| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00084/Э |
| Дугаар | 00095 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 00095
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ад холбогдох 1832000900082 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 1978 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 9, нөхөр, 3 хүүхэд, 1 дүү, 3 зээгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Түмэн-Өлзийгийн А. /РД: */
Шүүгдэгч Т.А нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, төмөр замын гал унтраах ангийн хойд талд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 11 настай М.Эрийг хүүхэд зодлоо гэсэн шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Агийн өгсөн…. ... 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой манай хүү Түвшинбат уйлаад гэртээ орж ирсэн. Яасан бэ гэсэн чинь хүүхэд намайг зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би уур хүрээд гарсан. Тэгээд 5 давхрын гадаа очиход тэр зодсон хүүхэд нь байхгүй байсан. Тэгээд би харихаар төмөр замын гал командын ард явж байтал танай хүүхдийг зодсон хүүхэд энэ байна гэж хүүхдүүд зааж өгөхөөр нь би тэр хүүхдийг барьж аваад хацар орчимд нь 2 удаа алгадсан. Тэгтэл хохирогч М.Эрийн ээж нь машинтай хүрч ирсэн. М.Эрийн ээж нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Цагдаа ирээд надыг авч явсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Насанд хүрээгүй хохирогч М.Эрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд би гэртээ байж байгаад гэрээсээ гарсан чинь миний дугуйг тэр хүүхэд сааданд орхисон байсан. Тэгэхээр нь би гэртээ орж ээждээ миний дугуйг нөгөө хулгайлсан хүүхэд сааданд орхиод явсан байна. Би очиж өгчихөөд ирье гээд хойшоо явсан. Тэгээд би Бд, Др, Уб бид нар хойшоо хуучин төмөр замын эмнэлгийн хажууд явж байсан чинь нэг ах дугуйтай давхиж ирээд намайг дугуйгаараа мөргөж унагаагаад миний зүүн гарыг мушгиж бариад төмөр замын гал унтраах ангийн баруун талын уулзвар хүртэл чирэн. Тэгсэн чинь тэр хүнтэй хамт явсан эмэгтэй нь миний толгой руу хэд хэдэн удаа алгадаад зүүн талын чих рүү алгадсан. Тэгээд байж байсан чинь манай ээж хүрч ирсэн.... Намайг алгадсан эгчээс толгойны томограф авахуулсан 85000 төгрөг, онош тодруулах 30000 төгрөг, тархины цахилгаан бичлэг хийлгэхэд үзлэгийн 25000 төгрөг, цээжний зураг 35000 төгрөг, хөлийн зураг 15000 төгрөг, чихний хэнгэрэг харуулах 20000 төгрөг, нийт 210000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 13-14 дүгээр хуудас/
Гэрч Г.Бсы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд би гэрт нь орсон чинь А гэх авгай хүүхдээ зодоод байж байсан. Тэгэхээр нь юу болов гэхэд танай хүү энэ хоёр нийлж дугуй хулгай хийсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар дугуй гэж асуусан чинь энэ дугуй гээд гадаа байсан цагаан өнгийн дугуйг хэлсэн. Тэгэхээр нь би энэ дугуй манай гэрт нилээн хэд хоног байсан гэж хэлээд ер нь цуг гаръя гээд тэднийхээс гарсан. Би хүүхдээ хайгаад урагшаа явж байгаад хэдэн хүүхэд таараад асуусан чинь Буд дэлгүүрийн тийшээ явсан гэж зааж өгөхөөр нь тэр зүг явж байгаад замын уулзвар дээр зогсож байтал нөгөө дугуйны эзэн гэх хүүхдийн нэг залуу дагуулаад ирсэн. Гэтэл А өөдөөс нь очоод Эр гэх хүүхдийг чи миний хүүхдийг яасан их зоддог юм гээд баруун гараараа 2 удаа алгадаад авсан. Тэр үед хажууд нэг машин ирж эмэгтэй хүн бууж ирээд чи яагаад хүүхэд зодоод байгаа юм гээд барилцаад авсан. Тэгээд хэрэлдэж байгаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/
Гэрч Х.Отгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би гэрээсээ гараад ирсэн чинь манай байрнаас чанх хойд талд замын уулзвар дээр нэг эмэгтэй манай хүүхдийн толгой руу цохиж унагааж байгаа харагдсан. Тэгэнгүүт би машинаа унаад яваад очсон. Намайг очиход манай хүүхэд тэр эмэгтэйгээс зугатаагаад тэр эмэгтэй зодох гээд араас нь хөөгөөд байсан. Би машинаас бууж гүйж очоод тэр эмэгтэйгийн араас болиоч чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гээд бариад авсан чинь миний өөдөөс барилцаж аваад тавихгүй байсан. Гэтэл А гэх эмэгтэйгийн хамт явж байсан охин нь боль гээд тавиулсан. Тэгээд би хүүгээ авч машинд суугаад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 17 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 83 ...... Дүгнэлт:
1.М.Эрийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун талын чамархайн хэсэгт хуйхны доор зөөлөн эдэд цус хуралт, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2018 оны 05 дугаар сарын 19-нд үүссэн байх боломжтой.
3. Зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун талын чамархайн хэсэгт хуйхны дор зөөлөн эдэд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 21 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 43 дугаар хуудас/
Т.А нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 44 дүгээр хуудас/
Насанд хүрээгүй хохирогч М.Эрийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мсгийн тус шүүхэд гаргасан шүүх хуралдаанд суухгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хавтаст хэрэгт нэхэмжилсэн 210000 төгрөгийг авахгүй угаасаа ч өгөх чадваргүй хүн. Хүүхдийг минь зодсонд гомдолтой байгаа. Шүүхийн байгууллага хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байлгүй өөр хэлэх зүйл байхгүй гэх тодорхойлолт зэрэг болно.
Шүүгдэгч Т.А нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, төмөр замын гал унтраах ангийн хойд талд 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 11 настай М.Эрийг хүүхэд зодлоо гэсэн шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бага насны хүүхдийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Агийн хохирогч М.Эрийн хүүрэн тус тус газарт 2 удаа гараараа цохиж зодсон үйлдэл нь хохирогч М.Эрийг өөрийн хүүхэд Түвшинбатыг зодлоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн хохирогч М.Эр нь 11 настай буюу бага насны хүүхэд болох нь тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч М.Эрийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мс нь шүүгдэгч Т.Агаас 210000 төгрөгийг болон ер нь нэхэмжлэх зүйлгүй боловч гомдолтой гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Түмэн-Өлзийгийн Аг бага насны хүүхдийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.А нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Т.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН