| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2503000840420 |
| Дугаар | 2025/ДШМ/987 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/987
2025 08 21 2025/ДШМ/987
Г.Б-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Б-ид холбогдох эрүүгийн 2503000840420 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чонос овгийн Ганбаатарын Б-, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 23 дугаар хороо, Зүрх-Уул 4 дүгээр гудамжны 615 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ФА84081629/;
Шүүгдэгч Г.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17 дугаар сургуулийн уулзвараас Дарь-Эхийн уулзварын замд “Toyota prius” загварын ***** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч С.Ү-г мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б-ийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Г.Б-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, иргэний хариуцагч О.Б- нараас 14.947.027 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Б-, иргэний хариуцагч О.Б- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Г.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сайхан хань ижлээ, үр хүүхдүүдийн минь хувьд сайхан аавыгаа алдаж манай гэр бүлийн хувьд үгээр илэрхийлэх аргагүй харамсалтай, итгэж чадахааргүй үйл явдалтай нүүр тулж бидний хувьд сэтгэл санаа маш хүнд байна. Зам тээврийн осол гаргасан Г.Б-ийн зүгээс уучлалт гуйж байгаагүй, гэмшиж харамсаж байгаа зүйлгүй байгаад үнэхээр их гомдолтой байна. Шүүгдэгч “чи хоёр хүүхэдтэй бол би 6 хүүхэдтэй, ажил хөдөлмөр хийхэд хүндрэлтэй” гэж зөвхөн өөрийгөө бодож гэмшсэн зүйлгүй байна. Шүүгдэгчийн хувьд буруутайгаа зөвхөн шүүх дээр л хэлж байгаа мэт харагдуулж байгаа боловч үнэн сэтгэлээсээ гэмшсэн зүйл байхгүй, хэрэг үйл явдлаас хойш санаачилгаараа нэг ч удаа холбогдож байгаагүй, Оногдуулсан ял шийтгэлийн хувьд хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоохдоо заавал шинжээч томилсон тохиолдолд боломжтой гэж үзэж байгаа бол анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Учир нь нэгэнт Г.Б-ийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгаа бол хохирлын асуудлыг ч шинжээч томилж нэг мөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг үндэслэн дахин Иргэний хэргийн шүүхэд хандан явах нь миний эрх зүйн байдлыг үнэхээр дордуулж байна. Яагаад нэг хэргийн үйл баримтаас улбаатай зүйлийг хоёр өөр шүүхээр шийдвэрлүүлэх ёстойг иргэн хүнийхээ хувьд ойлгохгүй байна. Шүүхээс зорчих эрх хязгаарлах ял гэдгийг өгч байгаатай санал нийлэхгүй байна. Шүүгдэгч Г.Б-ид хуульд заасан хорих ялыг өгнө үү. Талийгаач нөхрийн цалингийн зээлийн үлдэгдэл 21.000.000 төгрөг, мөн миний нэр дээр гаргуулан авч байсан автомашины зээлийн үлдэгдэл төлбөр болох 26.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийн өмгөөлөгч Л.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Б-ийн зүгээс хэдийгээр гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа боловч хохирол хор уршгийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ огт авахгүй, хайхрахгүй, хохирол төлбөрийг барагдуулах талаар санаа зорилго байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул төлөхөд хүндрэлтэй гэдэг утгаар тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг баталгаатай эдлэхээр заасан. Эдгээр хуулийн зорилтуудын хүрээнд хохирогчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдах боломжийг олгодог. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд дэлгэрэнгүй хуульчилсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Энэ аргачлалын 3.3-д хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг ...тооцон шүүхээс тогтооно, 3.4-д амь хохироход 100 хувь байх ба бусад байдлаар гэмтсэн бол 5 зэрэглэлийн аль тохирохоор тогтоохоор тогтоолд тусгасан. Иймээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйл болон Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолоор амь хохирогчийн ар гэрт учирсан сэтгэцийн гэм хор, хор уршгийг арилган нөхөн төлүүлэх төлбөрийг гаргах боломжтой байсан. Хүний амь нас эрсэдсэн хэрэгт зэрэглэл тогтоох асуудал огт яригдахгүй бөгөөд Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор 100 хувь байна гэдгийг тайлбарлан гаргасан. Нас барсан тохиолдолд анхан шатны шүүхийн дүгнээд байгаа шиг шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах шаардлагагүй юм. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Г.Б-оос гаргуулан шийдвэрлэж өгнө үү.
Мөн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй боловч автомашины зээл авсан байдаг. Тухайн автомашиныг талийгаач хэрэглэж, зээл төлбөрийг төлж байсан. Иймд машины зээлийн төлбөр болох 26.000.000 төгрөгийг, талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 21.000.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаа, эдийн засгийн хувьд ямар их шаналалтай байгааг онцлон анхаараагүй, хор уршиг арилаагүй, оршуулгын зардалд ч бүрэн төлөгдөөгүй байхад шүүхээс хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогчийн ар гэрийн байдлыг ямар байгаа талаар мэдэж байгаа. Тиймээс надад мөнгө олдсон даруйд бага, багаар хохирогчид өгч байгаа. Хохирлыг нь барагдуулах гэж хичээж байна. Тухайн осол гарахад би цагдаагийн байгууллагад хандаж, түргэн тусламж дуудсан. Амь хохирогчийг аврахын тулд эмч дуудаж, цагдаа хүрэлцэн ирэхэд болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж хэлсэн. Хохирогчийн ар гэрийн хүмүүс ирэхэд би уучлалт гуйх гэж оролдсон. Гэвч цагдаа намайг машинаас буулгаагүй. Тэр цаг үеэс эхлэн би сэтгэлдээ асар их гэмшилтэй байгаа. Надад хохирогчийн ар гэрээс уучлалт гуйх хүсэл байгаа хэдий ч ар гэр болон ах дүү нараас нь айж байна. Хэрхэн уучлалт гуйх аргаа олохгүй байна. Би ч аав, ээж, ах дүү нараа гэнэтийн ослоор алдаж байсан. Гэнэтийн зүйл гэдэг асар их гомдолтой байдаг. Би дотроо гэмшиж, харамсаж байгаа бөгөөд ганцаараа байхаас хүртэл айдаг. Шөнө тайван амарч чадахгүй өдийг хүрч байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч гэм буруу дээр маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсан. Миний үйлчлүүлэгч өөрт байгаа боломжоороо хохирол төлбөрийг төлж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал буюу 5-19 насны 6 хүүхэдтэй, нөхрийн зүгээс ямар нэгэн дэмжлэг байхгүй, салсан зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан. Түүнээс хойш шүүгдэгч 3,600,000 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан хор уршиг болон бусад зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Машины эзэмшигч нөхрөөс хохирлыг хариуцан гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан. Анхан шатны шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх машины зээлийн төлбөр 26,000,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 21,000,000 төгрөг зэрэг хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин эрүүгийн хариуцлага хөнгөдсөн талаар улсын яллагчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Г.Б-ид холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17 дугаар сургуулийн уулзвараас Дарь-Эхийн уулзварын замд “Toyota prius” загварын ***** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч С.Ү-г мөргөж, энэ гэмт хэргийн улмаас С.Ү-гийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийн “...би хажуу айлд ороод 00 цагийн үед буцаж гэртээ орж ирэхэд манай нөхөр байхгүй байсан. Намайг хажуу айл руу орох үед маргааш өглөө ажилтай унтлаа гээд хэвтэж байсан. ...” /1хх 36/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.Б-ийн “...Б- найзтайгаа уулзчихаад ирье гэж байсан тэгээд л машин аваад гарсан байх. ...Миний нэр дээр бүртгэлтэй байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Хохирол, төлбөрийг буруутай гэдэг нь тогтоогдвол Г.Б- өөрөө төлж барагдуулна. ...” /1хх 141/,
гэрч О.Г-гийн “...Яармаг руу намайг хүргэж өгөхөөр болоод Дарь-Эхийн замаас 17 дугаар сургуулийн уулзвар луу ордог зам руу урдаас зүүн гар тал руугаа эргээд орсон бид хоёрын хажуугаар нэг машин хурдтай ороод тэр машинтай зэрэгцээд явж байсан. ...зэрэгцэж явсан машин хажуугаар гарах үед манай найз Б- огцом тоормос гишгэх шиг болоод машин эргэлдээд явчихсан. Тэгээд гүүрний бетонон хашлагыг эхэлж мөргөөд дахиад цааш эргэлдээд Тэс колонкийн тэнд зогссон ...зам руу харахад нөгөө зам дээр явж байсан хүн алга болчихсон байсан, тэгэхээр нь нөгөө хүн хааччих ваа гээд буугаад хайхад зам дээр гутал нь байсан, гүүрнээс тонгойгоод харахад гүүрний дор хэвтэж байсан. ...” /1хх 157/,
Г.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Дарь-Эхээс 17 дугаар сургууль ордог шинэ замаар явж байтал замын гүүр хэсэгт 1 хүн зогсож байгааг хараад би жолооны хүрдээ баруун гар тал руугаа буюу гүүр тал руу эргүүлтэл машин шарваад гүүрний хашлага мөргөөд эргэлдэж байгаад зогссон. Тэр хүнийг хайсан чинь гүүрний дор уначихсан байсныг хараад цагдаа, түргэн тусламжид дуудлага өгсөн. ...” /2хх 47/ гэсэн мэдүүлгүүд,
“...Амь хохирогч С.Ү-гийн цогцост гавлын орой, суурь ясны үйрч бяцарсан олон хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины эдийн няцрал, бяцрал, толгойн хуйхны цус хуралт, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, гол судасны урагдал, хоёр уушгины авчилт, няцрал, зүүн бөөр, дэлүүний эдийн урагдал, язрал, зүүн дунд чөмөг доод 1/3 хэсгийн далд зөрүүтэй хугарал, дагзны хуйханд шарх, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн сарвуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. ...Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 486 дугаар дүгнэлт /1хх 170-180/,
“...жолооч Г.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.1, 12.2, 12.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан. ...” болохыг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 473 дугаар мөрдөгчийн магадлагаа /1хх 248-250/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-16/, техникийн шинжээчийн дүгнэлт /1хх 234-238/ хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:
шүүгдэгч Г.Б- тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас амь хохирогч С.Ү-г мөргөж, амь нас нь хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нар “...Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах, ...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, ...амь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл 21.000.000 төгрөг, Б.Э-гийн нэр дээр гаргуулан авч байсан автомашины зээлийн үлдэгдэл төлбөр болох 26.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцсэн байх тул хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүхийн уг дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заажээ.
Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт “...талийгаач болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. ...” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ энэ талаар тусгаагүй зөрчилтэй шийдвэр гаргасан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс амь хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын авсан зээлийн төлбөрийн үлдэгдлийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг зөвтгөн дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул ял шийтгэл хөнгөдсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 07 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 07 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 07 дугаар сарын 22-ны өдөр 100,000 төгрөг, 08 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, нийт 3,100,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1373 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-, түүний өмгөөлөгч Л.Болорчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-д 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН