Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ч-ы Б-д холбогдох 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 72 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, тэтгэвэрт , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Ч-ы Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр оройн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөний улмаас зорчигч Л.Ч, Д.Ж-нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ч.Б-аас “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Л.Ч-ийн “...Би 2018.05.20-ны өдрийн 23 цагийн үед найз Б-ын “Р” маркийн улсын дугаартай автомашины ард суугаад урд Ж- суугаад бид 3 Төв аймаг өнгөрөөд 14 км Өндөр довын уулзвар өнгөрөөд урдаасаа хойшоо чиглэлтэй Улаанбаатар хот руу явж байтал машинууд гэрлээ тусгаад зөрж байсан. Тэгтэл Б- гэрлээс зайлуулан үл ялих замаас гараад замын хажуу руу орсон. Манай машин 60-70 км/цагийн хурдтай явсан. Эмчилгээний зардал төлүүлэх баримт байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг/хх 14-16 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ж-ын “...Манай машин өөдөөс ирж яваа машины гэрэл гялбахаар машины зөрөх хоорондын зайг Б- буруу тооцоолоод л замаас гарсан болов уу, 50-60 км/цагийн хурдтай явсан.Зам хуурай, цаг агаар тогтуун байсан. Эмчилгээний зардал төлүүлэх баримт байхгүй, гомдол санал нэхэмжпэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 17-21 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6587 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6607 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн  33 дугаар хуудас/

Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн магадлагаа /хх-ийн  46 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Ч.Б-ын: “... Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 23:00 цагийн орчим хувийн “Р” маркийн улсын дугаарын машиныг жолоодон 2 ангийнхаа хүүхэдтэй Өмнөговь орчихоод  буцаад хот орохоор Төв аймаг өнгөрөөд 14 км Өндөр довын уулзвар өнгөрөөд даваа даваад урдаасаа хойшоо чиглэлтэй Улаанбаатараас 31 дэх км-т явж байтал эсрэг урсгалын машины гэрэл гялбаад ар талаас явсан машины гэрэл бас гялбаад 3 толин дээр тусаад зам харагдахгүй байсан. Тэр үед зүүн эргэлт таараад чигээрээ явсаар замын хажуу ховил руу ороод ойгоод тэгээд ганга руу ороод зогссон....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 66 дугаар хуудас/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Б- нь гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр оройн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг Төв аймаг явах замд “Р” маркийн  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөний улмаас зорчигч Л.Ч, Д.Ж-нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/, хохирогч Д.Ж-ын мэдүүлэг /хх 17-21 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, Замын цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн магадлагаа /хх-ийн  46 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6587 дугаартай

  1. Л.Ч-ийн биед бүсэлхийн 1.2-р нугалмын шахагдсан далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал /2018.05.22/ бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6607 дугаартай  

  1. Д.Ж-ын биед бүсэлхийн 1-р нугалмын бяцарч шахагдсан далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал /2018.05.23/, сээрний 12-р нугалмын биеийн шахагдсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн  33 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

          Прокуророос шүүгдэгч Ч.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Д.Ж-, Л.Ч нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Л.Ч, Д.Ж-нараас “эмчилгээний зардал төлүүлэх баримт байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул /хх 14-16 дугаар хуудас, хх 17-21 дугаар хуудас/ шүүгдэгч Ч.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй /шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй/ Ч.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.