Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0089/з |
Дугаар | 136 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 136
С.Д-ын нэхэмжлэлтэй, ЗТХЯ-ны ТНБД ....нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 335 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0843 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0843 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, томилохыг хариуцагчид даалгаж, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 2 дугаар зүйлийн 27.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрын үндсэн цалингийн хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 15-наас мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 870,767 төгрөгөөр, 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 1,015,663 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдлийг 15 хувиар, албан тушаалын зэрэглэлийн нэмэгдлийг 25 хувиар тус тус тооцон олгохыг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэгчийн хоол унааны зардал 1,080,000 төгрөг, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Архангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 3,580,725.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 843 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг үндсэн цалингийн хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 870,767 төгрөгөөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 1,015,663 төгрөгөөр, төрийн алба хаасны нэмэгдлийг 15 хувиар, албан тушаалын зэрэглэлийн нэмэгдлийг 25 хувиар тус тус тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид тус тус даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нэхэмжлэгчийн хоол унааны зардал 1,080,000 төгрөг, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Архангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 3,580,725.8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, Б.Цэнд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын Хянавал хэсэгт “...Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ахлах мэргэжилтэн Ц.Батжаргалд чөлөө олгож, хяналт шалгалтын удирдамжгүйгээр ажиллуулсан" гэж тайлбарласан. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Хөдөлмөрийн дотоод журмыг тайлбарласан боловч хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байсан эсэх, холбогдох хуулийг зөрчсөн эсэхийг үнэлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ зөрчиж, мэргэжилтэн Ц.Батжаргалыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх” гэж заасныг, Мөн Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйл “Захиргааны байгууллагын харилцан туслах үүргийн 10.1.2-д үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол захиргааны байгууллага харилцан туслалцаа үзүүлэх үүрэгтэй байх” заалтыг зөрчиж, байгууллагын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан атлаа чөлөө олгосон гэх нэрээр хууль зөрчсөн үйлдлийг шүүхээс харгалзан үзээгүй байна.
4. Магадлалын хянавал хэсэгт “...ямар нэг шаардлага тавьдаггүй байх тул нэхэмжлэгчийн дээрх үндэслэлээр буруутгах боломжгүй” гэжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2-т “Ажлын нэг өдрийн цалинтай болон цалингүй чөлөөг шууд харьяалах нэгжийн дарга...” олгохоор заасан. Гэвч Зам, тээврийн хяналтын ахлах мэргэжилтэн Ц.Батжаргал нь тус яаманд хандаж тухайн өдөр албан ёсоор чөлөө хүссэн хүсэлтийг гаргаагүй бөгөөд тус өдөр Дорноговь аймагт баригдаж буй авто зам барилгын ажилд зөвлөгөө өгөх ажлыг удирдамжгүйгээр гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 9.2 дахь заалтад хамаарахгүй юм. Мөн нэхэмжлэгчийн Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Тайлбар гаргах тухай” бичигт Зам, тээврийн хөгжлийн дэд сайдыг томилсон 8 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Засгийн газрын тэргүүн, гишүүдээс дэд сайдад өгсөн үүрэг даалгавар дотор “Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр хүрэх авто зам, төмөр замын барилгын ажилд онцгой анхаарал хандуулж ажиллах...”, 3асгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дугаар тогтоол, 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолуудад “Газрын тосны үйлдвэр хүрэх авто зам, төмөр замын барилгын ажилд хяналт тавьж, явц байдлыг тухай бүрд Засгийн газарт танилцуулах үүрэг Зам, тээврийн хөгжлийн сайдад өгөгдсөн байдаг” гэж нэхэмжлэгч тайлбартаа дурдсан нь тус авто замд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэйг нэхэмжлэгч өөрөө дурдсан байгааг шүүхээс харгалзан үзээгүй байна.
5. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.Д-а нь Төрийн албаны тухай хуулийн /2002/ 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн. Нэхэмжлэгч “мэргэжилтэн Ц.Батжаргалыг Дорноговь аймагт ажиллуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын харилцан туслалцах үүргийн хүрээнд хэрэгжсэн” гэж тайлбарладаг боловч харилцан туслалцах үүргийг Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймд өөрийн ажлын байрны тодорхойлолт, бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж мэргэжилтэн Ц.Батжаргалыг томилолтоор ажиллуулсан нь дээрх хуулиас гадна Хөдөлмөрийн дотоод журмын 14.7-д заасныг зөрчсөн байна.
7. Мэргэжилтэн Ц.Батжаргал нь өөрийн эрхэлдэг ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, мэргэшлийн дагуу Дорноговь аймагт баригдаж буй авто замын ажилтай танилцаж, зөвлөгөө, чиглэл өгч ажилласан байгаагаас дүгнэхэд тус мэргэжилтэн чөлөө авсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн болохынхоо хувьд Ц.Батжаргал Дорноговь аймагт ажилласан байна.
8. Гэтэл давж заалдах шатны шүүх “мэргэжилтэн Ц.Батжаргалд чөлөө олгосон гэж дүгнээд, ийнхүү чөлөө олгох эрх нь нэхэмжлэгчид байжээ. Өөрөөр хэлбэл, С.Д-а огт зөрчил гаргаагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдал нь хэрэгт хамааралгүй боловч шүүх “сайн, маш сайн үнэлэгдэж байсан” гэдэгт чухал ач холбогдол өгч, энэхүү үйл баримтаар хариуцагчийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Д-ыг зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч “зөрчлийн шинж байдалд тохироогүй” буюу хатуудсан шийтгэл ногдуулжээ гэж дүгнэсэн. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй” гэж тус тус заасны дагуу захиргаа сахилгын шийтгэлийг сонгож ногдуулахаар байна. С.Д-а нь ашиг сонирхлын зөрчлөө урьдчилж мэдэгдээгүй, орлогоо нуун дарагдуулсан, өөрийн эхнэрийн төрийн бус байгууллагатай шууд гэрээ байгуулсан гэх хэд хэдэн зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон. С.Д-а нь сахилгын шийтгэлтэй байхдаа дахин зөрчил гаргаж, ажлаас халагдсан. Хариуцагч байгууллага хэд хэдэн удаагийн зөрчилд “цалин хасах” шийтгэл ногдуулсан боловч төрийн албан хаагч дахин зөрчил гаргасан тул давтан үйлдсэн байдлыг харгалзан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан шийдвэр нь хуульд нийцнэ. Сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх хариуцагчийн бүрэн эрхэд шүүх халдаж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг тус тус зөрчсөн болохыг шүүх анхаарах нь зүйтэй.
10. Хариуцагч захиргааны шийдвэр гаргахтай холбогдуулан сонсох ажиллагаа хийсэн, байгууллагын шуурхай хуралдаанд танилцуулж, газрын дарга М.Энхболд удаа дараа С.Д-ад урьдчилан мэдэгдэж, улмаар бичгээр тайлбар авч, нэхэмжлэгчийг шийдвэр гаргах ажиллагаанд хуульд заасан журмын дагуу оролцуулсан байхад шүүх “сонсох ажиллагаа хийгээгүй” гэж дүгнэсэн нь буруу юм. Захиргааны шийдвэр чиглэгдсэн этгээдэд урьдчилж мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах нь тухайн этгээдийг тайлбар гаргах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд зохих ёсоор оролцох боломжоор хангах зорилготой байдаг бөгөөд энэхүү хуулийн шаардлага, зорилго бүрэн хангагдсан байна.
11. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл зөрүүтэй байгаа талаар шүүх хуралдаанд удаа дараа хэлсээр байхад шүүх нэхэмжлэлийг зөвтгүүлсэнгүй.
12. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
14. Нэхэмжлэгч С.Д-аас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 335 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.
15. Маргаан бүхий Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 335 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан, хариуцагчаас “байгууллага төлөөлөн өөр захиргааны байгууллагад туслалцаа үзүүлэх шийдвэр гаргах эрхгүй, чөлөө олгох үндэслэл бүрдээгүй, албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн байхад удирдамж томилолтгүй ажиллуулсан, сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан” гэж, нэхэмжлэгчээс “Зэвсэгт хүчний жанжин штабын генералаас хүсэлт ирүүлсний дагуу зам шалгах ажилд мэргэжилтэн Ц.Батжаргалыг явуулсан, хяналт шалгалт хийх биш зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байсан учраас удирдамж, томилолт шаардахгүй” гэж тус тус маргажээ.
16. Авлигатай тэмцэх газрын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05/5636 тоот албан бичгээр “...С.Д-а 2016 онд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа зөвлөх үйлчилгээний ажлын төслийг боловсруулж бэлтгэхдээ хамаарал бүхий этгээдтэйгээ гэрээ байгуулсан, гэрээ боловсруулж бэлтгэхийн өмнө ашиг сонирхлын зөрчилтэй талаар мэдэгдэл гаргаж, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй, мөн 2016, 2017 онуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан” гэсний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 206 дугаар тушаалаар С.Д-ад “албан тушаалын сарын цалинг 2 сарын хугацаатай 30 хувь бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж байжээ.
17. Гэсэн хэдий ч Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч “удаа дараа зөрчил гаргасан” гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан” гэх хариуцагчийн болон гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 13, 15, 40-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх үүргийг зөрчөөгүй байна.
18. Дорноговь аймагт баригдаж буй газрын тосны үйлдвэр хүрэх авто замын барилгын ажлын явцтай танилцах зорилгоор “мэргэжлийн ажилтан ажиллуулах” тухай Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт-шалгалт дотоод аудитын газрын дарга, бригадын генерал Н.Доржсүрэнгийн хүсэлтийн үндсэн дээр замын асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн Ц.Батжаргалыг ажиллуулсан бөгөөд тэрээр шалган зөвлөж, туслах чиг үүрэг хэрэгжүүлсэн, замын барилгын үйл ажиллагаанд зөвлөх чиг үүргийг бодитоор хэрэгжүүлсэн нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул хариуцагчаас “Удирдамж томилолтгүй хяналт шалгалтыг явуулсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэрэгжүүлээгүй, зөвхөн “бусад захиргааны байгууллагад харилцан туслалцаа үзүүлэх шийдвэр гаргах эрхгүй” гэх үндэслэлээр мэргэжилтэн Ц.Батжаргалын хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх үндэслэлгүй.
19. Хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлээ “чөлөө олгох эрхгүй, чөлөө олгох үндэслэл бүрдээгүй” гэх зэргээр зөрүүтэй тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар Ц.Батжаргал нь Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар чөлөө аваагүй, харин албаны чиг үүрэг хэрэгжүүлж, орон нутагт томилолтоор ажилласан байдал тогтоогдсон тул “чөлөө олгосон” гэх үндэслэлийг зөрчилд тооцохгүй, “харин томилолтоор ажилласан ажилтанд албан томилолт олгоогүй” нь буруу боловч нэхэмжлэгчийг ажлаас халах хэмжээний зөрчил гаргасан гэж үзэхгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.
20. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ