Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00086

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00083

 

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02814 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Ц , Д.Т нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 53 331 076.04 төгрөг гаргуул, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяандагва

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ц , Д.Т нар нь Төрийн банк ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 69 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж 54 500 000 төгрөгийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.34 хувь, жилийн 4.08 хувийн хүүтэй зээлийг 180 сарын хугацаатай, сар бүрийн 26-ны өдөр зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээлэн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75 дугаар байрны 216 тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-2204047295 дугаарт бүртгэлтэй, 58.82 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Мөн зээлдэгч нар нь 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 69/1 дугаартай орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн үндсэн хүүг сарын 0.67 хувь, жилийн 8 хувь гэж өөрчилж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 736 хоногийн зээлийн хугацаа хэтрэлтийн зөрчил үүсгэж, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 52 336 821,04 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 53 331 076,44 төгрөг болж нэмэгдэн компанийг хохироосоор байна. Төрийн банк ХХК-ийн зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн зөрчлийг арилгах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн боловч шаардлагыг үл хүндэтгэн хохирол учруулсаар байна.

Иймд зээлдэгч Т.Ц , Д.Т нараас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 45 019 931,81 төгрөг, зээлийн хүү 8 189 351,72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121 792,49 төгрөг, нийт 53 331 076,44 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний дүү Д.Тунгалаг нь Төрийн банк ХХК-д ажиллаж байгаад хүнд өвчний улмаас 2017 оны 6 дугаар сард нас барсан. Тэрээр орон сууцны зээлтэй байсан. Уг зээлд Д.Т миний бие хамтран зээлдэгч байсан нь үнэн болно. Миний дүү Д.Болормаа нь талийгаач дүүтэй хамт амьдарч асарч тойлж байсан бөгөөд одоо уг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хорооол, 75 дугаар байрны 216 тоотод амьдарч байгаа. Д.Болормаа уг байрны төлбөр тооцоог дуусгаж өөрийн нэр дээр авах зорилготой тул энэ асуудлыг түүнтэй ярьж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Ц нь тус байранд амьдардаггүй. Тухайн үед нагац эгчдээ туслан хамтран зээлдэгч болон гарын үсэг зурсан. Түүний охин Т.Мишээл нь надтай хамт амьдардаг. Би өөрөө 3 хүүхэдтэй, гэртээ хүүхдүүдээ асардаг тул өр төлбөр төлөх боломжгүй болно. Тус байранд амьдарч байгаа Д.Болормаа, Т.Дөлмандах нар нь уг төлбөрийг төлж байрандаа амьдрана гэж зөвшилцсөн билээ гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Ц , Д.Т нараас 45 017 002,29 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 314 074 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 517 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц , Д.Т нараас нийт 453 235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 204.1.2-д үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан... гэж заасан нь үүрэг дуусгавар болох үндэслэл байна. Зээлдэгч Д.Тунгалаг нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Дээрх хуулийн заалтаар 2013 онд Д.Тунгалаг Төрийн банк ХХК хооронд хийсэн зээлийн гэрээ дуусгавар болох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Д.Т , Т.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 53 331 076.44 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 69 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Төрийн банк ХХК нь 54 500 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 20.40 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.Тунгалаг, Д.Т , Т.Ц нар нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-10-12/ Уг гэрээнд 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж, зээлийн хүүгийн хэмжээг жилийн 8 хувь болгон багасгажээ./хх-18-19/

Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 54 500 000 мөнгийг шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх-31,32,159,160/

Зохигчид дээрх үйл баримт болон зээлийн үүргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс биелүүлээгүй зөрчсөн гэдэгт маргаангүй, харин хариуцагч нар дүү Д.Тунгалагт тус болох зорилгоор гэрээ байгуулсан, мөнгийг ашиглаагүй, тэрээр нас барсан учир орон сууцанд амьдарч байгаа дүү Д.Болормаа хариуцана, бидэнд хамааралгүй гэх үндэслэл заан, маргажээ.

Зээлдэгч Д.Тунгалаг нь Төрийн банк ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр орон сууц худалдан авахад ашигласан, тэрээр өвчний улмаас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр нас барсан үйл баримт зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, орон сууцны зээлийн өргөдөл, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байгаа хэдий ч зээлийн гэрээний харилцаа Төрийн банк ХХК, Д.Тунгалаг, Д.Т , Т.Ц ын нарын хооронд үүссэн. Хариуцагч Д.Т , Т.Ц нар хамтран зээлдэгчийн хувьд гэрээний 3.3.1-д зааснаар зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, гэрээний бүх нөхцлийг мөрдөх үүргийг хүлээсэн байх тул тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. /хх-11/ Иймээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж, хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Д.Т , Т.Ц нараас зээлийн үүргийг шаардах эрхтэй учир зээлдэгч Д.Тунгалаг нас барснаар үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч Д.Тунгалагийг нас барсан 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8 314 074 төгрөгийг нэхэмжлэгч банк үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн үүргээс хасч тооцон, үлдэх хэсэг болох 45 017 002 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа нь зээлийн эрсдлийн сангаас зээлийг хаах боломжтой гэж маргадаг төдийгүй энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүсэлтээр нэхэмжлэгч Төрийн банк ХХК-аас талийгаач Д.Тунгалаг тус банкны зээлийн эрсдэлийн санд даатгал төлж байсан эсэх баримт шаардахад талийгаач Д.Тунгалаг даатгал төлж байгаагүй болохыг мэдэгдсэн албан бичиг ирүүлжээ. /хх-83,109/ Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Д.Тунгалагийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 75 байр, 216 тоотод байрлах 58.82 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх16-17/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Тунгалагийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд зохигчид маргаангүй учир давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/02814 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 453 235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД