| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0648/э |
| Дугаар | 659 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 659
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 18080301180854 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б.Б, Монгол Улсын иргэн, Москва хотод 1971 оны 3 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хишиг Арвин индустриал” ХХК-д хүнд машин механизмын оператор ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 65-9а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 91 дүгээр байрны 29 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.С-г “бусадтай харьцлаа” гэх шалтгаанаар хардаж түүний нүүр, цээжин тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, эрүү, шанаа, /нүүрний зүүн хэсэг/-нд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн бугалга, бүсэлхий нуруу, хүзүү, зүүн тал, баруун тохойд цус хуралт, баруун шуу, зүүн гарын шуу, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Н.С нь хамтран амьдрагч Б.Б-тэй 2017 оны 06 сард танилцан дотносож нэг гэрт хамтран амьдрах болсон бөгөөд Б нь суусан цагаасаа эхлэж хааяа нэг намайг хардаж зоддог болсон, хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед хамтран амьдрагч Б.Б нь гадаанаас согтуу орж ирээд “янхан банзал” гэж хэл амаар доромжилж гараа зангидаж байгаад миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж зүүн нүд, зүүн шанаа хөхрүүлсэн, мөн зүүн хөхний дээд хэсэг, нүүр, нуруу, гар, хөл болон таарсан газраа цохиж зодсон. Миний Самсунг Жи-7 гар утсыг эвдсэн. Урьд 2017 оны 10 дугаар сард...Б согтуу үедээ намайг гараараа нүүрэн тус газар 1 удаа, гар луу 2 удаа, нуруу руу 1 удаа цохиж зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-6-8, 15-16/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7547 дугаар дүгнэлт
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны зүүн тал, эрүүний зүүн хэсэг овойж хавдсан, нүүрний зүүн хэсгийг хамарсан 15х7см, цээжний зүүн дээд хэсэгт 9x6,5см, 2х2см, 1,5х1см, бүсэлхийн зүүн хэсэгт 10хЗсм, зүүн бугалганы хэсэгт 10х6см, нурууны дунд хэсэгт 5х5см 2 ширхэг, хүзүүний ар доод хэсэгт ЗхЗсм, зүүн даланд 2х2см, баруун тохойн дотор хэсэгт 2х2см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн өвдөгний доод хэсэгт тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй 2х2см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун шууны урд дунд хэсэгт Зх2см, зүүн сарвууны ар талд 2х2см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.
ГССҮТ-н 2018.06.12-ны өдрийн эмчийн үзлэгт: онош: Тархи доргилт, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэжээ.
Дүгнэлт:
1 .Н.С-н биед зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, эрүү, шанаа /нүүрний зүүн хэсэг/-нд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, бүсэлхий нуруу, хүзүү, зүүн тал, баруун тохойнд цус хуралт, баруун шуу, зүүн гарын шуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2,3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.
8. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-20/,
Шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт би найзындаа хоноод гэртээ харьсан чинь манай хамтран амьдрагч С архи уусан хэвтэж байсан. Тэгээд Сэрэмжид намайг гадуур хонолоо гээд хардаад хэрүүл маргаан болсон. Би С-г гараараа нэг удаа нүүр лүү нь цохьсон, нэг удаа ор луу түлхсэн. Тэгээд би гэрээсээ гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
Гэрч Ё.Ч-н мэдүүлэг /хх-17/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-31/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-33/, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-38/, фото зургийн үзүүлэлт /хх-43-44/, Хишиг Арвин индустриал ХХКомпанийн тодорхойлолт /хх-52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 91 дүгээр байрны 29 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.С-г “бусадтай харьцлаа” гэх шалтгаанаар хардаж түүний нүүр, цээжин тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн хацар, эрүү, шанаа, /нүүрний зүүн хэсэг/-нд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж зүүн бугалга, бүсэлхий нуруу, хүзүү, зүүн тал, баруун тохойд цус хуралт, баруун шуу, зүүн гарын шуу, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.Б нь гадаанаас согтуу орж ирээд “янхан банзал” гэж хэл амаар доромжилж гараа зангидаж байгаад миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиж зүүн нүд, зүүн шанаа хөхрүүлсэн, мөн зүүн хөхний дээд хэсэг, нүүр, нуруу, гар, хөл болон таарсан газраа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-38/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7547 дугаар дүгнэлт /хх-20/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-31-32/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-33-37/, шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.С-н өгсөн “...Би Б.Б-тэй 2017 оноос хойш хамт амьдарч байна, бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй” гэх мэдүүлгээр хохирогч Н.С, шүүгдэгч Б.Б нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч буюу энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Б.Б нь хамтран амьдрагч Н.С-н нүүр, гар, хөх, хөл хэсэгт нь цохих зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Н.С нь 900.000 төгрөг шүүгдэгч Б.Баатархүүгээс гаргуулж авсан. Одоо нэхэмжилсэн зүйлгүй байна. \
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.