Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01345

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01345

 

 

 

А.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01266 дугаар шийдвэртэй, А.Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр, Б.Ингүн, Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр, М.Мэндсайхан, Д.Хулан, Б.Дэлгэрцогт нар нь хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-д холбогдуулан төсөл хэрэгжсэний дараах урамшуулалд нэхэмжлэгч А.Ц 9 408 000 төгрөг, Ч.Догшинбилэг 15 876 000 төгрөг, Т.Энхбаяр 7 560 000 төгрөг, Б.Ингүн 7 560 000 төгрөг, Н.Пагмадулам 10 080 000 төгрөг, Б.Оюундулам 8 736 000 төгрөг, Ө.Мөнхбаяр 12 096 000 төгрөг, М.Мэндсайхан 16 128 000 төгрөг, Д.Хулан 4 536 000 төгрөг, Б.Дэлгэрцогт 12 096 000 төгрөг тус тус гаргуулах, хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандах, түүний өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Н.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар нь хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-ийн хэрэгжүүлсэн Оюу толгой дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ажилд 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Богино хугацааны төсөл учир бүх ажилчид илүү цагаар ажиллаж, ажил олгогчийн зүгээс ажлын ээлжийг дур мэдэн сунгаж, нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацааг 11 цагаас хэтрүүлэн ажилладаг байсан ч бид тухайн үед илүү цагийн хөлс авдаггүй, амралтын горимгүй ажилласан. 2018 оны 10 дугаар сард дуусах байсан төслийн хугацаа 2019 онд дуусахтай уялдуулан төслийн урамшуулал бүх ажилчдад олгоно гэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэгдсэн цахим шууданг бүх ажилчдад явуулсан. Төсөл эхлэх үед бүх ажилтнуудад төслийн урамшуулал олгох талаар мэдэгдсэн бөгөөд бидний хувьд төслөө дуусгаад урамшууллаа авна гэж итгэж байсан ч олгоогүй. Мөн хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нараас урамшуулал олгохыг хүссэн албан бичиг явуулсан боловч мөн сарын 17-ны өдрийн 01/506 тоот албан бичгээр урамшуулал олгох боломжгүй тухай мэдэгдсэн.

Хөдөлмөрийн гэрээний 5.3-д ажилтанд энэхүү гэрээний дагуу төсөл дээр ажилласан хугацааны гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй гэсэн заалт нь Иргэний хуулийн 202 дүгээр зүйлийн 202.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд тус заалтыг үндэслэж хариуцагч компани нь нэхэмжлэгч нарын ихэнхид урамшуулал олгох боломжгүй гэсэн үндэслэлгүй хариу тайлбар гаргасан. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалт нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд илт харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч ажилтанд илт хохиролтой заалт юм. Мөн ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхаж ажилтнуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас А.Цэнгэлд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны урамшуулал 9 408 000 төгрөг, Ч.Догшинбилэгт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны урамшуулал 15 876 000 төгрөг, Т.Энхбаярт 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны урамшуулал 7 560 000 төгрөг, Т.Ингүнд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны урамшуулал 7 560 000 төгрөг, Н.Пагмадуламд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацааны урамшуулал 10 800 000 төгрөг, Б.Оюундуламд 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны урамшуулал 8 736 000 төгрөг, Ө.Мөнхбаярт 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны урамшуулал 12 096 000 төгрөг, М.Мэндсайханд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны урамшуулал 16 128 000 төгрөг, Д.Хуланд 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны урамшуулал 4 536 000 төгрөг, Б.Дэлгэрцогтод 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны урамшуулал 12 096 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь М Си Эс интернэйшнл ХХК-ийн үндсэн гүйцэтгэгчээр ажилласан Оюу толгой дулааны станцын өргөтгөлийн төсөл дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.3-т ажилтанд энэхүү гэрээний дагуу төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгох эсэх тухай тодорхой зааж, харилцан баталгаажуулсан. Компанийн дотоод цахим шуудан нь нийт ажиллагчдад нэгдсэн журмаар мэдээлэл өгөх зорилготой бөгөөд уг цахим шуудангаар явуулж буй мэдээллийг ажилтан бүрийн хөдөлмөрийн гэрээний зүйл заалтаар ангилан, ялгаатай мэдээлэл өгөх боломжгүй. А.Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр, Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр, М.Мэндсайхан, Б.Дэлгэрцогт нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3, болон гэрээний хавсралтад урамшууллын талаар огт дурдаагүй байна. Хэдий урамшууллын талаар дурдаагүй ч компани хөдөлмөрийн гэрээний 5.3-т заасныг үндэслэн Б.Ингүн, Д.Хулан нарт гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ нь зөвхөн урамшуулалтай холбоотой биш, тухайн ажилтны ажлын гүйцэтгэл хангалтгүй бол сайжруулах санамж өгөх, цаашид албан тушаал шилжүүлэх болон дэвшүүлэх, оны шилдэг ажилтныг шалгаруулах зэрэг өөр олон төрлийн хүний нөөцийн үйл ажиллагаатай холбогддог тул нийт ажилтнуудын үнэлгээг хийдэг. Иймд нэхэмжлэгч А.Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр, Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр. М.Мэндсайхан. Б.Дэлгэрцогт нарын нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Д.Хулан, Б.Ингүн нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3-т урамшуулал олгогдохоор заасан тул Д.Хуланд 3 801, 324 төгрөг, Б.Ингүнд 3 888 767 төгрөгийн урамшуулал олгоно.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд урамшуулал олгох эсэх талаар заасан нь хөдөлмөрийн харилцаанд аливаа байдлаар ялгаварласан, давуу байдал тогтоон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл биш. Гэрээний стандарт нөхцөлийн хувьд санал хүлээн авч байгаа тал өөрчлөх боломжгүй байдаг. Харин нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан, ажил олгогч нар гэрээний гол нөхцлүүд, гэрээний агуулгыг тохиролцож, хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулсан. Иймд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ биш юм. Иймд хөдөлмөрийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 202 дугаар зүйлийн 202.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Цэнгэлд 2 281 673 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7 126 327 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ч.Догшинбилэгтэд 1 745 832 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 14 130 168 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Энхбаярт 2 158 995 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5 401 005 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Ингүнд 2 331 292 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5 228 708 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Пагмадуламд 3 332 650 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7 467 350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Оюундуламд 2 709 880 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6 026 120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө.Мөнхбаярт 3 914 790 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8 181 210 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Мэндсайханд 5 085 004 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 11 042 996 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Хуланд 1 322 120 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 3 213 880 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Дэлгэрцогтод 4 594 603 төгрөгийг хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7 501 397 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэгч А.Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр, Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр, М.Мэндсайхан, Р.Дэлгэрцогт нарын М Си Эс интернэйшнл ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3 заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын төлөөлөгч Н.Мандалаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 сарын 03-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ний өдөр төлсөн 1 708 584 төгрөг, нийт 1 778 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 40 088 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Цэнгэлд 51 456 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Догшинбилэгтэд 42 883 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Энхбаярт 49 493 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Ингүнд 52 250 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Пагмадуламд 68 272 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Оюундуламд 58 308 төгрөгийг, нэхэмжлэгч Ө.Мөнхбаярт 77 586 төгрөгийг, нэхэмжлэгч М.Мэндсайханд 96 310 төгрөгийг, нэхэмжлэгч Д.Хуланд 36 103 төгрөгийг, нэхэмжлэгч Р.Дэлгэрцогтод 88 463 төгрөгийг тус тус гаргуулан олгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Догшинбилэгт нь тус төсөлд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн барилга угсралтын супервайзор албан тушаалд ажиллаж эхэлсэн байдаг. Ч.Догшинбилэгтийн нийт ажилласан хугацаа нь 20 сар 22 хоног байх бөгөөд сарын үндсэн цалин 2 268 000 төгрөгийг 20 сард үржүүлэхэд 45 360 000 төгрөг, сарын цалин 2 268 000 төгрөг, нэг өдрийн цалин 105 488 төгрөгийг 22 хоногт үржүүлэхэд 2 320 736 төгрөг, нийт 47 680 736 төгрөг түүний 10 хувь нь 4 768 073 төгрөг байхаар, нэхэмжлэгч Т.Энхбаярт олгох урамшууллыг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 14 сар 6 хоногийн дунджаар бодож 2 158 995 төгрөг олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Т.Энхбаяр нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохицуулагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байдаг. Иймд Т.Энхбаярын ажилласан хугацаа нь 17 сар 4 хоног байна. Т.Энхбаярын сарын үндсэн цалин 1 512 000 төгрөг байсан бөгөөд 1 512 000 төгрөгийн 15 сард үржүүлэхэд 25 704 000 төгрөг, нэг өдрийн цалин 70 325 төгрөгийг үлдэх 4 хоногт үржүүлэхэд 281 300 төгрөг нийт 25 985 000 төгрөг, түүний 10 хувь нь 2 598 500 төгрөгийг тус тус хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-аас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч А. Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр, Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр, М.Мэндсайхан, Б.Дэлгэрцогт нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Б.Ингүн, Д.Хулан нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан шийдвэрт маргаагүй болно.

Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3-д төсөл дээр ажиллах хугацаанд гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал олгогдохгүй тухай тодорхой зааж өгсөн байхад шүүх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд хөдөлмөрийн харилцаа ажилтан бүрийн үүрэг оролцоо хөдөлмөрийн гэрээний нөхцөл заалтыг талууд харилцан тохиролцон шийдвэрлэсэн байдлыг илт үгүйсгэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.3-т зааснаас өөрөөр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх энэхүү гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ажилтнуудтай тус тусад нь ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон байгуулсан, ийнхүү байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлсэн байна, гэж дүгнэсэн хэрнээ уг заалтыг хэрэгжүүлэх үндэслэлгүй хэмээн урамшуулал олгох ёстой гэж зөрчилдөөнтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Догшинбилэгт, Ө.Мөнхбаяр нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээг шүүх огт үнэлээгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбарыг огт дүгнээгүй байна. /хх-45, 64/ 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс Ч.Догшинбилэгт, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс Ө.Мөнхбаяр нарын гэрээ дуусгавар болж, цалин хөлс бүх тооцоог хийж дуусгасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч А.Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр, Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр, М.Мэндсайхан, Б.Дэлгэрцогт нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч А.Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр, Б.Ингүн, Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр, М.Мэндсайхан, Д.Хулан, Б.Дэлгэрцогт нар нь хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-д холбогдуулан төсөл хэрэгжсэний дараах урамшуулалд нэхэмжлэгч А.Ц 9 408 000 төгрөг, Ч.Догшинбилэг 15 876 000 төгрөг, Т.Энхбаяр 7 560 000 төгрөг, Б.Ингүн 7 560 000 төгрөг, Н.Пагмадулам 10 080 000 төгрөг, Б.Оюундулам 8 736 000 төгрөг, Ө.Мөнхбаяр 12 096 000 төгрөг, М.Мэндсайхан 16 128 000 төгрөг, Д.Хулан 4 536 000 төгрөг, Б.Дэлгэрцогт 12 096 000 төгрөг тус тус гаргуулах, хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч компани Д.Хулангийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 801 324 төгрөг, Б.Ингүний шаардлагаас 3 888 767 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нар хариуцагч компанийн хэрэгжүүлсэн Оюутолгой дулааны станцын өргөтгөлийн төсөл дээр ажилласан, төслийн ажил 2019 оны 10 дугаар сард дууссан үйл баримтыг тэдгээрийн тайлбар, хөдөлмөрийн гэрээнүүд зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-30-56, 58-64, 66-70, 77-79, 162-177, 181-183/ Энэ талаар зохигчид маргаангүй, харин урамшуулал олгох үндэслэл бий болсон эсэх, мөн хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалт хүчин төгөлдөр бус байх хэлцэл эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А-04 тушаалаар тус компанийн ажиллагчдын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх, ажилтныг урамшуулах, үр бүтээлтэй тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журам баталсан байна. Уг журмын 1.2-т урамшууллын төрлийг гүйцэтгэлийн урамшуулал, төсөл хэрэгжсэний дараах урамшуулал, төв оффист ажиллагчдын төслөөс хамаарах урамшуулал гэж тодорхойлон, урамшуулал бүрийг олгох нөхцөл, шалгуур үзүүлэлт, баримтлах зарчмыг журмын 4-5 дугаар бүлэгт зохицуулж өгчээ. /хх91-103/ Тэрээр журмын 5.2.1-д Төсөл хэрэгжсэний дараах урамшууллыг гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон төслийн багийн гишүүнд олгохоор заасан байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын, хариуцагч М Си Эс интернэйшнл ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдийн хавсралтад гэрээний тусгай нөхцөл үйлчилж эхлэх хугацааг гэрээ байгуулсан өдрөөс тооцохоор, мөн төслийн нэрийг Оюу толгойн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төсөл гэж тодорхойлсон байх тул тэдгээрийг төслийн багийн гишүүн гэж үзнэ. Нэхэмжлэгч нарын ажилласан төсөл 2019 оны 10 дугаар сард дууссан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон учир нэхэмжлэгч нар журмын 5.2.2-т заасны дагуу урамшуулал тооцон олгохыг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хариуцагч талын ... Д.Хулан, Б.Ингүн нарын хувьд гүйцэтгэлийн урамшуулал олгохоор хөдөлмөрийн гэрээний 5.3-т заасан учир дотоод журамд заасны дагуу ажил гүйцэтгэлийн хувиар тооцож олгоно, бусад 8 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд уг урамшууллыг олгохоор тохиролцоогүй гэх татгалзал үндэслэлгүй.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Н.Пагмадулам, Б.Оюундулам, Ө.Мөнхбаяр, М.Мэндсайхан, Б.Дэлгэрцогт нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин нэхэмжлэгч А.Цэнгэл, Ч.Догшинбилэгт, Т.Энхбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангахдаа тэдгээрийн төсөлд ажиллаж эхэлсэн хугацааг буруу тооцсоны улмаас шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Энхбаяр нь хариуцагч компанитай анх 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ХАБЭА-н зохицуулагчийн ажлын байранд ажиллахаар харилцан тохиролцон, 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар Оюу толгойн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ажилтан болсон болох нь тус гэрээний хавсралт 1-д тусгагдсан тусгай нөхцлөөр нотлогдож байна. /хх-30-32/ Талууд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дахин хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацааг төслийн ажил дуусах хүртэл хугацаанд хэрэгжихээр тохиролцож, гэрээнд анх байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлийг хэвээр баталж, гарын үсгээ зуржээ. /хх-36-38/ Энэ гэрээг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгосныг батлах гэрээ байгуулснаар тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. /хх-35/

Нэхэмжлэгч Ч.Догшинбилэгтийн хувьд тус компанид 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс барилга угсралтын мэргэжилтэнээр ажиллаж байгаад талууд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээг дүгнэн, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудаар /хх-42-46, 23/, нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Оюу толгойн дулааны цахилгаан станцын өргөтлийн төсөл-д баримт бичиг хариуцсан ажилтнаар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, мөн өдрөөс төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд төслийн баримт бичиг хяналтын ажилтнаар ажиллаж байсан болох нь хэргийн 46-53, 24 дэх талд авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна. Иймээс дээрх 3 нэхэмжлэгчийн төсөлд ажилласан хугацааг анх хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс тооцон, нэхэмжлэгч Т.Энхбаярт төсөл хэрэгжүүлсэний дараах урамшуулалд 2 598 500 төгрөг, Ч.Догшинбилэгт 4 768 073 төгрөг, А.Цэнгэлд 3 154 491 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаар хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгоно гэж байх боловч түүний үр дагаврыг шаардаагүй байна. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Б.Ингүн, Д.Хулан нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээнээс багаар тогтоон шийдвэрлэсэн нь буруу хэдий ч нэхэмжлэгч нар үүнд гомдол гаргаагүй учир талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нарын ажиллаж байсан төсөл 2019 оны 10 дугаар сард дуусч, хариуцагч тал тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан байдаг.

Хариуцагч М Си Эс интернэшнл ХХК нь Ажил гүйцэтгэлийг үнэлж, урамшуулал тооцон олгох болон төслийн нэмэгдэл тооцон олгох тухай журам-ын 5.2.7-д урамшуулал олгох хугацааг жилийн эцэст олгож болохоор заасан учир шаардах эрхийг уг хугацаанаас эхлэн тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасанд нийцнэ. Нэхэмжлэгч нар 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул анхан шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01266 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын А.Цэнгэлд 2 281 673 гэснийг А.Цэнгэлд 3 154 491 гэж, 7 126 327 гэснийг 6 253 509 гэж, Ч.Догшинбилэгтэд 1 745 832 гэснийг Ч.Догшинбилэгтэд 4 768 073 гэж, 14 130 168 гэснийг 11 107 927 гэж, Т.Энхбаярт 2 158 995 гэснийг Т.Энхбаярт 2 598 500 гэж, 5 401 005 гэснийг 4 961 500 гэж, 2 дахь заалтын А.Цэнгэлд 51 456 гэснийг А.Цэнгэлд 65 422 гэж, Ч.Догшинбилэгтэд 42 883 гэснийг Ч.Догшинбилэгтэд 91 239, Т.Энхбаярт 49 493 гэснийг Т.Энхбаярт 56 526 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 306 төгрөг, 25 498 төгрөг, 13 900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 621 124 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД