| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2026/00003/И |
| Дугаар | 309/ШШ2026/00217 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2026/00217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******ын *******ын хүсэлттэй
“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2025 оны 10 сарын 16-ны өдөр тус шүүхэд төрсөн хүүхдүүдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргасан. 2025 оны 12 сарын 01-ний өдөр Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 309/Ш32025/05412 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шийдвэр гаргажээ. Иймд "Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно" гэж хуульд заасны дагуу хүсэлт гаргаж байна.
Би *******тай хамт амьдраад хоёр хүүхэдтэй болсон. Бид таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа боловч *******ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах саналтай байна гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 309/ШЗ2025/05412 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ц.*******ын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, бусад бичгийн баримт, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан түүний оршин суугаа газрын шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.******* /утас: *******/-т мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ