| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2406058230150 |
| Дугаар | 2025/ДШМ/989 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/989
2025 08 21 2025/ДШМ/989
Д.Ж-, Д.Ж- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Наранхүү,
хохирогч Э.Ч-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,
шүүгдэгч Д.Ж-, Д.Ж- нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Ч-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Ж-, Д.Ж- нарт холбогдох эрүүгийн 2406 05823 0150 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ж-,
2. Ж-,
Шүүгдэгч Д.Ж- нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, Шинэ гэр хотхоны 556 байрны гадна хохирогч Э.Ч-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Д.Ж- нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, Шинэ гэр хотхоны 556 байрны гадна хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Ж-, Д.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ж-, Ж- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус бүр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ж-, Д.Ж- нарт тус бүр 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Ч-, Д.С- нар нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Э.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хурлаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг, мөн ажиллаагүй /эмнэлгээр үзүүлж явсан/ хоногийн хохирол зэргийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсонд хэргийн /буруутай этгээдүүд/ оролцогчид маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хүснэгтийн дагуу шийдвэрлэх боломжтой талаар улсын яллагч санал гаргасан. Хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан тухайлсан 5 төрлийн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боломжтой талаар зохицуулсан байдаг. Иймд сэтгэц, эрүүл мэнд, ажиллагаагүй хугацааны орлого, цалин зэрэг хохирлыг миний биед хохирол учруулсан ах дүү хоёроос нэхэмжилнэ. Сэтгэл санаа бол маш хүнд байгаа тул яаралтай шийдвэрлэж өгнө үү. /Ажиллаагүй хоногуудын өр үүссэн, эмийн бөөний төвүүд зээлээ хаасан/. Эмийн эргэлтгүй учир эмийн сан хаалгаа хаасан. ...” гэв.
Хохирогч Э.Ч-ын өмгөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бидний зүгээс анхан шатны шүүхэд хандан хохирогч Э.Ч-ын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны зардал, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс эмчилгээ хийлгэсэн зардал 2.683.550 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, сэтгэл санаанд учирсан хохирлын хоёрдугаар зэрэг хэмээн хүснэгтээр тогтоосныг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, харин ажилгүй байсан хугацааны зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэг дүгнэлт хийлгүй орхисон. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийг аргагүй хамгаалалт хийсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцсон байхад шүүх шийтгэх тогтоолдоо эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хохирогч Э.Ч-ын энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлан шийдсэн. Учир нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт аргачлалын 2-р зэрэг 12.99 хувь буюу 8.573.400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэргийн ажиллагааны явцад өмгөөлөгч болон хохирогч өөрөө удаа дараа санал хүсэлтээ өгч, сэтгэцийн хохирлыг тогтоолгохоор хандсаар байхад мөрдөгч, улсын яллагч нь аргачлалын дагуу жагсаалтаар гаргаж, шүүх уг жагсаалтын дагуу шийдвэрлэх болно гэсээр шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Хохирогч хамгийн гол нь мөнгө, хохирол гаргуулахдаа биш удаан хугацаанд сэтгэл зүй, гоо сайхны асар хохиролтой байхад улсын яллагч харгалзаагүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, түүнд хохирогчоор танилцуулан гарын үсэг зуруулан хэргийг шүүх рүү шилжүүлсэн байдаг.
Хуулийн байгууллагууд хоорондын хохирогчийн энэ хохирлыг янз бүрээр тайлбарлан хэрэглэж байгаа асуудлаас болж шүүгчийн үзэмжээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх: “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн Шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан, Тодруулбал шинжилгээний байгууллага хүснэгтээр тогтоосныг шинжилгээ хийсэнтэй адилтгаж үзэх юм. Гэтэл үүнийг мөрдөх байгууллага тогтоож байгаа нь хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрх эдэлж буй. Иймд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ч-, Д.С- нар нь сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон цаашид учирч болох гэм хорыг нээлттэй үлдээсэн дүгнэлт хийж, хуулийн байгууллагууд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. ...Улсын яллагч ч гэсэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахгүйгээр хэргийг шүүхэд шилжихээс өмнө ажиллагааны явцад жагсаалтын хамгийн багаар буюу 5 хувиар үнэлж шүүх рүү шилжүүлсэн, шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй, шинжээчийн дүгнэлт заавал гаргуулах байсан бол хэргийг прокурорт буцаах байсан. Иймд хэрэгт хохирогчийн зөрчигдсөн эрхийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх зорилгоор сэтгэцэд учирсан хор уршигт 8.573.400 төгрөгийг хохирогч Э.Ч-д олгуулахаар өөрчлөлт оруулах, эсхүл миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрхийг хангах, хамгаалж, анхан шатны шүүхэд дахин шийдүүлэхээр буцааж, Э.Ч-ын сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийлгэх боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Ж-, Д.Ж- нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд “эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргана” хэмээн тодорхой заасан. Энэ асуудлыг хүснэгтийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй. Хуульд тодорхой заасан учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байсан. Шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргах эрх хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчид байсан. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргах эрх байсан хэдий ч хүсэлтээ хугацаандаа гаргаагүй. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тов гарсны дараа хүсэлтээ гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шатанд мөн томилуулах боломжтой байсан. Гэтэл шүүхийн шатанд хохирогч талаас хүсэлт огт гаргаагүй. Өөрт байсан эрхээ эдлээгүй буюу шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй хуралдаан болсон нь анхан шатны шүүхийн буруу гэж үзэх боломжгүй. Нэгэнт шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн учраас шүүх хавтас хэргийн хүрээнд шийдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Э.Ч- болон түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шат, шүүх хуралдааны явцад сэтгэцэд учирсан хур уршгийн зэрэглэл тогтоох хүсэлт гаргаагүй. Хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хассан зөрчилгүй. Улсын дээд шүүхийн тогтоол болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгчийн шийдвэр бус шинжээчийн дүгнэлтээр тогтоохоор хуульчилсан. Анхан шатны шүүхээс хохирогч Э.Ч-д учирсан сэтгэцийн хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Д.Ж-, Д.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч Э.Ч- болон түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Ж- нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, Шинэ гэр хотхоны 556 байрны гадаа хохирогч Э.Ч-той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун зовхи, баруун суга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч Д.Ж- нь мөн өдөр, мөн газар хохирогч Д.С-тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстад шарх зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Э.Ч-ын “...тэд нар араас ирээд маргаан эхлүүлсэн. Энэ маргааны үеэр Ж- миний үснээс зулгаагаад доош нь дараад байсан ...Надтай хэрэлдээд байсан Ж- нь миний урд зогсож байсан бөгөөд би эсэргүүцээд үснээс нь зулгаагаад авсан. Би Ж-ын үснээс тавиад “би тавьчихлаа, одоо миний үсийг тавьчих” гэж гуйсан боловч Ж- нь миний цээж, ташаа хэсэгт өшиглөөд байсан, Ж- хүчтэй түлхээд би газарт унасан. ...Миний толгой дүүрээд, үс халцарсан, бие бүхэлдээ хөх няц болж буларсан, сэтгэл санаа маш их хүнд цочролд орсон. ...” /1хх 24-25, 186/,
хохирогч Д.С-ийн “...гэнэт л манай найзыг эрэгтэй нь дээрээс нь дарчихсан үснээс нь зулгаагаад хүүхдээ тэвэрсэн эмэгтэй бие хэсэгт нь өшиглөөд байсан бөгөөд арай залуухан эмэгтэй нь гүйж ирээд манай найзын толгой хэсэгт цүнхээрээ цохисон. Би утсаараа нөхөртөө хэлэх гээд залгах үед миний толгой хэсэгт залуухан эмэгтэй нь 2 удаа цохисон. Би зөрүүлээд цохих гэхэд эрэгтэй нь тэнд байсан дэлгүүрийн шилэн хаалганд намайг шахаж өшиглөөд хананд ойртуулахад хүүхэд тэвэрсэн эмэгтэй болон залуухан эмэгтэй нар ээлжлээд миний хэвлий хэсэгт өшиглөөд байхаар нь би доошоо нүүрээ дараад суучихсан. ...” /1хх 30, 179/,
Д.Ж-, Д.Ж- нарын яллагдагчаар өгсөн “...гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 131, 141/ гэсэн мэдүүлгүүд,
“...Э.Ч-ын биед уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун зовхи, баруун суга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10644, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1097 дугаар дүгнэлтүүд /1хх 50-51, 63-66/,
“...Д.С-ийн биед уруулын салстад язарсан шарх зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10646 дугаар, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1068 дугаар дүгнэлт /1хх 89-90, 100-102/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн:
шүүгдэгч Д.Ж-ийн хохирогч Э.Ч-ын нүүрэн тус газар нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг,
шүүгдэгч Д.Ж-ын хохирогч Д.С-ийн нүүрэн тус газар нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ж-, Д.Ж- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хохирогч Э.Ч- болон түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нар “...сэтгэцэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны орлого, цалинтай дүйцэхүйц хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрхий бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд /6-8, 11-16, 21-32/ тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно.” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадлагааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” 2.1.5-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэж зохицуулсан байна.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1,5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана" гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягтаар /1хх 180,184/ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардал, сэтгэцэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн, хохирогчийн эрхийг хасаж, хязгаарласан зүйлгүй байна.
2. Хохирогч нь гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил эрхэлж чадаагүй болохыг нотолсон ямар нэгэн баримт авагдаагүй.
Тодруулбал; хохирогч нь хэдэн төгрөгийн орлого олж, олсон орлогоосоо хэдий хэмжээний татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, улмаар хохирогч нь хэдий хугацаанд өвчний улмаас ажилдаа очоогүй акттай байсан, улмаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх олговор хэдэн төгрөг болох талаар баримтгүй байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-, Д.Ж- нарт тус бүр 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж ялыг биелүүлэх хугацааг 30 хоногоор багасган тогтоож хуулийг буруу хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Э.Ч- болон түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1470 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “...шүүгдэгч Д.Ж-, Д.Ж- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Э.Ч-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН