Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 362

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг

            улсын яллагч Б.Гүнсэл,

            шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ын Б-т холбогдох 000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа гутал засварт ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-уул тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б-ын Б-.

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө  Хан-Уул дүүргийн гудамжинд Б.Г-ийг явж байхад нь араас нь татаж унаган хүч хэрэглэн довтолж, “Самсунг жи-7” загварын гар утсыг дээрэмдэж бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Б-: “ Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэв

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Г-ийн: “... Гудамж руу өгсөөд нэг их хол яваагүй байж байтал араас нэг хүн хүзүүн доогуур гараа оруулаад араас татаж унагасан.. ...намайг газар унасаны дараа тэр хоёрын нэг нь миний өмсөж явсан куртикны энгэрийн халаас руу гараа хийгээд халаасанд “Самсунг Жи-7” маркийн гар утсыг минь авсан... ...Явж байхад араас гараар миний хүзүүг ороож боож унагаасан. Миний куртикны дотор талын халааснаас  миний гар утсыг авсан. Нэг хүн боогоод гар утсыг авсан уу, эсхүл нэг нь боогоод хоёр дахь гар утсыг авсан уу гэдгийг мэдэхгүй байна. Араас боох үед би сандарч ухаан балартсан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас, 27-28-р хуудас/

Гэрч Б.Б-ын “… Г- ах шөнө 00 цагийн үед ирсэн. Г- ах ирээд гудамжинд явж байх замд араас танихгүй хүн боогоод гар утасаа алдсан гэж хэлсэн. Г-  ахын өмсөж явсан хувцас нь хойд талаараа тэр чигээрээ тоос шороо болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ ,

Гэрч Б.Б-гийн “… би уг өөрийн ашиглаж буй хар өнгийн Самсунг Жи 7 маркийн хар  өнгөтэй 2 сим карт уншдаг гар утсыг 2018 оны 04 дүгээр сарын 14 ний өдөр өөрийн төрсөн дүү Б-ээс авсан юм. Б- надад та гар утас авах юм уу гэхээр нь би ямар утас юм гэсэн чинь энэ утсыг гаргаж ирсэн юм. Тэгээд Б-ээс би чи надад хэдэн төгрөгөөр өгөх юм гэсэн чинь гайгүй ээ би таньд 150.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч С.Т-гийн “…114 дүгээр сургуулийн урд талд байдаг “Мини маркет” дэлгүүрийн хойд талын гудамжны ойролцоо ирэх үед Б- ах эндээ зогсож бай гээд гудамжаар дээшээ алхсан. Өндөр нуруутай ах энэ гудамжаар дээшээ явж байсан. Б- ах намайг зогсож бай гээд намайг зогсоогоод өөрөө энэ ах руу очсон. Б- ах очоод энэ эрэгтэй хүнтэй зууралдаад байсан. Энэ хүнийг Б- ах татаад унагаасан. Энэ хүн газарт газарт унасан байхад гар утсыг нь авсан. Ах намайг гүйгээрэй гэсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

 “Дамно” ХХК-ын 2018 оны 05  дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-181-330 дугаартай “… Самсунг Жи-7 гар утсыг 560.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44-р хуудас/

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Б.Б-ийн “…би 2018 оны 04 дүгээр  сард  байсан, өдөр хоногоо санахгүй байна, орой 00 цаг өнгөрч байсан байх.  Утасаар яриад явж байхад нь хойноос нь татаж унагаагаад гар утсыг нь аваад  явсан. Би хойноос нь куртик, цамц хоёроос татаад газарт унагаасан. Куртикний гадна халаасанд байсан гар утсыг  нь авсан. Би энэ гар утсыг маргааш нь эгч Б-д 150 мянган төгрөгөөр зарсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 54-57-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 62 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө  Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхын 14 дүгээр гудамжинд иргэн Б.Г-ийг явж байхад нь араас нь татаж унаган хүч хэрэглэн довтолж, “Самсунг жи-7” загварын гар утсыг дээрэмдэж бусдад 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас, 27-28-р хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, насанд хүрээгүй гэрч С.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, “Дамно” ХХК-ын 2018 оны 05  дугаар сарын 16-ны өдрийн ХУ2-181-330 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44-р хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Г-ийн хохирлыг барагдуулсан буюу гар утсыг хүлээлгэн өгсөн /эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-15-р хуудас// талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх, шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгч барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  тал бүрээс нь харгалзан шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.

           

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.