| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2429000000134 |
| Дугаар | 2025/ДШМ/52 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/52
Н.*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: В.Төгсбаяр /цахим/
Шүүгдэгч: Н.*******,
Нарийн бичгийн дарга Г.Бямбажав нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.*******ад холбогдох 242*******00000134 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Н.******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, нүүрс тээврийн автозамын 236 дахь км-т архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* УБХ улсын дугаартай ДАЮУН маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Н.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин согтуугаар машин жолоодохгүй гэж өөртөө болон гэр бүл, үр хүүхэд, шүүх хуулийн өмнө амлаж үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа билээ. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн болохоор гэм буруудаа тохирсон ял шийтгэл хүлээх нь гарцаагүй боловч биеийн эрүүл мэндийн хувьд ажиллаж, амьдарч байгаа газраасаа өөр газар руу явж /Улаанбаатар хот руу/ эмчилгээ үйлчилгээнд хамрагдах, байсхийгээд мэс заслын аргаар эмчлүүлэх зайлшгүй шаардлага гардаг бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Улаанбаатар хотод бүртгэлтэй гэрийн хаягаар явуулсныг хожуу хүлээн авч, энэ үед эмнэлгээр явж, зүрхэндээ мэс засал хийлгэж, стенд тавиулж байснаас шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас давж заалдах шатны шүүхэд хуульд заасан хугацаанд гомдол гаргаж чадаагүй юм.
Гэвч би энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж анхан шатны шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээх тухай” 2025/ШЗ/167 дугаартай захирамж гаргасныг Монгол шуудангийн салбараас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр надад мэдэгдсэнийг 23-ны өдөр очиж гардаж авлаа. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ял шийтгэлийн хэлбэр хэмжээг би буруу гэхгүй ч манайх Улаанбаатар хотод бүртгэлтэй хашаа, байшингаа зарж борлуулсан, одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэр бүлээрээ амьдарч байгаа ба цаашид одоогийн амьдарч суурьшсан газраасаа эрүүл мэндийн шалтгаанаар хэдийд ч, хаашаа ч хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Иймээс миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүгдэгч Н.*******аас биеийн эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн эмнэлэгт үзүүлдэг байсан гэж юм гаргаж өгөөгүй. Хоёрдугаарт шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах талаар санал тавихад би ийм байна, тийм байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэдэг санал хүсэлт гаргаагүй. Гуравдугаарт энэ хүн тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг үүнээс тэдэн төгрөгийг нь торгуулийндаа тэдэн сарын хугацаанд төлөх боломжтой гэдэг юм огт яригдаагүй. Шүүх хуралдаанд ажил төрөл эрхэлж байгаа юу?, орлого байна уу? гэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан учраас ажилгүй байгаа гэдэг тайлбар гаргаж байсан. Тэгэхээр шүүхээс оногдуулах хариуцлага чинь биелэгдэх боломжтой, шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ хүнд тохирсон ял нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой юм байна, биелэгдэх боломжтой юм байна гэж тухайн үедээ шүүх шийдвэр гаргасан. Шийдвэр нь үндэслэлтэй. Одоо гэнэтхэн би ийм өвчтэй зовлонтой гээд байх юм тэр зорчих эрх хязгаарлах ял гэдэг чинь тэр хүнийг эмчилгээ үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлачихгүй шүү дээ. Тэр хүн би эмчилгээ үйлчилгээтэй гэвэл тэр газрынхаа хяналт тавьж байгаа прокурорын газартаа хүсэлтээ тавиад эмнэлгээ эмнэлгийн үйлчилгээгээ авах эрх нь чөлөөтэй, нээлттэй л байгаа. Тийм учраас анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэвээр үлдээх нь зүйтэй л гэсэн саналтай байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгчийн Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөрдөн байцаалтын шатнаас эхлээд жолооны эрхээ хасуулаад 2,700,000 төгрөгөөр торгуулах юм байна гэж бодоод байж байтал шүүхээс жолооны эрх хасаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Би байнгын эмчилгээтэй нааш цааш явдаг. Шийдвэр гарах үеэр манайх хотын хашаагаа зараад Цогтцэций суманд хашаа байшин авсан. Одоо тэндээ амьдарч байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Н.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, нүүрс тээврийн автозамын 236 дахь км-т архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* УБХ улсын дугаартай ДАЮУН маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р баг, нүүрс тээврийн автозамын 236 дахь км-т архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* УБХ улсын дугаартай ДАЮУН маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дэх тал/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баасандоржийн “...2024 оны 06 дугаар сарын 24-ний өглөө 11 цагийн орчимд Цагдаагийн байгууллагаас миний гар утсанд дуудлага ирсэн. Цагдаагийн алба хаагч надад хэлэхдээ "та ******* ******* лонистик ХХК-ийн менежер мөн үү, танай компанийн жолооч ******* гэдэг хүн жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон байна та хүрээд ирэх үү гэсэн. Тэгээд би журмын хашаан дээр цагдаагийн алба хаагчтай уулзаад манай ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн ******* УБХ улсын дугаартай Даюун маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын талаар шалгаж, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолдоо тодорхой тайлбарлаж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5-р багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Н.******* нь “...миний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасантай холбогдуулан прокурор В.Төгсбарын “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүгдэгч Н.*******аас биеийн эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн эмнэлэгт үзүүлдэг байсан гэж юм гаргаж өгөөгүй. Хоёрдугаарт шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад улсын яллагчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах талаар санал тавихад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэдэг санал хүсэлт гаргаагүй. Гуравдугаарт энэ хүн тогтмол орлоготой, эмчилгээ үйлчилгээтэй авна гэвэл тэр газрынхаа хяналт тавьж байгаа прокурорын газартаа хүсэлтээ тавиад эмнэлгээ эмнэлгийн үйлчилгээгээ авах эрх нь чөлөөтэй, нээлттэй л байгаа.” гэх тайлбар гаргасан болно.
Шүүгдэгч Н.******* нь “зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч Н.*******ад оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.*******ад холбогдох хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээнд нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний эрүүл мэндийн байдалд нөлөөлөхгүй, тухайн ялын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй нөхцөл байдал хавтаст хэргийн хүрээнд тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гарсан байх бөгөөд шүүгдэгч нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр буюу давж заалдах шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл шүүхээс оногдуулсан ялыг эдлээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.*******ын “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА