| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 182/2016/01014/И |
| Дугаар | 210/МА2017/01692 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2017/01692
| 2017 07 26 | 1692 |
Хера экуйпмэнт ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01298 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Хера экуйпмэнт ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Мон лаа ХХК-д холбогдох
Гэрээний үүрэг, алдангид 152 254 034 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.
Нэхэмжлэгч Хера Экуйпмент ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Мон Лаа ХХК-тай 2015 оны 06 сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот түрээсийн гэрээ, мөн 2015 оны 07 сарын 02-ны өдөр нэмэлт хэлцэл, 2015 оны 07 сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. ХЭ15/103 тоот түрээсийн гэрээгээр Мон Лаа ХХК-д R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сар буюу 320 мото цагийн хугацаатай, мөн 2015 оны 07 сарын 02-ны өдрийн нэмэлт хэлцэлээр HL780-сериалтай техник, R300LC-9S #0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цагийн хугацаатай тус тус түрээслүүлэх, Мон Лаа ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Хера Экуйпмент ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд дээрх техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Мон Лаа ХХК нь дээрх техникүүдийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн боловч, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул түрээсийн төлбөр, алданги шаардаж байна. Мөн гэрээний 7.5, 7.6, 7.7 дах заалт болон гэрээний онцгой нөхцлийн 4 дэх заалтад түрээслэгч талын хариуцах зүйлд операторын ажлын хөлс, байр хоол, түлш, газартай харьцах эд анги, экскаваторын шанага, шүд, дугуйт ачигчийн дугуй болон засварын зардал, бутлуурын түргэн элэгдэх эд анги /шүд хуяг/, шигшүүрийн түргэн элэгдэх эд анги /тор/, өдөр тутмын тос, тосолгоо, тоног төхөөрөмжийн тээвэр зардлыг хариуцахаар тохиролцсон тул эдгээр зардлыг түрээсийн төлбөрт нэмж тооцсон. Дээрх техникүүдийн түрээсийн төлбөрийг MS19D #0357 сериалтай шигшүүрийн түрээсийн төлбөр 2015 оны 06 сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг хүртэл хугацааны /10 хоног/ 12 488 666 төгрөг, МС110Я #0205 сериалтай бутлуурын түрээсийн төлбөр 2015 оны 06 сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг хүртэл хугацааны /10 хоног/ 25 605 066 төгрөг, HL780-7 сериалтай тавто ачигчийн түрээсийн төлбөр /7 хоног/ 7 161 666 төгрөг, SL765 #0283 сериалтай авто ачигчийн төлбөр 2015 оны 06 сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 сарын 10 хүртэл 4 931 206 төгрөг, R480 LC-9S гинжит экскаваторын төлбөр 2015 оны 06 сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг хүртэлх 12 938 350 төгрөг нийт 63 124 956 төгрөг, 2015 оны 07 сарын 02-ны өдрийн нэмэлт хэлэлцээр нэмж түрээслүүлсэн HL780 #0559 сериалтай техникийн үнэ нэг хоногийн түрээс 1 127 666 төгрөг, R300LC-9S гинжит экскаваторын төлбөр 2015 оны 07 сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг хүртэлх хугацааны 4 710 183 төгрөг нийт 5 837 850 төгрөг, эдгээр техникүүдийг тээврийн зардал, сэлбэг засварын зардал операторын зардал зэрэг бусад зардалд 16 000 000 төгрөг нийт 84 996 306 төгрөгийн төлбөрийн тооцоотой байна. Тус компанийн зүгээс түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ба Мон Лаа ХХК нь ХЭ15/103 тоот түрээсийн гэрээний төлбөрт 84 996 306 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9, 10 сард төлнө гэж хариу өгч байсан. Түрээсийн төлбөрийн тооцоо нийлж, актаар баталгаажуулсан. Гэрээний 7.5 дах заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тоног тутамд 0.5 хувийн алданги 42 498 153 төгрөг, нийт 127 494 459 төгрөгийг, 2015 оны 07 сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн төлбөрөөс 13 673 050 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 8.3-д заасны дагуу алданги 6 836 525 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, Хера Экуймент ХХК-ийн охин компани Майн технологи марк ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөг, нийт 152 254 034 төгрөгийг хариуцагч Мон Лаа ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Мон Лаа ХХК-ийн тайлбарт: Хера Экуйпмент ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 06 сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот гэрээ, 2015 оны 07 сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан. ХЭ 15/103 тоот түрээсийн гэрээгээр R480LC-9S 0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сар бюу 320 мото цагийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компани тус компаниас техникүүдийг түрээслэхэд бутлуур, шигшүүрийн хүчин чадлыг тооцоолоод өөрт байсан техникүүдийн хүчин чадлыг хүрэхгүй гэж үзэн нэмж экскаватор, авто ачигчийг түрээсэлсэн ч бутлуур болон шигшүүрийн сул зогсоолтоос шалтгаалаад түрээсийн техникүүд тухайн хугацаанд сул зогсолттой байсан. Дараа нь төлөвлөгөөнд тусгагдсанаа биелэлттэйгээ харьцуулан үзэхэд техникүүд нь 30 хувьд ч хүрээгүй ажилласан байсан. Улмаар ажиллаж эхэлснээс хойш доголдолтой байсан учраас арга буюу 10 орчим хоног ажиллаж сул зогссон тул буцаан хүлээлгэн өгсөн. Бутлуур 320 мото цаг буюу 73 299 600 төгрөг, шигшүүр нь ажиллаагүй байхад 320 мото цаг буюу 36 278 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин сэлбэгийн төлбөр 13 673 050 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, Хера Экуйпмент ХХК-ийн охин компани Майн технологи марк ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мон Лаа ХХК-иас 149 335 109 /нэг зуун дөчин есөн сая гурван зуун гучин таван мянга нэг зуун ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хера Экуйпмент ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 918 925 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хера Экуйпмент ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 919 225 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Мон Лаа ХХК-иас 904 626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хера Экуйпмент ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 07-ны өдрийн 182/ШЗ2016/04852 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлгийг бодитоор дүгнээгүй. Учир нь гэрч түрээсийн тээврийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн хүлээн авсан, ажилласан цаг хугацаа, мото цаг зэргийг бодитоор дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан. 149 335 109 төгрөгийг гаргуулах шийдвэрийг гаргасан боловч хүү тооцооллыг бодитоор дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрэлж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Хера экуйпмент ХХК нь хариуцагч Мон лаа ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг, алдангид 152 254 034 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон, шүүхээс маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 сериалтай авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0337 сериалтай шигшүүрийг 3 сарын хугацаатай түрээслүүлэх, хариуцагч нь сард 180 758 600 төгрөг төлөхөөр, 2015 оны 07 сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээгээр R300LC-9S #0263 сериалтай гинжит экскаватор техникийг нэг сарын хугацаатай түрээслүүлэх, хариуцагч нь 18 188 500 төгрөг төлөхөөр,
2015 оны 07 сарын 10-ны өдөр сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь R2900LC-3 сериалтай экскаваторын сэлбэгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь сэлбэгийн үнэ 18 103 500 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцжээ.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний болон, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Хера Экуйпмент ХХК нь гэрээний зүйл болох R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 сериалтай авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0337 сериалтай шигшүүр, R2900LC-3 сериалтай экскаваторын сэлбэгийг хариуцагч Мон Лаа ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, техник хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2015 оны 07 сарын 10-ны өдрийн сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гинжит экскаваторын сэлбэгийн үнэ 18 103 500 төгрөгөөс 13 673 000 төгрөг, техник засварын хөлс 1 850 000 төгрөг, Майн технологи марк ХХК-иас худалдан авсан сэлбэгийн үнэ 840 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч нь түрээсийн гэрээний зүйлийг ашигласан хугацааны төлбөр 84 996 306 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Хера Экуйпмент ХХК-ийн шаардах хуудас, түрээсийн техникийн тооцоо, Мон Лаа ХХК-ийн 2016 оны 06 сарын 07-ны өдрийн 01/212 тоот албан бичиг зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.
Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж гэрээний 7.5 дахь хэсэгт тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй, шүүхээс алдангийн талаар гаргасан тооцооллыг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь түрээсийн гэрээний зүйл болох бутлуур, шигшүүр нь ажиллаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлоогүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 149 335 109 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2 918 925 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мон Лаа ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
А.МӨНХЗУЛ