Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 181/2019/00160/И |
Дугаар | 210/МА2020/00074 |
Огноо | 2020-01-10 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2020/00074
2020 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2020/00074 |
Х.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02123 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ХБНГУ-ын ГОПА Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг төлөөлөгчийн газарт холбогдох
Иргэний нэр төр алдар хүндийг ашигласны хохиролд 20 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Х.Б-ь
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь Европын холбооны ТРЭМ /TRAM/ төслийн тендерт ялж 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөлд оролцоогүй байхдаа хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын эхээр надтай холбогдож тендерт орж ялалт байгуулахад нь туслахыг хүссэн ба миний бие мэргэжлийн эдийн засагч, судлаачийн хувьд Монгол Улсын гадаад худалдааны талаарх судалгаа, мэдээлэл, зөвлөмжүүдээр тус компанийг ханган бүхий л чадлаараа ажилласан. Улмаар тус компани намайг тендерт орох багийн гишүүнээр урьсан бөгөөд шаардагдах анкет, бичвэр ярилцлагууд гээд бичиг баримтуудыг бүрдүүлэн авсан. Тендерт ялсан тохиолдолд нон кэй эксперт /non key expert/ буюу төслийн хэрэгжүүлэгч экспертийн ажлыг өгнө хэмээн санал болгосон.
Хариуцагч нь тендер авсныхаа дараа надад тавьсан саналаасаа татгалзаж өөр хүмүүсээр багаа бүрдүүлэн төслийг хэрэгжүүлж буй нь шударга бус явдал юм. Миний нэр төр, алдар хүндийг ашиглаж тендерт ялсан явдал нь надад сэтгэл санааны хохирол учруулсан төдийгүй, ажилд орох боломжоо алдан 2 жил ажилгүй суун санхүүгийн хохирол амссан тул хохирлыг буруутай хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна. Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд авна гэж санал тавьж байгаагүй, бидний хооронд ямар нэгэн гэрээ контракт байгуулагдаагүй. Нэхэмжлэгч тендерийн саналд ямар ч мэргэжлийн болон техникийн хувь нэмэр оруулаагүй, баримт бичиг, ярилцлага өгөөгүй. Харин тендерийн саналд зөвхөн зураг, урд нь ажиллаж байсан туршлагыг хавсарган, нэхэмжлэгчийг тендерийн саналд үндсэн бус богино хугацааны зөвлөхөөр танилцуулсан.
Хариуцагч нь ажиллах сонирхолтой хүмүүсийн анкетийг бүртгэн Монгол Улсын төрийн байгууллагатай хамтран ажилтныг сонгодог. Улмаар сонгосон ажилтны анкетыг Европын холбооны төлөөлөгчийн газарт явуулж батлуулан гэрээ байгуулдаг. Х.Б-ийг ажиллуулах хүсэлтийг Монгол Улсын төрийн байгууллагаас гаргаагүй.
Тендер сонгон шалгаруулах болон ТРЭМ /TRAM/ төсөл хэрэгжиж байх хугацаанд нэхэмжлэгч өөр ажил хайх эрх нь нээлттэй, манай компани өөр ажилд орохыг нь хориглоогүй.
Х.Б-ь нь үндсэн бус богино хугацааны зөвлөхөөр ажиллах ажлын нөхцөлийн талаар буюу байнгын ажлын байр биш гэдгийг мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ХБНГУ-ын ГОПА Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг төлөөлөгчийн газарт холбогдох иргэний нэр төр, алдар хүндийг ашигласны хохиролд 20 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30 000 000 төгрөг гаргуулах тухай Х.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Б-ь давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь намайг худалдааны бодлогын нон кэй эксперт /non key expert/, мэргэжилтэн экспертээр ажиллуулна гэсэн гэрээний амлалтаа биелүүлээгүй, хуурч мэхэлж явсаар хоёр жил гаруйн хугацаанд орлого олох боломжийг алдагдуулж сэтгэл санааны болоод эд хөрөнгийн ихээхэн хохирол учруулсан.
Хариуцагч нь найман төрлийн нэр ашиглан шүүх болон нэхэмжлэгчийг төөрөгдүүлж ирсэн. Хариуцагчийн нэр ХБНГУ-ын ГОПА зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг төлөөлөгчийн газар болох нь анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас 2 долоо хоногийн өмнө ил болсон. Мөн тендерт ялахад ашиглагдсан миний профайл зураг дээрээсээ тавд, Монгол экпертүүдээс хоёрт жагссан байдаг. Энэ нь миний нэр хүнд, боломжийг ашигласны бодит баримт нотолгоо атал шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч компаниас надад ирүүлэн анхааралтай уншиж танилцахыг хүссэн төслийн гэрээний нөхцөл нь ажилд авсан хүмүүсдээ өгч танилцуулдаг гэрээ юм. Миний бие Монгол Улсын эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны талаар хийсэн судалгааны туршлага, англи, монгол хэл дээр бичсэн гадаад худалдаа, татварын талаархи нийтлэлүүдээ явуулж, төсөлд зориулан гадаад худалдааны бодлого, ажлын туршлагаа эмхэтгэн зөвлөмж хэлбэрээр нэг хуудас хагас материал бичиж өгсөн. Энэ нь тус компанийн хувьд тендерт орж ялахад миний нэр хүнд, ажлын туршлагын үзүүлэлт зөвлөмж хэрэгтэй байсныг харуулж буй юм.
Шүүх хуралдааны явцад хариуцагч тал болох ХБНГУ-ын ГОПА Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг нь миний анкет, профайл, зөвлөмжийг тендерт ороход ашиглаагүй гэсэн боловч эдгээрийг чухам яах гэж надаас авсан, юунд ашигласнаа хэлж чадаагүй, энэ асуултанд хариулахаас бултан бид мэдэхгүй, Засгийн газартай гэрээтэй хэмээн өнгөрсөн нь шүүгчийн анхаарлыг татаагүй нь хачирхалтай бөгөөд үүнд гомдолтой байна. Миний төгссөн сургуулийн нэр хүнд Европын холбооноос зарласан тендерт ялахад зохих хувь нэмэрээ оруулсан.
Тухайлбал намайг богино хугацааны экспертээр зөвхөн 6 сар буюу 130 өдөр ажиллуулахад ажлын хөлс $126,658 буюу 7 341 161 470 төгрөг болж буй юм. Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх сургууль болох Лондогийн Эдийн засгийн их сургуулийг төгссөн, баруунд болон дотооддоо мэргэжлийн ур чадвараараа үнэлэгдэн олон жил ажилласан миний бие гэрээнд дурдагдсан шалгуурт тэнцсэн тул дурдагдсан цалинг авах эрхтэй юм. Хэрэв би Монгол Улсдаа өөр нэгэн төсөл, эсвэл компанид ажилласан бол сарын 3 000 000-8 000 000 төгрөгийн цалин авах бүрэн боломжтой бөгөөд алдагдсан 24 сарын хугацаанд дунджаар (сарын 5 000 000 төгрөгөөр бодвол) 120 000 000 төгрөгийн цалин авсан байх бүрэн боломжтой байсан юм.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Цэнгэлсайхан нь хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгч ХБНГУ-ын ГОПА Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын нийгэмлэг нь асуултанд хариулахгүй бултаж байна, юм л бол мэдэхгүй, Засгийн газартай гэрээтэй гэх хариултаар асуултаас зайлсхийж буй нь шударга бус байна, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөгийг хариуцагч тал барагдуулах ёстой гэж дүгнэсэн нь шүүх хуралдаан шударга бус болж харагдсаныг мөн хариуцагч этгээд буруутай байсныг илтгэж байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгч тал хариуцагч талаас шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах 2 удаагийн хүсэлт, нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчлөх хүсэлт, хариуцагчийг солих хүсэлтүүдийг шүүхээс хүлээж аваагүй зэрэг нь хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг зөрчсөн, шүүх хуралдааныг хэт нэг талыг барьсан орчинд явагдах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Х.Б-ь нь хариуцагч ХБНГУ-ын ГОПА ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд ашигласны 20 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ... хариуцагч биш, талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, ... Х.Б-ийн нэрийг ашиглаагүй гэх үндэслэл заан маргажээ.
Нэхэмжлэгч Х.Б-ь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гопа консалтант ТГ төрийн бус байгууллагыг хамтран хариуцагчаар татан оролцуулж байсан боловч тус байгууллагаас татгалзаж, хариуцагчаа ГОПА ХХК гэж тодорхойлсон байна. /1хх1, 1хх201-203, 227-229, 239/
ГОПА ХХК нь ХБНГУлсын хуулийн этгээд байх ба тэрээр Монгол Улсад ГОПА зохион байгуулал, төлөвлөлт сургалтын нийгэмлэг нэртэй төлөөлөгчийн газар байгуулж эрх бүхий газраас зөвшөөрөл авсан болох нь 2 дахь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
ХБНГУлсын ГОПА ХХК нь Кармен Фратитад Х.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус компанийг хуулийн дагуу бүрэн төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгожээ. /1хх-21, 186/ Нэхэмжлэгч Х.Б-ь ГОПА ХХК-ийг төлөөлөгчийн газраар дамжуулан хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцэж байна. Шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, ГОПА ХХК-ийн төлөөлөгчийн газрыг иргэний эрх зүйн харилцааны оролцогч гэж үзээгүй нь буруу хэдий ч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй юм.
Нэр төр, алдар хүнд ашигласны хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Х.Б-ь ...миний анкет, танилцуулгыг ашиглаж хариуцагч компани тендерийн сонгон шалгаруулалтад ялсан, ... би мэргэжлийн эдийн засагч, судлаачийн хувьд Монголын гадаад худалдааны талаарх судалгаа, мэдээлэл, зөвлөмжүүдээр тус компанийг ханган ажилласан, намайг ажилд авч, өндөр цалингаар хангах үүргээ биелүүлээгүй хуурч мэргэжил, ур чадварыг минь ашигласан, би 2 жил ажилд орох боломжоо алдсан ... гэх үндэслэлээр хариуцагч компаниас 20 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
ХБНГУ-ын ГОПА Зохион байгуулалт, төлөвлөлт, сургалтын ХХК нь Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсын худалдааг дэмжих ТРЭМ /TRAM/ төслийн тендерт оролцох болсонтой холбогдуулан уг төсөлд ажиллах нон-ки эксперт /non-key expert/ хайж байгаатай холбогдуулан Х.Б-ийн анкет, танилцуулгыг цахим шуудангаар авч, түүнтэй уг асуудлаар харилцаж байсан, мөн ГОПА ХХК нь уг төсөлд шалгарсан үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан цахим зурвас, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогджээ. /1хх-8-15, 163-165/ Энэ талаар зохигчид маргаангүй.
Харин төсөл шалгаруулах тендерийн материалд нэхэмжлэгч Х.Б-ийн танилцуулга, анкетийг оруулсны улмаас шалгарсан, мөн Х.Б-ь мэдлэг, мэргэжил ур чадвараа хэрхэн ашиглуулан талаар, хариуцагч түүнийг нон-ки эксперт /non-key expert/ -ээр ажиллуулах үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүйгээс хохирсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 23 хуудсанд авагдсан баримтаар нотлогдох тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа монгол хэл дээр явагдах, мөн гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг авбан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт заасан шаардлагыг мэдсэн гэж үзнэ. Хариуцагч талаас гадаад хэл дээр бичигдсэн нэг хавтас баримт гаргаж өгсөн нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй хэдий ч нэхэмжлэгч тал уг баримтыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу монгол хэлээр орчуулуулах тухай хүсэлт гаргах эрх нь нээлттэй байхад хэрэгжүүлээгүй байна.
Иймээс шүүх нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулж аваагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Сэтгэл санаанд учирсан хохиролд 30 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ төрлийн гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой юм. Мөн эдийн бус гэм хорыг арилгах Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн зохицуулалт нь зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ тараасан этгээдэд хамааралтай байх ба зөвхөн энэ тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг байна.
Нэхэмжлэгч Х.Б-ь хариуцагчийг ажилд авах үүргээ биелүүлээгүй, миний нэр төр алдар хүндийг ашиглаж тендерт ялсан явдал нь намайг сэтгэл санааны хохирол учруулсан гэх үндэслэлээр хариуцагчаас 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нь дээрх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 497 дугаар зүйлийн 497.2, 497.3, 511 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарласан байгаа хэдий ч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцжээ
Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах 2 удаагийн хүсэлт, нэхэмжлэлийн үнийн дүнг өөрчлөх, хариуцагчийг солих хүсэлтийг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ЦЭНД