Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00104

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Д.Уранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох 1832000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, ээж, 2 дүү, эгч, ах нарын хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Төмөрбаатарын Б. /РД: */

 

           Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 06 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17-18 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Т.Бчтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн шанаан тус газарт алгадаж гараараа түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бийн өгсөн…. ... 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би 2 таньдаг ахтайгаа таараад 2 шил архи уусан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Дүүгээ хоол хийж өг гээд цохисноо сайн санахгүй байна. Ямар ч байсан түлхснээ л мэдэж байна. Түлхээд унагаахад дүү маань хойшоо савж унахдаа толгойгоо юманд цохиж хагалсан байсан. Би гараад явчихсан юм. Тэгсэн дүү цагдаа дуудаад би эрүүлжүүлэхэд хоносон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Т.Бчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Намайг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ээжийндээ хүүхдүүддээ бантан хийж өгөх гээд байж байтал манай ах Т.Б гаднаас орж ирсэн. Ингээд надад чи хоол хийгээд өг гэсэн. Би тэгэхээр нь хүүхдэдээ бантан хийж өгчихөөд дараа нь болъё гэсэн. Ингээд ахын гар утас дуугараад гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд чи хоол хийж байна уу гэж надаас асуусан. Би тэгэхээр нь хийгээгүй байна гэсэн чинь та нар муусайн юмнууд ээжийнд архи дарс уугаад давраад байгаарай гэсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд чи өөрөө архи гударч ирчихээд юу гээд байгаа пизда вэ гээд ахтайгаа хэрэлдсэн. Тэгтэл ах намайг баруун гараараа миний зүүн шанаан тус газар алгадсан. Би тэр алгадалтанд нь хойшоо саваад газарт унасан. Унахдаа толгойгоороо зурагтын тавиур мөргөсөн. Би тэгэнгүүт нь босоод толгойгоо бариад үзтэл миний толгойн ар хэсгээс цус гарч байсан. Ингээд би цагдаад дуудлага өгчихөөд шууд эмнэлэг рүү явж эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан.... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 19-20 дугаар хуудас/

Гэрч Т.Бмийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Б ах Бч эгчид ахдаа сайхан шөлтэй хоол хийгээд өгчих гэсэн чинь Бч хүний өмнөөс архи уучаа юу чамд хоол хийж өгөх албатай юм уу гэж уурласан. Ингээд Б ах үүдний амбаарт орж унтахаар хэвтсэн. Тэгээд 5 минутын дараа буцаад орж ирээд яасан хоол хийгээгүй юм уу гэсэн чинь эгч бантангийн дараа хоол хийж өгөх гэж байсан юм  хохь чинь хоол хийж өгөхгүй гээд тэр хоёр хэрэлдсэн. Тэгтэл ах уурлаад эгчийг түлхээд унагаасан. Би очоод салгаад болиулсан. Ах тэгээд гараад яваад өгсөн. Эгч босоод иртэл толгойных нь араас цус гарч байсан. Унахдаа зурагтын тавиур мөргөсөн юм шиг байна лээ. Ингээд том эгч ирээд тэр хоёр эмнэлэг явсан гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 136 ...... Дүгнэлт:

1.Т.Бчийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-07 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 32 дугаар хуудас/

Т.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 33 дугаар хуудас/

Т.Б нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 36 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хараагийн № 06 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17-18 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Т.Бчтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн шанаан тус газарт алгадаж гараараа түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Т.Бийн хохирогч Т.Бчийн зүүн шанаан тус газарт алгадаж түлхэж унагаасан үйлдэл нь хоол хийж өгсөнгүй гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Т.Бч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН