Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01319

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/01319

 

 

 

Н.О -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00971 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.О -ийн хариуцагч О.Х д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 518 570 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О -ь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.О -ь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Х нь 68-96 УНХ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодож явах үедээ 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн баруун хойд замын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Н.О -ийг мөргөсөн. Эрх бүхий байгууллагаас О.Х нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Н.О -ийн биед гэмтэл учруулсан болохыг тогтоосон. Иймд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 492 070 төгрөг, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн 555 000 төгрөг, мөр сойгч, эм авсаны төлбөр 39 000 төгрөг, архиваас лавлагаа 7000 төгрөг, нотариатчийн хөлс 7500 төгрөг, бариа зүү төөнүүр хийлгэсэн 698 000 төгрөг, 8 хоног ажилгүй байсан цалин хөлс /8 хоногийн 90 000 төгрөгөөр тооцож/ 720 000 төгрөг, нийт 2 518 570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх гаргасан хариу тайлбартаа: Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 492 070 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 130 000 төгрөг, 290 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг баримтлан хариуцагч О.Х гээс гэм хорын хохиролд 1 916 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О -ьт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 601 720 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О -иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 55 247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х гээс улсын тэмдэгтийн хураамжид 45 620 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч О.Х давж заалдах гомдолдоо: Нэхэмжпэгчийн шаардаж байгаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 492 070 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 130 000 төгрөг, 294 000 төгрөгийн баримт нь нотлох баримтны шаардлага хангаж, бусад баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаадлага хангаагүй байхад зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар үнэлсэн. Би Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн боловч нэхэмжлэгч бодит байдал дээр санаатай автомашины урдуур орж ирсэн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчиж байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хангасаж шийдвэрлэсэн 1 916 850 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийн гэмтсэн гэх өвчинтэй хамааралгүй 1 000 000 төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагч О.Х нь нэхэмжлэгч Н.О -ийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2 518 570 төгрөг гаргуулах шаардлагаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 492 070 төгрөг, шинжилгээний зардал 420 000 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

О.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 68-96 УНХ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, Н.О -ийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримтыг хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тогтоол, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн шүүх зөв тогтоосон байна. /хх4-17, 71-72/

Үүний улмаас хариуцагч О.Х д нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу үүсчээ.

Хариуцагч тал нэхэмжлэгч Н.О -ийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдлийнхээ талаар маргаагүй, харин нэхэмжилж буй зарим зардлыг бодит хохиролд тооцохгүй гэх үндэслэл заан маргаж, давж заалдах гомдолд уг үндэслэлээ заажээ.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Н.О -ийн биед зүүн гарын мөрний өргөгч шөрмөсний суналт, мөрний үений зөөлөн эдийн няцарсан үйл баримт тогтоогдсон байна. Иймд хэрэгт авагдсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөрийн баримт, гарын сойлт, эмний үнэ төлсөн баримт, үзлэг, шинжилгээ хийлгэсэн баримт, лавлагаа, нотариатын зардал зэргийг бодитой бус гэж үзэх үндэслэлгүй юм. /хх 4-15, 19-30, 53-65/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримт болох эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрийн баримт, үзлэгийн хуудсууд, гарын сойлтны үнэ төлсөн баримт, эм худалдан авсан төлбөрийн баримт, Эрүүгийн хэргийн төв архивын салбараас баримт хуулбарлан төлбөр, Монголын Нотариатчдын танхимын мөнгөний тасалбар зэрэг баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан үнэлж, хариуцагчаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцохдоо хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгыг зөв үнэлж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2018 оны 5 дугаар тогтоол зэргийг баримтлан нэхэмжлэгчийн олох ёстой орлогыг 156 280 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ. /хх27-29/

Харин нэхэмжлэгчийн бариа заслын төлбөр төлсөн баримтуудаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн кассын орлогын баримт нь тамгагүй, дугаарлаагүй, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрийн баримт огнооны хувьд давхардсан байхад үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна. /хх22/

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул бариа заслын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 698 000 төгрөгөөс 76 000 төгрөгийг хасч тооцон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00971 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1 916 850 гэснийг 1 840 850 гэж, 601 720 гэснийг 677 720 гэж, 2 дахь заалтын 45 620 гэснийг 44 404 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД