Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/894

 

                                     

 

 

 

   

       2025         07           24                                        2025/ДШМ/894

  

Ц.С-д холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1448 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аззаяагийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Ц.С-д холбогдох эрүүгийн 2406017140522 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан этгээд Ц.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед *** дүүргийн ** дугаар хороо, “С.Н ” кино театрын 6 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Си ” караокед Э.Ш тай маргалдаж, улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.С-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ш  нь хохирол нэхэмжлээгүй ба түүний Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.103.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “флаш”-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аззаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1448 дугаар цагаатгах тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд хэрэгт цугларсан хохирогч Э.Ш гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3879 дүгээр дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар Ц.С  нь 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед хохирогч Э.Ш гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг жилээр тодорхойлж, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй, 6 дахь хэсэгт “Хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна...” гэж тус тус заасан байхад шүүхээс “яллагдагч Ц.С-н үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн үе буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн орчимд дууссан байхад яллагдагчаар татсан” гэж дүгнэн, хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/1448 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүх Ц.С-д холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч буйгаас гадна тухайн зүйл, хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул энэ хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэг жилээр тооцно.” гэж хуульчилсан бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй ба энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог билээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй” гэж, 6 дахь хэсэгт “хугацааг жилээр тоолоход дараа оны тухайн сарын тухайн өдөр уг хугацаа дуусна.” гэж Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлсон цаг, хугацааг хэрхэн нарийвчлан тоолох талаар тодорхой заасан.

Хэргийн материалыг судлахад, хохирогч Э.Ш гийн мэдүүлэг /хх 31, 34/, гэрч Г.З мэдүүлэг /хх 36-37/, гэрч Б.Нн мэдүүлэг /хх 39/, Ц.М мэдүүлэг /хх 42/ зэргээс үзэхэд тухайн хэрэг учрал нь 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд үйлдэгдсэн байна.

Дээрх хэрэгт прокуророос 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол” үйлджээ. /хх 74-77/

Өөрөөр хэлбэл, Ц.С-д холбогдох хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр прокуророос “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тухай тогтоол үйлдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагаас хойш нэг жилийн дотор байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Түүнчлэн Ц.С г хуульд заасан хөөн  хэлэлцэх хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, агуулгыг алдагдуулж байх тул цаашид мөрдөгч, прокурор анхаарвал зохино.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1448 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Д.Аззаяагийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ