Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 00100

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 1832000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, БоржигонМонгол овогт Дашжамцын Г. /РД: */

 

           Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Старс баарны гадна иргэн Ц.Хгыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Нью Айриш баарны гадна иргэн Б.Бтыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын өгсөн ….... 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Бб, Шагайхүү гэдэг 2 найзтайгаа уулзаад Старс баар луу очсон. Бааранд орох гээд явж байтал Хг гэдэг залуу нэг залуутай муудалцаад зогсож байсан. Хамт явсан Бб Хгыг салгасан чинь Хг Ббтай муудалцсан. Би тэр хоёрыг салгасан чинь Хг над руу дайрсан. Мөн Хг өмнөх мөнгөний тооцоо яриад над руу дайраад байсан. Миний хоолойг боогоод байхаар нь би баруун зүүн гараараа ээлжлээд 2 удаа алгадсан. Тэгтэл Хг руу ээж нь залгаж таарахад утсаа авчихаад ээждээ Бб, Г хоёр намайг нохой шиг зодоод байна гэж худлаа яриад байхаар нь бид хоёр яваад өгсөн юм. Старс баарнаас яваад Айриш бааранд очоод сууж байсан чинь нэг таньдаг залуу баахан танихгүй хүмүүс дагуулж ирсэн байсан. Би гадаа тамхи татаад зогсож байхад дээрээс нэг залуу намайг хэл амаар доромжлоод шатаар бууж ирсэн. Бид хоёр маргалдаад намайг цохих гэхээр нь би өрсөөд нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Бтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчимд найз Төөгийгийн гэрт очсон. Тэгээд бид хоёр хамт 22 цаг болж байхад Нью айриш бааранд орсон. Бид хоёр нэг нэг 0.5 литрийн сэрүүн пиво аваад хүн хараад сууж байгаад гадаа тамхи татах гээд гарсан. Гадаа гарсан чинь нэг ногоон үстэй ах над руу дайраад чи хэн юм чиний ахыг би зодож явлаа гээд дайраад байсан. Тэгээд шууд миний доод уруул руу цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан чинь дахиж ирээд намайг нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд тэр залууг аваад явсан....... Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэрч Б.Гтийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Намайг гэртээ байж байхад манай найз Бт 20 цагийн үед гэрт ирээд гадуур гаръя гээд бид хоёр хамт гарсан. Тэгээд Нью Айриш бааранд ороод 0.5 литрийн 2 шил нийслэл пиво аваад нэг нэгээр нь уусан. Галаа, Бт нар тамхи татах гээд гадагшаа гарсан. Тэгээд би 20 минут орчмын дараа гарсан чинь Бтын хамарнаас цус гарчихсан сууж байсан. Тэгээд юу болсон бэ гээд Бтоос асуусан чинь байж бай гэж хэлчихээд утсаар яриад надаас холдоод явсан. Тэгээд намайг тоохгүй утсаар яриад надаас холдоод явсан гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/

Хохирогч Ц.Хгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны орой Старс баарны гадаа нэг танихгүй ахтай бага зэрэг маргалдаад зогсож байхад Г Ббын хамт ирсэн. Тэгээд бид хоёрыг салгаад Г, Бб бид гурав тэр гудмын үзүүр хавьд очоод юм яриад зогсож байсан чинь Г надаас өрөө нэхээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би мөнгийг чинь боломжоороо өгч байгаа гэж хэлсэн чинь Г баруун гараараа миний зүүн талын чихний дээд хэсэгт цохиж газар унагаасан. Тэгээд миний дээр гараад цамцаар хоолой боогоод байсан. Өрөө өгөхгүй бол мөнгөндөө тааруулаад зодно гээд баруун гараараа толгойн зүүн хэсэгт  зүүн гараараа баруун чихний ар хэсэгт нэг нэг удаа цохисон. Тэгээд би босоод утсаа гаргаж ирээд цагдаа дуудлаа гэсэн чинь Г Старс баар луу орчихсон.... Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 65 дугаар хуудас/

Гэрч Ү.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгээд Хг намайг баян хүн гэж хэлээд Гыг баян найзаасаа мөнгөө авч чаддаггүй гээд уурлаад байсан. Тэгээд Шагайхүү бид хоёр баар руу орсон. Тэгээд 15 минутын орчмын дараа намайг гадаа гарсан чинь Хг Г хоёр маргалдаад зогсож байсан. Тэгээд би салгах гээд явж байтал Г Хгыг 2 удаа алгадсан. Тэгээд би салгасан чинь Хагал Г руу мөнгөндөө тааруулаад зодчих би мөнгийг чинь өгч чадахгүй гээд орилсон. Тэгээд Гыг Шагайхүү бид хоёр аваад баар руу орсон. Тэгээд Хг явчихсан гэх мэдүүлэг /Хх-н 73 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 120 ...... Дүгнэлт:

1.Б.Бтын биед уруулын дотор талд язралт, зүүн дээд 2 дугаар шүд хөдөлгөөн орсон, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, уруулын дотор тал, буйланд цус хуралт, дээд, доод уруулын зүүн талд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, дээд урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 08 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 121 ...... Дүгнэлт:

1.Ц.Хгын биед хүзүү, баруун мөрний ар хэсэгт зулгаралт, хүзүү, дээд уруулын дотор талд цус хуралт, баруун чихний ар, зүүн чихний дээд хэсэг, уруул, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 57 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 31 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

             Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн орой Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Старс баарны гадна иргэн Ц.Хгыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Нью Айриш баарны гадна иргэн Б.Бтыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Гын хохирогч Ц.Хг, Б.Бтын нүүрэн тус газарт гараараа цохиж зодсон үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Хг, Б.Бт нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Монгол овогт Дашжамцын Гыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь 600000 төгрөгийн торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН