Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ДШМ/922

 

 

 

 

 

 

  2025             07              31                                       2025/ДШМ/922

 

С.Б , Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням

шүүгдэгч Д.Б , С.Б , тэдгээрийн өмгөөлөгч Ц.Галбадрах,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Б , С.Б  нарт холбогдох эрүүгийн 2508010570635 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан харгалзах хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулиар дуусгавар болсон, /РД:МА81012519/;

Шүүгдэгч Д.Б , С.Б  нар нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э.Ц ” караокед хохирогч П.Г той согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдан муудалцаж, С.Б  нь “дүүгээ өмөөрч” хохирогч П.Г ийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохих, газарт түлхэж унагах, Д.Б нь хохирогч П.Г ийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2 дугаар шүд, зүүн нэгдүгээр шүдний сулрал, дух, зүүн шанаа, чихний дэлбэн, хацрын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б , С.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б , С.Б  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б , С.Б  нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх заалттай шийтгэх тогтоол нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгдэгч Д.Б , С.Б  нар нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э.Ц ” караокед хохирогч П.Г той согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдан муудалцаж, С.Б  нь “дүүгээ өмөөрч” хохирогч П.Г ийн толгой хэсэгт архины шилээр цохих, газарт түлхэж унагах, Д.Б нь хохирогч П.Г ийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал, дух, зүүн шанаа, чихний дэлбэн, хацрын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан "бүлэглэж" гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Д.Б , С.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, уг хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр тус тус торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” нь хэсэгт шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг прокурорын эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэжээ. Мөн шийтгэх тогтоолын "Тогтоох хэсэгт" шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж "Тодорхойлох", "Тогтоох” хэсгүүдийг зөрүүтэй дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол" гэж гэмт хэргийн шинжид “бүлэглэж” гэсэн шинж орсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан зэргээр ойлгомжгүй, алдаатай шийдвэр гаргасан байна. Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/376 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч С.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой хэлэх тайлбаргүй...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Галбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад прокурортой ялын талаар тохиролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар буруу тайлбарласан. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэх боломжтой. Өмгөөлөгчийн зүгээс техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Б , С.Б  нар нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э.Ц ” караокед хохирогч П.Г той согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо маргалдан муудалцаж, С.Б  нь “дүүгээ өмөөрч” хохирогч П.Г ийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохих, газарт түлхэж унагах, Д.Б нь хохирогч П.Г ийн нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2 дугаар шүд, зүүн нэгдүгээр шүдний сулрал, дух, зүүн шанаа, чихний дэлбэн, хацрын төвгөрт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч П.Г ийн “...Тэгээд Б-н гэрээс шөнийн 00 цагийн үед гараад “Э.Ц ” нэртэй караокед ороод нэг ширээн дээр сууцгаагаад дахин 1 шил архи аваад сууж байхад Болдоо надтай эвгүй харьцаад байсан. Хэсэг маргалдаж байгаад би Б-г заамдаж аваад байж байхад ах нь гэх залуу шууд ирээд үгийн зөрөөгүй шууд архины шилээр толгойн хэсэгт 1 удаа цохиж хагалсан. Тухайн үед архины шил хагарсан. Д.Б миний нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэр үед дээд үүдэн 2 шүд, зүүн 1-р шүдний сулрал үүссэн...” /хх 8-12, 63/ гэсэн,

гэрч Б.М-н “...Тэгсэн Д.Б , Г  хоёр маргаад байх шиг харагдсан. Тэгээд чанга чанга дуугараад байхаар нь би Г ийн хажууд очиж суусан. Тэгсэн Г , Д.Б  хоёр уурлаад босоод ирсэн. Тэгсэн хажуу талаас С.Б  гэх залуу ирээд “би дүүгээ өмөөрнө” гэж хэлээд ширээн дээр байсан шилтэй архийг толгой руу нь 1 удаа цохиж хагалсан. Тэгсэн баарны хүн уурлаад “та нар гарцгаа” гэж хэлээд бид нар гарсан. Тэгээд баарны шатан дээр Д.Б  манай нөхрийг заамдаж аваад нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Хажуу талаас нь С.Б  орж ирээд хувцаснаас барьж аваад гэнэт шат руу түлхэгдээд газар унасан. Тэгээд бид хоёрыг хаяад гэр лүүгээ явчихсан. ...” /хх 21-22/ гэсэн,

гэрч Л.О ийн “...Тэгээд Г , Д.Б  хоёр ширээн дээрээ сууцгааж байсан. Д.Б , Г  хоёр муудалцаад байх шиг харагдсан. Тэгснээ Г  Д.Б ын зүүн нүд рүү гараараа 1 удаа цохисон, тэгээд барьцалдаад авсан. Тэгээд бид гурав ширээ рүү очоод юу болж байна гээд хэлсэн чинь хажуу талаас С.Б  ширээн дээр байсан архитай шилээр толгой руу цохиод хагалчихсан. Тэгээд бүгдээрээ баарнаас гарсан чинь Баарны шатан дээр Г  араас нь ирээд Д.Б ыг ирээд хувцаснаас нь зуураад “зодолдъё” гээд салахгүй байсан. Тэгээд зууралдаж явж байгаад шатны уруу хоёулаа буусан. Тухайн үед С.Б  бид нараас түрүүлж гараад манай гэр лүү явсан....” /хх 23-26/ гэсэн,

яллагдагчаар Д.Б ын “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /хх 115/ гэсэн,

яллагдагчаар С.Б гийн “...Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /хх- 75/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2942 дугаартай “...П.Г ийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал, дух, зүүн шанаа, чихний дэлбэн, хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /хх 33-34/ гэсэн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ дуудлага лавлагааны хуудас /хх 5/, өвчний түүх /хх 50-52/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Прокурор С.Энхнямаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж гэмт хэргийн шинжид “бүлэглэж” гэсэн шинж орсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан зэргээр ойлгомжгүй, алдаатай шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зохимжтой гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт  шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл бүхий буюу бүлэглэн үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон нь шийтгэх тогтоолын “Тодорхойлох” болон “Тогтоох” хэсгүүдийн хоорондоо нийцэхгүй, зөрүүтэй байдлаар бичигдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд уг шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж гэмт хэргийн шинжид “бүлэглэж” гэсэн шинж орсон байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамласан нь буруу болжээ.

Иймд дээрх зөрүүг арилгаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Б , С.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ЗОРИГ