Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00072

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00072

 

 

 

О.Т.З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02485 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Т.З- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.З ХХК, Н.Б д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 67 349 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунзул

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Т.З- ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Т.З ХХК-тай Өмнөговь аймаг, Ханбогд сумын цагаан хаданд байрлах О.Т.З- ХХК-ийн үйлдвэрийн хашаанд цагаан хаднаас Гашуун сухайт чиглэлийн 18.6 км авто замын ажилд шаардлагатай буталсан чулуун хайргыг хөдөлгөөнт чулуу бутлуурын төхөөрөмжөөр нь гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож ТГ-16/09/09-003 хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус компанийн зүгээс гэрээний 4.2, 4.3-т заасны дагуу 150 000 000 төгрөгийг Т.З ХХК-д төлсөн. Т.З ХХК нь 2016 оны 8 дугаар сараас мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 21 449 м.куб хайрга буталж гүйцэтгэсэн. Гэвч Т.З ХХК нь чулууг бутлан бэлтгэх төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан гэх шалтгааны улмаас гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэт хийж дуусаагүй. Т.З ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлэхэд 44 899 900 төгрөгийн ажлыг хийж дуусаагүй байсан.

Манай компанид Т.З ХХК-ийн хөдөлгөөнт чулуу бутлуурын төхөөрөмж нь хадгалагдаж байсан боловч захирал Н.Б нь бид төхөөрөмждөө засвар угаалга буюу сервис үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж гуйсаар төхөөрөмжийг авч яван гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрч байна.

Иймд манай компаниас шалтгаалахгүйгээр хамтран ажиллах гэрээ цуцлагдаж Т.З ХХК-тай цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээний урьдчилгаанд төлсөн 44 899 900 төгрөг, гэрээний 4.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 22 449 950 төгрөг нийт 67 349 850 төгрөгийг Т.З ХХК-аас гаргуулж өгнө үү, Н.Б д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хамтран ажиллах гэрээгээр О.Т.З- ХХК-ийн ирүүлсэн чулууг гэрээнд заасан хэмжээгээр бутлан бэлтгэж нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Т.З ХХК нь гэрээгээр тохиролцсоны дагуу өөрийн тоног төхөөрөмжийг хашаанд нь байрлуулан ажлыг гүйцэтгэж байсан боловч О.Т.З- ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж 45 орчим хоног сул зогсолт хийсэн. Мөн О.Т.З- ХХК гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө шилжүүлээгүйгээс Т.З ХХК мөн адил алдагдал хүлээсэн. Түүнчлэн хамтран ажиллах гэрээ нь 2 компанийн хоорондын харилцаа байтал Н.Б ыг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Т.З ХХК-аас 67 349 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Т.З- ХХК-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 494 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 494 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самал давж заалдах гомдолдоо: Шүүх хуурамч нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үндэслэл болгосон Хамтран ажиллах гэрээний акт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгож буй баримт нь эх хувиараа эсвэл нотариатаар баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй.

2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч компаниас нэхэмжлэгчид хандаж хариуцагчаас үл шалтгаалан 45 хоног сул зогссон албан тоот, мөн нэхэмжлэгч байгууллага төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа тухай албан тоотуудыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал шүүх хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч О.Т.З- ХХК нь хариуцагч Т.З ХХК, Н.Б нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 349 850 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хамтран ажиллах нэртэй ТГ-16/06/09-003 дугаар гэрээ байгуулж, Т.З ХХК нь захиалагчийн үйлдвэрлэлийн талбайд өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулах, технологийн ажиллагааг хариуцаж, захиалагчийн бэлтгэсэн чулууг бутлан 70 000 м.куб чулуун бүтээгдэхүүнийг захиалагчид хүлээлгэн өгөх, О.Т.З- ХХК уг ажлын хөлсөнд 1 м.куб буталсан чулууны өртгийг 4900 төгрөгөөр тооцон 343 000 000 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг баримтаар нотлогдсон байна. /хх6-9,99 дэх тал/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч Т.З ХХК ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй гэдэгт маргаангүй, харин ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйд хэн алины буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, нэхэмжлэгч ажлын хөлсийг гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлээгүйгээс алдагдал хүлээсэн гэх үндэслэл заан маргасан байна.

Зохигчид гэрээгээр /4.2-т/ үнэ 343 000 000 төгрөгөөс урьдчилгаа болгон 30 000 000 төгрөг шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг нийт буталж гүйцэтгэсэн ажлын актыг үндэслэн 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт нийцжээ.

Хэргийн 41-50 дахь талд авагдсан мөнгөний баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч О.Т.З- ХХК хариуцагч Т.З ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөг, 7 дугаар сарын 07-ны өдөр 54 987 748 төгрөг, мөн сарын 25-ны өдөр 90 000 000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 60 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч тал ажлын талбайд 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр очиж ажилласан, нэхэмжлэгч компаниас шалтгаалан ажил зогсож байгаа, ажиллах боломжоор хангаж, хамтран ажиллах агуулга бүхий 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16/021 дугаартай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байжээ. /хх-38/

Гэхдээ нэхэмжлэгч тал 2016 оны 7 дугаар сарын 25, 8 дугаар сарын 16-ны өдрүүдэд ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 150 000 000 төгрөгт ногдох ажлаас 105 100 100 төгрөгийн ажил гүйцэтгэж, 44 899 900 төгрөгт ногдох ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх үндэслэлээр гүйцэтгээгүй ажлын хөлсөнд шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас шаардсан байна. Хариуцагч нь уг хугацаанаас хойш нэхэмжлэгчийн буруугаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэдгээ баримтаар нотлоогүй байна. Мөн хэрэгт авагдсан зохигчдын, 2016 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааг хамруулан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, хариуцагч Т.З ХХК 44 899 900 төгрөгт ногдох ажил гүйцэтгээгүй, өглөгтэй талаар акт үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч бусад бичгийн баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж шүүх зөв дүгнэжээ. /хх-84/ Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар өөрөө нотолгооны хэрэгсэл болдог. Шүүх дээрх нотлох баримтуудыг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчаас 44 899 900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцэх тул нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах журам, түүний үр дагаврыг арилгахтай холбоотой зохицуулалтыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлд тусгайлан заасан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн заалтыг баримталсан нь оновчтой биш болсон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Алданги гаргуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байхад хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар торгууль гэдэг талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн байна. Харин мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заажээ.

Талуудын гэрээний 4.6-д заасан түрээслүүлэгч буюу Т.З ХХК нь өөрийн буруугаас үйлдвэрлэх графикийн дагуу чулуу буталж нийлүүлээгүй тохиолдолд тасалсан чулууны үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн торгууль түрээслэгч О.Т.З- ХХК-д төлөх тохиролцоо нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хангах боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь тасалсан чулууны үнийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн шүүх нэхэмжлэгч тал 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02485 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.З ХХК-аас 44 899 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Т.З- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22 449 950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Т.З- ХХК нь хариуцагч Н.Б д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж, 2,3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн, 3 дахь заалтын хариуцагчаас 494 700 төгрөг гэснийг хариуцагч Т.З ХХК-аас 382 450 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Т.З ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД