Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00094

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч А.Золжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цид холбогдох 1832000000085 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Ихтамир суманд 1970 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах,  * оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, тал цус харвасан, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Галсанцэрэнгийн Ц. /РД: */

 

           Шүүгдэгч Г.Ц нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны Зуунмод гэдэг газарт байрлах өөрийн гэртээ 2018 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд хохирогч Д.Мзг хувийн таарамжгүй харьцааны улмаас модон сандлаар толгойн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цийн өгсөн…. ... 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр сүүгээ өгөх гэж хөдөөнөөс төв рүү эхнэр Нм, Лхагва нарын хамт орж ирсэн. Тэгээд сүүгээ тушаачихаад орой нь хөдөө гэр лүүгээ харих замдаа хохирогч Мзгийнд орсон. Мз гэртээ байхгүй байж байгаад нилээн согтуу хүрч ирсэн. Та юм авчирсан уу гэж Мз асуухаар нь би нэг шил архи гаргаж өгөөд бид хоёр хувааж уусан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Шөнө 23-24 цагийн үед би гэртээ орондоо ороод унтах гэж байтал Мз орж ирсэн. Тэгэхээр нь би түүнд чи яагаад унтахгүй байна харьж унт гэсэн чинь би харихгүй таны өвөрт эхнэр та хоёрын чинь голоор унтана гэж хэлээд миний биеийг илээд дотоож барьж аваад хөнжил хуу татаад байхаар нь уурлаад модон сандал аваад шидсэн чинь толгойн тус газарт нь оносон чинь гараад явчихсан. Тэгээд би араас нь очиход Мз би цагдаа дуудчихлаа гээд сууж байхаар нь гэртээ буцаад ирсэн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Мзгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт 16 цагийн орчимд Дарьтад хөрш байсан хүмүүс ирж хамтдаа 1 шил 0.5 литрийн Хараа архи ав ирснийг нь хувааж уусан. Тэр хүмүүс 18 цаг өнгөрч байхад гэр лүүгээ буцсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Би Цийн тугалыг нь хашаад байж байтал Ц төвөөс эхнэртэйгээ ирсэн. Ц манайд орж ирэхдээ урд айлын Лхагва гэж хүнтэй хамт ирсэн. 0.5 литрийн архи авирсныг нь хувааж уусан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тасарчихсан байсан. Би толгойгоо хагалуулаад өөрийн эгч Эс руу утсаар хэлсэн. Нэг мэдсэн цагдаа эмч ирсэн байсан. Өөр зүйл санахгүй байна.... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Гэрч М.Нмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Манай нөхөр Заяагийн гэрт үлдсэн. Лхагва намайг Заяагийн гэрт байхад гэр лүүгээ харьсан. Би бас гэр лүүгээ явж үнээгээ саасан. Үнээгээ саагаад дуусч байтал оройн 23 цаг өнгөрч байхад Заяа манай гэрт орж ирсэн. Би үнээгээ сааж дуусчихаад гэртээ ортол Заяа манай нөхрийн унтаж байсан орны урд суучихсан байсан. Би гэртээ ороод зурагт үзээд нөхрийнхөө хажуугаар орж хэвтсэн. Тэгтэл Мз би та хоёртой хамт унтана гээд дайраад байсан. Тэгтэл манай нөхөр гэнэт уурлаад Заяа руу сандал аваад шидсэн. Би тэгэхээр нь босоод хувцсаа өмсөөд гэрээсээ гараад машиндаа ороод суусан. Цаашаа юу болсныг мэдэхгүй. Нөхөр маань Заяа руу араас нь очиход Заяа цагдаа дуудсан байна гэж манай нөхөр Доржоо хэлээд гэртээ буцаж ирсэн. Тэгээд байж байтал эмнэлэг цагдаа ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 114 ...... Дүгнэлт:

1.Д.Мзгийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.   

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 12 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/

Г.Цийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 33 дугаар хуудас/

Г.Ц нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 34 дүгээр хуудас/

Хохирогч Д.Мзгийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт  /Хх-н 06, 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Г.Ц нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны Зуунмод гэдэг газарт байрлах өөрийн гэртээ 2018 оны 07 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчимд хохирогч Д.Мзг хувийн таарамжгүй харьцааны улмаас модон сандлаар толгойн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Г.Цийн хохирогч Д.Мзгийн толгойн тус газарт модон сандлаар нэг удаа цохисон үйлдэл нь хохирогчийн би та хоёртой хамт унтана гэж хөнжлийг нь хуу татсан хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Хохирогч Д.Мзгийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Г.Цийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Мз нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см өндөртэй, 30 см өргөнтэй бор өнгийн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигин овогт Галсанцэрэнгийн Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 30 см өндөртэй, 30 см өргөнтэй бор өнгийн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Цид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН