| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2309011462701 |
| Дугаар | 2025/ДШМ/988 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/988
2025 08 21 2025/ДШМ/988
О.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Отгонбаатар,
хохирогч С.Д-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,
шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч А.Эрдэнэтулга,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1363 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2309011462701 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 65-28 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЖЯ91110917/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ***** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ****дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,
Шүүгдэгч О.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “******” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байсан өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 талбай бүхий орон сууцыг хохирогч С.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан худалдахаар харилцан тохиролцож, улмаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дээрх орон сууцны төлбөрт авахаар тохиролцсон С.Д-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол ***** тоот 38.5 м2 бүхий орон сууцыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “АВ” төвийн 603 тоотод худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, мөн дансаар 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 91,215,185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч О.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг зүйл нь би хүн хуурч эд хөрөнгийг нь авах, эсхүл зарсан байраа өгөхгүй байх гэсэн санаа зорилго байхгүй. Анхнаасаа байрандаа С.Д-г оруулж тохиролцсон ёсоор шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар авахдаа уг эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх гэсэн субъектив санаа анхнаасаа агуулсан байдаг бол тухайн гэмт хэргийн шинжид тохирох байх, миний хувьд огт тийм бодол байгаагүйгээс гадна иргэний шүүхээс иргэд хоорондын гэрээтэй холбоотой, шийдвэр, захирамж гарсан. Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх маргаан байсан. Дээрх байрыг 2018 онд ажлын хөлсөндөө авсан миний өөрийн байр бөгөөд би өөрт байхгүй байрыг зарах юм уу, эсхүл хүний нэр дээр байгаа байрыг худал хэлж зориуд зохиомол байдал үүсгэсэн зүйл байхгүй. Өөрийн нэр дээрх байраа ажлын шаардлагаар мөнгөний хэрэг гарч “******” ББСБ-д барьцаалсан байсан. Зарахаар зар тавьж зарын дагуу С.Д- байрыг үзэж өөрийнхөө нэг өрөө байрыг оролцуулан үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөхөөр болсон. С.Д- тухайн үед байрыг “******” ББСБ-д байгаа гэдгийг мэдэж байсан ба үүнийг “******" ББСБ-н зээлийн эдийн засаг ч нотолно. Мөн бидний дунд Фейсбүүк чатаар харилцсан зурвас зэргээр нотлогддог. Бид харилцан тохиролцоод иргэд хоорондын тохиролцоо хийсэн. Барьцаанд байгааг нь мэдэж байсан учраас харилцан тохиролцож С.Д- байрандаа орсон. Одоо байрны ордероо шилжүүлээд авчихсан. Шийтгэх тогтоолын 12-13 хуудаст Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 8655 дугаартай захирамж нь хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан “залилах” гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй, зөвхөн талуудын эвлэрлийг баталж буй шийдвэр юм гэж байгаа нь эрх зүйн хувьд учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Иргэний хэргийн шүүгчийн захирамж нь бусад шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолын нэгэн адил хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг юм. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэрэг маргааныг 5 жилийн дараа дахин эрүүгийн шүүхээр шийдвэрлэж байгаа нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолын 14-р талд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар намайг гэмт хэргийн улмаас 91.215.185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2025 оны 05 дугаар сарын 06 өдрийн тооцоо нийлсэн төлбөр барагдуулсан гэрээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 07 өдрийн 02-241/10215 дугаартай албан бичиг, мөн С.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байр 6 тоот 80.27м2 байрыг С.Д-гийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ гэж дүгнэсэн. Миний хувьд иргэд хооронд тохиролцсон гэрээний үүргээ биелүүлж, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 8655 дугаартай шүүгчийн захирамжийг биелүүлж С.Д-гийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байр 6 тоот 80.27м2 байрыг шилжүүлж өгсөн. Өнөөгийн зах зээлийн ханшаар бол дээрх байр нь 200.000.000 гаран сая төгрөгийн үнэлгээтэй байр. Миний зүгээс байрыг барьцаанаас чөлөөлсний дараа яагаад эхнэр Мөнхчимэгийн нэр дээр шилжүүлсэн бэ гэхээр хохирогч Д- нь надаас 133,500,000 төгрөг нэхэмжилж бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, надаас 113,000,000 төгрөг гаргуулах шүүгчийн захирамж гарсан байсан учир шилжүүлж өгөөгүй. Одоо гэрээ хэлцэлтэй холбоотой иргэний асуудлаар үүргээ бүрэн биелүүлсэн. Би иргэний шүүгчийн захирамж, эрүүгийн шийтгэх тогтоолоор нэг асуудал дээр хоёр шийтгэл хүлээж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч А.Эрдэнэтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч О.Б-тэй санал нэг цагаатгуулах байр суурьтай байгаа бөгөөд энэ талаар нэмэлт тайлбараа хэлж, бичгээр өгнө. Энэ хэрэг дээр маш олон эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулаагүй, шүүгдэгчийн болон хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв эсэхийг шалгаагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан гэж харж байна. Миний үйлчлүүлэгч нийт 9 агуулга бүхий гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээс бид юуг ойлгомжтой, тодорхой гэж үзэх вэ. Гэмт хэрэг гэж үзэж байгаа боловч иргэний эрх зүйгээс хэрхэн ялгасан юм бэ. Гэрээ хэлцлийг яаж үгүйсгэсэн, шаардах эрхийг хэрхэн няцаасан нь тодорхойгүй. Энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, нотлох баримтын хэрэгт хамааралтай хэсэг, ач холбогдолтой хэсэг, хууль ёсны гэж үзсэн үндэслэл зэргийг тусгана гэж заасан. Гэтэл ач холбогдолтой баримт нь аль гэдгийг анхан шатны шүүх дүгнээгүй. Нийт 281 баримтыг харахад ач холбогдолтой баримт байхгүй байсан. Миний зүгээс ач холбогдолтой гэж үзэх 100 хүрэхгүй баримт хэвлэж авсан. Яллах дүгнэлтэд 13 баримтыг нотлох баримтаар үнэлсэн байсан. Эдгээр 13 баримтыг хэрхэн үнэлсэн болон няцаасан нь тодорхойгүй байна. Хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Аль, аль мэдүүлэг нь нотлогдохгүй. Тухайн нөхцөл байдалд юу болсон талаар хэн ч бодитой мэдүүлсэн гэж үзэх боломжгүй. Ийм нөхцөл байдал хэрвээ анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэй, шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол шүүгдэгчийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж, ямар нотлох баримтад үндэслэж байгаа талаарх дүгнэлтээ хийх ёстой ч дүгнэлт хийгээгүй. Гэрээ хэлцэл, гэмт хэрэг хоёрыг хэрхэн ялгаж байгаа юм бэ. Иргэний хууль болон Эрүүгийн хуулиар хориглосон хэм хэмжээнээс бусад хэм хэмжээг бүгдийг нь хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзнэ. Зөвшөөрөгдсөн харилцааны явцад нэрлэсэн эсхүл нэрлээгүй маш олон төрлийн гэрээ хэлцэл байгуулагдах боломжтой. Энэ хүрээнд шүүгдэгч болон хохирогч нар барьцаалбартай орон сууцыг харилцан тохирч, иргэд хоорондын тохиролцооны гэрээ байгуулсан. Энэ гэрээг хийхэд хохирогч мэдээгүй байсан хэмээн тайлбарлаж байгаа нь үгүйсгэгдэж байна. Тухайн үед нотариатад очиж батлуулах тухай санал хохирогчийн зүгээс огт гаргаагүй. Шалгасан нөхцөл байдал огт байхгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс тодруулахгүйгээр хэргийг шийдсэн. Гэмт хэргийн шинжтэй юм уу эсхүл иргэний эрх зүйн шаардах эрхийн доголдол юм уу гэдгийг ялгаагүй гэж үзэж байна. Өмчлөх эрхийн шаардах эрхийг гэмт хэргийн субьектив санаа зорилготой хольж буюу Эрүүгийн хууль болон Иргэний хуулийг хольж хэрэглэж байна. Иргэний эрх зүйн харилцааг гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэж субьектив санаа, зорилгыг андуурсан. Мөн объектив байдлаар яллах ажиллагаа хийсэн. Яллах дүгнэлт ердөө л 4 хуудас байсан. Шунахайн сэдэл байсан эсэх, хэзээ сэдэл нь төрсөн, хэрхэн гүйцэтгэсэн талаарх дүгнэлт огт байхгүй. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт ямар ч хамааралгүй хүмүүсийн мэдүүлгийг авчирч хэрэгт боосон. Хүнийг залилах гэж байсан бол хөрөнгө гэх зүйл байхгүй, өмчлөх эрх нь шүүгдэгчийнх байх боломжгүй. Гэтэл шүүгдэгч орон сууцыг бодитойгоор хүлээлгэн өгсөн. Хохирогч тухайн оронд сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Хохирогч С.Д-гийн анхны зорилго нь нэг өрөө байраа гурван өрөө байр болгон амьдрах зорилготой байсан ба гэрээний зорилго биелсэн. Юу үлдсэн бэ гэвэл зөвхөн өмчлөх эрхийн шаардах эрх үлдсэн. Өмчлөх эрхийн шаардах эрхийг гэмт хэрэг гэж үзэх юм уу. Үүнийг эрүүгийн харилцаагаар зохицуулж чадах юм уу. Энэ нь боломжгүй. Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т заасны дагуу худалдан авагч тухайн хөрөнгийг худалдан авах үедээ үүргийн, биет байдлын болон бусад доголдол байгаа эсэхийг ерөнхий худалдан авагчийн үүргийн хүрээнд шалгаж авах ёстой. Энэ шаардах эрхээ хэрэгжүүлээгүй бол хохирогч шаардах эрхээ алдана. Иргэний харилцаанд энэ нь ноцтой үр дагаврыг үүсгэнэ. Гэтэл шаардах эрхийг дурдсан, няцаасан, ярьсан зүйл байхгүй нь харамсалтай. Яллах дүгнэлтэд барьцаалбартай байсан гэдгийг нуун дарагдуулсан, төөрөгдүүлсэн хэмээн дүгнэсэн. Энэ нь санаа зорилгоор илрэхгүй шүү дээ. Бодит үйлдлээр илэрнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд нийгэмд аюултай үйлдэл болон эс үйлдэхүй нь гэмт хэрэг. Үйлдэл нь хаана байна вэ гэхэд хохирогч гэрчилгээний эх хувь байгааг шалгаагүй, нотариат орох оролдлого хийгээгүй хэмээн тайлбарладаг. Нөгөө талаас хохирогч гэрчилгээ хаана байна гэж шалгахад шүүгдэгч худал ярьж, зугтаах үйлдэл гаргаагүй. Нотариат орох гэсэн үйлдлийг хэрхэн таслан зогсоосон юм бэ, идэвхтэй үйлдлүүд байхгүй байхад яллаж байна. ...Хохирогчтой хамтран амьдарч байсан н.Б- гэх хүн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт “би тухайн үед нөхцөл байдлыг нь мэдэж байсан, С.Д-тэй хамт явсан, барьцаалбартай гэдгийг нь мэдэж байсан” гэж бичиг хийж өгсөн байдаг. Үүнийг нь хэрэгт хавсаргасан. Гэвч энэ талаар огт шалгаагүй. Би өчигдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт очиж П.Отгонбаатар прокурортой уулзсан. Мөн ахлахтай нь уулзаж, шүүхэд гаргаж өгсөн хариу мэдэгдэх хуудас гэх нотлох баримтыг авсан. Үүнийгээ өнөөдрийг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг нь би энэ ажлыг хийх ёсгүй. Миний үйлчлүүлэгч хүртэл хийх шаардлагагүй. Учир нь өөрийнхөө гэм буруугүй гэдгийг нотлох үүрэг хүлээхгүй. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2665 дугаартай тогтоолоор энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан. Дахин 2020 онд гомдол гаргаж 2023 онд хэрэг нээж, яллагдагчаар татсан. Иргэний шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж О.Б-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч С.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууц банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсныг О.Б- надад хэлэлгүй миний байрыг шилжүүлсний дараа мэдэгдсэн. “Би таны байрыг өгсөн, та одоо хохиролгүй болсон, нэмж 18,000,000 гаруй төгрөг өгчих” гэж хэлсэн. Би О.Б-ийн хэлсний дагуу 18,000,000 гаруй төгрөгийг түүнд өгсөн. Харин одоо надад “би 18,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг авахаа болилоо, та шүүхэд очиж би асуудалтай байр авсан хэмээн хэлж өг” гэж байгаа. Намайг шүүхэд хуурамч мэдүүлэг өгүүлэхээр утсаар ярьж байгаа. Шүүгдэгчийн эхнэр хүртэл зурвас бичихдээ “болохгүй бол байраа буцааж авна” гэж хэлж байгаа. Бид хоёрын анхны зорилго байр шүү дээ. Бодит байдлаа нуун дарагдуулж, мөнгө болгож хувиргасан. Эвлэрсний дараа орон сууцыг өгчих байх гэж бодож байхад эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ миний нэр дээр орон сууцыг шилжүүлэхдээ нэмэлт мөнгө авсан. ...” гэв.
Хохирогч С.Д-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэргийн талаар маш сайн дүгнэсэн. Хэргийн үйл баримтын тухай ярих шаардлагагүй. Шүүгдэгч өөрийнхөө банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байрыг хохирогчид өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлэг зөрүүтэй гэж байна, тийм зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанаас нэг өдрийн өмнө байрны гэрчилгээг шилжүүлсэн. Хохирогч С.Д-г орон сууцнаас гаргах мэдэгдэл ирсэн. Энэ талаарх ажиллагаа хийгдэж байгаа. Энэ бүх ажиллагааг О.Б- хийж байгаа. Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл байхгүй. ...” гэв.
Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт иргэний шүүхийн шийдвэр гарсан нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хохирогч С.Д- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагад бусдад залилуулсан талаар гомдол мэдээлэл гаргаж, үүнийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр О.Б-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгч О.Б- банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан байр буюу хохирогч С.Долгорсүрэнд өгөх ёстой орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн барьцаанаас суллаж аваад өөрийн эхнэр н.Мөнгөнчимэгийн нэр дээр шилжүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бусдад зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан. Үүнээс шүүгдэгч О.Б-ийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго харагдаж байгаа. Уг орон сууцыг хохирогч С.Д-д өгөхгүй байх санаа зорилготой байсан нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч мэдүүлгийн зөрүү их байна гэж тайлбарлаж байна. Яллагдагч, шүүгдэгч нар өөрийн гэм буруутай байдлыг нотлохгүй. Энэ үүргийг хүлээхгүй. Харин хохирогч С.Д- анхнаасаа өөрийгөө хэрхэн яаж хохирсон талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, мэдүүлэг өгсөн. Хэрэгт авагдсан баримтаас харахад С.Д- О.Б-т нотариат орж гэрээ байгуулах талаар хэлсэн нь тодорхой харагддаг. Гэтэл шүүгдэгч О.Б- удаа дараа шалтаг тоочиж нотариат ороогүй. Ингэж явсаар 2019 оны 03 сард орон сууцыг шилжүүлэн авах боломжгүй, бусдын барьцаанд байгаа гэдгийг С.Д- мэдсэн. Үүний дараа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, төөрөгдсөний улмаас зээлийн гэрээ байгуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн мэдүүлгийг яагаад үнэн зөв хэмээн үнэлж байгаа юм бэ гэх асуудлыг ярьж байна. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээсэн учраас үнэн, зөв мэдүүлэг өгсөн хэмээн үзэж, яллах дүгнэлтийн гол баримтаар үнэлж, тусгасан. Шүүгдэгч О.Б- мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргасны дагуу н.Б гэх хүнийг хэргийн бодит нөхцөл байдлыг мэднэ гэж үзэж, түүнийг гэрчээр асуух ажиллагаа хийсэн. Н.Б- гэх этгээд тухайн хэргийн үйл явдал болох хугацаанд хохирогч С.Д-тэй хамтран амьдарч байсан. Энэ этгээдээс бичиг хийж өгсөн. Эхлээд энэ бичгийг О.Б- өөрийнхөө өргөдөлтэй хамт хүлээлгэж өгсөн. Бичиг хийж өгсөнтэй холбоотой н.Б-гээс мэдүүлэг авах гэхэд хоёр удаа даралт харвасны улмаас тухайн үйл баримтыг санахгүй, юу болсон талаар мэдэхгүй байсан. Тиймээс түүний асран хамгаалагч болох эхнэрээс нь мэдүүлэг авахад “тухайн бичгийг өөрөө бичиж өгсөн, дахин мэдүүлэг өгөөч гэж гуйсан” гэх агуулгаар тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх О.Б-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Прокуророос О.Б-ийг С.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх О.Б-ийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “******” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байсан өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 412 дугаар байр 6 тоот 80.27 м2 талбай бүхий орон сууцыг хохирогч С.Д-д худалдахаар харилцан тохиролцож, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Д-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол ***** тоот 38.5 м2 бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, мөн өөрийн эзэмшлийн дансаар 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 91,215,185 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, С.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх ба гэмт этгээдийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шалтгаант холбоо нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Залилах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэмт этгээдийн санаа сэдэл, тухайн гэмт хэргийг үйлдсэн арга буюу объектив талын шинж болох үйлдлийн диспозицид дэлгэрэнгүй заасан өмчлөх эрхийн бусад гэмт хэрэг, иргэний эрх зүйн зөрчлөөс ялган зүйлчилж үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай.
Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг.
Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтгаалж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байхыг ойлгодог.
Харин гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан буюу гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Аливаа иргэний эрх зүйн харилцаанд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн өмчлөлийг шилжүүлэхэд өмчлөгч нь тухайн зүйлийг хүлээн авагчид шилжүүлэхээс гадна өмчлөл ийнхүү шилжиж буй талаар хоёр тал санал нэгдсэн байдаг. Энэ нь Иргэний эрх зүйн суурь ойлголтыг илэрхийлдэг.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, С.Д- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол **** тоот 38.5 м2 өөрийн амьдарч байсан орон сууцыг томруулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сард интернэтээс “орон сууц зарна, солилцоно” гэсэн зарын дагуу О.Б-тэй холбогдон О.Б-ийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 орон сууцыг 104,910,000 төгрөгөөр, өөрийнхөө байрыг 75,000,000 төгрөгт тооцож, зөрүү 29,910,000 төгрөг өгөхөөр тохиролцож, С.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр О.Б-ийн байранд нүүж орсон;
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Д- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол 35-505 тоот 38.5 м2 өөрийн орон сууцыг Ц.О-т шилжүүлж /1хх-18-19/, 18,550,000 төгрөгийг О.Б-т өгч, үлдэгдэл 11,360,000 төгрөгийг өгсний дараа О.Б- байрны гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохирч;
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр С.Д-, О.Б- нар нь “93,550,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн” талаар /Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 орон сууцыг “******” ББСБ-д зээлийн барьцаанд байгаа талаар С.Д- мэдэж зээлийн гэрээ байгуулсан гэж мэдүүлж байгаа/ зээлийн гэрээг /1хх-24/ байгуулсан;
энэ гэрээний дагуу С.Д- нь О.Б-т холбогдуулан үндсэн зээл 93,550,000 төгрөг, алданги 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08655 шүүгчийн захирамжаар үндсэн зээл 93,550,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг нийт 113,550,000 төгрөгийг төлөхөөр тохирсон талуудын эвлэрлийг баталгаажуулах шүүгчийн захирамж гарч /1хх 22-23/, үүний дараа О.Б- нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг С.Д-д холбогдуулан гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 02621 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 орон сууцыг С.Д-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гарч, /2хх 117-120/ тус тус хуулийн хүчин төгөлдөр болсноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан;
2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр С.Д- нь “Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 орон сууцыг худалдаж авахаар мөнгө шилжүүлж залилуулсан” /1хх 4, 11/ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж маргаан бүхий асуудал үүссэн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон байна.
Дээр дурдагдсан хэргийн үйл баримтуудад дүгнэлт хийхэд, хохирогч С.Д- нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол 35-505 тоот 38.5 м2 өөрийн орон сууцыг томруулах зорилгоор 2019 оны 01 дүгээр сард интернэтээс “орон сууц зарна, солилцоно” гэсэн зарын дагуу О.Б-тэй холбогдон О.Б-ийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 орон сууцыг 104,910,000 төгрөгөөр, өөрийнхөө байрыг 75,000,000 төгрөгт тооцож, зөрүү 29,910,000 төгрөг өгөхөөр тохиролцож, 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр О.Б-ийн байранд нүүж орсон, О.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С.Д-гийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол 35-505 тоот 38.5 м2 орон сууцыг Ц.О-т шилжүүлж, 18,550,000 төгрөгийг С.Д-гээс авсан байх бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр С.Д-, О.Б- нар нь “93,550,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлэв” гэх зээлийн гэрээ байгуулжээ.
Хохирогч С.Д- нь зээлийн гэрээний дагуу Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, О.Б- нь үндсэн зээл 93,550,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг нийт 113,550,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар О.Б- нь мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 02621 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 орон сууцыг С.Д-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гарсан байна.
Хүчин төгөлдөр хоёр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад С.Д- нь тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан ба тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу 113,000,000 төгрөгөө авахгүй, тухайн орон сууцаа авах хүсэлтэй байсан болох нь гэрч Ю.Отгонжаргалын “...Банк бусаас чөлөөлөгдсөний дараа байрны эзэн О.Б- нь төлбөр авагч С.Д-гээс байрны мөнгөний зөрүү болох 30,000,000 төгрөгийг өгчих, тэгээд байрны асуудлаа дуусгая гэсэн санал тавьдаг боловч тухайн үед О.Б-т С.Д- нь мөнгийг нь өгдөггүй байсан. ...Шүүхийн шийдвэрээр иргэн С.Д- 113,000,000 төгрөгийг О.Б-ээс авахаар шийдвэр гарсан боловч С.Д- нь тухайн үед мөнгөө авах гэхээсээ илүү орон сууцыг өөрийн болгох сонирхолтой байсан. ...” /2хх 176-177/, гэрч Б.Чинзулын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хохирогч С.Д- нь орон сууцны байрны зөрүү мөнгө гэх 30,000,000 төгрөгийг иргэн О.Б-т өгч, улмаар дараа нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны ***** тоот 80.27 м2 орон сууцыг О.Б- нь С.Д-д өгөхөөр тохиролцож байсан боловч сүүлдээ аль, аль нь тохиролцоондоо хүрээгүй. ...” /3хх 8/, гэрч Б.Хүслэнгийн “...гүйцэтгэх хуудсанд заагдсанаар 113 сая төгрөгийг нэхэмжилдэг ба орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас маргаан бүхий байрыг шилжүүлж хоёр ажиллагааг зэрэг шийдвэрлэх боломжтой гэж ярьдаг байсан. ..." /3хх 10/ гэсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.
О.Б- нь 113,550,000 төгрөг С.Д-д өгөх шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан тул Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ***** тоот 80.27 м2 орон сууцыг барьцаанаас чөлөөлсний дараа эхнэр н.Мөнхчимэгийн нэр дээр шилжүүлсэн талаар тайлбар гаргаж, харин 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ” байгуулж /4хх 10-12/ тухайн орон сууцыг С.Д-гийн нэр дээр шилжүүлснээр “мөнгө өгөх” болон “байрнаас албадан гаргах” шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэл бий болжээ.
С.Д- нь “...О.Б- нь намайг хуурч, барьцаанд байсан орон сууцаа худалдана гэж, миний байрыг зарж, мөн надаас мөнгө авсан” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, прокурор мөн энэ үндэслэлээр буюу “******” ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан байсан орон сууцыг хохирогч С.Д-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан худалдахаар харилцан тохиролцож, С.Д-гийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлж, мөн дансаар 18,550,000 төгрөгийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж яллаж байгаа боловч тухайн орон сууцыг ББСБ-аас авсан зээлийн барьцаанд байгаа талаар С.Д-д хэлсэн гэж О.Б- мэдүүлж, мэдээгүй байсан гэж С.Д- мэдүүлснээс /зөрүүтэй мэдүүлснээс/ өөр баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, С.Д- нь байраа томруулж О.Б-ээс 80.27 м.кв байр авч, өөрийнхөө 38.5 м.кв байр болон зөрүүнд 18,550,000 төгрөг өгч “иргэд хоорондын тохиролцооны” гэрээ байгуулж /1хх-16/, 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр О.Б-ийн байранд нүүн орж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, огт байхгүй байрыг байгаа мэтээр ойлгуулж зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үзэх болон санхүүгийн хүндрэлтэй бодит байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул прокурорын “...хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан...” гэж ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдсэн, хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр, хууль бус гэж тооцогдоогүй байх ба хохирогч С.Д- нь дээрх нөхцөл байдлуудыг мэдэж, өөрөө хүсэж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан, хохирогчийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэх баримтгүй байх тул түүнийг хүсэл зоригоо илэрхийлж иргэний эрх зүйн харилцаанд орсон гэж үзнэ.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч О.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН