| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2210027800622 |
| Дугаар | 2025/ДШМ/923 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ДШМ/923
2025 07 31 2025/ДШМ/923
Д.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч С.Баттамир,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1328 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч С.Баттамир, Г.Эсэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Г д холбогдох эрүүгийн 2210027800622 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр байрны *** тоот оршин суух гэртээ иргэдийн аз туршиж, ашиг орлого олох гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан цахим сүлжээ ашиглан “Z” нэртэй https://h.me/ гэх домэйн хаягтай цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Г-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршин тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г д 5000 нэгж буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн айпад-IM-QD62366D0Y 1 ширхэг, Айпон 14 про макс маркийн нил ягаан /purple/, шаргал /gold/ өнгийн гар утас тус 1 ширхэг, хар өнгийн Самсунг Эс-22 маркийн IM351393981068921_01, 354275391068921_01 кодтой гар утас, хар өнгийн ТП-линк хүлээн авагч 1 ширхэг, хар өнгийн хэтэвч 1 ширхэг, ногоон өнгийн ****, **** дугаартай Хаан банкны карт 2 ширхэг, нил ягаан өнгийн **** дугаартай Хаан банкны карт 1 ширхэг, улаан шар өнгийн **** дугаартай Хас банкны карт 1 ширхэг, хөх өнгийн **** дугаартай төрийн банкны карт 1 ширхэг, ногоон өнгийн ****, **** сирийн дугаартай Юнител үүрэн холбооны симний үүр 2 ширхэг, цагаан өнгийн **** сирийн дугаартай Жи мобайл үүрэн холбооны симтэй үүр 1 ширхэг, цагаан өнгийн **** сирийн дугаартай Жи мобайл үүрэн холбооны симтэй үүр 1 ширхэг, **** дугаартай автобусны карт 1 ширхэг, Т худалдааны төвөөс 14 про макс загварын гар утас, айпад про 12 худалдан авсан баталгааны хуудас 2 ширхэг, цээж зураг 9 ширхэг, Мобиком үүрэн холбооны сим 1 ширхэг тус бүрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3.680.000 төгрөгийг улсын орлого болгон улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг торгох ялд шилжүүлэн 15 нэгжийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 360, 166, 167 төгрөг, үүнээс бэлэн хураагдаж ирсэн 3,680,000 төгрөгийг хасаж нийт 356,486, 167 /гурван зуун тавин зургаан сая, дөрвөн зуун наян зургаа, нэг зуун жаран долоо/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж, мөрдөн байцаалтын шатанд дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023.11.15-ны өдрийн 186 дугаар прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч С.Баттамир, Г.Эсэн нар гаргасан хамтран давж заалдах гомдол болон өмгөөлөгч С.Баттамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Нэгдүгээр хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 46 минутад манай үйлчлүүлэгч Д.Г-н эхнэр болох Х.Т ын IPhone 14 про макс маркийн гар утсыг эрүүгийн цагдаагийн мөрдөгч Б.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.1 дүгээр зүйл, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон эд зүйл түр хураан авсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар хуульчилсан бөгөөд дээрх зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ. Прокурор мөрдөгчөөс ирүүлсэн баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан боловч хавтаст хэргийн материалд дээрх ажиллагааг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлээгүй буюу мөрдөн шалгах ажиллагааг зөрчсөн зөрчилтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх хууль зүйн шаардлагыг хангахгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын прокурор Л.Төгсжаргалын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 50, 51, 52 дугаартай орон байр, бусад газар нэгжлэг хийх зөвшөөрөл өгсний дагуу манай үйлчлүүлэгч Д.Г-н мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх *** дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр байрны *** тоотод оршин суух гэрээс 3.000.000 төгрөг, мөн ажлын байр болох *** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр, *** газрын *** тоот өрөөнөөс “делл маркийн процессор 1 ширхэг, Айфоне 14 про макс маркийн гар утас 1 ширхэг, Айпад 1 ширхэг, бэлнээр 660.000 төгрөгийг тус тус хураан авч тэмдэглэл үйлдсэн байдаг.
Өмгөөлөгч нарын зүгээс дээрх прокурорын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 50, 51, 52 дугаартай нэгжлэг хийх зөвшөөрөлтэй огт маргаагүй, зөвхөн нэгжлэг хийх явцад хураан авсан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Нэгжлэг хийхэд энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан журмыг баримтална” гэж "үзлэг" хийх нийтлэг журмыг хуульчилсан. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 7-д "үзлэгийн үед хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна” гэж заасан боловч дээрх хуульд заасан ажиллагааг явуулаагүй Үндсэн хуулиар олгогдсон хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэн маргадаг. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд Прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах нийтлэг үндэслэлийг доорх байдлаар хуульчилсан. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно”, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахаас өмнө мөрдөгч нь прокурорт даруй мэдэгдэж ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлнэ”, 3-т “Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт, тайлбарыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ”, 5-д “Прокурор мөрдөгчөөс ирүүлсэн нотлох баримт, тайлбартай танилцсаны дараа дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж тус тус заасан.
Прокурор дээрх хуулийн 5.1-д заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох, эсвэл 5.2-т заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгож, 6 дахь хэсэгт заасны дагуу 5.2-т заасан прокурорын шийдвэрт хураан авсан эд зүйл, баримт бичгийг эзэмшигчид нь эргүүлэн олгохыг даалгана гэж хуульчилсан боловч нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйлсийг хүчинтэйд тооцсон, тооцоогүй эсэх нь тодорхойгүй хүний эрхийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд мөрдөгчийн нэгжлэг хийх саналыг үндэслэн прокурор зөвхөн нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон, нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт бусад зүйлийг хураан авч байгаа үйлдэл нь хойшлуулшгүй ажиллагаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй дээрх нотлох баримтуудыг нотлох баримтад тооцохгүй байх гомдлыг дахин гаргаж байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, 3-т Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан байна. Гэтэл манай үйлчлүүлэгчийг буруутган эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “Zoom pokeг” мөрийтэй тоглоомыг и-мэйл хаягаар ашиглан 30.000.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгөөр худалдан авч уг мөрийтэй тоглоомын сайтыг 2022 оны 05 дугаар сараас эхлэн ажиллуулж цахим мөрийтэй тоглоом тоглуулах болсон нь тогтоогдсон байна” гэж өөрийнх нь өгсөн мэдүүлгийг үндэслэн, мөн “түүнчлэн Д.Г-н зохион байгуулсан гэх "Zoom poker" мөрийтэй тоглоом байгуулж олсон ашиг орлого буюу бооцооны мөнгийг М.Г ын эзэмшлийн Хаан банкны тоот дансаар 5.600.000.000 төгрөгийн орлого олж, 5.600.000.000 төгрөгийн зарлага гаргасан байна" М.Г ын эзэмшлийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Л гийн 5302867328 тоот данс руу 472 удаагийн гүйлгээгээр 808.900.000 төгрөг, Г.А гийн тоот данс руу 547 удаагийн гүйлгээгээр 879.200.000 төгрөг, Ц.Л ийн тоот данс руу 405 удаагийн гүйлгээгээр 647.500 000 төгрөг гаргасныг тогтоосон.
Мөн Д.Г-г 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд *** дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр байрны *** тоотод оршин суух гэртээ иргэдийн аз туршиж, ашиг орлого олох гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан цахим сүлжээ ашиглан "Z" нэртэй https://h.me/ гэх домэйн хаягтай цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Учир нь, мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Нотлох баримт гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, тус зүйлийн 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг заавал тогтоох ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад ямар нотлох баримтыг үндэслэн манай үйлчлүүлэгчийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд *** дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр байрны *** тоотод оршин суух гэртээ мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй буюу мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, прокурорын зөвшөөрлийн дагуу манай үйлчлүүлэгчийн гэрт нэгжлэг хийхэд ямар ч мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх нотлох үйл баримт хэрэгт болон үзлэг хийсэн тэмдэглэлд дурдагдаагүй байдаг.
Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн М , Г нарын мэдүүлгээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх боломжгүй. Учир нь, манай үйлчлүүлэгч 8:30-17:30 хүртэл төрийн албанд ажилладаг, ямар цаг хугацаанд дээрх мөрийтэй тоглоомыг ажиллуулах, ямар хугацаанд ар гэртээ цаг зав зарцуулах, унтаж амрах зэрэг биологийн хувьд боломжгүйг харуулсан энгийн ухагдахуун юм. Нөгөөтээгүүр домайн хаяг бүхий цахим мөрийтэй тоглоомыг ганц хүн зохион байгуулах нь технологийн болоод оюун санааны хувьд боломжгүй юм. Мөн тухайн сайтыг ажиллуулах өндөр хурдны процессор болон сервер нь хаана байгаа гэх зэрэг нотлох баримтууд байхгүй, нотолбол зохих ёстой зүйлийг нотлоогүй, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.
4. Эрүүгийн цагдаагийн албаны санхүүгийн шинжээч мөрдөгч Б.Даваажав 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А.Г ийн Хаан банкны М.Б ын Хаан банкны 5167086801, Ц.Л ийн Хаан банкны тоот дансанд үзлэг хийж орлого, зарлагын дэлгэрэнгүй хүснэгт гаргаж, түүнийгээ 47240060 дугаартай мөрдөгчийн магадалгаа болгон хэрэгт хавсаргасан бөгөөд дээрх мөрдөгчийн магадалгааг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Э.А нь яллагдагч Д.Г нь иргэн А.Г ийн Хаан банкны тоот дансыг ашиглаж 2022.02.20-ны өдрөөс 2022.04.01-ний өдрийн хооронд 1 удаагийн гүйлгээгээр 4.200.000 төгрөгийг бэлнээр зарлагын гүйлгээ хийсэн.
-Яллагдагч Д.Г нь иргэн М.Б ын Хаан банкин дахь тоот дансыг ашиглаж 2022.04.04-ний өдрөөс 2022.10.31-ний өдрийн хооронд АТМ төхөөрөмж ашиглаж 101 удаагийн гүйлгээгээр 341.206.500 төгрөгийн зарлагын гүйлгээ,
-Мөн М.Б ын Хаан банкны дугаартай дансыг ашиглаж 2022.04.04-ний өдрөөс 2022.10.31-ний өдрийн хооронд пос төхөөрөмж ашиглаж, 43 удаагийн гүйлгээгээр 14.759.667 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж зарцуулж нийт 306.166.167 төгрөгийн ашиг олсон байсныг тогтоож тэмдэглэл үйлдсэн гэснийг улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, түүнийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа зэрэг нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1328 дугаартай шийтгэх тогтоолыг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гомдолтой холбоотой нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-н гэр, ажлын байр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг явуулсан. Дахин ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Шүүгдэгч Д.Г-н өөрийнхөө мэдүүлгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шийтгэх тогтоол гарсан гэж гэм буруу дээрээ маргаж байна. Хураан авсан эд хөрөнгөөс гадна хоёр гэрчийн мэдүүлэг байдаг. Цахим орчинд мөрийтэй тоглосон талаар гэрч С , Б нар ямар дансанд мөнгө байршуулж, цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан талаар мэдүүлсэн. Г , М. , Г , Б нар шүүгдэгч Б.Г-д гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гар утсыг өгсөн талаар мэдүүлсэн. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, мөрдөгчийн магадалгаа зэргээр шүүгдэгч Д.Г мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь хангалттай нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Д.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр байрны *** тоот оршин суух гэртээ иргэдийн аз туршиж, ашиг орлого олох гэсэн хэрэгцээ шаардлагыг нь далимдуулан цахим сүлжээ ашиглан “Z” нэртэй https://h.me/ гэх домэйн хаягтай цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
гэрч Ж.М ын “...Манай нутгийн дүү Д.Г гэх хүн над руу 2022 оны 05 дугаар сард холбогдож “zoom рокеr” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт нээсэн. Та дэмжээд хүн татахад туслаад хүмүүст хэлээд өгөөч. Би таныг тоглох юм бол алдсан мөнгийг нь чинь буцаагаад гаргаад өгье. Хүн олж тоглуулах юм бол бонус өгье” гэж гуйсан. Би зөвшөөрөөд тухайн тоглоомд олон хүнийг оруулж тоглуулсан. Би өөрөө тоглож байгаад 10.956.000 төгрөг алдсан. Тэрийгээ “тохиролцсоноороо авъя” гэтэл өгч чадахгүй, явдаг газраараа яваад аваарай” гэж хэлсэн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...Ерөнхийдөө “хүмүүс татаад өгчих, таны алдсан мөнгийг буцаагаад өгнө, хамаагүй, эхлээд гайгүй хүн татчихвал болох гээд л байна” гэж хэлсэн...” /1хх 43-45, 46-47/ гэсэн,
гэрч Б.С ийн “...Би 5167086801,5303589154 гэх дансны дугааруудыг мэднэ. Уг данснууд нь “zoom рокеr” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын бооцооны мөнгөө авдаг данс байгаа. Би “zoom рокеr” гэх нэртэй тоглоомыг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн тоглож эхэлсэн. ... “zoom рокеr” гэх мөрийтэй тоглоомд нэг удаа тоглохдоо 50-150 мянган төгрөгийн бооцоо тавьж тоглодог байсан...” /1хх 51/ гэсэн,
гэрч Т.Б ийн “...энэ мөнгөний талаар манай найз Т мэдэх байх. Би тухайн Хаан банкны дансаа өөрөө бараг ашигладаггүй болохоор түр ашиглуулчихсан юм...” /1хх 55- 56/ гэсэн,
гэрч Ц.Т ын “...2022 оны 08 дугаар сард ажилдаа явахдаа найз Б ийн интернэт банкийг нь ашиглахаар гуйж авсан юм. Тэгээд би “zoom рокеr” гэх нэртэй цахим тоглоомын сайтаар орж Техаs рокег тоглодог байсан. 5303589154 гэх данс нь “zoom рокеr” гэх цахим мөрийтэй тоглоомын данс байгаа юм...” /1хх 60/ гэсэн,
гэрч А.Г ийн “...Хаан банкны 5683113602, 5683114141 гэсэн дугаартай данснуудыг олон жил ашиглаж байгаа. Тэгээд сүүлд эхнэр Д.Э ын төрсөн эгч Д.Э гийн охин Т-ын нөхөр Д.Г д 2022 оны 02 дугаар сарын сүүлээр дансаа ашиглуулчих 500,000 төгрөг өгье гэхээр нь Хаан банкны 5683113602 дугаартай данс болон интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ өгсөн ба миний 5683113602 дугаартай данс руу 500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би банкин дээр очиж тухайн 500,000 төгрөгийг бэлнээр авсан. Д.Г нь миний интернэт банкны эрхээр орж миний нэр дээр 5303136964 дугаартай данс нээж виза карт захиалсан байсан. Би тухайн дансыг Д.Г д 1 сар гаруй ашиглуулж байгаад Хаан банкин дээр очиж бүх дансаа хаалгасан...” /1хх 70- 71/ гэсэн,
гэрч Т.М. ийн “...Манай хүү М. Б нь 2 жилийн өмнө Турк улс руу ажил хийхээр явсан. Тэр үеэс хойш Монгол Улсад ирээгүй байгаа. Одоо Турк улсад ажиллаж амьдарч байгаа... Манай хүү М.Б нь надтай утсаар ярихдаа би хүнд дансаа өгчихсөн юм. Тэр асуудал нь надад хамаагүй, та санаа зоволтгүй гэж хэлж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй...” 2хх 158/ гэсэн,
гэрч Д.Г ийн “...Д.Г нь миний төрсөн эгч Ганчимэгийн том хүү нь байгаа юм... 99****** гэсэн дугаар нь миний дугаар байгаа юм... Д.Г-н төрсөн дүү М.Б д заруулахаар түр өгч бариулсан... М.Б миний 99****** гэсэн дугаарыг ерөнхийдөө ашиглаж байсан...” /2хх 175/ гэсэн,
гэрч Л.Б ийн “...Манай хүү Б.Г нь 9******* гэсэн дугаарыг ашигладаг...8*******, 8****** гэсэн дугааруудыг ашигладаггүй... харин надтай хамт ажилладаг Жамсрангийн Билэгт гээд дугаарын наймаа хийдэг. Тэр Билэгтэд манай эхнэр Д.О нь Б.Г ын төрсний гэрчилгээгээр 8*******, 8******* гэсэн дугаарыг 1 жилийн өмнө Г ын нэр дээр авч өгсөн юм...тухайн үед нь хөдөөгийн танихгүй малчин хүмүүст зарчихсан...” /2хх 172/ гэсэн,
гэрч Ж.Бийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...би дугаарын наймаа хийдэг байсан болохоор өөрийнхөө нэр дээр 3,000 гаруй дугаар авч худалдан борлуулдаг байсан. Тэр дугааруудын нэг нь байх гэж бодож байна. Уг дугаарыг хэн ашиглаж байгааг мэдэхгүй байна...” 2хх 169/ гэсэн,
гэрч Д.Э ын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Би Д.Л гэх хүнийг танина, учир нь миний төрсөн ах байгаа юм... Л ах өөрөө 2020 онд харвалт өгөөд одоо ярьж чадахгүй хүн байдаг. Архины хамааралтай болоод ээжийнд байхаасаа байхгүй нь их, хааяа ээжийнд ирж хоночихоод "Баяндаваа" гэх газрын орчим архи уудаг хүмүүстэй нийлээд явж байдаг гэсэн... Манай ах Д.Л нь үүдэн шүд байдаггүй болохоор хүнтэй сайн ярьж чаддаггүй юм, гэхдээ удаанаар бага зэрэг ярьж чадна, гэхдээ архи уусаар байгаад архины хамааралтай болчихсон хүн байгаа...” /Зхх 178/ гэсэн,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4052 дугаар дүгнэлт /1 хх 110-114/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 033 дугаар дүгнэлт /1 хх 133-137/,
“А” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 хх 160-171/,
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 07210084 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07210034 дугаар мөрдөгчийн лавлагаа /1 хх 187-197/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15-28, 95-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Г-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч С.Баттамираас “...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэгжлэг хийхдээ мөрдөгчийн саналыг үндэслэн прокурор зөвхөн нэгжлэг хийх зөвшөөрөл олгосон, нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий баримт сэлт бусад зүйлийг хураан авч байгаа үйлдэл нь хойшлуулшгүй ажиллагаа тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй. ...” гэх гомдлын хувьд;
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Д.Г-г цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж байгаа гэх хэрэгт, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай байгаа гэж түүний ажлын газар, гэр, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийх тухайн зөвшөөрлийг прокуророос мөрдөгчид олгон, улмаар нэгжлэг хийх, хураан авсан эд зүйлд үзлэг хийн магадалгаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн, прокурорын зөвшөөрөлтэй хийсэн нэгжлэгийн үед хураан авсан ажиллагаа байна.
Мөн шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч С.Баттамирын зүгээс “...Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн М , Г нарын мэдүүлгээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэх боломжгүй. ...хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;
Хэргийн материалыг судлан үзэхэд гэрч нараас хууль сануулж мэдүүлэг авахад гэрч Ж.М “...Манай нутгийн дүү Д.Г гэх хүн над руу 2022 оны 05 дугаар сард холбогдож “zoom рокеr” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт нээсэн. ...та дэмжээд хүн татахад туслаад хүмүүст хэлээд өгөөч. Би таныг тоглох юм бол алдсан мөнгийг нь чинь буцаагаад гаргаад өгье. Хүн олж тоглуулах юм бол бонус өгье гэж гуйсан. Би зөвшөөрөөд тухайн тоглоомд олон хүнийг оруулж тоглуулсан. Би өөрөө тоглож байгаад 10.956.000 төгрөг алдсан, тэрийгээ тохиролцсоноороо авъя гэтэл өгч чадахгүй. Явдаг газраараа яваад аваарай гэж хэлсэн учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. ...” /1хх 46-47/ гэсэн,
гэрч Б.С “...Би гэх дансны дугааруудыг мэднэ. Уг данснууд нь zoom рокеr гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын бооцооны мөнгөө авдаг данс байгаа. Би zoom рокеr гэх нэртэй тоглоомыг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн тоглож эхэлсэн...zoom рокеr гэх мөрийтэй тоглоомд нэг удаа тоглохдоо 50-150 мянган төгрөгийн бооцоо тавьж тоглодог байсан...” /1хх 51/ гэсэн,
гэрч Ц.Т “...би zoom рокеr гэх нэртэй цахим тоглоомын сайтаар орж Техаs рокеr тоглодог байсан. 5303589154 гэх данс нь zoom рокеr гэх цахим мөрийтэй тоглоомын данс байгаа юм...” /1хх60/ гэсэн,
гэрч А.Г “...Д.Г нь миний интернэт банкны эрхээр орж миний нэр дээр 5303136964 дугаартай данс нээж виза карт захиалсан байсан. Би тухайн дансыг Д.Г д 1 сар гаруй ашиглуулж байгаад Хаан банкин дээр очиж бүх дансаа хаалгасан...” /1хх 70-71/ гэсэн мэдүүлгүүд болон мөрдөгчийн магадалгаа, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл бусад баримтуудаар шүүгдэгч нь мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй, өөр ямар нэгэн эргэлзээ бүхий түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэхдээ мөрдөгчийн магадалгааг үндэслэн 356.486.167 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Тодруулбал, мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47240060 дугаар магадалгаагаар шүүгдэгчийн ашиг орлогыг шууд тогтоосон зүйлгүй бөгөөд дансаар мөнгө орсон, гарсан байдалд үндэслэн хууль бус орлого олсон гэж дүгнэсэн нь эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох зарчимд нийцээгүй байна гэж үзэв.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баттөмөр, Г.Эсэн нарын хамтран гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1328 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3,680,000 /гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-н өмгөөлөгч С.Баттамир, Г.Эсэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ