Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 113/ШШ2016/0009

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигон овогт Балдангийн Алтанцэцэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны 34 тоотод оршин суух (РД:СЮ59072801);

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс;

2009-2013 онд төлсөн хувь хүний орлогын албан татварыг буцаан олгохгүй байгаа Говьсүмбэр аймгийн татварын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2009-2013 онд төлсөн хүн амын орлогын албан татварын буцаан олголт болох 2583769 төгрөг гаргуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандулам, гэрч Н.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Алтанцэцэг миний бие нь 2006 оны 5 сараас эхлэн бамбай булчирхайн хордлого өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдан Говьсүмбэр аймгийн эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр групп тогтоолгосон 2009 оны 4 дүгээр сарын 10-наас эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 60 хувь болж өөрчлөгдөн, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл группт байсан бөгөөд энэ өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. 60 хувиар группт байсан 2009 оны 4 дүгээр сарын 10-наас 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд миний бие өрх толгойлсон эх хүний хувьд ажил хийхээс өөр аргагүйд хүрч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуульд монгол хэл-уран зохиолын багшаар ажиллан хувь хүний орлогын албан татвар төлсөөр ирсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого”-ыг албан татвараас чөлөөлөх заалтыг сургуулийн нягтлан бодогч Х.Лхамсүрэн болон миний бие мэдэхгүйн улмаас татвараа тасралтгүй төлсөөр ирсэн. Ингээд 2015 оны 2 дугаар сард уг хуулийн заалтыг мэдэж манай аймагт Шивээ-Овоогийн уурхайд ажилладаг 50 гаруй иргэн болон өөр хэд хэдэн хүн чөлөөлөлт эдэлдэг тухай  мэдээд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст 2009-2014 оны татварын буцаан олголтыг авахаар өргөдөл гаргасан. 2015 оны 5 дугаар сарын 28-нд Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн шийдвэрээр 2014 онд төлсөн Хүн амын орлогын татварын буцаан олголт болох 828543 төгрөгийг олгоод 2009-2013 онд төлсөн татварыг буцаан олгоогүй. Би Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхэд 2009-2013 оны татварын буцаан олголт болох 2583769 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 12 дугаар сарын 16-нд захиргааны хэргийн шүүхэд ханд гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үедээ Татварын ерөнхий газарт хандсан байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 03-нд 8/3299 тоот албан бичгээр “Татварын тайлан гаргасан эсэхээс хамаарч чөлөөлөгдөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хариу өгсөн. Нэгэнт дээд шатны байгууллага нь ийм хариу өгсөн тул Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст хандсан боловч миний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа тул удаа дараа дээд шатны байгууллагад хандаж ирсэн. Гааль, татварын ерөнхий газраас 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 04-2/949 дугаар, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/1456 дугаар албан бичгүүдээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалтын дагуу шийдвэрлэх хариу өгсөн боловч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс өмнөх жилүүдийн тайланд яаж  өөрчлөлт хийхээ мэдэхгүй байна гэсэн шалтагаар асуудлыг шийдвэрлэхгүй байсан. Улмаар Гааль, татварын ерөнхий газарт дахин дахин хандсанд мэргэжлийн газарт хэлтсүүдийн төлөөлөлтэй зөвлөлдөн 2016 оны 7 дугаар сарын 27-нд 04-2/4282 дугаар хариуг өгсөн. Гэтэл дээрх хариу нь өмнө өгч байсан 3 хариунаас тэс өөр агуулга бүхий хуулийн заалтыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Уг хариунд ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул Хувь хүний орлогын албан татварын тухай  хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт танд хамаарахгүй тул татвараас чөлөөлөхгүй гэсэн. .Дээрх хуулийн заалт нь “хөгжлийн бэрхшээлтэй” гэсэн ганцхан үндэслэлээр татвараас чөлөөлөгдөх заалттай бөгөөд хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан энд ямар ч хамааралгүй юм. Төрийн байгууллагын хүнд суртал, нэгж салбарт ажиллаж байгаа албан тушаалтны хууль дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй, дээд шатны байгууллагаас сургалт суталчилгаа хангалтгүй хийдэг зэрэг олон нөхцөл байдал иргэн миний бие Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу эдлэх чөлөөлөлтийг хүртэж чадахгүй, эрх ашиг минь зөрчигдөж ирлээ.

Иймд иргэн миний хувьд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого”-ыг албан татвараас чөлөөлөх заалтын дагуу 2009-2013 онд төлсөн 2583769 төгрөгийг Говьсүмбэр аймгийн татварын хэлтсээс гаргуулж хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргав. Яг энэ асуудлаар олон олон иргэн хохирч байгааг та бүхэн анхааран үзэх буй заа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”/хуучин/-ийн 3.1-д”....Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж ойлгоно гэжээ. Иргэн Б.Алтанцэцэг нь бамбай булчирхайн үрэвсэл оноштойгоор ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг хавсаргасан байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа. Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувь алдсан хувь хүний орлого”-ыг уг албан татвараас чөлөөлөхөөр заасан. Тус хуулийн зохицуулалт нь “ердийн өвчин”-ий улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувь алдсан иргэнд бус хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувь алдсан иргэнд хамаарах чөлөөлөлт юм. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг үйлдвэрлэлийн осол, ердийн өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, ахуйн осол, хүүхэд насандаа төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн 4 шалтгаанаар тодорхойлсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн /хуучнаар/ 10 дугаар зүйлийн 10.2-т “эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн засаг даргын тамгын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх олгогдсноор хөгжлийн бэрхшээлтэй гэж үзнэ. Б.Алтанцэцэгийг “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж үзэх эсэх талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодруулга авахаар 2015 оны 11 дүгээр  сарын 05-ны өдрийн 01/283 дугаар албан бичиг хүргүүлэхэд Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 362 дугаар албан бичгээр “бид тодорхойлохгүй” гэсэн хариу ирж байсан.

Хоёрдугаарт, Татварын хэлтэс нь 2007 оноос хойш Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт сэдвээр жил бүрийн 1-2 сарын хооронд сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулж ирсэн. Сүмбэр сумын 1-р сургуульд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар сургалтыг 2009-2015 онуудад зохион байгуулж байсан.

Гуравдугаарт, иргэн Б.Алтанцэцэгийн 2015 оны 5 дугаар сарын 26-нд авсан 828543 төгрөгийг Татварын хэлтсээс буцаан олгоогүй. Сүмбэр сумын 1-р сургуулиас 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар албан бичгээр “иргэн Б.Алтанцэцэгийн Хувь хүний орлогын албан татварт төлсөн татварыг буцаан олгож өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн ч ажиллаж буй байгууллага болох Сүмбэр сумын Нэгдүгээр сургуулийг шийдвэрлүүлэхээр буцааж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 53 дугаар тушаалаар батлагдсан “Татварын тайлан хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ын 5.1, 5.2, 5.3-д заасны дагуу Сүмбэр сумын 1-р сургууль 2014 оны жилийн эцсийн “Цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар”-ын тайланд залруулга хийн иргэн Б.Алтанцэцэгээс 2014 онд Хувь хүний орлогын албан татварт суутгасан 828543 төгрөгийг тус сургууль буцаан олгосон. Татварын хэлтэс ямар нэгэн шийдвэр гаргаж олгоогүй.

Дөрөвдүгээрт, 2009-2013 онд төлсөн Хувь хүний орлогын албан татварыг буцаан олгох эрх бүхий байгууллага, өөрөөр хэлбэл хариуцагч нь манай Татварын хэлтэс биш гэж үзэж байна. Татварын хэлтэс нь улсын болон орон нутгийн татварын орлогыг бүрдүүлэх, татвар төлөгчдөд заавар зөвлөгөө өгөх, хууль сурталчилан татварын багц хуулиудыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд төсвийн орлогоос захиран зарцуулах эрхгүй байгууллага. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 “татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг хэлнэ гэж заасны дагуу Сүмбэр сумын нэгдүгээр сургууль нь татвар суутгагч юм. Тус сургууль нь Хувь хүний орлогын албан татварын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурьдсан журмыг баримтална....” гэж заасны дагуу суутгагч нь татвар төлөгч иргэний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулж, хуулийн хугцаанд харьяа татварын албаны зохих дансанд шилжүүлдэг.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн дагуу Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 509 дүгээр тушаалаар батлагдсан “Хувь хүнд олгосон орлогоос албан татвар суутгаж төсөвт шилжүүлэх заавар”-ын 2, 2.1-д заасны дагуу Сүмбэр сумын Нэгдүгээр сургууль татвар суутган шилжүүлж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.10-д “Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого”-ыг албан татвар ногдох орлогоос чөлөөлөхөөр хуульчилсан бөгөөд “...хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх бүхий л нотлох баримтыг байгууллагынхаа нягтлан бодогчид гарган өгч нягтлан бодогч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26-р зүйл, Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 509 дүгээр тушаалаар батлагдсан “Хувь хүнд олгосон орлогоос албан татвар суутгаж төсөвт шилжүүлэх заавар”-ын дагуу тайлагнах ёстой. Татварын тайланг тухайн байгууллага цахимаар илгээдэг тул Сүмбэр сумын Нэгдүгээр сургуулийн ажилчдаас ямар иргэн Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу чөлөөлөгдсөн, чөлөөлөгдөх ёстойг манай татварын хэлтэс мэдэх боломжгүй, тухайн байгууллагын нягтлан бодогч нь нотлох баримтыг цуглуулж, Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д заасан “Хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан иргэний орлого”-ыг албан татвараас чөлөөлж тайлагнах үүрэгтэй.

Тавдугаарт, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуула, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол улсын иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжд хамаарахгүй” гэж заасны дагуу иргэн Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлд дурдсан 2009-2010 оны хувь хүний орлогын албан татвар илүү суутгуулсан гэх маргааны хөөн хэлцэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Зургадугаарт, Б.Алтанцэцэгийн бүрдүүлсэн нотлох баримт, дээрх нөхцөл байдлуудыг шинжлэн үзэхэд Татварын хэлтэс нь нэхэмжлэгчийн жинхэнэ хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан бөгөөд иргэн  Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хувь хүний орлогын албан татварыг суутган авсан болон буцаан олгох эрх бүхий байгууллага нь шууд утгаараа тус татварын хэлтэс биш гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлиийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заажээ. Иргэн Б.Алтанцэцэг нь дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхээр манай хэлтэст өөрийн биеэр ирж /албан ёсоор бичгээр гаргаж байгаагүй/ уулзсны дагуу Татварын ерөнхий газарт 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 68 дугаар албан бичиг албан бичиг хүргүүлэхэд Татварын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 8/1214,  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн /3299,  Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 04-2/949,  Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/1456 дугаар албан бичгүүдээр чиглэл ирж байсан.

Манай хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 271.3, 28 дугаар зүйлийн 28.1.1,  28.1.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэн Татварын ерөнхий газраас ирсэн заавар, чиглэлийг мөрдөж ажилладаг.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 271 дугаар зүйлийн 271.4.2, 271.4.3-д тус тус заасныг үндэслэн  иргэн Б.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд иргэн Б.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг шүүхээр хянан хэлэлцэхэд Сүмбэр сумын Нэгдүгээр сургуулийг хаиуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үндсэн үйл баримтад хамаарах шаардлага ба татгалзлын үндэслэлийн тухайд

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч нь “шалтгаан үл хамааран хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон хувь хүний орлого албан татвараас чөлөөлөгдөх тул илүү төлсөн татварыг буцаан олгох ёстой” гэж, хариуцагч нь “Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг “ердийн өвчин”-ий гэж заасан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дэх заалт үйлчлэхгүй ба татвараас чөлөөлөгдөхгүй” гэж тус тусын шаардлага ба татгалзлын үндэслэлийг тайлбарлан, маргажээ.

Иймд “хөгжлийн бэрхшээлтэй хүн”-ий эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжийн зохицуулалтыг судалж; Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д тодорхойлсон “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан” гэдэг ойлголт нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрмээр тодорхойлсон хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааны төрөлд хамаарах эсэх; зэргийг харьцуулан дүгнэж, хариулт өгөх замаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх  шаардлагатай гэж үзлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 7 дугаар зүйлийн 1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг ... тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараахь хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 10 дугаар зүйлд “Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, ... олгоно”, Нийгмийн халамжийн тухай хууль /2012 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3-д заасан “хөдөлмөрийн чадвараа 50, түүнээс дээш хувиар алдсан, Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй... хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр олгоно” гэх агуулга бүхий зохицуулалт зэргийг харьцуулахад ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан тохиолдол нь “тахир дутуу хүн” гэдэг ойлголтод хамаарна гэж дүгнэхээр байна.

2006 онд батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн[1] үзэл баримтлал, уг хуулийн төслийг хэлэлцсэн, Төсвийн байнгын хорооны хуралдааны 2006 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдааны 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл зэргээс үзэхэд уг хуулийн төсөл дэх “тахир дутуу” томъёоллыг “хөгжлийн бэрхшээлтэй” гэж өөрчлөн баталсныг дээрх хуулийн зохицуулалттай холбон, энэ хоёр ойлголт агуулгын хувьд зөрүүгүй гэж тайлбарлаж болно.

Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хууль /1995 он/-д заасан “тахир дутуу хүн” хэмээх нэр томъёог Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж илэрхийлэн, “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн” гэж тодорхойлсон нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 он/-д ч хэвээр ажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““эрүүл мэнд” гэж хүн өвчин эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж заасныг Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/135 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ердийн өвчний жагсаалт”-тай харьцуулбал тус жагсаалтын заалт “3.40” буюу “Тархмал хордлогот бахуу мэс засал хийх боломжгүй болон мэс заслын дараах үеийн хүндрэл” гэх өвчин нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “бие махбодын байнгын согог” гэдэгт хамаарах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 он/ -ийн 37 дугаар зүйлийн 37.2.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ”-г Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно” гэж заасанд тулгуурлан “Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”[2]-ээр хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг 1/ ердийн өвчин, 2/ ахуйн болон үйлдвэрлэлийн осол, 3/ мэргэжлээс шалтгаалсан өвчин, 4/ хурц хордлого хэмээн ангилжээ.

Иймд хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа зэрэгт тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүн болох эсэхийг тогтоох, нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр оролцох нөхцлийг бүрдүүлэх зэргээр эрх зүйн байдлыг нь нарийвчлан зохицуулсан хууль нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг зохицуулсан тус салбарын бусад хууль байна.

Хэдийгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд[3] “хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан”, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм /2008, 2015 он/-д “хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан” гэхчлэн уг ойлголтыг харилцан адилгүй байдлаар томъёолж, улмаар ойлголтын зөрүү нь маргаан үүсэх нөхцөл болсон боловч “хөгжлийн бэрхшээл” гэдэг нь хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацаагаар илэрхийлэгддэг, “хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан” нь Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссыын дүрэмд зааснаар тодорхойлогддог байна.

Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д заасан “хөгжлийн бэрхшээлийн улмаас” гэдэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болоод нийгмийн даатгал, халамжийн салбарын хуулиудад тодорхойлсон “Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-д заасан ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин гэх хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаанууд нь хамаарах ба гагцхүү “хувь хэмжээ нь “50-иас дээш байх” нөхцлөөр тодорхойлогдоно гэж дүгнэлээ.

Дээрх байдлаар “хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан үл харгалзан, 50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний орлогыг татвараас чөлөөлнө” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх ба энэ агуулгаар тайлбарлавал, хөгжлийн бэрхшээлтэй хүний орлогыг албан татвараас чөлөөлөх нь дээр дурдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн “татвараас чөлөөлөх орлого, ... -ыг илүү оновчтой тодорхойлох” төслийн үзэл баримтлалтай үл зөрчилдөх ба Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн[4] Удиртгалын хэсгийн (s)-д заасан “эрхээ бүрэн дүүрэн эдлэх” зарчимд нийцнэ гэж дүгнэв.

           Хэрэгт авагдсан Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүдээр[5] Б.Алтанцэцэг нь 2009.01.01-2014.07.31-ний өдрийн хооронд “Ердийн өвчний жагсаалт”[6]-ын 3.40 буюу “Тархмал хордлогот бахуу мэс засал хийх боломжгүй болон мэс заслын дараах үеийн хүндрэл” заалтаар, хөдөлмөрийн чадвараа 60 хувь (2009.01.01-нээс 2009.03.31-ний өдрийг хүртэл 50 хувь) алдсан болох нь тогтоогдсон болно.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг үйлдвэрлэлийн осол, ердийн өвчин, мэргэжлээс шалтгаалах өвчин, ахуйн осол, хүүхэд насандаа төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн 4 шалтгаанаар тодорхойлсон”[7] гэх тайлбар нь  Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд заасан хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааны төрөлтэй нийцэхгүй, “Татварын хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг агуулгаараа ердийн өвчнөөс бусад шалтгааныг Хувь хүний хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д хамаарна гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа”[8] гэх тайлбар нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

“Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх үндэслэлийн тухайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх нэг үндэслэлээ “Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил бөгөөд Б.Алтанцэцэгийн хувьд 2009-2010 оны хүн амын орлогын албан татвар илүү суутгуулсан гэх маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тодорхойлжээ.

Уг хөөн хэлэлцэх хугацаа нь “татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, илүү төлсөн татварыг буцаан олгох” харилцаанд бус Татварын ерөнхий хуульд заасанчлан “татварын албанаас татвар төлөгчид албан татвар, алданги, торгууль ногдуулах” харилцаанд үйлчлэх тул энэ тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

“Татварын хэлтэс жинхэнэ хариуцагч биш” гэх хариуцагчийн тайлбарын үндэслэл(хүсэлт)-ийн тухайд

“Татвар төлөгчийн орлогод татвар ногдуулан суутгаж, төсөвт шилжүүлэх үүргийг татвар суутгагч хүлээдэг, Сүмбэр сумын 1 дүгээр сургууль нь татвар суутгагч тул аймгийн Татварын хэлтэс жинхэнэ хариуцагч биш” хэмээн хариуцагчийг сольж, тус сургуулийг хариуцагчаар оролцуулах хүсэлт (тайлбар) гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар “хариуцагч солих, хамтран хариуцагч оролцуулах хүсэлт гаргах эрх”-ийг хариуцагчийн хувьд хориглоогүй боловч нэхэмжлэгч нь “илүү төлсөн татварыг буцаан олгохгүй байгаа аймгийн Татварын хэлтсийн эс үйлдэхүй”-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон ба Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.9-д зааснаар татвар төлөгчийг хууль тогтоомжийн дагуу татвараас чөлөөлөх, илүү төлсөн татварын буцаан олгох “бүрэн эрх” татварын албанд хадгалагдана.

Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн орлогоос хувь хүний орлогын албан татвар суутган тооцсон татвар суутгагчийн үйл ажиллагаанд бус илүү төлсөн татварыг буцаан олгохгүй байгаа Татварын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангах, тайлбарын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бусад үндэслэлийн тухайд

 “Аймгийн татварын хэлтсээс төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад татварын хууль тогтоомжоор тогтмол сургалт хийж байсан, нэхэмжлэгч нь татварын хэлтэст албан ёсоор өргөдөл гаргаагүй, хуулиар “хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газраас олгох байтал сумын Засаг даргын Тамгын газраас олгосон тул хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж үзэх боломжгүй” зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа нэмж тайлбарлажээ:

(а) Хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “аймгийн Татварын хэлтсээс татварын хууль тогтоомжийн талаар сургалт хийж байсан эсэх” асуудлаар маргадаг боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлага болоод дээр дурдсан маргааны үйл баримтад хамааралгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул энд шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

(б) Нэхэмжлэгч нь “2009-2014 оны татварын буцаан олголтын авахаар 2015 оны 2 дугаар сард Ц.Наранжаргал байцаагчид өргөдлөө бичгээр өгсөн[9], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Б.Алтанцэцэгийн албан ёсоор гаргасан өргөдөл манай хэлтсийн ирсэн бичгийн бүртгэлд байхгүй, биеэр ирж л уулзсан[10] гэж тайлбарлах боловч хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудыг[11] нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримт бичгүүдтэй харьцуулан шинжилбэл, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн өргөдөлд дурдсан асуудлаар Татварын ерөнхий газарт хандаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалтыг хэрэглэх талаар арга зүйн зөвлөгөө, заавар чиглэл авч байсан; нэхэмжлэгч тухайн асуудлаар иргэний болон захиргааны хэргийн анхан шатны өөр шүүхэд хандаж байсан нь тогтоогдож байх тул “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй” гэж дүгнэхгүй.

(в) Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн[12] 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан комиссын дүгнэлтийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэнийг бүртгэн үнэмлэх олгох үүргийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ” гэж заасан ч түүний хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх[13]ийг оршин сууж буй засаг захиргааны нэгж болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Говьсүмбэр аймаг дахь зөвлөлөөс олгожээ.

Захиргааны байгууллага хоорондын эрх хэмжээ, ажил үүргийн хуваарилалтаас үүдэж иргэдийн, тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хязгаарлахгүй  учир хуульд “аймгийн Засаг даргын Тамгын газар” гэж оноосон хэдий ч сумын Засаг даргын Тамгын газраас бүртгэн, олгосон үнэмлэхийг “хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үндсэн баримт бичиг болохгүй” гэж үзэх боломжгүй. Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар “хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх” нь хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тодорхойлох бус, зөвхөн эрхээ эдлэх үндсэн баримт бичиг болно.

“Илүү төлсөн татварын буцаан олгохыг Татварын хэлтэст даалгах” шаардлагын тухайд

Нэхэмжлэгчээс 2009-2013 онд хувь хүний орлогын албан татварт төлсөн 2583769 төгрөг[14] нь татвараас чөлөөлөгдөх орлого болох нь дээрх байдлаар нотлогдсон, илүү төлсөр албан татварыг буцаан олгох эрх хэмжээг хуулиар татварын албанд олгосон байхад аймгийн Татварын хэлтсээс Б.Алтанцэцэгийн илүү төлсөн татварыг буцаан олгоогүй эс үйлэхүйг хууль бус гэж үзнэ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 271 дугаар зүйлийн 271.4, 271.4.2-т зааснаар Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс нь татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээг тодорхойлох, буцаан олгох татварын хэмжээг тодорхойлсон саналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгжид хүргүүлэх зохицуулалтыг тус хуулийн 271 дугаар зүйлийн 271.4.3-д “аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж энэ хуулийн 271.4.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан албан татварын буцаан олгох” гэж заасан болон Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.3 дахь заалттай харьцуулан дүгнэвэл “илүү төлсөн татварын буцаан олгох шийдвэр гаргах” эрх Татварын албанд байх бөгөөд “санал”-аар илэрхийлэгдсэн уг шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал эрхэлсэн нэгж гүйлгээ хийж, татвар төлөгчид шилжүүлэх зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч нь дээрх байдлаар Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасны дагуу татвараас бүрэн чөлөөлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу буцаан олговол зохих 2583769 төгрөгийг гаргуулахыг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12  дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Алтанцэцэгт 2009-2013 онд төлсөн хувь хүний орлогын албан татварыг буцаан олгохгүй байгаа Говьсүмбэр аймгийн татварын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2009-2013 онд төлсөн хүн амын орлогын албан татварын буцаан олголт болох 2583769 (хоёр сая таван зуун наян гурван мянга долоон зуун жаран есөн) төгрөгийг гаргуулахыг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу Г.Алтанцэцэгт буцаан олгох илүү төлсөн татварын талаарх санал шийдвэрээ дээрх үнийн дүнгээр гаргаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн асуудал хариуцсан нэгжид шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 15 хоногийн дотор хүргүүлэхийг Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэст хариуцуулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн 69-81 дэх талд “Хүн амын орлогын албан татварын хууль” нэртэй хуулийн төслийн үзэл баримтлал, Төсвийн байнгаа хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл авагдсан.

[2] Засгийн газрын 2008 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан энэ дүрмийн 3.1-д хөдөлмөрийн чадвар алдалтыг дээрх байдлаар ангилсан нь Засгийн газрын 2015.01.12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон ч тус тогтоолоор баталсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1.4-д “хурц хорлого”-оос бусад нь хэвээр тусгагджээ.

[3] Тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.3 болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хууль /2005 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт

[4] НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан уг конвенцид Монгол улс 2008 онд нэгдэн орж, 2009 оноос хүчин төгөлдөр үйлчилсэн.

[5] Хэргийн 9-12 болон 52-54 дахь талын нүүр, ард

[6] Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/135 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт батлагдсан бөгөөд Эрүүл мэнд, спортын сайд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/252, А/74 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй болсонд тооцсон.

[7] Хэргийн 41 дэх талд

[8] Хэргийн 118 дахь талд

[9] Хэргийн 1, 91 дэх талд

[10] Хэргийн 44, 90 дэх талд

[11] Хэргийн 55, 58-62

[12]УИХ-аас 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан тус хууль Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсантай холбогдуулан хүчингүй болсон.

[13] Хэргийн 6 дахь талд

[14] Хэргийн 13-17 дугаар талд Б.Алтанцэцэгийн 2009-2013 оны цалингийн карт авагдсан.