Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 07 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  О овогт Б-ийн А  

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-уул дүүргийн цогцолбор хороололд иргэн Б.Н-д Хан-Уул дүүргийн тоотод байх түрээсийн байранд оруулж өгнө гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Н-аас дансаар болон бэлнээр нийт 1.750.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.А-гаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогчоос  мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч Б.Н-ын “… Би А-д” түрээсийн байранд орох хүсэлтэй байгаа талаараа хэлтэл “надад ТОСК-д таньдаг хүн байгаа, байр суларвал чамд би хэлье” гэж хэлсэн. Гэтэл энэ өдрөөс хойш 2-3 хоногийн дараа А- утсаар яриад “нөгөө юм чинь бүтэхээр болсон шүү, тоотын байр суларсан шүү, ТОСК-н ажилтан Д- гэдэг хүнтэй яриадхъя” гэж хэлсэн. Маргааш нь А- надруу залгаад “би Д-тэй уулзлаа, бүтэхээр болсон шүү,мөнгөө бичиг баримттайгаа бэлдээд бүтэн сайн өдөр гэхэд бэлдээд надад өгөөрэй” гэж хэлсэн. Мөн тухайн өдөр би уулзаад А-гаас анкет авсан. Намайг “1,250,000 төгрөг бэлдээрэй, бас би зуучлалын хөлс 500,000 төгрөгөө авна шүү” гэж хэлж байсан. Ингээд уг өдрийн маргааш нь А- надруу залгаад надад өгөх 500,000 төгрөгөө өгчих гэхээр нь би өөртөө байсан 300,000 төгрөгийг бэлнээр нь өөрийнх нь гэрт өгсөн. Намайг мөнгө өгөх үед ямар нэгэн хүн байгаагүй. Мөн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А- утсаар яриад “үлдэгдэл мөнгөө өгчих” гэхээр нь би бэлэн мөнгөний машин /АТМ/-с А-гийн Төрийн банкны 0000000000000000 гэсэн дансруу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн үүний дараа 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А- над руу дахин утасаар яриад “бичиг баримтаа,түрээсийн мөнгөтэйгөө хамт өгчих” гэж хэлэхээр нь А-гийн гэрт очиж бичиг баримт болон 1,250,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд би А-д нийтдээ 1,750,000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгчихөөд байгаа юм. Гэтэл А- нь ТОСК-н ажилтан Д- гэх хүнийг огт танихгүй, мөн уг хүнтэй уулзаагүй болох нь цаг хугацааны дараа тодорхой болсон. Ингээд би ТОСК-д ажилладаг Д- гэдэг хүнтэй уулзаад үзэхэд А- нь намайг хуурч залилан мэхэлж байсан нь тодорхой болсон. Ер нь цаг алдаад яахав гэж бодоод өргөдөл гаргадаг өдөр Д-ийг дагуулаад А-гийн гэрт очоод хэн хэнийхээ нүүрийг харж байгаад асуухад А- надад худлаа хэлж надаас мөнгө авснаа хэлсэн. Д- гэдэг залуу ч нэр төрөө сэргээнэ гээд тэр өдрөө шууд цагдаа дээр бүгд хамт ирсэн. Д-ийг ТОСК-д ажилладаг бөгөөд өөрөө Д-ийг таньдаг, ажил дээр нь очиж уулзахад байр суларсан гэж хэлсэн. Мөн түрээсийн мөнгөө бичиг баримтын хамт өг гэж байна гэх мэтээр надад хэлж байсан. Гэхдээ бүгд худлаа юм байна лээ... А- надад миний Голомт банкны 000000000 тоот дансаар 450,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо  үлдэгдэл 1,300,000 төгрөгийг А-гаас нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

-Гэрч Д.Д-ий “… Тэгээд надад хэлэхдээ “1015 дугаар байрны 36 дугаар тоотод байр суларсан байна, энэ хүмүүс манай СӨХ-д мөнгө төлөх учиртай байсан боловч төлөөгүй байна ” гэж хэлсэн. Хариуд нь би “Энэхүү айл хугацаат түрээсийн мөнгө төлөөгүй, шаардлага хангаагүйн улмаас гарсан байгаа ” гэдэг хариултыг өгөөд явуулсан. Өөрөө би уулзаж учраагүй. Энэ талаар би сонсоод өөртэй нь нүүрэлдсэн чинь худал хэлсэн гэдгээ хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

Гэрч Б.О-ийн “...Би Н-тай А-гийн гэрт нь очиж уулзахад А- нь “1015 дугаар байрны 36 тоотод нэг  байр гарч байгаа, бүтээгээд өгнө өө” гэж хэлж байсан... Гэтэл сүүлд Н- над руу залгаад “би тэр А-д чинь мөнгөө өгчихсөн чинь байраа бүтээхгүй байна ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А- уу залгаад “Н- над руу залгаад байна, тэр байрыг нь бүтээж өгнө гэсэн яасан бэ” гэхэд “удахгүй ээ, өнөө маргаашгүй орно маш найдвартай битгий санаа зов, 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байрандаа орчихно” гэж хэлж байсан. Гэтэл өчигдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал Н- 21 цагийн орчим утсаар яриад намайг “гараад ир” гэхээр нь би гэрээс гартал Н- нэг  танихгүй залуутай зогсож байсан бөгөөд тэр хүн нь ТОСК-д ажилладаг Д- гэдэг хүн байсан юм байна лээ. Дараа нь шууд А- руу залгаад дуудаад гараад иртэл нөгөө Д- гэдэг хүнтэй А- Н-ын байрны талаар огт ярьж хэлээгүй байсан. Ингээд л А- Н-аас худал хэлж мөнгө авснаа хүлээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг

Яллагдагч Б.А-гийн “... Би бусдаас мөнгө худал хэлж авсан гол шалтгаан нь гэвэл нөхрийн хагалгаа болон эмчилгээний  зардалд мөнгө хэрэгтэй  болоод л Н-аас тоот байранд оруулж өгнө, мөн ТОСК-д ажилладаг Д- гэдэг хүнийг таньдаг гэж хэлээд 1.750.000 төгрөгийг авсан. Миний хувьд Н-аас худал хэлж мөнгө авсан нь үнэн. Тухайн үед би ТОСК-д ажилладаг Д- гэдэг хүнтэй уулзсан боловч Н-ыг дээрх тоотод оруулна гэж яриагүй байсан. Ийм худал зүйл ярьж бусдаас мөнгө авсандаа харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 29 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/

-Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж  Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Хан-уул дүүргийн цогцолбор хороололд иргэн Б.Н-д Хан-Уул дүүргийн тоотод байх түрээсийн байранд оруулж өгнө гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.Н-аас дансаар болон бэлнээр нийт 1,750,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.Д-ий мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/, гэрч Б.О-ийн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

      Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Б.А-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

      Иймд шүүгдэгч Б.А-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

    Шүүхээс шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.   

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Б.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Н-д 1.750.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ /хх-ийн 67 дугаар хуудас/ бичгээр ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй болно.