Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 642

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Р.Очирсүрэн ,

шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808023930815 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 07 сарын 26-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт З.Э, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  “Баянгол Шинэ өргөө” хот тохижилтын компанид ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 17 дугаар гудамжны 48 тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч З.Э 2018 оны 4 дүгээр сраан 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 49-19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.М-г найзуудтай минь хамт архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар биед нь тархи доргилт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч  О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 04 сарын 29-ний өдөр гэртээ байж байтал найзууд нь ярьж байгаад Л, Ё нар эхнэр хүүхэдтэйгээ, Т нар ирээд Э дэлгүүр гарч 1 шил архи авч манай гэрт ууцгаасан юм. Би архиа уугаад дуусангуут нь ирсэн найзуудыг нь одоо явцгаа гээд явуулсан ба Э надтай маргалдаж байгаад найзуудтайгаа гарч архи ууна гээд гарч яваад орой 23 цагийн үед ганцаараа нилээн согтуу тасарсан ирээд унтаад өгсөн. Тэгтэл шөнө 01 цагийн үед сэрээд найзуудтай цуг уулгасангүй, би чамайг тэжээж байна, миний хамаг юмыг авч идэж ууж байна, би ууж идэхээ чамаар заалгахгүй гэж агсан тавиад байхаар нь би ууж идсэнээ зохицуулж чадахгүй найзуудыгаа өмөөрч байх юм гээд маргалдаж байтал намайг сандал дээр сууж байхад босч ирсэнээ намайг орон дээр хэвтүүлсэнээ дээр гараад миний хоолойг боож, миний баруун зүүн хацар луу гараараа цохиж, алгадаж, толгойны дагз хэсэгт мөн гараараа цохьсон... Одоогоос сарын өмнө байх, бас архи ууж ирээд агсан тавьж мөн намайг алгадаж боож алгадаж байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-19/,

Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 5624 дугаар дүгнэлт:

 Хэсэг газрын үзлэгт: хүзүүний урд хэсэгт 6x3.5 см, хүзүүний баруун хажуу доод хэсэгт 1x1 см, 1x0.5 см улаан хүрэн цус хуралттай. Хүзүүний 2 тал болон доод эрүүний баруун, зүүн талаар тэмтрэхэд эмзэглэл ихтэй.

ДҮГНЭЛТ:

1. О.М-н биед тархи доргилт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

 5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21), 

Шүүгдэгч З.Э-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой намайг гэртээ байж байтал манай найзууд болох Л, Ё, Т, Н нар гэр бүлийнхэнтэйгээ манай гэрт ирцгээсэн. Тэгээд бид нар 1 шил архи авч хувааж ууцгааж дуусгаад дахиад нэг шил щ авч ууя гэтэл манай эхнэр уурлаад байхаар нь би найзуудыгаа гаргаад гэр лүү нь дөхүүлж өгөх гээд цугтаа гарцгаасан, тэгээд бид нар эхнэр хүүхдүүдийг нь гэрт нь хүргэж өгчихөөд Л, Ё бид гурав гудамжинд сууж байгаад дахиж 1 том пиво уучихаад юм ярьж байгаад орой 22 цагийн үед салцгааж би гэр лүүгээ ортол эхнэр О. М “архи уулаа муу архичин” гэх зэргээр хэлж бид хоёр гэртээ маргалдаж байхад М миний нуруу, толгой гэх зэрэг газар луу гараараа цохиод байсан. Гэнэт миний уур хүрээд эхнэрийнхээ хоолойноос нэг гараараа базаж хэсэг барьж байгаад тавьсан...хоорондоо ярилцаад учраа олъе гэж хэлэхэд тоохгүй гарах гээд байхаар М-н цамцнаас нь таттал хойшоо охиныг тэвэрсэн чигээрээ ор луу унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-32) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Э 2018 оны 4 дүгээр сраан 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 49-19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.М-г найзуудтай минь хамт архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдан зодож, улмаар биед нь тархи доргилт, хүзүүний цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...намайг сандал дээр сууж байхад босч ирсэнээ намайг орон дээр хэвтүүлсэнээ дээр гараад миний хоолойг боож, миний баруун зүүн хацар луу гараараа цохиж, алгадаж, толгойны дагз хэсэгт мөн гараараа цохьсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-19),

Шүүх эмнэлгийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн  №5624 дугаар дүгнэлт, шүүгдэгч З.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.М-н өгсөн “...Би З.Э-тай  суугаад 2 жил болж байна. Бид хоёр дундаасаа нэг охинтой, охин маань 11 сартай, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлгээр хохирогч О.М, шүүгдэгч З.Э нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч буюу дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Хууль зүйн хувьд З.Э нь хамтран амьдрагч О.М-н хоолойг боож, миний баруун зүүн хацар луу гараараа цохиж, алгадаж, толгойны дагз хэсэгт мөн гараараа цохих зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч З.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч О.М нь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч З.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Э-д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч З.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.