Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2017/00328

 

                                                       Д.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00953 дугаар шийдвэр,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2095 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Д.Түмэнжаргал,

Хариуцагч : Онцгой байдлын Ерөнхий газрын хүнсний нөөцийн салбар,

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амармэнд, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие ОБЕГ-ын Хүнсний нөөцийн салбарт ачигч, харуулын албан тушаалд тасралтгүй 40 жил ажилласан. 2014 оны 12 дугаар сард ээлжийн амралтаа авч, амралтын мөнгөө бодуулж авсан. Амарч байх явцад байгууллагаас "та ажлаа хийх үү" гэсэн санал тавьсан. Би амьдрал ахуйн шаардлагаар мөнгө хэрэгтэй байсан тул байгууллагаас тавьсан саналыг хүлээн авч ажилласан. Ингээд ажиллаж байх хугацаанд "Чи сахилгын зөрчил гаргасан, өргөдөл бичиж ир" гэсэн. Би бичиг үсэг мэддэггүй учир нярав н.Арвижихаас зөвлөгөө авахад миний өмнөөс өөрийн хүсэлтээр халагдах өргөдлийг бичиж өгсөн. Нярав н.Арвижихын миний өмнөөс бичиж өгсөн өргөдлийг үндэслэн ажил олгогч ОБЕГ-ын Хүнсний нөөцийн салбар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах 39 тоот тушаалыг гаргасан. Би ОБЕГ-ын Хүнсний нөөцийн салбарын даргын 2014.12.22-ны өдрийн 39 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас халагдах өргөдөл миний хүсэл зоригийн дагуу бичигдээгүй, би бичиг үсэг мэддэггүй, хүсэлтийг нярав н.Арвижих миний өмнөөс бичсэн. ОБЕГ-ын Хүнсний нөөцийн салбарын даргын 2014.12.22-ны өдрийн 39 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал хүчин төгөлдөр бус учир ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Түмэнжаргалыг 2002 оны 26 даргын тушаалын дагуу ачигч, 2013 оны 08 тоот даргын тушаалын дагуу тус байгууллагад харуулын албан тушаалд томилсон байдаг. Тэрээр ээж н.Лхагважав нь хэвтэрт өвчтэй байгаа тул ажлаас чөлөөлж өгнө үү хэмээн 2014.12.18-ны өдөр хүсэлт гаргасны дагуу ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1, 38.1, 39.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл тус шүүхэд гаргасан 2015.6.22-ны өдрийн нэхэмжлэлдээ өөрийн хүсэлтээ үгүйсгэж, 39 тоот даргын тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00953 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, Онцгой байдлын Ерөнхий газрын Хүнсний нөөцийн салбарт холбогдох, Онцгой байдлын Ерөнхий газрын Хүнсний нөөцийн салбарын даргын 2014.12.22-ны өдрийн 39 дүгээр ажлаас чөлөөлөх тушаалыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 8.725.416 төгрөг нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2095 дугаартай магадлал гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00953 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Д.Түмэнжаргалын ажлаас чөлөөлсөн 2014.12.22-ны өдрийн тушаалын огноо засвартай, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д заасан ажлаас халах, ажил хүлээлцэх хугацааг 2014.12.11-ний өдөр гэж заасан тушаал хх 17 хэрэгт нотлох баримтаар авагдсан. Ажлаас чөлөөлөх 39 дүгээр тушаалын огноо засвартай болох нь “...39 тоот тушаалын чөлөөлөх тушаалын зүүн дээд буланд “...он, сар, өдөр” гэсэн бичсэний дээр “22” гэж хөх өнгийн будагчтай бичгийн хэрэгслээр давхарлаж бичигдсэн болох нь шинжээчийн 2016.8.19-ний өдрийн 4842 дугаарын дүгнэлтээр нотлогддог. Иргэний хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч ажлаас чөлөөлөх 39 дүгээр тушаалыг 2014.12.11-ний өдөр гарган, тушаал гаргаснаас хойш 7 хоногийн дараа Д.Түмэнжаргалаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажил олгогч нөхөн бичүүлж тушаалын огноог 2014.12.22-ны өдрөөр засварлан үйл баримт тогтоогдог. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-д заасан “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдгийг “ажил олгогчийн дарамт шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайн ажилтнаас зөвлөн өөрийн хүсэлт зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэж тайлбарласан. Мөн өргөдлийг өөрөө сайн дурын үндсэн дээр бичээгүй гэдэг нь нотлогддог. 2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амармэнд, Г.Амартүвшин нар гэрчээр П.Галсанхпүрэвийг оролцуулах хүсэлт гарган, тэдний хүсэлтийг шүүх ханган 2016.5.26-ны өдөр 102/ШЗ2016/18622 захирамж гаргасан нь шүүхээс явуулсан ажиллагааны баримтын 99 талд нотлох баримтаар авагдсан. Харин гэрчийн мэдүүлэг авахаас татгалзсан бичгээр гаргасан хүсэлт иргэний хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Шүүх 102/ШЗ2016/18622 дугаар захирамжийн биелэлтийг хангалгүй шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Цалингийн тодорхойлолт, 2014 оны ээлжийн амралтын тушаал, 2014.10.01-ний өдрөөс 2014.12.22-ны өдрийг хүртэл хугацааны ажил хүлээлцдэг ропартын дэвтэрийн хуулбар гаргуулах хүсэлтийг шүүх ханган 102/ШЗ2015/22077 дугаарын захирамж гаргасан. Анхан шатны шүүх, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж, шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг хязгаарлан шийдвэр гаргасан байхад, давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв  тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь Онцгой байдлын Ерөнхий газар Хүнсний нөөцийн салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн байна.

Онцгой байдлын Ерөнхий газар Хүнсний нөөцийн салбарын даргын дарга 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 39 дугаартай тушаал /хх 11/ гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсгийг баримтлан Д.Түмэнжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгчийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийг /хх 35/ үндэслэжээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4380 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 81/, нярав Г.Аравжихын шүүхэд гаргасан өгсөн тайлбар /хх 32-33/, гэрч нарын мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Д.Түмэнжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон нь тогтоогдож байх тул энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр тушаалын дагуу нэхэмжлэгч өргөдлөө 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 4, 5 дугаар зүйлд заасны дагуу тэтгэмжийг авсан нь тушаалд гомдол гаргаагүй болох нь нотлогдож байна. /хх 188-197/

Иймд, дээр дурсдан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2016/00953 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2095 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай. 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ