| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0308/э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 10.1.2, |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Т.Мижиддорж,
иргэдийн төлөөлөгч Д.П-,
шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ц.Г-,
хохирогчийн өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн Б овогт Э-ын А-т холбогдох эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хорих ял эдлэхээс чөлөөлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ын А
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туулын хөвөө хотхоны 486 байрны баруун талын дулааны шугамын худагт Ж.Э-ыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байхад нь онц харгис хэрцгийгээр ахуйн зориулалттай газаар зодож амь насыг нь хохироосон,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүрийн байрны баруун талын дулааны шугамын худагт хохирогч А.Г-ийг талийгаач Ж.Э-ыг өмөөрсөн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Шүүгдэгч Э.А-аас: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны шөнө Э- бид нар архи ууж байтал гаднаас У- орж ирсэн. Э-, Б-, захын Г- бид хэд шил, лааз түүхээр гарсан. Түүсэн шил, лаазаа “Жанчивлан” гэдэг нэртэй түүхий эд авдаг газар тушаагаад мөнгөөрөө архи аваад худагт ирээд ууж байтал Э- намайг 50 гр, 100 граммаар аягалаад байна гэж хэлсэнээс маргаан үүссэн. Би Э-г ахуйн хэрэглээний газаар толгой руу нь нэг удаа цохисон. Харин Г-ийг би огт цохиогүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Э.Э-ын: “...нас барсан Ж.Э- миний 3 дахь дүү би айлын том хүү. Ж.Э-тай 2017 оны намар хамгийн сүүлд уулзсан. 2-3 жилийн өмнөөс гэртээ амьдрахгүй найз нарынхаараа амьдарч байсан. Яг хаана амьдарч байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/
Гэрч Э.Т-ийн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Э-, Г-, Б-, А- нар ундааны сав, лааз түүхээр гарсан би траншейндаа унтаад үлдсэн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад Г- ах ганцаараа согтуу орж ирсэн. 16 цаг өнгөрч байхад А-, нас барсан Э-, Б- нар орж ирсэн. Тэгээд тэр хэд цахилгааны залгуур, сагсаны бөмбөг аваад буцаад гарсан. Тэгээд А-, нас барсан Э-, Б-, Г- ах нар 20 цаг өнгөрч байхад 2 шил архитай согтуу байдалтай траншейнд орж ирсэн. Тэгээд бид хэд архи хувааж ууж байхад А- нас барсан Э-д хандаад чи У- эгч Б- ах хоёрыг тасарсан байхад зодсон биз дээ банди минь гээд хэрүүл хийсэн. Тэгэхээр нь би А-ыг болио яахын бэ гэсэн. Тэгсэн А- та нарыг яаж зодсон билээ би наад бандийг чинь ална гээд босоод ирсэн. Тэгээд би салгах гэсэн дийлэхгүй байсан. А- босч ирээд шууд нас барсан Э-ы нүүр лүү нь өшиглөөд дээрээс хөлөөрөө дэвсээд үснээс нь зулгааж босгож ирээд хана мөргүүлээд байсан. Тэгээд хайруулын таваг барихаар нь хайруулын тавгыг А-аас булааж аваад паарны цаагуур шидсэн. Тэгсэн А- тортой өлгөсөн байсан гааз аваад нас барсан Э-ы толгой нүүр лүү зөндөө цохиод байсан. Тэгээд архи уугаад сууж байсан чинь А- хайруулын тавга аваад нас барсан Э-ы нүүр лүү цохиод байсан. Тэгээд би Г- ахад би дийлэхгүй юм байна цагдаа дуудлаа гээд гараад явсан. Би гарч цагдаад дуудлага өгчихөөд ороод ирсэн чинь Г- надад чамайг гарсаны дараа дахиад нас барсан Э- бид хоёрыг зодсон гэж хэлсэн. Тэгээд Г- хөөе Э- үхчихсэн юм биш үү амьсгалахгүй байна гэхээр нь би нас барсан Э-ы хөл рүү өшиглөсөн чинь хөдлөхгүй байсан. Тэгсэн А- худлаа худлаа жүжиг тасарчихсан байгаа гэсэн. Тэгээд Г- ах бид хоёр нас барсан Э-ы гарнаас барьсан чинь гар нь хүйтэн байсан. Тэгээд би гараад цагдааг тосож аваад буцаад нөгөө газраа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/
Гэрч Т.Б-ийн: “...Би траншейнд амьдраад 3-4 жил болж байна. Би Хан-Уул дүүргийн 15-р хороо Цэлмэг хотхоны Амар дэлгүүрийн хажуу дахь траншейнд 15 хоног амьдарч байгаа ба тэнд цагаан сарын битүүний урд өдрөөс найз Алтанцэцэгийн Г-ийн хамт амьдарч байна. 2018 оны 02 дугаар сарын 24-ны өдөр У- ирээд явсан. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр У- Ялаатай уулзана гэж орой яваад удалгүй хүрээд ирсэн. 2018 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 15 цагийн үед Г- ах, талийгаач Э-, А- бид дөрөв шил лааз түүхээр траншейнаас гарч Цэлмэг хотхоны байрнуудын хогоор явж шил лааз цуглуулсан. Мөнгөөрөө 2 шил 0.75 граммын Хандгай архи авсан. Замдаа 1 шил архиа уусан ба 1 шил архийг нь траншейнд ирээд У-ын хамт уусан. У- бие нь өвдөөд байна гээд бараг уугаагүй. Тэрээр толгой өвдөөд байна гэсэн учир түүнд бид нар өвчин намдаах эм авчирч өгсөн. Архиа ууж дуусгаад би унтсан. Хэдэн цагт унтсанаа мэдэхгүй байна. Тэгтэл цагдаа нар ирээд намайг сэрээсэн. Би хувцасаа өмсөөд траншейнаас гарч ирсэн. Сэрэхэд миний баруун талд Г- ах, Г- ахийн хажууд талийгаач Э- хэвтэж байсан. А- тусдаа хэвтэж байсан. Цагдаа дээр ирээд Э- нас барсныг мэдсэн. Юу болсныг мэдэхгүй байна согтоод унтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/
Гэрч А.Г-ийн “2018 оны 02 дугаар сарын 26-нд 11 цагийн үед Э-, Б-, А- бид дөрөв лааз шил түүхээр траншейнаас гарсан. Хогон дээрээс архины үлдэгдэл олж ууцгаасан. Тэгээд бид нар Хандгай нэртэй 0.75 граммын 3 шил архи авч замдаа 1 шил архийг нь дөрвүүлээ уусан. Үлдсэн 2 шил архиа аваад траншейндаа ирэхэд У- ирчихсэн байсан. Тэгээд авчирсан 2 шил архиа уусан. Тэгээд би унтсан. У- намайг дуудаад байсан ба тэрээр Г- ахаа Э- сонин болчихсон байна, гар нь хүйтэн царай нь сонин болчихсон байна гэхээр нь түргэн дуудаач гэж хэлсэн. Тэгтэл А- хажуунаас наадах чинь үхэхгүй гурав цохилт даахгүй юм байна гэж хэлсэн. У- утсаараа түргэн болон цагдаа руу залгасан. Цагдаа ирээд траншейнд гэрэл тусгахад траншейн нил цус болчихсон, хайруулын таваг хэлбэрээ алдсан, уусан архины шил хагарсан байсан. Тэгээд би толгойгоо бариад үзэхэд цус гарчихсан, зүүн нүд хавдчихсан юм харж чадахгүй байсан. Түргэн ирээд миний толгойг боож өгсөн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирж байна. У- намайг сэрэхэд Э- баруун талд Б- зүүн хойно унтаж байсан. Миний санаж байгаа нь хүн намайг цохиод би гараараа нүүрээ хааж байснаа санаж байна. Одоо бодоход би ухаан алдсан юм шиг байна. Одоо миний 2 нүдний уг, зүүн хавирга, толгой, 2 гар хавдаад өвдөж байна, хамар хөндүүр байна. 2 гарын сарвуу хавдсан, толгой хавдсан, зүүн нүд юм харахгүй хавдсан байна. Би нэлээн согтоод унтсан. Ер нь юу ч санахгүй байна. Ямар ч байсан хүн намайг цохиод гараараа халхалж байснаа санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд
-2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 07-25 дугаар хуудас/,
-2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Э.А-, Т.Б-, А.Г-, Э.Т- нарын биед / хх-ийн 26-57 дугаар хуудас /
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 573 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2736 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 1726 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 86-90 дүгээр хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2737 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 2718 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2743 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2742 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 3195 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 3682 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 120-123 дугаар хуудас/,
-Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчийн мэдүүлсэн мэдүүлгүүд
Сэжигтэн Э.А-ын “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10.00 цагийн орчимд Б-, Э- , А-ийн Г- /Г-/ бид дөрөв хуванцар лаазаа түүгээд 8.800 төгрөгөөр Жанчивлан нэр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг дунд голын урд байдаг түүхий эд авах төв дээр тушаагаад байж байтал Э- бүгдээрээ шараа тайлах уу гэж хэлсэн бид нар бүгд зөвшөөрөөд Арьс ширний хашаанд байдаг улаан тоосгон дэлгүүрээс 8.500 төгрөгөөр нутаг нэртэй 1 литрийн архийг авч Улаанбаатар сувиллын хашаан дотор Б-, Э-, захын Г- бид дөрөв хувааж уусан ингээд бид нар дахин хуванцар түүх гээд Оргил худалдааны төв, Цэлмэг 87 дугаар байр, гэгээн өглөө зэрэг байруудаар тойрч бид нар хуванцараа түүгээд Жанчивлан түүхий эд авах газарт 17-18 мянган төгрөг болж 19-н үйлчилгээний төвийн хүнсний дэлгүүрээс Хандгай нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 3 шил архи худалдаж аваад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Туулын хөвөө хотхоны 36 дугаар байрны урд талд байрлах траншейнд 19 цаг өнгөрч байхад Э-, Б-, захын Г- бид нар очиход У- /Э-ы Төгөлдөр/ ганцаараа хэвтэж байсан. Тэгээд бид нар архиа хувааж уухаар болж намайг сөн түш гэж хэлээд би аягалж тэр хэд архи уусан би архинаас нь 100 грамм уусан. Тэгсэн Б- яагаад архи бага хийж явуулаад байгаа юм гэсэн чинь У- явуулдагаараа явуулж байна ш дээ тэгсэн Э- ална шүү пиздаа минь яагаад бага явуулаад байгаа юм бэ томроод байхаар нь зүгээр байгаарай Э- гуай гэсэн тэгсэн У- аниагийн дүү ална шүү гэсэн тэгсэн захын Г- ална шүү босоод ирэхээр нь зүгээр байгаарай Б-, Э-, У- гуай энэнээс хойш тэвчиж чадахгүй шүү гэж хэлсэн. Аль дээрээс Э-, Б-, захын Г-, У- нар дээрлэхээд байсан юм. Тэгээд намайг Э- гараагаа бөөр лүү цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд Э-г чи эмэгтэй хүнийг гараараа цохьдог юм байна лээ гээд гаазны лаазаар Э-гийн хацар нүүр хэсэгт 2 орчим удаа цохиж хана мөргүүлж, дараа нь хөлөөрөө Э-г өшиглөж дээрээс нь зодоод амарч байгаад дахиж зодоод 2-3 цаг орчим болсон байх, захын Г- урьд өмнө намайг дарамталдаг байсан учир гаазны лаазаар Г-гийн толгойн хэсэг нэг удаа цохьсон. Тэгээд У- гарч тамхины иш түүнэ гээд 2 удаа гарсан. Г- Э-гийн гарыг барьж үзээд гар нь хүйтэн байна ямар хүйтэн юм гэж хэлсэн. У- зүгээр л байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр Э-г нас барсанг мэдээд У-д хандаад цагдаагаа дууд эмнэлгээ дууд гэж хэлсэн. У- өөрийнхөө утсаар цагдаад энд хүн нас барсан байна гэж дуудлага өгсөн” , “Э-, Б-, У-, Г- нарын бүтэн нэрийг мэдэхгүй” , “Урьд өмнө Э- намайг дээрлэхээд намайг 2-3 удаа өшиглөж цохиж байсан. Өнөөдөр Э- намайг ална шүү миний шархтай бөөр лүү цохьсон. Тэгэхээр нь уурандаа Э-г цохиж өшиглөсөн”, “ Эхлээд гаазаар Э-гийн нүүр шанаа хавьд нь 2 удаа цохиж 20 орчим удаа цээж, гэдэс хэсэгт өшиглөж, гараараа 2 удаа нүүр хэсэгт цохьсон” , “ Тухайн үед У- хараад байж байсан. Г- хэвтэж байсан, Б- мухарт унтаж байсан. Б-г би цохиж зодоогүй, У-ыг цохиж зодоогүй, Г-г гаазаар толгойн хэсэгт нэг удаа цохьсон” , “ Би өдрийн архинаас 100 грамм уусан. Э-, Г-, Б- нар уусан. Оройны архинаас би уугаагүй Э-, Б-, У-, Г- нар уусан”, “ Би урьд өмнө 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил хорих ял авч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шоронгоос суллагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:
-Шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 197 дугаар хуудас/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138 дугаар хуудас/
-Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх-ийн 143 дугаар хуудас/
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар 11-ний өдрийн 530 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 181-186 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.А-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Туулын хөвөө” хотхоны 486 байрны баруун талын дулааны шугамын худагт Ж.Э-ыг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байхад нь онц харгис хэрцгийгээр ахуйн зориулалттай газаар зодож амь насыг нь хохироосон,
Мөн 2018 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Хан-Уул дүүрийн 15 дугаар хороо Туулын хөвөө хотхоны 486 байрны баруун талын дулааны шугамын худагт хохирогч А.Г-ийг талийгаач Ж.Э-ыг өмөөрсөн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ын мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/, хохирогч А.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/ гэрч Э.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/, гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/, гэрч А.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 07-25 дугаар хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Э.А-, Т.Б-, А.Г-, Э.Т- нарын биед/ / хх-ийн 26-57 дугаар хуудас /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09- ний өдрийн шинжээчийн 573 дугаартай шинжээчийн дүгнэлт
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2736 дугаартай “Нас барсан Ж.Э-ы хувцас гэх хар хөх өнгийн урдаа цахилгаантай юүдэнтэй цамц, бор саарал өнгийн урдаа цахилгаантай цамц, хөх өнгийн хилэн өмд, хар өнгийн тэлээ, цагаан канттай хар биеийн тамирын өмд, улаан цагаан судалтай нэхмэл цамц,цагаан футболк, богино түрийтэй саарал үдээстэй гутал, саарал түрийвч, цагаан өнгийн төмөр сав зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2743 дугаартай “Хэргийн газраас хураан авсан гэх 2 бариултай никель өнгийн төмөр мэт хувин, 2 ширхэг газны сав, никель өнгийн төмөр бариул, дөрвөлжин хээтэй цайвар өнгийн дэр, цайвар саарал дэр,ягаан өнгийн дэрний уут 2 ширхэг, саарал өнгийн цахилгаантай цамц, хөх ягаан өнгийн алчуур, бор саарал ноосон малгай,цэнхэр эрээн уранхай хөнжил зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 3195 дугаартай
1.А.Г-ийн биед дээд уруул, хэл, зүүн гарын долоовор хуруунд шарх, зүүн нүдний дээд зовхи,доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, хамар, баруун гарын сарвуу, зүүн гарын сарвуу, зүүн дунд хурууны шивнүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээр гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.А- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 282 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. /хх-ийн 125-126 дугаар хуудас/,
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг, “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг тус тус хамааруулж ойлгодог болно.
Тухайн нөхцөлд хэргийн хохирогч Ж.Э- амь хохирох үедээ хүнд зэргийн согтолттой, биед нь олон тооны шарх гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 573 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан “...Талийгаачийн цогцост толгойн хуйх, нүүрний хэсэг дэх олон тооны шарх зулгаралт, хамрын ясны ил хугарал, баруун чамархай, шанаа, чихний дэлбэн, зүүн чихний дэлбэн, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн сарвуунд шарх, зулгаралт,баруун мөр,дал, бугуй, сарвуунд цусм хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” “...хохирогч Ж.Э- нь “Химийн шинжилгээгээр цусанд 4,0 промилли, ходоодны шингэнд 5,2 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...”, мөн “Шинжилгээнд ирүүлсэн “Алтанцэцэг Г-” гэж хаягласан цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байна” зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Э.А- нь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байхад нь онц харгис хэрцгийгээр ахуйн зориулалттай газаар зодож амь насыг нь хохироосон, мөн хохирогч А.Г-ийг биеэ хамгаалж чадахгүй байхад нь онц харгис хэрцгийгээр ахуйн зориулалттай газаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирсон тул шүүгдэгч Э.А-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г-ээс шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн дотор эрхтэнд өөрчлөлт, гэмтэлгүй гэж дүгнэлт гарсан. Талийгаачийн биед учирсан олон тооны гэмтэл нь учрах үедээ шууд амь насанд аюултай шинж байгаагүй. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хүнд гэмтэл учруулж түүний улмаас хохирогч нас барсан гэх зүйл ангиар зүйлчлэх байсан гэж үзэж байна...” гэж мэтгэлцсэнийг дээрх үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан байна.
Иймээс амь нас нь хохирсон Ж.Э-г оршуулахтай холбоотой гарсан зардалд нэхэмжилсэн 4.547.950 төгрөгийг шүүгдэгч Э.А-аас гаргуулж нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-, А.Г- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч шүүгдэгчээр тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж нийт 160 /нэг зуун жар/ хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Э.А-ын эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн куртика 1 ширхэг, малгайтай хар хөх өнгийн цамц 1 ширхэг, улаан цагаан судалтай ноосон цамц 1 ширхэг, цагаан цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн оймс 2 хос, үдээстэй бор гутал 1 хос, хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн 1 хос гутал улаан өнгийн газ 2 ширхэг, цагаан өнгийн хайруулын таваг 1 ширхэг, хайруулын тавагны бариул 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.