| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00082/Э |
| Дугаар | 00092 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 00092
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох 1832001020083 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батчулууны Д. /РД: */
Шүүгдэгч Б.Д нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 54 тоот хашаанд түр байрлах өөрийн гэртээ 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд хохирогч Б.Аватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хэвлий орчимд нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын өгсөн…. ... 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орой намайг гэртээ байж байхад Ава ах орж ирээд манай хадам ээжийг өвчтэй хэвтэрт хэвтэж байхад нь босооч үхэх болоогүй гэж татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би Ава ахаа та болио гэж хэлсэн чинь чи манайхаас хулгай хийчихээд намайг болв гэлээ гэхээр нь би танайхаас юу хулгай хийсэн юм гэхэд сүх авсан гэсэн. Тэгэхээр нь би хулгай хийх болоогүй байна гэсэн чинь Ава ах намайг заамдаж аваад гэрээс чирч гараад миний шанаан тус газар цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод гэдэс орчимд нь өшиглөсөн. Тэгээд дээр дороо ороод ноцолдож байхад эхнэр хүрч ирээд салгасан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Авын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ялбагаас Зүүнхараа орж ирсэн. Тэгээд Энхмаагийн рам дээр хүмүүстэй 2 шил 075 граммын Хараа архи хувааж уусан. Тэгээд Үтрэмийн гудамжинд байдаг манай хамаатны залуу Улаакаа буюу Дынд очоод та нар Ялбагт байхдаа гэрт байсан сүх, гар станц аваад явсан байна гэрт алга байна та нар авч явсан гэж хэлсэн чинь Д миний нүүр лүү нэг цохиод цавь руу нэг өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудаж намайг бариулсан. Тийм л зүйл болсон. Надад нэхэмжлэх зүйл, гомод санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/
Гэрч А.ГОы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай гэрт Ава ах 2018 оны 06 дугаар сарын 11-ний орой согтуу ирсэн. Тэгээд манай гэрт байж байхдаа унтаж амрахгүй ээжийг үхэх болоогүй юу гэж хэлээд байсан. Тэгэхээр нь унтаж амрахгүй бол яв гэж хэлсэн чинь манай нөхөр Д руу агсам тавиад байсан. Тэгээд Дыг чи Ялбагаас явахдаа сүх хулгай хийгээд аваад явчихсан байсан шүү гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад Ава ах Дыг бариад авсан. Тэгэнгүүт би салгасан. Тэгээд цагдаад би дуудлага өгсөн... Ава ах Дын цамцаар нь хүзүүг нь боогоод тэр хоёр ноцолдож хоорондоо цохилцоод авсан. Тэгээд салангуут Д Ава ахын нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд хамраас нь цус гарсан. Тэр үед Д цагдаад дуудлага өгье гээд цагдаад дуудлага өгүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 103 ...... Дүгнэлт:
1.Б.Авын биед баруун чихний гадна дэлбэнд зулгаралт, зүүн нүдний салст, дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 15 дугаар хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 23 дугаар хуудас/
Б.Дын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 24 дүгээр хуудас/
Б.Д нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 25 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 54 тоот хашаанд түр байрлах өөрийн гэртээ 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд хохирогч Б.Аватай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хэвлий орчимд нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Дын хохирогч Б.Авын нүүрэн тус газарт цохиж, хэвлий үрчимд өшиглөсөн үйлдэл нь гэр орноос юм хулгайллаа гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Ава нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН