| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 182/2017/00790/И |
| Дугаар | 210/МА2017/01693 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2017/01693
| 2017 07 26 | 1693 |
Б.Болормаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01346 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Бодьмонгол ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажилтны төлбөр зохих татварт 261 400 төгрөг төлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Болормаа нь Бодьмонгол ХХК-д 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл ресепшнээр ажиллаж байсан болно. Тухайн компанид нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Нэг сарын цалин 300 000 төгрөг бөгөөд 24 цаг ажиллаад 48 цаг амардаг. Захирал Баасансүрэн, Энхсайхан нар таалагдахгүй хүнээ халдаг гэж 2017 оны 03 сарын 04-ний өдрийн хурал дээр хэлж байсан. Хүнийг ажил төрөлдөө хэр байна гэдгээр дүгнэхгүй өнгөцхөн байдлаар харж, хүний худал хэлснээр дүгнэж таалагдахгүй гэсэн шалтгаанаар халдаг. Мөн хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгдөггүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 3.10-т заасны дагуу бичгээр гэрээг цуцлах өргөдөл өгөөгүй байхад халсан, 2.5-д заасны дагуу ажлын байрны нөхцөлд хүмүүсийн дулаан байх орчин нөхцлийг хангаж ажиллаагүй. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Бодьмонгол ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэгч нь Бодьмонгол ХХК-д 2016 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан зочид буудлын хүлээн авагчийн ажилд ажилласан. Ажиллах хугацаандаа нэг удаагийн ээлжинд буудлын өрөөнд хоносон үйлчлүүлэгчийн өрөөний төлбөрийг хувьдаа завшсан байдал нь илэрч, сануулга авч байсан. 2017 оны 03 сарын 05-ны өдөр Б.Болормаа нь Бодьмонгол ХХК-ийн удирдлагад цаашид ажиллаж чадахгүй боллоо, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа талаар хэлсэн ба өөрийн гараар хүсэлтээ бичиж өгсөн байсныг нь тухайн өдрийн ажилчдын хурал дээр захирал Баасансүрэн танилцуулж, шалтгааныг нь тодруулж байсан болно. Ингээд тухайн өдрөө Б.Болормаа нь ээлжнээс буугаад явсан ба 03 сарын 07-ны өдөр компани дээр ирээд захирал Баасансүрэнгээс өөрийн хөдөлмөрийн гэрээний хувийг авах гэсэн юм гэхээр нь Баасансүрэн нь өөрөө завгүй байсан учир зохион байгуулагч Дагиймаад хөдөлмөрийн гэрээг нь хувилж өгөхийг зөвшөөрсөн байна. Үүний дагуу Дагиймаа Б.Болормаагийн хувийн хэргийн хавтаснаас хөдөлмөрийн гэрээг хувилж байх хооронд Б.Болормаа нь өөриин хувийн хэрэг дотроос өөрийнхөө гараар бичиж өгсөн ажлаас гарах өргөдлөө хулгайлж авсан байсан. Бодьмонгол ХХК-ийн хувьд Б.Болормааг өргөдөл өгснийх нь дараа ажлаас чөлөөлөх шийдвэр, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар огт санаачлаагүй байсан бөгөөд одоо ч түүнийг ажлаас нь чөлөөлөөгүй байгаа. 2016 оны 09 сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Харин хэн ч ажлаас нь халаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байхад учир нь үл олдох шалтгаанаар ажилдаа ирэхгүй алга болоод тэр битгий хэл ажлаасаа гарна гэж бичсэн өргөдлөө хулгайлж авчихаад ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Харин ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын тухайд бол тус компани нь ажилчдынхаа нийгмийн даатгал, татварыг цалингаас нь суутгаж, төлдөг бөгөөд Б.Болормаа нь ажилд орсон цагаасаа л нийгмийн даатгал төлмөөргүй байна, гар дээрээ цалингаа бүтнээр авмаар байна гэж хүссэн бөгөөд компанийн удирдлагуудын зүгээс нийгмийн даатгал төлбөл ач тустай байдлынх талаар өчнөөн тайлбарласан боловч ойлгоогүй. Тэгэхээр нь хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин болох 300 000 төгрөгийг нь бүтнээр нь түүнд олгож байсан. Харин одоо шүүхэд ийм шаардлага гаргаж байгаа бол Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтны өөрөө төлөх ёстой 10 хувийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх юм бол компанийн зүгээс төлөх ёстой 11 хувийн даатгалыг нөхөн төлж, бичилтийг хийж өгч болно гэжээ.
Хариуцагч Бодьмонгол ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д даатгуулагч болон ажил олгогч хуульд заасан хувь хэмжээгээр cap бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр заасан бөгөөд хуулийн энэ заалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Болормаа нь 2016 оны 10 сараас 2017 оны 02 сарыг дуустал ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, цалин нь 1 560 000 төгрөг бөгөөд үүнийгээ бүтнээр нь гартаа авчээ. Гэтэл түүний дээрх хуулиар төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл нь 156 000 төгрөг байхаар байна. Үүнээс гадна Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар ажил олгогч Бодьмонгол ХХК-ийн нэхэмжлэгч Б.Болормаагийн 2016 оны 10 сараас 2017 оны 02 сарыг дуустал ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, цалингаас нь суутгах ёстой байсан татварын хэмжээ нь 105 400 төгрөг байх бөгөөд энэхүү 2 төрлийн суутгалын нийлбэр дүн нь 261 400 төгрөг байна. Дээр дурдсан 2 төрлийн суутгалыг ажилтны хөдөлмөрийн хөлс, цалингаас нь ажил олгогч нь суутгаж, төрийн холбогдох байгууллагад төлөх хуультай хэдий ч нэхэмжлэгч Б.Болормаагийн хүсэлтээр суутгалгүйгээр түүнд хөдөлмөрийн хөлсийг бүрэн хэмжээгээр гарт нь олгосон тул нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэхэд Нийгмийн даатгалын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгч Б.Болормаагаас 2016 оны 10 сараас 2017 оны 02 сарыг дуустал ажилласан хугацаанд түүнд олгосон хөдөлмөрийн хөлс, цалингаас суутгагдаагүй олгогдсон 261 400 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Болормаагийн тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх үндэслэл байхгүй бөгөөд Бодьмонгол ХХК-аас хүлээх ёстой үүрэг юм. Б.Болормаа цалингаа гар дээр бүтнээр авмаар байна гэсэн байдлыг нотлох баримт байхгүй байна. Бодьмонгол ХХК-ийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн тайлан, жагсаалтаас харахад зарим ажилчдын нийгмийн даатгал төлөгдөөгүй, зарим ажилчдыг төлсөн харагддаг. Бодьмонгол ХХК-ийн байнгын ажлын байранд ажиллаж байгаа бол зайлшгүй ажилчдын нийгмийн датгал төлөх ёстой. Тэр бүү хэл хугацаатай ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж орсон ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь хариуцагчийн үүрэг юм. Иймээс сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Болормааг Бодьмонгол ХХК-ийн зочид буудлын зочин угтагч /ресепшн/-ийн ажилд эгүүлэн тогтоож, Бодьмонгол ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 1 050 000 төгрөгийг гаргуулж Б.Болормаад олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б.Болормаагийн дээрх олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн даатаглын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Бодьмонгол ХХК-д үүрэг болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1-д зааснаар Б.Болормаагаас 261 400 төгрөг гаргуулж Бодьмонгол ХХК-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Болормаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Бодьмонгол ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн 10 000 төгрөгөөс төлбөл зохих 8 492 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 1 508 төгрөгийг хариуцагч Бодьмонгол ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч Б.Болормаагаас 8 492 төгрөг гаргуулж хариуцагч Бодьмонгол ХХК-д олгож, хариуцагч Бодьмонгол ХХК-аас 29 750 төгрөг гаргуулж улсын төсөвт тус тус оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг ямар шалтгаанаар үнэлээгүй нь тодорхойгүйн дээр нэхэмжлэгчийн ажлаас гарна гэсэн хүсэлтээ өгсөн хүсэл зоригийг нь харгалзалгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн
үдэслэлгүй гэж үзэж байна. Б.Болормааг ажлаас нь халаагүй, хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй байхад учир нь үл олдох шалтгаанаар ажилдаа ирэхгүй алга болоод тэр битгий хэл ажлаасаа гарна гэж бичсэн өргөдлөө хулгайлж авч явчихаад ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж, түүнийг нь шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын тухайд анхан шатны шүүхийн шийдвэрлэсэнээр Нийгмийн даатгалын тухай хуулиар ажилтны өөрөө төлөх ёстой 10 хувийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх юм бол компанийн зүгээс төлөх ёстой 11 хувийн даатгалыг нөхөн төлж, бичилтийг хийж өгч болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч Бодьмонгол ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажилтны төлбөл зохих татварт 261 400 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны буюу албан тушаалын нэр, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тусгаагүй байх боловч нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Бодьмонгол ХХК-д зочид буудлын хүлээн авагчаар, сарын 300 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн гэж тайлбар гаргаж, уг байдлаа гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно гэж үзэж байгаа боловч шүүхэд нэхэмжлэгчийн ажлаасаа чөлөөлөгдөх тухай бичгээр гаргасан өргөдлийг ирүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан шаардлагаас үзэхэд ажилтны гаргасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл нь ажил олгогчийн ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөлгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн баримт байх бөгөөд хэрэгт нэхэмжлэгч Б.Болормаагийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдөл авагдаагүй байна.
Хариуцагчийн хүсэлтээр тус компанид зочид буудлын хүлээн авагч ажилтай С.Ариунаа, зохион байгуулагч ажилтай Б.Дагиймаа, үйлчлэгч ажилтай Б.Ундралмаа нар нэхэмжлэгч Б.Болормаа нь ажлаас халагдах өргөдөл өгсөн эсэх талаар гэрчүүдийн мэдүүлэг өгсөн боловч тэдний Б.Болормаа ажлаас халагдах өргөдөл өгсөн, өргөдлийн агуулгыг уншаагүй, хувийн хэргээс өргөдлөө авсан байсан гэх мэдүүлэг нь нэхэмжлэгч ажлаас өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас халагдах өргөдөл гаргасныг нотлохгүй байхын зэрэгцээ хариуцагчийн удирдлага дор ажиллаж байгаа гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажилтныг ажлаас халсан үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх шаардлагатай. Хариуцагч байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаагүй атлаа ажилтны эрх ашгийг хөндөж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүйг ажлаас халсантай адилтгаж үзнэ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулах, хуульд заасан хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талууд маргаагүй.
Хариуцагчийн 2016 оны 10 дугаар сараас хойшхи ниймгийн даатгалын шимтгэлд ажилтны төлбөл зохих 261 400 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.МӨНХЗУЛ