| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2026/00072/И |
| Дугаар | 309/ШШ2026/00218 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2026/00218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Булган сумын ХБАнгид 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дагалдан нягтлан бодогчоор ажилд орж, улмаар тус ХБА 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хоршоо болон өөрчлөгдсөн тул чөлөөлөгдсөн билээ. 1991 оны 12 сарын 01-ний өдрөөс Хоршооны ерөнхий нягтлан бодогчоор ажилласан ба тус Хоршоо мөн татан буугдсанаар 1994 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Энэ ажилласан тухай Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн боловч Булган сумын ХБАнгийн архив шатсан, баримт бичгүүд нь аймгийн архивт шилжиж ирээгүй байна. Иймд намайг 1989 оны 04 дүгээр сарын 01-ээс 1991 оны 11 дүгээр сарын 15-н хүртэл Булган сумын ХБАнгийн нягтлан бодогчоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган сумын Хэрэглээний хоршооны ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Би шүүхэд гаргасан хүсэлтээ бүрэн дэмжиж байгаа. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ХАА-н Техник мэргэжлийн дунд сургуулиас олгосон ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 66 тоот албан бичиг, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******, ******* нарын тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.******* нь ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал, шийдвэр болон цалин авч байсан тухай баримт зэрэг нь архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ХАА-н Техник мэргэжлийн дунд сургуулиас олгосон ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 66 тоот албан бичиг, нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх *******, ******* нарын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ын ******* /*******/ нь 1989 оны 04 дүгээр сарын 01-ээс 1991 оны 11 дүгээр сарын 15-н хүртэл Булган сумын ХБАнгийн нягтлан бодогчоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган сумын Хэрэглээний хоршооны ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул хүсэлтийг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, Суврагчин овогт *******ын *******гийн 1989 оны 04 дүгээр сарын 01-ээс 1991 оны 11 дүгээр сарын 15-н хүртэл Булган сумын ХБАнгийн нягтлан бодогчоор, 1991 оны 12 дугаар сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэрэглээний хоршооны ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ