Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00027

 

Б.*******гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Насанжаргал, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00652 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянхонгор сум 9 дүгээр баг 7 дугаар гудамж 8 тоотод оршин суух Анч овогт Баяжихын *******гийн нэхэмжлэлтэй

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэрэгт прокурор П.Мөнхтуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, ахлах прокурор П.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.

Хүсэлт гаргагч Баяжихын *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1936 онд Баянхонгор аймагт төрсөн. Миний аав Ё.Юндэнг 1938 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр улс төрийн хэрэгт баривчилж миний бие өөрийн ээж, 2 ах, 1 эгчийн хамт үлдэж байсан гэдэг. Удалгүй ах, эгч, ээж нар нас барж, ээжийн ах дүү нар намайг өсгөсөн. Аав 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 47-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж буудуулсан. Энэ хэргийг Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр магадлалаар цагаатгасан. Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаар шүүхийн шийдвэрээр миний биеийг Ёндонгийн Юндэнгийн хүү мөн болохыг тогтоосон. Иймд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговор 80.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Ахлах прокурор П.Мөнхтуяа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгасан бол орон сууц, гэр олгохоор заасан байна. Гэтэл нэхэмжлэгч Б.*******гийн эцэг болох хэлмэгдэгч Е.Юндэн нь хэлмэгдэх явцдаа ямар нэгэн эд хөрөнгө хураалгаагүй болох нь Тагнуулын Ерөнхий Газрын 2018 оны 11 сарын 02-ны өдрийн 05/6564 дугаартай албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаагаар тогтоогдож байх тул Б.*******д 80.000.000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Б.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын Санхүү тасгаас 80.000.000 /Наян сая/ төгрөгийг гаргуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ё.Юндэнгийн төрсөн хүү, ВЭ36102477 регистрийн дугаартай, Анч овогт Баяжихын *******д олгож, Хүсэлт гаргагч Б.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ахлах прокурор П.Мөнхтуяа гаргасан давж заалдах гомдолдоо:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ёндонгийн Юндэн нь Өвөрхангай аймгийн Эрдэнэцогц сумын харъяат, /одоогийн Баянхонгор аймаг/ лам, Даяны хүрээнд сууж байсан. Ёндонгийн Юндэнг Онцгой Бүрэн Эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр цаазаар авах ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хэлмэгдэгч Ё.Юндэнгийн төрсөн хүү болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 тоот шийдвэр, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/6564 тоот лавлагаа зэргээр тогтоогдсон, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах. тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т: хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөх олговорыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нөхөн олговорыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

Б.******* нь Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаарт нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтанд орж нийтэд мэдээлэгдсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар эүйлийн 13.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговорыг олгоно” гэж заасан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан хэлмэгдэгчдэд гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгасан эсэхийг нь харгалзан нөхөх олговор олгох тухай зохицуулалт биш болохыг дурьдах нь зүйтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.1-д эаасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид болон хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл орон сууц олгохоор заасан байгаа.

Хуулийн 23.1-д Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.*******гийн хувьд түүний эцэг болох Ё.Юндэн нь 1938 онд хилс хэрэгт хэлмэгдэх явцдаа ямар нэгэн эд хөрөнгө гэр орон сууцаа хураалгасан баримт байхгүй буюу хураалгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/6564 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байхад шүүхээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан этгээд эд хөрөнгөө хураалгаагүй нь түүнд нөхөн олговор олгохоос татгалзах үндэслэл биш буюу хэлмэгдсэн хүн бүрт олгохоор дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь илтэд үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг удирдлага болгон Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00652 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ёндонгийн Юндэн нь Өвөрхангай аймгийн Эрдэнэцогц сумын харъяат, /одоогийн Баянхонгор аймаг/ лам, Даяны хүрээнд сууж байсан. Ёндонгийн Юндэнг Онцгой Бүрэн Эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47-р зүйлээр цаазаар авах ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь хэлмэгдэгч Ё.Юндэнгийн төрсөн хүү болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41 тоот шийдвэр, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/6564 тоот лавлагаа зэргээр тогтоогдсон, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т: хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөх олговорыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нөхөн олговорыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

Б.******* нь Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаарт нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтанд орж нийтэд мэдээлэгдсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар эүйлийн 13.2-т “..Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговорыг олгоно..” гэж заасан нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан хэлмэгдэгчдэд гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгасан эсэхийг нь үл харгалзан нөхөх олговор олгох тухай зохицуулалт юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хуулийн зохицуулалт нь хэлмэгдэгч, хэлмэгдэгч өөрөө байгүй бол нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол тухайн орон нутгийн засаг захиргааны зүгээс орон сууц олгоно гэсэн заалт болно.

Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар орон сууц авч чадаагүй улс төрийн хилс хэрэгт цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөн олговор авах эрхтэй байна.

Хэлмэгдэгч Ё.Юндэнг хэлмэгдүүлэх явцад гэр орон сууцыг нь хураасан тухай баримт байхгүй, гэрийг нь хураасан эсэх нь тодорхойгүй байна. Ё.Юндэнг цаазаар авах ялаар шийтгүүлсэний дараа үлдэж байгаа ар гэрт нь /эхнэрт нь/ орон сууц олгоогүй болох нь Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад нотлох баримаар тогтоогдож байна. Хэлмэгдэгч Ё.Юндэнгийн ар гэрт нь, эхнэрт нь орон сууц олгоогүй болох нь тодорхой байгаа нөхцөлд хэлмэгдэгч Ё.Юндэнгийн төрсөн хүү Б.*******д 80 сая төгрөгийг нөхөн олговорт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “..Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг олгоно..” гэсэн заалт нь цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн ар гэрт, эхнэр /нөхөр/-т орон сууц олгох, хэрэв орон сууц олгоогүй бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн, болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд 80 сая төгрөгийг олгох хуулийн зохицуулалт болно.

Хэлмэгдэгч нь 1938 онд хэлмэгдэх явцдаа гэр орон сууцаа хураалгасан эсэх нь тодорхойгүй, тогтоогдохгүй байгаа нөхцөлд, өөрөөр хэлбэл хэлмэгдэгч гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгаагүй байна гэж шүүх дүгнэлт өгөх боломжгүй байгаа нөхцөлд хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн үлдэж байгаа ар гэрт нь төрөөс орон сууц олгох хуулийн зохицуулалт хэрэгжих үндэслэл болно.

Прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо зохигчийн нэгэн адил эрх,үүрэгтэй талуудын тэгш эрхийн, мэтгэлзэх зарчимд үндэслэж хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэл тайлбартайгаа холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй нөхцөлд шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор П.Мөнхтуяагийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор П.Мөнхтуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ  Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 Л.НЯМДОРЖ