| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2505002650114 |
| Дугаар | 2025/ДШМ/893 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бум-Аюуш |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/893
2025 07 24 2025/ДШМ/893
Д.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Бум-Аюуш,
шүүгдэгч Д.О ,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2505002650114 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 05 цагийн үед *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Г.Х” зочид буудлын 1212 тоот өрөөнд хохирогч Н.М-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.О ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О аас 1.444.700 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулан хохирогч Н.Мд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар 99.840 /ерэн есөн мянга найман зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгч Д.О аас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.М энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.О аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хурал дээр хууль эрх зүйн мэдлэг дутмаг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр буюу хэрэг гарах үедээ согтуу байсан учир хохирогч Н.М-гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлээ тодорхой санахгүй, хүлээн зөвшөөрөөгүй юм. Гэвч анхан шатны шүүх хурлын дараа шийтгэх тогтоолыг гардан авч танилцаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, хохирогчид учруулсан хохирол болох 1.444.700 төгрөг болон эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 99.840 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Мөн би *** аймгийн *** суманд байрлах “Т” ХХК-ийн жоншны үйлдвэрт экскаваторын жолооч ажилтай юм. Иймд хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 240 цагийн албадан ажил хийлгэх ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.444.700 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 99.840.000 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт байхгүй учраас хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нөхцөл байдалд нь тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Д.О ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 05 цагийн үед *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г.Х” нэртэй зочид буудлын 1212 тоот өрөөнд “нэг оронд хамт унтаагүй” гэх шалтгаанаар хамт үйлчлүүлж байсан хохирогч Н.М-гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед “зүүн зовхины гадна буланд сорви” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.М-гийн “...Өрөөнд ороод байж байтал О над руу залгаад “эхнэрээ амралтанд хүргэж өгчихөөд завтай явж байна, уулзах уу” гэж хэлэхээр нь “амралт эхэлсэн юм чинь уулзъя” гэж яриад тэр найз бас “Г.Х” зочид буудал руу ирсэн. Найзыг ирсний дараа 10-20 ширхэг пиво авч уусан. Тэгээд юм яриад сууж байтал бүгд тасрах маягтай болоод ор руугаа явж хэвтсэн. Би жаахан тасраад сэргэсэн. ...Тэгээд унтацгаах гээд хэвтэхэд О хажуугаар хэвтээд байхаар нь “чи яв, хүүхдүүд дээрээ оч, таксины мөнгө авах юм уу” гэхэд “зүгээрээ” гээд боссон. Үүний дараа миний өмдийг оролдоод, хувцас тайлах гээд оролдоод байсан ба уурласан. Гэтэл тас хийгээд явсан, би ухаан алдаад сэрсэн. ...” /хх 8-10, 12-14/,
гэрч Э.Бадамхоролын “...Би өнөөдөр найз М “Грандд Хилл” зочид буудалд 2 ортой өрөө аваад ууж байхад манай найз М нэг залуу дуудаад тухайн залуу удалгүй уучихсан ирсэн. Тэгээд удалгүй манай найз залуу ирээд бид 4 ууж байгаад тасраад унтсан. Үүрээр 4-5 цагийн үед найз залуугийн хамт сэрсэн чинь буудлын өрөөний үүдний хэсэгт хүн уйлаад байх шиг байхаар нь найз залуугийн хамт буудлын өрөөний гэрэл асаах чипийг хайж байгаад гэрлээ асаасан чинь М өөрийнхөө унтаж байсан орны хажууд цус болчихсон уйлаад сууж байсан. Би айгаад цагдаа болон эмнэлэг дуудсан. Манай найзын зүүн нүдний орчмоос цус гарсан байсан. Нөгөө залуу нь М-н хажууд суучихсан уучлаарай, миний буруу гээд байж байсан. Орны гудас, хөнжил цус болсон байсан. ...” /хх 27-29/,
гэрч Б.Ө ийн “...2024 оны 12 дугаар сарын 13-ны орой 16 цагийн үед М гэх хүнээр бүртгүүлж хосоороо орсон байна. Эхлээд нэг эмэгтэй, 1 эрэгтэй орсон байна. Миний бие 21 цагийн үед ээлж хүлээж авсан. Намайг 21 цагийн үед ирэхэд тэд дөрвүүлээ болсон байсан. Тухайн өрөөнд бүтэн лүүкстэй захиалга оруулсан байсан тул “чимээгээ багасгана уу” гэхэд “ойлголоо” гэж хэлээд гарах хүмүүс нь гарч байсан. Мөн 1212 тоот өрөөнийхөн их чимээтэй байсан, бидний зүгээс хэлж сануулахад хамгаалагч руу нэг залуу нь дайрч давшилсан гэсэн. ...2 эрэгтэйн арай хөгшин царайтай, жийнсэн өмдтэй, бор үстэй, давхраатай нүдтэй залуу сэрүүн байсан, тэр залуу байх, цагдаа ирэхэд тэр уйлаад байсан. ...Миний бие очиход ариун цэврийн өрөөний шалан дээр цустай, нойлын өрөөний суултуур дээр тухайн хөмсгөө сэтлүүлсэн эмэгтэйг унтуулж хэвтүүлсэн байдалтай байсан. Цагдаа ирээд зодсон гэх эрэгтэйг аваад гарсан. ...” /хх 27-29/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1933 дугаартай “...Н.М-н биед зовхины гадна буланд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 36-37/ гэх дүгнэлт,
эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 62-63/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Д.О ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.О ын “нэг оронд хамт унтаагүй” гэх шалтгаанаар хохирогч Н.М-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед “зүүн зовхины гадна буланд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О ын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Д.О “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, 240 цагийн албадан ажил хийлгэх ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Д.О нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт оногдуулсан ял тохирсон байх бөгөөд хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Д.О ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1292 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1292 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ