Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0228

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0228

Улаанбаатар хот

 

 

Б.Д нарын нэр бүхий иргэдийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

хянасан тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Д.Б, С.О, Н.О, Б.Д, Б.Я итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Д.Т, Т.Э, Н.А, Г.А өмгөөлөгч Б.Г, Б.Д өмгөөлөгч Ц.Б, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, С.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0677 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.А, Д.Т, Т.Э, Н.А болон Б.Я итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгч нэр бүхий 12 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Д нарын 98 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Б.Д нарын нэр бүхий иргэд 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/16, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0677 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Д.Д нарын 98 нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Г.Б нарын 8 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Т болон Д.Ч нарын 5 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С.О нарын Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох, С.Б нарын 27 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Т.Б Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох, М.С нарын 19 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ө.Ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 дугаар захирамж, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч М.О, Н.О, Д.Б, Г.А, Д.Т, Т.Э, Н.А, Б.Я нарын нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгох, нэхэмжлэгч Д.А, Э.Г, Ц.А нарын нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626 дугаар захирамжийг хүчингүй болгох, нэхэмжлэгч Т.Ч, Ч.С, Ж.Л, О.Э, Д.М нарын нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн зөөврийн байгууламжийн түц-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Д.Т, Т.Э, Н.А, Г.А, Б.Я итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхээс бидний нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжуудын зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч биднийг “...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тушаалаар батлагдсан байршилд зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учир энэхүү маргаан бүхий акт нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Учир нь хариуцагч нарын зүгээс маргаан бүхий дээрх актуудыг нэхэмжлэгч бидний ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажиллагаа явуулах замаар нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий актууд зөрчиж байна. Мөн хариуцагч нараас маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг явуулаагүйгээс зөвшөөрөлтэй байршилд үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгч нар болон зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгч нарын асуудлыг ялгамжтай тогтоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, мөн хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад шүүхээс дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Д.Т, Т.Э, Н.А, Б.Я нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгч бөгөөд нэр бүхий 12 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.1.6 /л, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Нийслэл хотын хэмжээнд Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай цорын ганц эрх зүйн зохицуулалт нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах тухай” 56 дугаар тогтоолоор юм. Нийслэлийн Засаг дарга захирамжаа уг журамд нийцүүлэн түүнийг үндэслэн гаргах ёстой. Энэ тогтоолыг үндэслээгүй нь шатлан захирах ёсны формаль зарчмыг зөрчсөн. Нийслэлийн Засаг даргын захирамж нь зөвшөөрөлтэй байршилд үйл ажиллагаа эрхэлж буй нэхэмжлэгч нарт чиглэгдээгүй гэж шүүх дүгнэсэн нь мөн алдаатай болжээ. Тухайлбал нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Улаанбаатар хотын хэмжээнд нэг ч ТҮЦ эрхлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр байхгүй. Иймд бүх ТҮЦ эрхлэгч нар нь зөвшөөрөлгүй газар эзэмшигч тул бүгдийг нь албадан нүүлгэх ёстой” гэсэн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримтлах юм бол Ц.Ш энэхүү тайлбар нь хуульд нийцэх бөгөөд ТҮЦ-д зориулж газар эзэмшүүлэх захирамж одоогоор гарч байгаагүй байна. Ийм учраас нийслэлийн Засаг даргын 2016 оны А/863 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтад “Газрын тухай хууль зөрчиж, зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж” гэж тодорхойлсон нь нийт ТҮЦ эзэмшигчдэд хамааралтай акт болсон. Түүнчлэн дүүргүүдийн Газрын албанаас батлагдсан байршилд үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ эрхлэгчдийг албадан нүүлгэх албан шаардлага өгсөн нь тэдгээр хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихийн зэрэгцээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс баталсан 56 дугаар тогтоолоос давсан үйлчлэл бүхий захирамж гарсныг илтгэж байна.

Дээрх 56 дугаар тогтоолоор батлагдсан журмаас өөрөөр ТҮЦ-г ажиллуулах тухай шинээр батлагдсан дүрэм журам байхгүй учир газар чөлөөлөхөөр нүүлгэн шилжүүлсэн ТҮЦ-г хаана аваачиж буулгах нь ердөө л тухайн газар зохин байгуулагч юм уу хэн нэгэн албан тушаалтны үзэмжийн асуудал болж хувирлаа. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэх үндэслэл нь Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны А/626, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний А/08 дугаар захирамжид хамааралтай. Гэхдээ тухайн гүйцэтгэх гэж буй захиргааны шийдвэр нь буюу нийслэлийн Засаг даргын А/863 дугаар захирамж нь өөрөө хууль зөрчсөн гэж үзнэ. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 8-ны А/25, нийслэлийн Засаг даргын A/863 дугаар захирамжид үндэслээгүй тул захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биш байх тул сонсох ажиллагаа хийгдэх ёстой байсан.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлж, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх нь нэхэмжлэгчийн асуудал боловч шүүх тухайн шаардлагыг анхнаас нь зөв тодорхойлуулж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болохоос гадна бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэгчдийн хүчингүй болгуулахыг хүссэн нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн А/863 дугаар захирамжийн “зөөврийн байгууламжийн ТҮЦ-д холбогдох” хэсгийн зохицуулалт нь бүтэн агуулгаараа “2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээний хүрээнд нийтийн эдэлбэрийн газар, гудамж зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж болон авто зам, явган хүний зам хаасан обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Ажлын хэсгийн удирдамжийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай” гэжээ.

Эндээс үзэхэд уг захирамжийн зохицуулалт нь нийтлэг хүрээг хамарснаас гадна тодорхой чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсгийн удирдамж баталсан зэргээр гадагш чиглэсэн захиргааны актын шинжийг төдийлөн илэрхийлээгүй, мөн нэр бүхий нэхэмжлэгчдийн эзэмшлийн ТҮЦ-ийг нүүлгэн газар чөлөөлөхөөр нэр заан тусгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд ч тэдгээрийн эрх сэргэх бодит боломжгүй, шүүхийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захирамжийн 2 дахь заалтын “…зөөврийн байгууламж…” гэснийг хүчингүй болгох боломжгүй юм.

Захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан удирдамжийн 1-д зааснаар “Зөөврийн байгууламжууд” гэдэгт түц, павилон, гарааш, контейнерыг тус тус хамруулсан, иймд зөвхөн ТҮЦ-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нийтийн эдэлбэрийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх нь нийслэлийн болон дүүргийн Засаг дарга нарт Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар тус тус олгогдсон эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/626, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн А/08, Хан-Уул дүүргийн Засаг даргын мөн оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар захирамжийн зохицуулалт ч нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн зохицуулалттай адил агуулгатай, зарим нь нийслэлийн Засаг даргын захирамжийн 6 дахь заалтаар үүрэг болгосныг хэрэгжүүлэх зорилгоор гарсан байна.

Үндсэндээ маргаан бүхий захирамжууд Захиргааны хэргийн шүүхэд хянагдах захиргааны актын шинжийг агуулсан эсэх нь эргэлзээтэй, хариуцагч нарын зүгээс ч “…зохион байгуулалтын шинжтэй, гадагш бус дотогш чиглэсэн акт…” гэсэн тайлбар гаргасан байх тул юуны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох шаардлагатай.

Давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгч болох ч, үр дагаврын хувьд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд ач холбогдолтой гэж үзлээ.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчдээр зөв тодорхойлуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой нийцнэ.

Анхан шатны шүүхээс нэр бүхий 16 нэхэмжлэгчийн нийслэлийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг, Хан-Уул болон Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн зүгээс эдгээр иргэдийн эзэмшлийн ТҮЦ-ийг зохих зөвшөөрөлтэй гэж үзэн улмаар уг захирамжуудын үйлчлэлд хамаарагдахгүй гэж дүгнэсэн ч, бодит байдалд шүүхийн зөвшөөрөлтэй гэх ТҮЦ-ийг ч нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд нүүлгэн шилжүүлсэн тохиолдол гарсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс илэрхийлсэн болно.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн зүгээс тавьсан шаардлагын дагуу стандартад нийцсэн гэх хэлбэр хийц бүхий ТҮЦ-ийг худалдан авсан, зарим нь тухайн тухай байршилд олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа, мөн нийслэлд түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх ажиллагаа явагдаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчдийн эрх ашиг шүүхийн журмаар хэрхэн хамгаалагдах нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн зөв тодорхойлохоос шууд хамаарна.

Бодит байдалд зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран маргаан бүхий захирамжийн хүрээнд ТҮЦ-ийг нүүлгэн, газар чөлөөлөх ажиллагаа тодорхой хэмжээгээр явагдсан, мөн ТҮЦ-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан төрийн эрх бүхий байгууллагын ямарваа үйлдлүүд гарсаар байх тул нэхэмжлэгчдийн зарим хэсгийг ийнхүү нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх боломжгүй.

Дүүргүүдийн Газрын албанаас зохих зөвшөөрөлтэй гэх ТҮЦ эрхлэгчдэд ч албадан нүүлгэх шаардлага өгсөн талаар давж заалдах гомдолд дурдсан байх тул нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт нь чухам аль нь болох, эсхүл одоогийн маргаан бүхий захирамжуудыг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгчдийн эрх зөрчигдсөн үү, эсхүл хариуцагчийн ямар шийдвэр, үйлдэлийг эс зөвшөөрч байгаа болох, цаашлаад даалгах нэхэмжлэлийн шаардлага байх болох эсэхийг ч хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН