Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0418

 

ХХААХҮЯ А Д О Б А З-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А, Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагч С.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “ХХААХҮЯ А Д О Б А З-ны давж заалдах гомдлоор, ХХААХҮЯ А Д О Б А З-ны нэхэмжлэлтэй, Хэнтийн аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга, Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.7, 52.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2005.3.22-ны өдрийн 22 тоот захирамжийн З.Х, 2005.11.29-ний өдрийн 75 тоот захирамжийн Г.Х, Ц.О нар, 2007.01.04-ний өдрийн 02 тоот захирамжийн Т.Б, О.Э нар, 2008.3.11-ний өдрийн 14 тоот захирамжийн Д.О, Г.С нар, 2008.4.14-ний өдрийн 30 тоот захирамжийн Б.Б, 2008.8.28-ны өдрийн 74 тоот захирамжийн Б.А, 2008.10.22-ны өдрийн 86 тоот захирамжийн Д.Х, Т.Б нар, 2008.11.05-ний өдрийн 95 тоот захирамжийн Б.Э, 2009.5.05-ны өдрийн 45 тоот захирамжийн Л.Б, Б.Ц, Ц.П, Н.Б, Б.А нар, 2009.6.08-ны өдрийн 59 тоот захирамжийн Б.В, Ц.Б, Х.Л, Л.Э, Л.Б нар, 2010.5.11-ний өдрийн 46 тоот захирамжийн Ө.Б, 2011.2.15-ны өдрийн 16 тоот захирамжийн Н.О, Д.Т, Д.Х нар, 2011.11.22-ны өдрийн 109 тоот захирамжийн О.Э, Д.Ч, Ж.Э нар, 2013.11.27-ны өдрийн 98 тоот захирамжийн Э.Т, Ц.А, Ж.Ж, Д.Б, Ч.Э нар, 2014.6.19-ны өдрийн 75 тоот захирамжийн Б.Т, Н.Б, Ч.А нарт тус тус холбогдох хэсэг болон 2014.12.31-ний өдрийн А/162, 2015.02.04-ний өдрийн А/09, 2016.09.29-ний өдрийн А/91 тоот, 2016.09.05-ны өдрийн А/83, 2016.12.22-ны өдрийн А/128 тоот захирамжууд нь Улсын тусгай хэрэгцээний газар, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүсэд өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэхээр олгосон шийдвэрүүд тул илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ХХААХҮЯ А Д О Б А З-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

ХХААХҮЯ А Д О Б А З давж заалдах гомдолдоо: “Тус захиргаанаас Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын хууль, тогтоомж зөрчин улсын тусгай хэрэгцээний газар нутагт өвөлжөө хаваржааны зориулалтаар иргэдэд газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан болно. Уг нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0010 тоот шийдвэрийг гаргасан ба тус шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр бичвэр хэлбэрээр гарсан эсэхийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн туслахаас тодруулахад бичвэр хэлбэрээр гараагүй гэсэн хариуг өгсөн болно. Улмаар 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн туслах утсаар холбогдон "...шүүхийн шийдвэрийг өнөөдөр шууданд хийсэн" гэж мэдэгдсэн ба уг шүүхийн шийдвэрийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардан авсан болно. Дээрх Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0010 тоот шийдвэртэй танилцаад, уг шийдвэр нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх гаргасан шийдвэртээ дараах үндэслэлүүдийг дурдсан байна. Үүнд:

-Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нь Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэртэй бүхэлдээ, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэртэй тодорхой хэмжээгээр давхцалтай тул хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь тус сум, нутаг орондоо амьдарч байгаа малчдад өвөлжөө, хаваржааных нь газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

-Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т "...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даам, чадавхыг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно" гэж, 52.7-д "Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол  Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно..." гэж тус тус заасан.

-Хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолуудыг үндэслэн гаргаж байсан болох нь хариуцагчийн гаргасан захирамжууд болон хэрэгт авагдсан, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын холбогдох тогтоолуудаар тогтоогдож байгаа бөгөөд эдгээр тогтоолууд хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

-Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий актууд нь үүнээс өмнө буюу 2005-2016 онуудад гаргасан захиргааны актууд тул Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Дээрх үндэслэлүүдээс харахад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах хууль тогтоомжийн үндэслэлүүдийг харгалзан үзээгүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлсэн гэж үзлээ. Үүнд:

1.   Хэнтий   аймгийн   Дэлгэрхаан   сумын   Засаг  дарга   нь   малчдад   өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар олгохдоо тухайн газар нь улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байгааг мэдсээр байж олгосон байх ба энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан "...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна..." гэсэн заалтыг зөрчсөн.

2.   Хэргийн хариуцагч болох Дэлгэрхаан сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан тайлбартаа    "....малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхдээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолуудыг үндэслэсэн..." гэж  тайлбарладаг. ГХБГЗЗГ-ын даргын 2010 оны  11  дүгээр сарын 08-ны өдрийн 497 тоот тушаалаар баталсан "Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал"-ын 1.5 хэсэгт "...Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор байгаа эсэх болон бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй эсэхийг хянаад Засаг даргад уламжилна..." гэж заасан байна. Мөн ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан  Газар эзэмших,  ашиглах эрхийн гэрчилгээ  олгох  журмын   5.2.2  дахь  хэсэгт  "...тухайн   газар   нь   бусдын эзэмшил,   ашиглалтын   газартай   давхцаж   буй   эсэхийг   шалгах, 6.22-т "...бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах..." гэж тус тус заасан байх тул Дэлгэрхаан сумын сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын холбогдох тогтоолууд нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-т "...улсын газар зохион байгуулалт ерөнхий төлөвлөгөөг батлах..." гэж заасны дагуу улсын тусгай хэрэгцээний газрын  газар  зохион  байгуулалтын төлөвлөгөөг батлах  эрх нь Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалагдаж байх ба үүнээс үзэхэд улсын тусгай хэрэгцээний Хэрлэн Баян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах эрх Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд байхгүй байна.

3. Шүүх Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчөөгүй гэдэг гэтэл Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам хүчин төгөлдөр үйлчилж байсан. Мөн 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан Газрын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдээр зохицуулагдаж байсан болно.

4.   Уг маргаанд нийтдээ 58 иргэн гуравдагч этгээдээр татагдсан бөгөөд зарим нь хариу тайлбарыг ирүүлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон байдаг. Гэтэл гуравдагч этгээдээр татагдсан иргэдийн 6 нь иргэн нь итгэмжлэл олгож төлөөлөгчөө томилсон байхад шүүх энэхүү итгэмжлэлийг нийт 58 иргэнийг төлөөлөх эрхтэй итгэмжлэл мэтээр үзсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

5. Газрын тухай хуулийн 16.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Уг хэсгээр Монгол Улсад газрыг улсын тусгай хэрэгцээнд авах харилцааг зохицуулсан бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд Засгийн газар авсан бол түүний хэмжээ,  зааг,  ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх талаар заасан. Өөрөөр хэлбэл улсын тусгай хэрэгцээнд авсан газарт Газрын тухай хуулийн 33.1 дэх хэсэг хамаарахгүй. Гэтэл улсын тусгай хэрэгцээнд авсан газар сумын Засаг дарга шийдвэр гаргасныг хууль ёсны гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 16.1, 18.1.2 дахь заалтад нийцэхгүй гэж үзнэ.

6. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:... 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;..." гэж заасан.  Сумын Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны  акт гаргасан гэж үзэх үндэслэл болно.

7. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн зохицуулалтад улсын тусгай хэрэгцээнд авсан газраас бусад нийтийн эзэмшлийн төрийн өмчийн газарт хамаарна.   Харин  улсын тусгай  хэрэгцээнд  авсан  аймаг дундын  отрын бэлчээр нь энгийн байдлаас өөрөөр буюу гамшигт нэрвэгдсэн мал, малчдад ашиглуулах зорилгоор бэлчээрийн талхлагдалтаас хамгаалагдаж байдаг.

8.   Хэрлэн Баян-Улааны аймаг дундын отрын бэлчээр нь Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэртэй бүхэлдээ, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэртэй тодорхой байдлаар давхацсан захиргааны актыг Засгийн газраас гаргасан нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар ямар нэг нэхэмжлэл, эрх зүйн маргаан үүсээгүй уг шийдвэр хэвээр үйлчилж байна.

Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 127/ШШ2018/0010 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ХХААХҮЯ А Д О Б А З-аас хариуцагч Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг дарга, Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан тосгоны захирагч нарт холбогдуулан “...Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газарт иргэдэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын дээрх газарт нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгосон холбогдох захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн 127/ШЗ2018/0003 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн 63 иргэнийг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШЗ2018/0039 дүгээр захирамжаар 24 иргэнийг гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Гэтэл шүүхээс гуравдагч этгээдээр татагдсан нэр бүхий 87 иргэдээс гуравдагч этгээд Ц.О, Т.Б, Ж.Э, Б.А, Д.Х, Ө.Б, Д,  Б.Б, Ч.И, М.У, Н.О Л.О, Л.Э, Л.Б, О.Э, Л.Б, Э.Т, Б.Д, Ж.О, Г.Ө, Б.Ө, М.Д, Ч.П, Д.Б нарт нэхэмжлэл огт гардуулаагүй, эрх, үүргийг нь тайлбарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй, тэдгээрт эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэл гардуулж, эрх үүрэг тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гуравдагч этгээд нараас гуравдагч этгээд О.А, С.Б, Ц.М, Т.Б, Д.Х, Б.Э, Г.Д, Р.Д, Б.Ө нарт 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, харин бусад гуравдагч этгээд нарт шүүх хуралдааны тов огт мэдэгдээгүй нь тэдгээрт шүүх хуралдаанд оролцож, тайлбар өгөх, мэтгэлцэх зэрэг эрхээ эдлэх боломжгүй болгосон нь анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 Мөн гуравдагч этгээд Д.Б, Н.Б, Б.Ц, З.Б, Л.Б, Б.Т, Б.А нар нь Д.Б-д итгэмжлэл олгосон байхад анхан шатны шүүхээс гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-г гуравдагч этгээд нарыг бүхэлд нь төлөөлөх эрхтэй мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байна.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ “....хариуцагч Дэлгэрхаан сумын Засаг дарга нь малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг үндэслэн гаргаж байсан болох нь хариуцагчийн гаргасан захирамжууд болон хэрэгт авагдсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоолуудаар тогтоогдож байгаа бөгөөд эдгээр тогтоолууд нь хүчин төгөлдөр байгаа” гэж тайлбарласан байх боловч хэрэгт “...сумын 2005-2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол” авагдаагүй байхад шүүхээс ийнхүү дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцээгүй байна.

Тэрчлэн анхан шатны шүүхээс шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 127/ШЗ2018/0011 дүгээр захирамжаар гуравдагч этгээд З.Х, Г.Х, Ц.О, О.Э, Т.Б, Д.О, Г.С, Б.Б, Б.А, Д.Х, Б.Э, Л.Б, Б.Ц, Ц.П, Н.Б, Б.А, Ө.Б, О.Э, Д.Ч, Ж.Э Э.Т, Ц.А, Ж.Ж, З.Б, Ч.Э, Б.Т, Н.Б, Д.А, Ц.С, Ц.Б, Д.Б, Г.Д нарт эзэмшүүлсэн газрууд тус тус аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байх боловч бусад гуравдагч этгээд нарын эзэмшлийн газрыг маргаан бүхий газартай давхцалтай эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг бүрэн шалгаж дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

 

Иймд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, гуравдагч этгээд нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцуулж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                             

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН