Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00027

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Л.Цацралтмаагийн  нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт   холбогдох

            “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 дугаартай “Л.Цацралтмааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг,  нэхэмжлэгч Л.Цацралтмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар  нар оролцов.       

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Цацралтмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/57 дугаартай ажлаас халагдах тушаалыг хүлээж авсан. Энэ тушаалтай танилцаагүй байхдаа ажлаа хүлээлгэж өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан Б.Батбаатараар ахлуулсан Баттүвшин, Дүүрэнжаргал нар ирсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаа хүлээлцэж өгөхдөө бэлд гээд тэр өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас халагдсан тушаалыг надад албан ёсоор гардуулж өгөөгүй. Би төрийн албанд 1998 оноос хойш Олон нийтийн байцаагч гэсэн албан тушаалд цалин байхгүй урамшуулал авдаг байсан үеэс эхлээд ажиллаж байсан. Би төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөөд ТЗ-1 буюу зохион байгуулагчийн албан тушаалд ажиллаж байсан. 2016 он хүртэл Баян-Өндөр сумын Согоот багийн Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан зэрэг ажлуудыг тасралтгүй 18 жил хашсан. Төрийн албанд ажиллаж байх хугацаанд нэг ч удаа ёс зүйн зөрчил гаргаж, иргэдээс нэг ч гомдол санал ирж байгаагүй. Мөн төрийн захиргааны албан хаагчийн дагаж мөрдөх үр дүнгийн гэрээг А, В үнэлгээгээр  үнэлүүлж ирсэн. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа туршлагатай гэдэг үндэслэлээр Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний сум хариуцсан мэргэжилтнээр аймгийн Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан дэвшиж ажиллуулсан. Төрийн албан хаагчийг 2 үндэслэлээр ажлаас нь чөлөөлдөг. Нэг нь сахилгын шийтгэл авсан, төрийн албаны мэргэшлийн үр дүнгийн гэрээ хангалтгүй хамгаалсан, эрүүгийн хэрэгт холбогдсон байх юм бол ажлаас чөлөөлдөг. Миний хувьд тухайн байгууллагын орон тооны бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан боловч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж заасан байгаа.  Миний ажлын албан тушаал байхгүй болоогүй орон тоо нь цөөрч ирсэн. Намайг ямар үндэслэлээр яагаад халсан талаар үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэсэн заалтыг үндэслээд ажлаас халах тушаал гаргасан. Хэрвээ ингэж тушаалаа гаргаж байгаа бол надад 30 хоногийн өмнө хэлэх ёстой. Мөн бүлгээр нь буюу олон хүнийг ажлаас халах гэж байгаа бол тэр хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад 45 хоногийн өмнө  халагдах гэж байгаа хүмүүсийн ахлагчид нь мэдэгдэх ёстой. Өмнө нь сум хариуцсан мэргэжилтэн 25 хүний орон тоотой байсан.  25 хүнийг үнэлгээгээр нь жагсааж болох байсан. Мөн ур чадвар туршлагаар нь жагсааж болох байсан. Тэгээд бүх үзүүлэлтээр нь жагсаагаад та сүүлд нь орсон байна. Ийм учраас чамайг ажлаас халлаа гэж хэлсэн бол өнөөдөр би ингээд зогсохгүй байх. Тиймээс сум хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.” гэв.             

            Хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат шүүхэд гаргасан тайлбартаа:“ ...Нэг. Хөдөлмөрийн хуулийг үндэслэн гаргасан тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн учир 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой байсныг мөрдөөгүй гэсэн талаар: Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалтыг тодотгож хэрэглэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар заалтад “Ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх” гэж заасан, мэргэжилтэн Л.Цацралтмаа нь Төрийн жинхэнэ албан хаагч учир хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаггүй, “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг, ажлаас чөлөөлөх гол үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалт, 27.2.4 дэх заалтуудыг тушаалд үндэслэл болгон авсан. ХХҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/99 тушаалаар тухайн өдрөөсөө томилогдож 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн албан хаагчдын шуурхай хурал дээр бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн талаар танилцуулж, 09 дүгээр сарын 29-ний өдрийн шуурхай хурал дээр сум хариуцсан мэргэжилтнүүдийг биечлэн уулзах даалгавар өгч мэргэжилтэн тус бүртэй уулзаж ажлаас чөлөөлөгдөх талаар мэргэжилтнүүдэд мэдэгдсэн.

            Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын  даргын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2  албан тоотоор Нийгмийн халамж үйлчилгээний газар болгон зохион байгуулж, ажилтнуудыг ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлэх даалгавар ирсэн талаар бүх ажилтнуудад мэдэгдэж цомхотгол хийгдэх талаар анхааруулж байсан.

            Хоёр. Орон тооны цомхотгол хийгдээгүй, тухайн хэлтэс татан буугдаагүй, 10 дугаар сарын 5-ны байдлаар Халамж  үйлчилгээний хэлтэс 13 сум хариуцсан мэргэжилтэнтэй байсан талаар: 2016 оны 07 сарын 21-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байгуулагдаж Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тус яамны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоож, 04 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг зохион байгуулж, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар шийдвэрлэсэн.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ½ албан тоотоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон зохион байгуулж, ажилтануудыг ажлаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан газарт цалингийн сангийн хамт шилжүүлэх албан даалгавар ирсний дагуу албан хаагчдыг шилжүүлсэн. 2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 04 дүгээр сарын 26-ны өдөр А/53, Хөдөлмөрийн сайдын 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 тушаалаар нийгмийн халамжийн хэлтэс нь 16, хөдөлмөрийн хэлтэс нь 9 сум хариуцсан мэргэжилтэнтэй байхаар орон тоо батлагдаж бүтцийн өөрчлөлт хийгдэх үед Нийгмийн халамжийн хэлтэст 15, хөдөлмөрийн хэлтэст 10 нийт 25 сум хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байсан. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тушаалаар сум хариуцсан 15 мэргэжилтэнтэй байхаар орон тоо батлагдаж ирснээр 10 сум хариуцсан мэргэжилтний тоо цөөрсөн.

            Гурав. Ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож өгөх талаар: Байгууллагын орон тоо бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн шалтгаанаар Төрийн албаны тухай болон хөдөлмөрийн хуулийн зохих заалтуудыг зөрчилгүй Л.Цацралтмааг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу биелүүлэх боломжгүй байна.“ гэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Их Хурал, Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу хоёр байгууллагыг нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийсэн. Бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрсөн талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байна. Тиймээс сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнүүдээс орон тоог цөөлөхөөс өөр арга байгаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар манай газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат томилогдон ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай шинэ дарга болон хуучин дарга орон тоо цөөрч ирсэн, яг хэдэн орон тоо ирсэн талаар тодорхой хэлээгүй. Юу ч болоогүй байхад хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэх шаардлагагүй гээд хэлээгүй. Захиргааны хяналтын албаны дарга миний бие өрөөндөө ярилцаад одоо орон тоо цөөрсөн талаар танилцуулъя гэсэн. Манай байгууллагын сум хариуцсан мэргэжилтний орон тоо маш их багассан. Тиймээс 2 байгууллагын ажилтан болон жирэмсний амралтаа авсан 30 гаран хүнээс 15 хүний орон тоотой болсон учраас цомхотгол хийх болсон. Орон тоо нь батлагдаад ирсэн хүмүүсийг саадгүйгээр томилж, сум хариуцсан мэргэжилтнүүдээ сонгон шалгаруулалт хийж авах хэрэгтэй болсон. Тэр үед хэлтсийн дарга бусад удирдах албан тушаалтан болон дэд дарга, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, Захиргаа хяналтын дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга нар томилогдоогүй байсан. Тэд нарыг томилох юм бол авилгатай тэмцэх газраас  ашиг сонирхлын зөрчилгүй болох мэдүүлэг ирнэ.  Энэ бүгдийг хүлээвэл доод тал нь 14 хоног болно. Тэрнээс дээш хугацаа орно. Мөн цалингийн фонд хүрэлцэх эсэх асуудал тулгарч байсан учраас цомхтголоо эхлүүлье гээд тухайн хүмүүсийн ажилласан жил, ажлын туршлага, хөдөлмөрийн гэрээ зэргээр сонгож авна гээд ярьсан байдаг. Байгууллагын боловсон хүчний бодлого түүнийг томилох чөлөөлөх, хөдөлмөрийн харилцааг эхлүүлэх болон дуусгахтай холбоотой асуудал даргын бүрэн эрхийн асуудал байдаг. Иймээс дарга ерөнхийд нь өөрөө шийдвэрээ гаргасан. Нэхэмжлэгч урьдчилан мэдэгдээгүй, хөдөлмөрийн хуулийг баримталсан гэж байна. Хөдөлмөрийн хуулийн заалтыг үндэслэл болгож авсан гол шалтгаан нь хөдөлмөрийн хууль, орон тоо цөөрсөн гэдэг шалтгаанаар захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх заалт, төрийн албаны орон тоо цөөрсөн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх заалт хоёр хоорондоо зөрчилдөөгүй байгаа талаар харуулж, тодотгож л хэрэглэсэн. Түүнээс хөдөлмөрийн хуулийг үндэслэл болгож халаагүй. Ажлаас халагдах тушаал гаргахдаа 45 хоног, 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэж хэлж байна.  Энэ бол хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаггүй. Үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Манай сум хариуцсан мэргэжилтнүүд тухайн үед халамжийн хэлтсийнхэн, Нийгмийн халамжийн албаны даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулж ажилласан. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн халамжийн хэлтсийн захиргаа хяналтын газрын дарга Нэргүй, миний бие бид нар даргатай хуралдаад маргааш өдөр нь шуурхай дээр Х.Эрдэнэбат дарга бүгдэд нь орон тооны талаар танилцуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сум хариуцсан халамжийн мэргэжилтнүүд, бусад мэргэжилтнүүд надтай биечлэн уулзах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Үүний дагуу тухайн өдөр нийгмийн халамжийн мэргэжилтнүүд бүгд Х.Эрдэнэбат даргатай уулзсан. Энэ уулзалтан дээр бүх хүмүүст мэдэгдсэн байдаг.  Ажлаас халагдах тушаал гарсны дараа Л.Цацралтмаа мэргэжилтэн рүү утасдаад тушаал чинь гарсан. Ажил хүлээлцэх комисс томилогдсон байна гэж хэлсэн.  Сум хариуцсан мэргэжилтнүүд долоо хоногт нэг л удаа хэлтэс дээр ирдэг. Тиймээс Л.Цацралтмааг хэлтэс дээр ирэх үед нь тушаалыг нь гардуулж өгсөн юм. Ямар нэгэн байдлаар гэнэт халсан гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Манай байгууллагад Л.Цацралтмаа 2016 оны 03 дугаар сард Баян-Өндөр сумаас туслах түшмэлээс дэс түшмэл болж дэвшин ажилласан. Л.Цацралтмаа ажилтан үр дүнгийн гэрээний дүгнэлтээр  82.3 оноотой дүгнэгдсэн байна. Л.Цацралтмаагаас бага оноотой хүн гэх юм бол Хөдөлмөрийн хэлтсээс ажилд орсон Эрдэнэцэцэг мэргэжилтэн 82 оноотой.  Бусад мэргэжилтнүүд нь Л.Цацралтмаа мэргэжилтнээс ижил буюу дээгүүр оноотой байгаа. Нийт мэргэшүүлсэн сургалтанд хамрагдсан байдлаас үзэхээр Л.Цацралтмаа сургалтад хамрагдаагүй байдаг. Яг хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр Л.Цацралтмаа 2016 оны  03 дугаар сараас ажиллаж эхэлсэн байдаг. Бусад сум хариуцсан мэргэжилтнүүд  4 жилээс дээш ажилласан байдаг. Мягмарсүрэн мэргэжилтэн 3 жил, бусад нь түүнээс дээш үзүүлэлтүүдтэй байдаг. Төрийн албанаас чөлөөлсөн шалтгаан нь орон тоо цөөрсөн учраас ажлаас чөлөөлөхөөс өөр арга байгаагүй. Л.Цацралтмаа мэргэжилтэнг ажлаас нь чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй, хүнийх нь хувьд ялгаварлан гадуурхаагүй. Хуулийнхаа дагуу чөлөөлөх ажил явагдсан учраас Л.Цацралтмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байгаа.“ гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Л.Цацралтмааг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргахдаа хэд, хэдэн хууль зүйн үндэслэлүүдийг зөрчсөн байна гэж үзэж байна. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэхь заалтыг баримталсан. Л.Цацралтмаагийн ажил мэргэжлийн хувьд төрийн албаны тухай хуулийн зүйл заалтанд хамаарах бөгөөд хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт хамаарахгүй. Төрийн албаны хуулиар зохицуулагдаагүй харилцаа байвал Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д  “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэж заасныг тушаал дээр барьсан. Үүнийг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэхь заалтыг  хэрэглэсэн гэж ойлгогдсон. Гэхдээ хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаггүй албан тушаал дээр энэ заалтыг барьж байгаа нь зөрчил гаргаж байна гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 барьж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө хэдэн сарын өмнө мэдэгдэх ёстой ч юм уу гэдэг заалт байдаггүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 заалтанд бүтэц орон тооны хувьд ажлаас халагдаж байгаа бол 1 сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан байгаа. Ажил олгогч маань Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтыг баримталж ажлаас халж байгаа бол 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан байгаа. Байгууллага бүтэц орон тоо цөөрч байгаа талаар 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ямар, ямар ажилчид биечлэн уулзах хэрэгтэй талаар ярилцсан байдаг.  Ажлаас халагдсан тушаал 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан.  Үндсэндээ 7 хоногийн өмнөөс бүтэц орон тооны талаар яригдсан байна. Л.Цацралтмаад та ажлаас чөлөөлөгдөх болж байна гэж мэдэгдээгүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэсэн заалтыг тавьсан байна гэж ойлгож байгаа. Л.Цацралтмаагийн хувьд сум хариуцсан албан тушаалын орон тоо цөөрсөн. Өөрөөр хэлбэл хоёр байгууллага нийлсэн нэг байгууллагаас 9 ажилтан нэг байгууллагаас 16 ажилтан ажиллаж байсан. Нийт 25 ажилтнаас 15 орон тоо батлагдаад орж ирсэн. Тэгээд энэ 25 хүнээс сонгон шалгаруулалт хийгээд 15 хүн үлдсэн эсэх талаар баримт байхгүй, сонгон шалгаруулаагүй байгаа. Тушаалын гол үндэслэж байгаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг баримталсан нь орон тоо цөөрсөн гэдэг үүднээс баримталсан. Энэ заалтыг баримтлахын тулд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-ын “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэсэн заалтыг ерөөсөө баримтлаагүй. Үүнийг хэрэглээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа.  Энэ нь сонгон шалгаруулалт яваагүй юм байна гэдгийг харуулж байна. Албан тушаал дээр томилогдож байгаа байгууллагын нэгдсэн 25 хүний хооронд нь харьцуулж үр дүнгийн гэрээ, мэргэжлийн түвшингийн үнэлгээ зэргээр нь харж ямар хүмүүсийг авч ажиллуулсан юм гэж үзэхээр одоо ажиллаж байгаа 13 хүнээс Эрдэнэцэцэг гэдэг хүн 82 оноотой, Л.Цацралтмаагаас доогуур оноотой байгаа. Тиймээс үр дүн, ажлын ур чадварыг харгалзан үзээгүй нь тодорхой байна. Мөн тухайн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа албан тушаалын орон тоо цөөрсөн бол тухайн албан тушаал эрхэлж байсан албан хаагчийнх л үр дүнг харах ёстой.  Тэгэхээр өөр албан хаагчийг энэ албан тушаалд томилон оруулсан асуудал нь хууль зөрчсөн.  Үүнд Оюунгэрэл, Мөнхдэлгэр, Лхамсүрэн,  Долгормаа нар халамж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба одоо сум хариуцсан мэргэжилтэн 13 хүн дотор ажиллаж байгаа нь хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  Миний ойлгож байгаагаар 15 хүний орон тоон дээр 9 сум хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна. Одоо 6 орон тоо сул байгаа гэж үзэж байна.  4 хүний орон тоо нь жирэмсний амралттай байгаа хүмүүс орно гэж үзэж байгаа. 2 орон тоо ямар ч хүн байхгүй эзэнгүй байгаа. Гэвч энэ орон тоог нөхөөд халамж хариуцсан мэргэжилтнүүдийг оруулж ирсэн нь харагдаж байна. Өнөөдөр халагдсан ажилчин 13 хүн байгаа. 13 дээр Л.Цацралтмаа нэмээд 14 хүнийг сум хариуцсан мэргэжилтнээс халсан байгаа. Сум хариуцсан мэргэжилтнээс 25 хүн байсан 15 орон тоо батлагдаж ирсэн. Тэгэхээр 10 хүн л халагдана гэж ойлгосон.  Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг шууд зөрчсөн нь харагдаж байна. Тиймээс үүнийг харж анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д  төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн талаар заасан байдаг.  Л.Цацралтмаагийн хувьд ажлын туршлага муу, ур чадваргүй талаар ямар нэгэн эрх бүхий байгууллагаас дүгнэлт гараагүй. Л.Цацралтмааг хууль зүйн үндэслэлгүйгээр халсан байна гэж үзэж байна. Тиймээс тушаалыг хүчингүй болгож  өгнө үү.” гэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Цацралтмаа “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 дугаартай “Л.Цацралтмааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  гаргасан. 

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаартай “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” тогтоолоор “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” болгон өөрчилсөн байна. Мөн Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дугаартай тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг байгуулж,  2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/2 дугаартай албан бичгийн дагуу /ХХ-22 хуудас/ Орхон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар тус тус  2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б/36, Б/46  дугаартай тушаалуудаар бүх ажилчидаа Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлэхээр шийдвэрлэхэд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сум хариуцсан нийгмийн халамжийн 16 мэргэжилтэн, Хөдөлмөрийн хэлтэст суманд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан 9  мэргэжилтэн тус тус шилжсэн байна. Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа “Сум хариуцсан мэргэжилтэн”-г 15 байхаар баталсан ба 10 мэргэжилтэний орон тоо цөөрсөн байна.

            Нэхэмжлэгч Л.Цацралтмаа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст сум хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан ба нэхэмжлэгчийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

            Хариуцагч байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбат нэхэмжлэгч Л.Цацралтмааг ажлаас чөлөөлөх тухай дээрхи тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” гэсэн 40 дүгээр зүйлийн 40.1.1 “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эхсүл ажилтны тоог цөөрүүлсэн”  гэж заасныг үндэслэл болгосон нь төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөх байсныг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэж заасан учраас энэ заалтыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохих заалтыг хэрэглэсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан хэдий ч төрийн албан хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд хэрхэн зохицуулахыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т хуульчилсан  байна.

            Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж заасныг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгч Л.Цацралтмааг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 25 сум хариуцсан мэргэжилтнүүдээс хуулинд заасны дагуу хариуцагч Х.Эрдэнэбат ажлын хэсэг томилон, дүгнэлт гаргуулан, дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангасан ажилтаныг сонгох байсан. Гэтэл сум хариуцсан 25 мэргэжилтнийг дүгнэсэн, тэдгээрээс ямар шалгуураар 15 мэргэжилтэнг шалгаруулж авсан нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байгаа нь дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж шүүх үзэхээр байна. 

            Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа 15 ажилтаны 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний үнэлгээгээр нэхэмжлэгчээс доогуур үнэлгээгээр үнэлэгдсэн мэргэжилтэн ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга сум хариуцсан нийгмийн халамжийн 25 мэргэжилтнээс, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 15 сумын мэргэжилтэнг хуулинд заасны дагуу шалгаруулж авах байтал халамж хариуцсан мэргэжилтэн болох М.Оюунгэрэл, Д.Мөнхдэлгэр, Н.Долгормаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Г.Лхамсүрэн нарыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр томилон ажилд авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан /1 дүгээр ХХ-23-26/ баримтуудаар нотлогдож байна.

            Иймээс нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  “Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 дугаартай “Л.Цацралтмааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

           

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1 дэхь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цацралтмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Л.Цацралтмааг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өмнө эрхэлж байсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Цацралтмаагийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 2 сар 8 хоногийн хугацааны цалин хөлс 1.755.368 /нэг сая долоон зуун тавин таван мянга гурван зуун жаран найм/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

           

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Л.Цацралтмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цацралтмаад олгосугай.

 

            4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БОЛОРМАА