Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ДШМ/924

 

 

 

 

    2025          07            31                                         2025/ДШМ/924

 

П.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

хохирогч А.А ,

шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Б.Батбаяр

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1410 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.А , шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн П.Б т холбогдох эрүүгийн 2503001760371 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.Б  нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын үед *** дүүргийн *** дүгээр хороо, *** даваа уруудах замд "Toyota prius" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ:б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан А.А гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: П.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Б ийг "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.Б т "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч П.Б  нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Б ээс 3,602,094 (гурван сая зургаан зуун хоёр мянга ерэн дөрөв) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч А.А  давж заалдах болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд;

Миний бие А.А  нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө үүрийн 04 цагаас нагац ах П.Б ийг намайг Улаанбаатар хот руу авч явахыг гуйсан юм. Учир нь, би шүдний аппаратаа чангалуулах цаг болсон байсан бөгөөд нялх хүүхэдтэй учраас хүүхдээ унтуулчхаад үүрээр явмаар байсан. Ах маань үүнийг зөвшөөрч намайг үүрээр ирж, гэрээс авсан. Би машинд суухдаа анхнаасаа унтаж явах зорилготой байсан тул суудлын бүс татуулах уу, бүрээсээ угаагаад гадуур нь хийчихсэн байгаа гэхэд нь зүгээрээ юутай ч унтаад явж байя, татуулах бол хэлье гэж хэлээд унтаж явсан. Гэтэл би машины арын суудалд босоод суучихсан байдалтай сэрсэн бөгөөд хэвлий хэсгээр маш хүчтэй өвдөөд байсан тул ах, эгч 2-т хэлж, ах түргэн дуудаж, намайг авч явсан. Би ГССҮТ-д хагалгаанд орж, эмчлүүлсэн бөгөөд эдгэрэлтэд шаардлагатай эм, тариа витаминыг манай ах бүгдийг авч өгч, тогтмол үзлэг шинжилгээнд хамруулсан.

Одоо миний бие бүрэн эдгэрч бяцарсан гэх элэгний хэмжээ нөхөн төлжиж, хэвийн байдалдаа орсон бөгөөд намайг хамгийн сүүлд үзсэн ЭХО-ны эмч хагалгаанд орсон гэх ямар ч шинж, тэмдэггүй сайхан эдгэсэн байна гэж хэлж, дүгнэлтээ бичиж өгсөн. Үүнийг би анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.

Манай ах тээврийн жолооч хийж, ахуй амьдралаа авч явдаг бөгөөд миний буруугаас шалтгаалсан ослоос болж гэмт хэрэгтэн гэх нэр зүүж, жолооны эрхээ 4 жилээр хасуулах болсон нь надад туйлын хүнд, харамсалтай санагдаж байна.

Тэрээр эзэмшсэн мэргэжилгүй тээвэр хийж амьжиргаагаа залгуулдаг тул 4 жилээр жолооны эрхийг хасаж шийтгэх нь давхар хохирогч надад ахын үзүүлдэг дэмжлэг туслалцааг хязгаарлаж, миний хувийн байдлыг дордуулах замаар намайг давхар шийтгэж буй мэт бодит байдлыг миний хувьд үүсгэж байна.

Тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагуудыг хангаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надад учирсан хохирлоо барагдуулж, надад хохирол, хор уршиг нь ямар нэгэн урхаг, үлдэцгүйгээр эдгэж, надтай сайн харилцаатай байж, бүхий л боломжоороо тусалж дэмжиж байгаа болно. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "шударга ёсны зарчмыг" харгалзаагүйгээс гадна "мөрдөн шалгах ажиллагаанд" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд дэмжлэг үзүүлсэн болохыг үгүйсгэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу "эрүүгийн хариуцлагаас" чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Б  гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие П.Б  нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө дүү А.А г өөрийнх нь хүсэлтээр үүрийн 04 цагийн үед гэрээс нь очиж аваад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Энэ үед би жолоо барьж, эхнэр Ж.О  урд талын суудалд сууж дүү А.А  ард талд унтаж явсан. Улаанбаатар орох дөхөж, 52-ын даваа уруудаж байхад миний зүүн гар талаар нэг машин гүйцэж түрүүлээд орж ирсэн. Тэгэхээр нь би зам тавьж өгөх санаатай баруун гар тал руугаа шахаад замын хөвөө хэсэг рүү орсон. Гэтэл тэр машин дахиад гэрлээрээ дохиод байхаар нь толиндоо харчхаад жолооны хүрдээ баруун тал руу жаахан дарахад машин ямар нэгэн зүйл мөргөж, замын хажуу талын жалга хэсэгт, зам руу харчихсан зогсож байсан.

Би хамгийн түрүүнд дүү А.А , эхнэр Ж.О  нарын биеийн байдлыг асуухад А.А  хэвлий хэсгээр өвдөж байна гэсэн тул машинаа унтрааж шууд цагдаа, түргэнд дуудлага өгсөн. А.А г авч явах болсон нь тэрээр шүдний аппаратаа чангалуулахаар хот явна гэсэн бөгөөд нялх хүүхдээ унтуулчхаад үүрээр явмаар байна гэсэн тул түүний хүсэлтээр 04 цагийн үед гэрээс нь авч явсан.

А.А г суух үед би машинаа дотно, гаднагүй угаалгаад суудлын бүрээсээ хийчихсэн байсан бөгөөд суудлын бүс бүрээсний хэсгээр цухуйж байсан. Би А.А д миний дүү унтахаар байсан ч бүсээ бүсэлсэн нь дээр шүү, ах нь татаад өгөх үү гэхэд зүгээрээ татуулахаар бол хэлье гэсэн.

Ингээд явахад дээрх байдлаар осол гарсан бөгөөд энэ явдалд би маш их харамсан гэмшиж, болсон явдлын талаар анхнаасаа бодитоор мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дүүдээ учруулсан хохирлыг төлж, цаашид ч ямагт харж хандахаа илэрхийлж байгаа болно.

Би Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагуудыг хангаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дүү А.А д учруулсан хохирлоо барагдуулж, учруулсан хохирлын хор уршгийг боломжоороо, үлдэцгүйгээр эдгээх арга хэмжээ авч, сайн харилцаатай байж, бүхий л боломжоороо тусалж дэмжиж байгаа болно. Анхан шатны шүүх надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "шударга ёсны зарчмыг" харгалзаагүйгээс гадна "мөрдөн шалгах ажиллагаанд" хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд дэмжлэг үзүүлсэн болохыг үгүйсгэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу "эрүүгийн хариуцлагаас" чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дугаар нүүрний "Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар" гэх хэсэгт 2 үндэслэлийг дурдаж өмгөөлөгч миний "эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү" гэх дүгнэлтийг хүлээж аваагүй.

Эхнийх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь императив шинжтэй хэм хэмжээ биш шүүхэд эрх олгосон зохицуулалт тул шүүх өөрөө мэдэж шийднэ гэх агуулгатай дүгнэлт хийжээ. Уг заалт нь шүүхэд эрх олгосон зохицуулалт мөн хэдий ч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасантай нийцсэн байвал зохино хэмээн Улсын дээд шүүхээс тодорхой хэрэг маргааныг шийдэхдээ хууль тайлбарлах замаар тайлбарласан билээ.

Шүүгдэгч П.Б ийн хувьд гэм буруугаа эхний мэдүүлгээс эхлэн шууд хүлээж, осол болсон даруй хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцааг тасралтгүй үзүүлж, хохирогч өдгөө ямар нэгэн урхаг, үлдэцгүй бүрэн эдгэрч, эрүүл саруул болсон, үүнийг эмчийн албан ёсны дүгнэлт болон өөрийн мэдүүлгээр шүүх хуралдаан дээр хангалттай нотолсон. Мөн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 дүгээр зүйлийн а/ Тээврийн хэрэгслээр зорчигч нь хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд зорчихдоо хамгаалах бус хэрэглэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ сануулсаар байхад өөрөө зөрчсөнөөс хохирсон болохоо илчлэн мэдүүлсэн болно. Урд суудалд сууж явсан П.Б  болон түүний эхнэр Ж.О нар нэг тээврийн хэрэгсэлд сууж явсан ч хамгаалах бүсээ зүүсэн байсан тул ямар нэгэн гэмтэл огт аваагүй нь гэмт хэрэг болсон шалтгаан нь гагцхүү хохирогчийн буруутай үйлдэл бүрэн нөхцөлдүүлсэн болохыг харуулж байна. Үүнээс үзвэл шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "Шударга ёсны зарчмын” зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүх "хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэх үндэслэлд хамаарч байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар нүүрний 6 дугаар цогцолборт “...шүүгдэгч П.Б ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд хэрхэн яаж бодитой дэмжлэг үзүүлж оролцсон эсэх нь тогтоогдохгүй байна" хэмээн дүгнэсэн. Анхан шатны шүүх "Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх" гэдэгт ямар ойлголтууд хамаарах талаар огт дурдаагүй атлаа дэмжлэг үзүүлээгүй байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна шүүхээс дээрх ойлголтын агуулга, багтаамжийг буруу төсөөлөн тайлбарласан болно.

Тухайлбал, эрх зүйн бүл үл хамааран "мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх" гэх ойлголтын хүрээнд дараах зүйлсийг ойлгон, баримталж байна. Үүнд:

-Сайн дураараа мэдүүлэг өгөх;

-Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээсээ татгалзаж, анхны мэдүүлгийг шууд өгөх,

-Гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг илчлэх;

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн шатнаас өмнө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах;

-Ердийн журмаар хэргийг шийдвэрлэх үед улсын яллагчтай гэм буруугийн асуудлаар маргахгүй байх;

-Хэргийн үйл баримтаас хамаарч шаардлагатай нууц мэдээллээр яллагч талыг хангах зэрэг болно.

Шүүгдэгч П.Б ийн хувьд хамгийн анх 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй өгч, болсон явдлыг нэгд нэгэнгүй үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд энэ үйл баримт дахин няцаагдаагүй болно. Уг гэмт хэрэгт хамтран оролцсон этгээд байхгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт”-ээ прокурорт хандан гаргаж байсан бөгөөд гагцхүү прокурортой ялын санал дээр тохиролцоогүй тул хуульд заасан эрхээ эдэлж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлсэн. Тэрээр шүүх хуралдаанд гэм буруугаа шууд хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдаан нэг үе шаттайгаар явагдсан. Тухайн хэргийг хувьд өөр нууц мэдээлэл шаардаж байж илрүүлэх шаардлагатай нөхцөл байдал байгаагүй юм. Мөн шүүгдэгч П.Б  нь *** аймагт амьдардаг хэр нь мөрдөгчийн дуудсан цагт цааргалалгүй ирж, өөрийн үүргийг ямагт биелүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн нь мөрдөгч нэг ч удаа ийнхүү ирээгүй талаар тэмдэглэл үйлдээгүйгээс тодорхой харж болно. Дээрх нөхцөлөөс үзвэл шүүгдэгч П.Б  "мөрдөн шалгах ажиллагаа"-нд дэмжлэг үзүүлэх гэдэгт тухайн хэргийн хувьд хамаарах бүх үзүүлэлтийг бүрэн хангаж буй нь дээрх байдлаар нотлогдож байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн байх шаардлагууд бүрэн биелсэн болохыг анхан шатны шүүх зөвшөөрч дүгнэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, П.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу "эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч П.Б ийн өмгөөлөгч Б.Батбаярын эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Жолооч тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хэрэгт авагдсан баримтаас хохирогч А.А  нь шүүгдэгч П.Б ийн төрөл садан учраас гомдолгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй байгаа. Хэрэгт хохирол төлбөр төлсөн талаарх нотлох баримт байхгүй. Шүүгдэгч энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 3,602,094 төгрөг анхан шатны шүүх хуралдааны явцад төлөгдөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад прокурор ялын санал гаргахдаа 4 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Харин анхан шатны шүүх хэргийн үйл баримтад учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг анхаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаж дээрх эрүүгийн хариуцлага оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Б  нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 30 минутын үед *** дүүргийн *** дүгээр хороо, *** даваа уруудах замд "Toyota prius" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, улмаар тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан А.А гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч А.А гийн “...Тэгээд нэг мэдэхэд л би машины хойд суудал дээр босоод суучихсан байдалтай сэрсэн. Тэгэхэд Д.Б  ах намайг “машинаас хурдан гараарай” гэж хэлсэн, орчноо харахад машин зам руу харсан байдалтай зогсож байсан. Тэгээд би машинаас буугаад машиныг цасанд суусан юм уу гэмээр байдалтай харагдсан. Миний цээж, гэдэс орчмоор маш их өвдөөд амьсгал авч болохгүй байсан. ...” /хх 14/ гэсэн,

яллагдагчаар П.Б ийн “...Улаанбаатар хотын 52-н давааны тойрог замд явж байх үед ард явж байсан авто машин миний машины хажуугаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, тэгэхээр нь би баруун гар тал руугаа жоохон шахаад зам тавьж өгөхөд ард явж байсан машин ойртож ирээд сигнал дарсан, тэгэхээр нь ахиад баруун тийш жоохон дарахад машин онхолдсон. Ослын дараа замын хажуу талын жалга хэсэг рүү машин унасан байсан. Би түрүүлээд машинаас буугаад хамт явсан хоёр хүнийг машинаасаа гаргаад дуудлага өгсөн. Надтай хамт машины урд суудал дээр эхнэр Ж.О , хойд суудал дээр нагац дүү А.А  нар сууж явсан. ...Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгаа...”/хх 92/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3257 дугаартай “...А.А гийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний 4-р сегмент, нойр булчирхайн толгойн хэсгийн урагдал, няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 55-56/ гэсэн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 433 дугаартай “... Жолооч П.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. 3амын хөдөлгөөн оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ:б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, ... гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. ...” /хх 66-69/ гэсэн магадлагаа,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх 39-49/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч П.Б ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Б ийн “Toyota prius” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлд зорчин явсан А.А гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Б ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хохирогч А.А , шүүгдэгч П.Б  болон түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж тодорхойлж, харин энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тухайн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Шүүгдэгч П.Б ийн үйлдэл нь дээр дурдсан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж заасан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдалд дүгнэлт хийж үзэхэд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байх тул эрх хэмжээнийхээ хүрээнд,  шүүгдэгч П.Б ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шүүхийн шатанд Эрүүл мэндийн даатгалын 3.602.094 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа зэргийг хөнгөрүүлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч П.Б  нь хохирогч А.А д эмчилгээний төлбөр, хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэсэн тайлбар хэлсэн боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч А.А , шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1410 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч А.А , шүүгдэгч П.Б , түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын “эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч П.Б  нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 3.602.094 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ