шүүх дурдсан хэрнээ Г.Б-д Ерөнхий сайдын 2018 оны 133 дугаар захирамжаар шийтгэл ногдуулсан байхад "тохирох” шийтгэлийг дахин ногдуулахаар хариуцагчид даалгаж байгаа нь үндэслэлгүй байна.

8. Учир нь Г.Б-ын гаргасан шийдвэрүүдийг эрх зүйн зөрчилтэй болохыг 2017 онд холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоосон бөгөөд түүнд нь өнөөдөр буюу анхан, давж заалдах шатны шийдвэрээр тохирох шийтгэлийг ногдуулахаар даалгаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, мөн хуулийн 48.5-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

9. Мөн түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гэж заасан болно.

10. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 717 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 88 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

11. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд “...Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагаврыг хэрхэн тооцсон, гуравдагч этгээд үйлдэлдээ санаатай хандсан, давтан үйлдсэн эсэх, ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа хэрхэн биелүүлээгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас үндэслэлээ холбогдох нотлох баримтын хамт тодорхой тайлбарлаж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.

12. Гэтэл МУЕС-аас тухайн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамжийг гаргахдаа эрх зүйн зөрчилтэй захиргааны актын улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх Ц.И, Д.Б, Б.Инарт холбогдох шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, гомдлын хуулбарыг хавсаргасан байсан. Мөн Захиргааны ерөнхий хуульд дээрх нөхцөл байдлыг заавал харгалзан үзэхээр тусгасан боловч захиргааны актыг хэрхэн, ямар хэлбэр, дарааллын дагуу гаргах талаар тодорхой хэлбэрийн шаардлагыг хуулиар тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс удаа дараа эдгээр нөхцөл байдал тус бүрийг дүгнэсний үндсэн дээр “хаалттай сануулах” шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн гэх тайлбарыг гаргасаар байтал “бичгэн” хэлбэрээр тэмдэглэн, баримтжуулсан зүйлгүй гэх байдлаар буюу хуульд заагаагүй шаардлага тодорхойлон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

13. Түүнчлэн тус магадлалд “...Захиргааны ерөнхий хуулийн 106.1.1-106.1.4-д заасан урьдач нөхцөлүүд бүрэн хангагдсан байх тул гуравдагч этгээдийн үйлдсэн зөрчлийн үр дагавартай харьцуулан үзэхэд “хууль биелүүлж ажиллахыг хаалттай сануулах” шийтгэл хөнгөдсөн, цаашид түүнийг дахин хууль зөрчихгүй байхад нөлөөлж чадахааргүй байна...” гэсэн. Хууль тогтоогч эрх зүйн зөрчилтэй акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтанд оногдуулах шийтгэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд тусгахдаа эдгээр шийтгэл тус бүр нь иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгыг бүрэн хангана гэж дүгнэсний үндсэн дээр хуульчилсан болно. Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс тухайн шийтгэл нь тохирсон эсэхэд дүгнэлт хийхээс бус дахин хууль зөрчихгүй байхад нөлөөлж чадахгүй гэх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

14. Шүүхээс гуравдагч этгээдэд ногдуулсан хариуцлагын арга хэмжээг тохирсон эсэхийг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуульд 106 дугаар зүйлд заасан нөхцөлүүд тус бүрт дүгнэлт хийх ёстой байсан боловч эдгээрийг бүрэн, бодитойгоор харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Тухайлбал нэхэмжлэгч Ц.И, Д.Б, Б.И, Ж.Г нарыг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар дурдсан. Гэвч эдгээр нь гуравдагч этгээд эрх зүйн зөрчил гаргасан буюу түүнд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан хариуцлага оногдуулах урьдчилсан нөхцөл бий болсныг илтгэж буйгаас бус дээд шатны албан тушаалтан буюу хариуцагчийн ногдуулсан шийтгэл нь тохирсон эсэхтэй холбоогүй.

15. Нэхэмжлэгч Ж.Гийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг 2018 оны 04 сарын 02-ны өдөр Улсын дээд шүүх тогтоолоор эцэслэн тогтоогдсон бөгөөд Ерөнхий сайдын зүгээс гуравдагч этгээдэд энэхүү акт болон бусад эрх зүйн зөрчилтэй акт гаргасан үйлдэлд нь холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 133 дугаартай захирамжаар “хаалттай сануулах” шийтгэлийг оногдуулсан. Өөрөөр хэлбэл, Ж.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МУЕС-ад нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар гомдол гаргасан энэ талаарх хариуг мэдэгдсэн. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Ж.Гийн гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэл гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

16. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0717 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай магадлалын зарим хэсэг буюу “...нэхэмжлэгч Ц.Инарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, МУЕС-ын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Шийтгэл оногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Ерөнхий сайдын Баянхонгор аймгийн Засаг даргад арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Засаг даргад тохирох шийтгэл ногдуулахыг МУЕС-ад даалгасугай” гэх хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

18. Нэхэмжлэгч нараас МУЕС-ад холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлд заасан арга хэмжээ аваагүй эс үйлдэл хууль бус байсан болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д заасан шийтгэл оногдуулахыг МУЕС-ад даалгах” шаардлага гаргажээ.

19. Маргааны үйл баримтын тухайд, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дүгээр тушаалаар Ц.Иийг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн уг тушаалыг Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 0037 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинд 15,771,833 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжаар Д.Б-г тус аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0007 дугаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 7,112,460 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дүгээр захирамжаар Б.Ишмааг Баянхонгор сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг, мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 0029 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 5,642,980 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/129 дүгээр захирамжаар Ж.Гийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлснийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 0028 дугаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 4,14,570 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж тус тус шийдвэрлэж байжээ.  

20. МУЕС 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Шийтгэл оногдуулах тухай” 133 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б-д Захиргааны Ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.1-т заасны дагуу “хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.

21. Нэхэмжлэгч нараас энэ шийдвэрийг эс зөвшөөрч “зөрчилд тохирох шийтгэл оногдуулаагүй” гэж, хариуцагчаас “өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага оногдуулсан, зөрчилд тохирсон” гэж тус тус маргажээ.

22. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна” гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д “Шийтгэл оногдуулахдаа гарсан зөрчилтэй холбогдуулан дараах нөхцөл байдлыг харгалзана: зөрчлөөс үүдсэн хохирлын үр дагавар, санаатай үйлдсэн эсэх, давтан үйлдсэн эсэх, ажил мэргэжлийн чиглэлээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлээгүй” гэж тус тус заажээ.

23. Энэ тохиолдолд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Б- нь удаа дараа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэж, байгууллагын бүтэц, чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, сахилгын зөрчил гаргасан үйл баримтыг шалгаж тогтоохгүйгээр ажлаас халах зэргээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй дураараа авирласан, зөрчлийг давтан үйлдэж, төсөвт хохирол учруулсан байхад “хаалттай сануулах” шийтгэл ногдуулсан нь хөнгөдсөн, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байх тул гуравдагч этгээдийн “олон хүн амтай аймгийг удирдаж байгаа албан тушаалтны хувьд дөрвөн хүний асуудлыг шийдвэрлэснээр хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэх гомдол үгүйсгэгдэж байна.

24. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасан, гуравдагч этгээдээс “нэгэнт хариуцлага хүлээлгэсэн тул хууль бус эс үйлдэхүй гаргаагүй” гэх гомдол хуулийн энэ заалтад нийцээгүй, зөрчилтэй акт гаргасан захиргааны байгууллагын албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага нь зорилгодоо нийцсэн байх зарчимтай, энэ тохиолдолд тохирсон шийтгэл оногдуулаагүй гэж үзнэ.

25. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ямар шийтгэл оногдуулах нь хариуцагчийн бүрэн эрх” гэж гомдол гаргаж байгаа ч хариуцагчаас “хаалттай сануулах” шийтгэлийн үндэслэлийг зорилгодоо нийцүүлэн тайлбарлаж чадахгүй, “нэхэмжлэгч нарыг ажилд томилж, цалин олгосныг харгалзсан” гэж байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл баримттай холбоотой учир захиргааны актын үндэслэл гэж үзэхгүй.

26. Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан, “тохирсон шийтгэл ногдуулаагүй” гэх үндэслэлээр маргах эрхийг нэхэмжлэгчид олгосон байх тул “нэхэмжлэгч нарын ямар эрх сэргэх нь тодорхойгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

27. Иймд, дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                    ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ