Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/929

 

2025          08             06                                                                                          2025/ДШМ/929

 

1717-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогч И.О-,

иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.Аделбек,

шүүгдэгч Б.Б- /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.Аделбек нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2108030591766 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

С- овгийн Б-ын Б............, /РД:............./, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг мөн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 21.700 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 1 хонгийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулид зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  87 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг дүйцүүлэн хасч, ялаас чөлөөлж, суллагдсан.

 - Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 0З жил 05 сар 21 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн боловч 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эдлээгүй үлдсэн 3 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж байгаа гэх.

Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж,

1. 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “**********” худалдааны төвийн түрээслэгч Г.Б-, Д.Э-, М.С- нарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунуудад хууль бусаар нэвтэрч, Г.Б-ийн лангуунаас бэлнээр 30.000 төгрөг, Д.Э-ын лангуунаас 12.368.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон түүний дагалдах хэрэгсэл болон бусад эд зүйлс, М.С-гийн лангуунаас 2.120.000 төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн 54 хайрцаг /блок/ тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад нийт 14.518.000 төгрөгийн,

2. 2022 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Нарлаг дэнж” худалдааны төвийн 3/13 дугаар лангууг түрээслэгч П.О-гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунд хууль бусаар нэвтэрч 64 ширхэг гар утас, 1 ширхэг LG загварын зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 17.700.000 төгрөгийн,

3. 2022 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хархорин” худалдааны төвийн В1 давхрын түрээслэгч Б.Ж-, Б.Ц- нарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунуудад хууль бусаар нэвтэрч, Б.Ж-ын лангуунаас бэлнээр 500.000 төгрөг, 35.570.000 төгрөгийн үнэ бүхий 34 ширхэг ухаалаг гар утас, Б.Ц-ийн лангуунаас 28.030.000 төгрөгийн үнэ бүхий 41 ширхэг гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад их хэмжээний буюу нийт 64.100.000 төгрөгийн,

4. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх Ц.Б-ын цүнхнээс хэтэвчтэй мөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 610.000 төгрөгийн,

5. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгч Ч.Б-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан үнэт эдлэлийн лангуунд хууль бусаар нэвтэрч, ээмэг, бөгж, зүүлт зэрэг монетон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 254.963.500 төгрөгийн,

6. 2023 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сонгинохайрхан” худалдааны төвийн түрээслэгч И.О-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан үнэт эдлэлийн лангуунд хууль бусаар нэвтэрч, ээмэг, бөгж, зүүлт зэрэг монетон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 56.493.075 төгрөгийн,

7. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн түрээслэгч Г.Б-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан үнэт эдлэлийн лангуунд хууль бусаар нэвтэрч, ээмэг, бөгж, зүүлт зэрэг монетон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 151.980.750 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 560.365.325 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б-ын Б-г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэх амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 18 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 11 жил 18 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 642 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-гаас нийт 293.812.654 төгрөг гаргуулан, хохирогч Д.Э-т 4.757.000 төгрөг, М.С-д 385.000 төгрөг, П.О-д 16.820.000 төгрөг, Ц.Б-ад 600.000 төгрөг, Ч.Б-эд 73.350.500 төгрөг, И.О-т 44.327.575 төгрөг, Г.Б-т 77.900.750 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Г-од 450.000 төгрөг, Б.Б-д 330.000 төгрөг, Н.З-д 120.000 төгрөг, Ц.Б-эд 150.000 төгрөг, Н.Н-д 120.000 төгрөг, Р.М-өд 74.050.000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Р.М- нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой үлдэгдэл хохирлоо холбогдох этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 20.000 төгрөгийн дэвсгэрт 429 ширхэг, 10.000 төгрөг 414 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 500 дэвсгэрт 8 ширхэг, 100 төгрөг 3 ширхэг, 50 төгрөг 1 ширхэг, 20 төгрөг 2 ширхэг, монетон бөгж 3 ширхэг, монетон ээмэг 2 хос 4 ширхэг тус бүрийг хохирол төлүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьд нь тус эрүүгийн 21080300591766 дугаартай хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/224 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл бичсэнийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ДШМ/34 дүгээр магадлалаар “…хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. /6хх 158-176, 7хх 49-70/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 23.1-д зааснаар дээр дурдагдсан Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан даалгаврууд заавал биелэгдэх учиртай атал прокурор 2023 оны 11 дүгээр сард хэргийг Өвөрхангай аймгийн шүүхээс хүлээн аваад 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрт тусгагдсан даалгавруудыг бүрэн биелүүлэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, дээрх шүүхийн шийдвэрт тусгагдсан хохирогч Б.Э-, П.О-, Б.Ж-, Б.Ц- нараас алдсан зүйлсийнх нь шинж чанарынх нь талаар тодорхой буюу алдсан гэх гар утаснууд нь шинэ эсвэл хуучин аль нь болох, дагалдах хэрэгсэл буюу хайрцаг сав, бусад иж бүрдэлтэйгээ байсан эсэх, аль улсын ямар үйлдвэрт хэдэн онд үйлдвэрлэсэн, ямар загвар, багтаамж, үзүүлэлттэй зэрэг талаар мэдүүлэг авах ажиллагааг бол огт хийж гүйцэтгээгүй байна. Мөн дээрх шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсан мөрдөгч, прокурорт үүрэг болгосон ажиллагаа болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 63-66/-ээр хураан авсан эд зүйлс, 2 бор өнгийн хайрцагтай гар утаснууд зэргийг хэрхэн шийдвэрлэснийг тодруулах ажиллагааг бүрэн бодитой хийж гүйцэтгээгүй. 2022.03.06-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс намайг баривчлах үеэр амьдарч байсан газарт үзлэг хийн Мөрдөгчийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр /4хх 63-66/, /4хх 64 ард бичигдсэнээр) “… Үзлэгээр 2 бор өнгийн хайрцагтай гар утас, эд зүйлс …. зэргийг хураан авав …” /4хх 66-р талд 7 дугаараар дугаарласан гэрэл зурагт байх/ 2 бор өнгийн хайрцагтай гар утас зэрэг эд зүйлсийг хураан авсан. Энэхүү хураагдсан гар утаснуудын 1 бор хайрцагтай гар утаснууд нь тэр чигтээ Хархорин захын хохирогч нар болох Б.Ж-, Б.Ц- нарын гар утаснууд байсныг тухайн хохирогч нарт бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн байдаг боловч нөгөө нэг хайрцагтай гар утаснууд болох “Нарлаг дэнж” худалдааны төвийн хохирогч П.О-гийн алдсан гар утаснууд, зөөврийн компьютер зэрэг байсныг хохирогч П.О-д огт хүлээлгэж өгөөгүй, одоо хэрэгт байхгүй байна.  Би мөрдөгч …Э.Золжаргалд 7 дугаарласан хайрцагтай эд зүйлүүдийг хэлээд хүлээлгэн өгсөн.

Хоёр. Хохирогч Ч.Б- нь тус хэрэгт мэдүүлэг өгөхдөө мэдүүлэг бүр нь өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй, хохирлоо нэмэгдүүлсэн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. Уг хохирогч хохирдог хэрэг нь 2023.08.23-наас 24-нд шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд үүнээс 2 хоногийн дараа миний бие баривчлагдаж, 2023.08.26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Ч.Б-эд “приус 30” машин дотроос хураагдсан зүйлсийг, миний биеэс хураагдсан металл эдлэлийг, “приус 30” машиныг тус тус бүрэн бүтэн хүлээлгэн өгч хохирогч Ч.Б-ийн хохирол 100% бүрэн барагдчихаад байхад “...73.350.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ миний бие аваагүй...” /11хх 99/ гэж мэдүүлээд байгааг би үнэхээр гайхаж байна. Шударга үнэн гэж байдаг бол хохирогч Ч.Б- өөрөө энэ гомдлын хувилсан хувийг уншаад нэг юм бодох байх гэж найдаж байна. 8хх 204-207 талд авагдсан шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд “Б-” гэдэг нэртэй шинжээчид уг тогтоол болон ЭХХШТХ-ийн 27 дугаар бүлэгт заасан эрх үүргийг танилцуулсан байх боловч уг тогтоолтой огт танилцаагүй “Ц.Түвшинцэнгэл” гэх шинжээч хөрөнгийн үнэлгээтэй “.... 254.963.500 төгрөг ...” гэх тайлан /8хх 208-233/-г гаргасан байдаг ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шинжилгээ хийлгэх журмыг зөрчсөн явдал юм. Хохирогч Ч.Б-ийн алдсан эд зүйлсийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн Э.Р-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /7хх 284/, түүнээс “…. 2.083.800 төгрөгийн хохирол учирсан ….” гэсэн мэдүүлэг /7хх 237/ авагдаж, эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр “…. Иргэний нэхэмжлэгч Э.Р-аас 18.4 грамм орчим жинтэй шаргал өнгөтэй металл гинж 1 ширхэг … хүлээн авч ….” /8хх 26/ гэж 18.4 грамм гинж хэрэгт хураагдсан байдаг боловч түүнийг хохирогч нарт хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Гурав. Хохирогч Г.Б-ийн алдсан зүйлсийг 151.980.750 төгрөгөөр үнэлсэнтэй миний бие огт маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа болно. Гэхдээ уг хэрэгт гэрч, иргэний нэхэмжлэгч, ченж Р.М-, Б.Ө-, Б.С- нараас болон 2024.03.01-ний өдөр орон байрнаас тус тус хураан авсан /9хх 126-133, 138-142, 145-146, 168-169, 178-179/ металл эдлэлүүдийг хохирогч Г.Б-т хүлээлгэн өгөхдөө тухайн ченж нарын худалдаж авсан үнэлгээгээр тооцож хүлээлгэж өгсөн нь шударга ёсонд нийцэхгүй билээ. Учир нь 10хх 11-48-р талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч Г.Б-ийн алдсан эд зүйлсийг нийт 151.980.750 төгрөгөөр үнэлэхдээ монетон эдлэлийг ойролцоогоор 150.000 орчимд, алтан эдлэлийг 280.000-300.000 төгрөг орчимд 1 граммыг нь үнэлсэн байдаг бөгөөд харин хохирогч Г.Б- нь алдсан эд зүйлээ буцаан хүлээж авахдаа дээрх нэр бүхий ченж нарын надаас авсан үнээр буюу 1 граммыг нь ойролцоогоор 125.000 төгрөгөөр тооцон буцааж авч 151.980.750 төгрөгийн хохирлоос 77.900.750 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ аваагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Энэ дашрамд дурдахад хохирогч Г.Б-, Г.Б-, И.О- нарын алдагдсан эд зүйлсээс буцааж олдсон эд зүйлийг хохирогч нарт хүлээлгэн өгөхдөө чухам яг хэдэн төгрөгөөр тооцогдон үнэлэгдэх металл эдлэлүүдийг хохирогч нарт хүлээлгэн өгч буйг албан ёсоор тооцож тогтоосон зүйл огт байхгүй, зөвхөн хохирогч нарын үлдэгдэл төгрөгийн эд зүйлээ буцааж аваагүй байна гэсэн мэдүүлэгт л үндэслэж үлдэгдэл хохирлын хэмжээг тогтоосон нь үнэнд нийцэхгүй байна.

Дөрөв. Тус эрүүгийн 2108030591766 дугаар хэрэгт хохирогч Д.Э-ын алдсан гар утаснуудын, хохирогч П.О-гийн алдсан гар утаснуудын үйлдвэрлэсэн он, бусад байдал, алдсан зөөврийн компьютерын үзүүлэлт зэргийг тогтоосон баримттай мэдээлэл хэрэгт огт байхгүй байхад чухам юунд үндэслэн шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /1хх 139-148/-д эд зүйлсийн ашиглалтад орсон оныг “2021” гэж зохиож бичсэн, (А5 хэмжээтэй LG брэндийн нөүтбүүк 2019 оны гэснээс өөр мэдээлэл мэдүүлэгт байхгүй байхад) юунд үндэслэж шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухайн мөрдөгчийн тогтоол болон хөрөнгийн үнэлгээний тайлангуудад /3хх 149-152/ зөөврийн компьютерын шинж байдлыг “… i5 загварын .... 15.6 инчийн хэмжээтэй, 8 дугаар үеийн загвар....” гэж зохиож бичсэн, хохирогч Г.Б-, Ц.О-, Ч.Б- нарын мэдүүлэгт /9хх 83-84/ алдсан эд зүйлсийнхээ талаар ойролцоогоор хэдэн граммтай, грамм нь тодорхойгүй гэсэн мэдүүлгээс үндэслэж шинжээч томилох тогтоол /10хх 1-7/ үйлдэж, үүнд тулгуурлаж хөрөнгийн үнэлгээ гаргасан зэрэг нь тус тус ойлгомжгүй, эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шинжилгээг өөр шинжээчээр дахин томилж хийлгэх нөхцөл бий болсон гэж үзэхээр байна. Энэхүү гомдлын 1-4 хүртэл тусгагдсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ бусад байдалтай холбоотой асуудлыг тухай бүрчлэн зайлшгүй бүрэн гүйцэд шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх учиртайгаас гадна уг хэргийн хохирлын хэмжээнд нөлөөлөх юм.

Тав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний бие өөрийн хулгайлах гэмт хэргээ нэг яллах дүгнэлт, нэг тогтоолын хүрээнд нэг мөр шийдвэрлүүлж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Асайт” худалдааны төвөөс эд зүйлс хулгайлсан хэргээ шалгуулах хүсэлтийг прокурорт бичгээр гаргасан. /9хх 51/ Гэтэл прокуророос дээрх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.6, 30.7, 30.11 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу огт шалгаж өгөөгүй бөгөөд ердөө л “… Тус прокурорын газрын хяналтад 2023 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Асайт худалдааны төвийн В1 давхрын лангуунаас мөнгө хулгайлагдсан гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдаагүй байна” гэсэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2024.03.29-ний өдрийн Ц-1/216 дугаар албан бичиг хэрэгт /9хх 59/ хавсаргаж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий байх зарчимд буюу бодит үнэн байдалд нийцэхгүй.

Зургаа. 2023.08.26-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 1-12, №18, 24-р зураг/-ээр “Flowers” гэсэн бичиглэлтэй дэвтрийг тэмдэглэлд тусгалгүйгээр №18 гэрэл зурагт тусгагдсан гутлыг тус тус хураан авсан. 2024.03.02-ны өдөр намайг баривчлах үеэр надаас миний гар утас, бэлэн мөнгө, түлхүүр зэрэг эд зүйлсийг мөн хураан авсан байдаг. /11хх 14-18/ Гэвч дээрх дэвтэр, гутал, гар утас, бэлэн мөнгө зэрэг зүйлсийг яасан нь тодорхойгүй алга болсон. Хэдийгээр миний бие өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон этгээд хэдий ч миний бие ч бас өмчлөх эрхтэй гэж ойлгож байгаа ба дээр дурдсан эд зүйлүүдээ авмаар байна.

Долоо. Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024.03.02-ны өдрийн 2024/Ш3/84 дугаар “Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай” шүүгчийн захирамжаар намайг 2024.03.02-ны өдрийн 14.10 цагаас 2024.03.04-ний өдрийн 14.10 цаг хүртэл хугацаанд баривчилсан боловч энэхүү захирамж хэрэгт хавсрагдаагүйн улмаас миний бие тус хэрэгт 644 хоног бус 642 хоног урьдчилан хоригдсон гэж буруу тооцогдоход хүрээд байгаа юм. Дээрх асуудал үнэний ортой гэдгийг 11хх-н 16-19 талд авагдсан баримтуудаас багцаалдаж болох билээ.

Нэгтгээд дүгнэвэл тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус зааснаар тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул гомдолд заасан ажиллагаануудыг хийлгэхээр шүүхийн шийтгэх  тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.Адалбек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжэлсэн 84.081.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хавтаст хэрэгт Ц.Ч- шүүгдэгчээс худалдаж авсан эд зүйлийг иргэний нэхэмжлэгч Р.М-өд 84.081.500 төгрөгөөр худалдан борлуулсан ба иргэний нэхэмжлэгч Р.М- зарим үнэт эдлэлүүдийг гэрч Б.Ө-, Б.С- нарт худалдан борлуулсан үйл баримтууд тогтоогдсон байдаг. /9хх151-152, 175, 9хх 145, 152, 165, 175, 188-190/ Шүүгдэгч Б.Б- болон иргэний нэхэмжлэгч Р.М- хоёрын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсээгүй болохоор шүүгдэгч хариуцах ёсгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн худалдах-худалдан авах гэрээ иргэний нэхэмжлэгч Р.М- болон гэрч Ц.Ч- хоёрын хооронд бий болж тус тус үүрэг хүлээсэн байдаг. Гэрч Ц.Ч- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ зөрчсөн тул иргэний нэхэмжлэгч Р.М- өөрт учирсан хохирол 84.081.500 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Гэрч Б.Ө-, Б.С- нар учирсан хохирлоо иргэний нэхэмжлэгч Р.М-өөс авсан ба ямар нэгэн гомдолгүй болсон. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1188 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 6-д гэрч Ц.Ч-г иргэний хариуцагчаар тогтоож, иргэний хариуцагч Ц.Ч-аас иргэний нэхэмжлэгч Р.М-өд 84.081.500 төгрөгийг гаргуулан олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч И.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирлоо барагдуулж авмаар байна. Бүх баримтаа бүрдүүлж өгсөн. Шүүгдэгчийн буцаан хүлээлгэж өгсөн юмнууд нь баримтгүй байна гэсэн. Уг нь хүлээж авсан эд зүйлийн талаар гарын үсэг зураад 12 сая төгрөгийн эд зүйлээ буцааж авсан бөгөөд 44 сая төгрөгийн хохирлоо төлүүлэх ёстой. Гэтэл үүнийг буруу үнэлсэн байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүхээс хэргийг нотлобол зохих байдал нотлоогүй, яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг нь амьдралын эх  үүсвэр мөн эсэх талаар шалгаж тогтоо гэж хэргийг прокурорт буцаасан. Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээд шүүгдэгчийг амьдралын эх үүсвэр болгосон байна гэж үзэж, хүндрүүлж зүйлчлээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээж авсан боловч шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгчийн өмнө гаргаж байсан хүсэлтээсээ өөр хүсэлтийг гаргаж, тухайн хүсэлтийг шүүх хүлээж авсан. Улмаар прокуророос Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээж аваагүй тул хэргийг буцаах явцад яллагдагчийг цагдан хорих хугацаа дууссан. Гэтэл яллагдагч гарч яваад дахин гэмт хэрэг үйлдсэн. Прокурор, мөрдөгч нь шүүгчийн захирамжид заасан ажиллагааг биелүүлэх үүрэгтэй учраас захирамжид заасан ажиллагааг нэг бүрчлэн хийсэн. Хохирогч О-, Ж-, Э-, Сонгинохайрхан дүүргийн ********** захын худалдааны төвийн хохирогч нар, Баянгол дүүргийн Хархорин захын хохирогч нараас дахин мэдүүлэг авсан. Мөн Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхээс буцаасан захирамжид хохирлын үнэлгээтэй холбоотой маргаан байсан учраас тухайн хохирлын үнэлгээг нэр мөр болгох үүднээс шинжээчийн дүгнэлт гаргуулж, мэдүүлэг авсан. Улмаар Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийгээд бүх хэргээ нэгтгэж, шүүхэд шилжүүлэхэд нэр бүхий 7 хохирогчтой болсон. Тухайн 7 хохирогчтой хэрэг дотроос шүүгдэгчийн дурдсан Асайт худалдааны төвийн асуудал мөн адил байгаа. Шүүгдэгч нь “би Асайт гэдэг худалдааны төвөөс хулгай хийсэн тул нэг мөр шалгуулмаар байна” гэж прокурорт хүсэлт гаргасан. Улмаар тухайн хүсэлтийн дагуу нийслэлийн прокророос улсын ерөнхий прокурорын газарт хүсэлт явуулж хянагдсан бөгөөд тухайн хугацаанд прокуророос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Асайт гэх худалдааны төв байдаг эсэх, тухайн худалдааны төвд хулгай орсон талаар гомдол, хүсэлт байгаа эсэх талаар хүсэлт явуулсан боловч Баянзүрх дүүргийн прокурорын газраас “гомдол, санал байхгүй байна” гэсэн хариу ирсэн. Үүний дагуу яллагдагч Б.Б-гаас нийслэийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурор газарт тус тус гомдол гаргасан байсан бөгөөд хариу нь “хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэсэн асуулга байсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл байхгүй байна. Одоогоор тогтоогдсон нөхцөл байдал байхгүй, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна” гэсэн албан бичиг ирсэн нь хэрэгт авагдсан. Мөн Сонгинохайрхан дүүргээс гадна зургаан газраас гомдол мэдээлэл гаргаад, гомдол мэдээллийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаад, эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах ажиллагаа хийгээд үндсэн хэрэгт нэгтгэгдэж ирсэн. Нэгтгэгдэж ирэхдээ тухайн хэрэг тус бүрийн хохирогч нарт учирсан хохирлыг тухайн үед дүүрэг бүрт нь шалгагдаж байсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үзлэг нэгжлэг хийгээд хураан авах ажиллагаа хийгдсэн байсан. Хураан авах ажиллагааны үед дүүрэг тус бүрийн хохирогч нарт таньж олуулах ажиллагаа хийх зэргээр хүлээлгэж өгсөн баримт хэрэгт авагдсан. Мөн хохирлын үнэлгээг хохирогч тус бүрээс тухайн лангуунуудад зарагдаж байсан үнэлгээ, грамм бичигдсэн үнэлгээ авагдсан учраас тухайн үнэлгээний дагуу эрх бүхий байгууллагаар шинжээчийн дүгнэлтээр үнэлгээг тогтоолгосон. Мөн зарим үнэлгээ болон грамм, зарим үнийн хэмжээ байхгүй байсан учраас зах зээлийн үнэлгээгээр эрх бүхий байгууллагаас тогтоосон бөгөөд тухайн үнэлгээтэй хэргийн оролцогч нар бүгд танилцсан. Тухайн үнэлгээний талаар хэргийн оролцогч нар прокурор болон мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар үнэлгээ зөрүүтэй байна гэсэн гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Улмаар анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын сүүлээр урьдчилсан хэлэлцүүлэг зарласан бөгөөд тухайн урьдчилсан хэлэлцүүлэг шүүгдэгч Б.Б- болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу хийсэн. Тухайн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг хэлэлцэхэд шүүгдэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан асуудал болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан асуудал нь урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн. Улмаар гэм буруугийн шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах байдлаар хэлэлцэх боломжтой байна гэж үзээд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанд хэргийн оролцогч нар нотлох баримтынхаа хуудас дугаарыг тэмдэглүүлсэн. Тус хуралд шүүгдэгч Б.Б- нь гэм буруу болон хохирол төлбөрийн талаар мараагүй. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж,

1. 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “**********” худалдааны төвийн түрээслэгч Г.Б-, Д.Э-, М.С- нарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунуудад хууль бусаар нэвтэрч, Г.Б-ийн лангуунаас бэлнээр 30.000 төгрөг, Д.Э-ын лангуунаас 12.368.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон түүний дагалдах хэрэгсэл болон бусад эд зүйлс, М.С-гийн лангуунаас 2.120.000 төгрөгийн үнэ бүхий 6 нэр төрлийн 54 хайрцаг /блок/ тамхи зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад нийт 14.518.000 төгрөгийн,

2. 2022 оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Нарлаг дэнж” худалдааны төвийн 3/13 дугаар лангууг түрээслэгч П.О-гийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунд хууль бусаар нэвтэрч 64 ширхэг гар утас, 1 ширхэг LG загварын зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 17.700.000 төгрөгийн,

3. 2022 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хархорин” худалдааны төвийн В1 давхрын түрээслэгч Б.Ж-, Б.Ц- нарын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан лангуунуудад хууль бусаар нэвтэрч, Б.Ж-ын лангуунаас бэлнээр 500.000 төгрөг, 35.570.000 төгрөгийн үнэ бүхий 34 ширхэг ухаалаг гар утас, Б.Ц-ийн лангуунаас 28.030.000 төгрөгийн үнэ бүхий 41 ширхэг гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бусдад их хэмжээний буюу нийт 64.100.000 төгрөгийн,

4. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн төрсөн эх Ц.Б-ын цүнхнээс хэтэвчтэй мөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 610.000 төгрөгийн,

5. 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгч Ч.Б-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан үнэт эдлэлийн лангуунд хууль бусаар нэвтэрч, ээмэг, бөгж, зүүлт зэрэг монетон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 254.963.500 төгрөгийн,

6. 2023 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Сонгинохайрхан” худалдааны төвийн түрээслэгч И.О-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан үнэт эдлэлийн лангуунд хууль бусаар нэвтэрч, ээмэг, бөгж, зүүлт зэрэг монетон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 56.493.075 төгрөгийн,

7. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их наяд” худалдааны төвийн түрээслэгч Г.Б-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан үнэт эдлэлийн лангуунд хууль бусаар нэвтэрч, ээмэг, бөгж, зүүлт зэрэг монетон эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 151.980.750 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 560.365.325 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь:

иргэн Ж.Б-эс тус дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “**********” захад хулгай орсон байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-12, 12-34/, “**********” захын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх182-186,195-200/, “**********” ломбард, “********” ломбардын үйл ажиллагаа явуулах байрны банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 97-103, 115-118/, иргэний нэхэмжлэгч Г.Г-оос гаргаж өгсөн баримтууд /2хх122, 129-132/, хохирогч Д.Э-т эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 153-154/, Хулгайд алдагдсан 6 нэр төрлийн нийт 54 хайрцаг /блок/ тамхийг 2.120.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 659 тоот дүгнэлт /1хх 135-136/, Хулгайд алдагдсан 31 ширхэг ухаалаг гар утас, 1 ширхэг гар чийдэн, 4 ширхэг ухаалаг холболттой чихэвч, 5 ширхэг ухаалаг бугуйн цаг, 5 ширхэг карт, 1 ширхэг яриа, дүрс бичдэг бал зэргийг 12.368.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 658 тоот дүгнэлт /1хх 144-145/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1488 дугаар дүгнэлт /1хх 152-159/, хохирогч П.О-гаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /Зхх 110/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Зхх 111-115/, “Нарлаг дэнж” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх 223-225/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 19/, таньж олуулах ажиллагаагаар Б.Б-г таньсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 196-202, 181-187/, хулгайд алдагдсан 1 ширхэг зөөврийн компьютер, 4 ширхэг гар утсыг 2.100.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3хх 151-152/, хулгайд алдагдсан 60 ширхэг гар утсыг 15.600.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /Зхх156-159/, хохирогч Б.Ж-ын Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4хх 57/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 59-62/, үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл /4хх 63-66/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 98-99, 7хх 151/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 88-90, 7хх 151/, хулгайд алдагдсан 41 ширхэг гар утсыг 35.570.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /4хх 93-95/, хулгайд алдагдсан 34 ширхэг гар утсыг 28.030.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /4хх 102-104/, хохирогч Ч.Б-эд хулгайд алдагдсан эд зүйлс 6.751.060 төгрөг бэлэн мөнгө 17.175.938 төгрөгийн үнэ бүхий тоёото приус-30 маркийн автомашин хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8хх 5-63, 129, 9хх 10-12, 9хх 15-19, 24-25/, иргэний нэхэмжлэгч Э.Р-аас таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /8хх 13-15/, “Дамно” ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б31-23-1708 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд хохирогч Ч.Б-ийн алдсан эд зүйлсийг 254.963.500 төгрөгөөр үнэлсэн /8хх 208-233/, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байх “Сонгинохайрхан” захын 2 давхрын павильонд хулгай орсон байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10хх 152/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 155-169/, орон байранд нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 203-220/, нийтийн байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /10хх 220-223/, “Сонгинохайрхан” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /11хх 8-10/, “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч И.О-ийн алдсан эд зүйлс 56.493.075 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /11хх 47-51/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 70-71/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /9хх 77-79/, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19 тоотод нэгжлэг хийсэн, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 211- 219/, “Дамно” ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд хохирогч Г.Б-ийн хулгайд алдсан эд зүйлсийг нийт 151.980.750 төгрөгөөр үнэлсэн /10хх 11-48/,

хохирогч Г.Б-ийн “...миний бие “**********” зах дээр лангуу түрээслэн авто гоёлын худалдаа эрхэлдэг. 2021 оны 12 дугаар сарын 29-ноос 30-нд шилжих шөнө “**********” захад хулгай орсон, манай лангуунаас машины үнэртүүлэгч, утас тогтоогч, 30.000 төгрөг бэлнээр алдагдсан байна гэж хэлэхээр нь би мэдсэн. Гэтэл түүний дараахан юмаа бүртгэж, янзалж байхдаа алдагдсан утас тогтоогч, үнэртүүлэгч зэрэг нь лангууны ард уначихсан байсан. Тэгэхдээ манайхаас зөвхөн бэлнээр 30.000 төгрөг алдагдсан. ..2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокуророос 30.000 төгрөгөө бэлнээр хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /1хх51, 6хх17/,

хохирогч Д.Э-ын “...Би “**********” худалдааны төвийн 1 давхарт гар утас болон жижиг цахилгаан барааны лангуу ажиллуулдаг. 2021 оны 11 дүгээр сарны 29-ний өдрийн  19 цагийн орчимд лангуугаа хаагаад гэр рүүгээ явсан. ...би “**********” зах дээр ирэхэд манай лангууны тасалгааны зайгаар хулгайч орж, 32 төрлийн гар утас, дагалдах хэрэгсэл 48 төрлийн эд зүйлс алдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ... Миний гар утасны лангуунд хулгай орж нийт 12.368.000 төгрөгийн хохирол учирснаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.876.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг буцааж авсан. Үлдэгдэл 6.492.000 төгрөг үлдсэн. ...Үүнээс 1.735.000 төгрөгийг бэлнээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хяналтын прокуророос хүлээн авсан. Одоо 4.757.000 төгрөгийн үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна...” /1хх 57-59, 6хх10/,

хохирогч М.С-гийн “...Би “**********” захад “Тамхи 2” дугаар лангууг хариуцан ажилладаг бөгөөд өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой 19 цагт тараад, лангууныхаа шилэн хаалгыг хаагаад, түгжиж үлдээсэн юм. Тэгээд өнөөдөр өглөө 09 цаг 20 минутын үед ажил дээрээ ирэхэд хулгай орсон гээд цагдаа нар ирчихсэн байхаар нь өөрийн лангуун дээрээ очиж үзэхэд шилэн хаалга хаалттай, цоожтой, хажуу талын 00-ын өрөөний тусгаарлалтын хана тааз хоёрын голд байх хаалт эвдэрч алга болсон, лангуун дээр өрөөтэй байсан тамхинууд болон бэлэн 100-ын дэвсгэртээр нийт 10.000 төгрөг алдагдсан. Би хохирлын 2.120.000 төгрөгөөс 1.735.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан, үлдэгдэл 385.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх 68-69, 6хх 15/,

хохирогч П.О-гийн “...Би “Нарлаг дэнж” худалдааны төвийн гар утасны сэлбэг болон худалдааны лангууг түрээслэн ажиллуулдаг. ... миний лангуун дээр байсан 64 ширхэг гар утас болон нөүтбүүк алдагдсан байсан. ...мөрдөгчөөс самсунг А50, самсунг АЗО, самсунг Эс8 маркийн гар утаснуудыг хүлээн авсан, бусад 61 ширхэг гар утас, нөүтбүүк аваагүй...” /Зхх 119-120, 6хх 12/,

хохирогч Б.Ж-ын “...Би “Хархорин” худалдааны төвийн В1 давхарт гар утас, дагалдах хэрэгсэл зардаг лангуу ажиллуулдаг. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 06-ны өглөө лангуун дээрээ иртэл манай лангуун дээр шороо болчихсон гутлын мөртэй байсан. Тэгээд “Хархорин”-гийн хамгаалагч “хулгай орсон шүү битгий ороорой” гэж хэлсэн. ...Би хулгайд алдсан гар утаснуудаа бүгдийг нь эргүүлж хүлээн авсан. Миний хохирол бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /4хх 71, 87, 7хх 149/,

хохирогч Б.Ц-ийн “...Би “Хархорин” худалдааны төвийн В1 давхарт гар утас, дагалдах хэрэгсэл зардаг лангуу ажиллуулдаг. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өглөө лангуугаа утасныхаа камераас хартал лангууны утаснууд алга болсон байсан.  ...Манай лангуунаас 34 гар утас, 1 ширхэг чихэвч хулгайд алдсан, мөн миний цүнх, бичиг баримт, сул байсан цагаан цэнэглэгч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...миний хохирол бүрэн барагдсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /4хх 76, 84, 7хх 151/,

хохирогч Ц.Б-ын “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирээд хөдөө явахаар Холбооны ард явж байсан чинь манай хүү болох Б- таарсан, тэгээд энд юу хийж яваа юм гэж асуусан чинь ажилтай яваа гээд, тэгэхээр нь ээжийнхээ цүнхийг барьж бай гээд цүнхээ бариулчихаад, бие засаад цүнхээ авсан. Тэгсэн чинь за би одоохон хүнтэй уулзаад ирье гээд яваад өгсөн. Тэгээд тэр чигээрээ алга болсон. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлгийн хажууд байр хөлсөлж байна гэхээр нь очсон чинь миний түрүүвч байсан, тэгэхээр нь хүүгээ авсан юм байна гэж мэдсэн. Миний түрүүвчинд байсан 600.000 төгрөг алга болсон байсан, өөр зүйл алдагдаагүй. Тухайн үедээ би цагдаад мэдэгдээгүй, хаячихлаа гэж бодоод, тэгсэн манай хүү Б- авсан юм байна. ...” /4хх 172/,

хохирогч Ч.Б-ийн “...2023.08.23-ны өглөө лангууныхаа хаалгыг нээтэл лангууны хойд талын ананас унасан, нэг хөндлөн хаалтын төмөр нь байхгүй байсан. Шилэн лангуу руу харахад дотор нь байсан алт монетон ээмэг бөгжнүүд, мөнгөн аяганууд бүгд байхгүй байсан. Бас өөр шилэн тавиур дээр байсан хэт хутганууд байхгүй байсан. ...Би дээрх үнэт эдлэлүүдийг миний эд зүйлс гэдгийг дараах байдлаар би мэдэж байна. ... хохирлоос үлдэгдэл 73.350.521 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ аваагүй...” /7хх 188, 8хх 179, 11хх 99/,  

хохирогч И.О-ийн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 11 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай лангууны хаалга цоожтой байхаар нь лангууныхаа хаалгыг онгойлгоод лангуун руугаа орж ирэхэд лангууны шилэн тавиур дотор байсан алт, монетон ээмэг бөгж, гинж, мөнгөн гинж зэрэг эд зүйлүүд алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайх өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-нд үнэт эдлэлийн дэлгүүрийнхээ барааг захиалж авсан юм. Тухайн үед манай лангуунаас монетон бөгж 30 ширхэг, монетон ээмэг 100 ширхэг буюу 50 хос, алтан ээмэг 8 ширхэг буюу 4 хос, эрэгтэй хүний мөнгөн гинж 20 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж 15 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Би тухайн алга болсон эд зүйлсээ 60.000.000 төгрөгөөр авч байсан. Учирсан хохирлоос 10 ширхэг монетон гинж, 37 ширхэг мөнгөн гинж, мөнгөн бугуйвч 2 ширхэг нийт 12.165.500 төгрөгийн эд зүйлсийг цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн.” /10хх 173, 11хх 96/,

хохирогч Г.Б-ийн “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Их наяд худалдааны төвд “*******” гоёл нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр ажилдуулдаг, Их наяд худалдааны төвийн менежер над руу залгаад манайд хулгай орсон байна гэж мэдэгдсэн, тэгэхээр нь би дэлгүүр дээр ирэхэд манай дэлгүүрийн баруун хойд хэсгийн ханыг цөмлөсөн байдалтай гадна хаалга цоожтой, лацтайгаа эд зүйлс газраар унасан шилэн хоргонд байсан бараанууд алга болсон байдалтай байсан. Удаагүй цагдаагийн алба хаагч нар ирсэн, үзлэг дууссаны дараагаар орох үед дунд талын лангууны алт, бөгж ээмэг, гинж, монетон гинж, ээмэг гэх мэт зүйлс олдсон харин гурав дахь лангууны эд зүйлс бүгд байхгүй болсон байсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нийт "51.980.750 төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлээ хулгайд алдсан. 74.080.000 төгрөгийн үнэт эдлэлээ эргүүлж авсан..” /9хх 83-84, 11хх 79/,

гэрч Б.Б-ы “...Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ээлж солилцоод буугаад гэр рүүгээ явж байсан чинь 09 цаг өнгөрч байхад над руу харуул хамгаалалт хариуцсан дарга Э- залгаад зах дотор хулгай орсон байна гэж хэлэхээр нь ирээд хулгай орсон талаар мэдсэн. ...” /10хх 175/,  

гэрч Л.Б-ын “...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Нарантуул худалдааны төвд байрлах үнэт эдлэлийн лангуун дээрээ сууж байсан. Тэгтэл хоёр эмэгтэй ирээд энэ бөгж, зүүлтийг граммлаад хараад өгөөч гэсэн. Би тэгэхээр нь бөгж, зүүлт хоёрыг граммлах гээд аваад хартал манай эхнэр Ч.Б-ийн Дүнжингарав худалдааны төвийн 43 дугаар павильоноос хулгайд алдсан эд зүйл буюу дугуй бөөрөнхий хээтэй, дугуй бөөрөнхий хээн дээрээ шигтгээтэй channel брэндийн 9,2 грамм 14к сорьц бүхий монетон бөгж, дөрвөлжин хэлхээ бүхий 10 грамм 14к сорьц бүхий монетон зүүлт байсан. Тэгэхээр нь эд зүйлээ нөгөө хоёр эмэгтэйгээс аваад та хоёр энийг хаанаас авсан юм бэ гэхэд цаана нь байсан эрэгтэйг зааж өгсөн. Ингээд тухайн эрэгтэйг барьж аваад Нарантуул дахь цагдаагийн тасгийн алба хаагчид хүлээлгэн өгсөн...” /8хх 128/

гэрч Н.Л-ийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Нарантуул худалдааны төвд зуух яндан авах гээд явж байхад ээмэг бөгж зардаг хэсэгт 28-32 орчимд насны туранхай үсээ боочихсон нүдний шилтэй эрэгтэй ээмэг бөгж зарах гээд явж байсан. Тэгэхээр нь эгч бид хоёр зарах гээд явж байгаа юм уу гэхэд нөгөө залуу тийм гэж хэлсэн. Тэгээд эгч бид хоёрт шаргал өнгийн хос бөөрөнхий хээтэй эрэгтэй бөгж, шаргал өнгийн урт дөрвөлжин хээтэй зүүлт, жижиг үргэлжилсэн хээтэй зүүлт, шаргал өнгийн үргэлжилсэн хээтэй бугуйвч зэргийг харуулсан. Тэгээд нөгөө залуу би граммлуулаад өгөх үү гэхээр нь бид хоёр дагаад явсан. Ингээд алт мөнгө зардаг лангууны зүүн талын булангийн лангуун дээр алт, монет зардаг эрэгтэй дээр очоод граммлуулах гэтэл нөгөө эрэгтэй тухайн эд зүйлийг үзэж байснаа бөгж, гинж хоёрыг нь миний алдсан юм байна гэж хэлээд нөгөө залууг бариад авсан. Ингээд лангууны эзэн гэх залуу, эгч бид гурав нөгөө залууг бариад Нарантуул худалдааны төв дотор байрладаг цагдаагийн тасагт хүлээлгэж өгсөн. ...” /8хх 114/,

гэрч Л.Д-ын “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 08-09 цагийн орчимд “******* гоёл” ХХК-ний эзэн нь болох Б- над руу холбогдоод хулгай орсон байна, хурдан хүрээд ирээч гэж орилсон. Би лангуун дээрээ очиход хаалга, лац, ломбо гаднаасаа хэвийн байсан. Тэгээд лангуунуудыг шалгахад монетон эдлэлийн лангууг тавиуртай нь бүгдийг нь аваад явсан байсан. Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 30 минутад лангуугаа хаагаад бүх зүйлийг хэвийн цоожилж лацдаад явсан..” /9хх 86/,

гэрч Ц.Ч-ы “..Өмнө нь 21 хоногийн өмнө байх гэж санаж байна 168-170 см орчим өндөртэй, саарал куртиктэй, жижиг халимаг үстэй, цагаан өнгийн амны хаалттай 30-35 насны орчим эрэгтэй хүн миний ажил болох Урт цагааны Перл таурын В1 давхарт байрлах өрөөнд ирээд 10 гаран граммтай монетон эдлэлүүд өгөөд явсан. Тухайн хүн дараа нь 14 хоног орчим байх хэсэг байж байгаад 10 гаран грамм монетон эдлэл өгөөд бас явсан. Харин 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 16-17 цагийн орчим тухайн залуу ирээд надад 600 гаран грамм орчим грамм монетон эдлэлүүд болох бөгж, ээмэг, кулон, 3 ширхэг зүүлт /жижиг гинж/, эвдрэлтэй бас ээмэг энэ тэр бол байсан тэгээд тухайн эдлэлүүдийг надад 1 граммыг 125.000 төгрөгөөр бодоод 70 гаран сая төгрөгийг надаас бэлнээр авна гэсээр байгаад бид 2 хамтдаа Туул рестораны хойд талын АТМ-ээс бэлэн мөнгө гаргаж тухайн хүнд өгөөд явуулсан. Тэгээд тухайн хүнээс авсан монетон эдлэлүүдээ би Мөнхөө эгчид 1 граммыг 130.000 төгрөгт тооцоолж 84.810.500 төгрөгөөр бодож өгсөн. Би тухайн хүнийг өөрийн гэсэн лангуутай, гологдол эдлэлээ өгч байна, дажгүй баян айлын хүүхэд юм шиг байна гэж бодсон. ...би үнэт эдлэл авч зарж, борлуулдаг, 5 жил болж байна. Хамгийн гол нь над дээр гуравдахаа ирсэн болохоор нь итгэсэн юм. Тухайн эд зүйлс дотор нь хуучин болон гэмтэлтэй эд зүйлс байсан мөн надтай хамт АТМ ороод мөнгө аваад байсан дандаа камертай газраар яваад байсан болохоор би итгэсэн.” /9хх 153-154/,

иргэний нэхэмжлэгч Г.Г-ын “...урьд өмнө Б.Б- нь манай ломбардад эд зүйлээ тавьж байгаагүй, харин Б.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 14 хоногоор Iphone-8 загварын гар утас 450.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...гар утсыг барьцаанд тавихдаа миний гар утас байгаа юм, миний машин мөргөлдсөн, мөнгө хэрэг болоод гэж хэлэхээр нь би тухайн гар утсыг нь үзэхэд шинэ утас байсан. ...би 450.000 төгрөг болон хүү 70.000 төгрөг нийт 520.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2хх 57-58/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Би хувиараа “Нарантуул” захын хойд хаалган дээр гар дээрээс гар утас худалдан авч бусдад зардаг ажил хийдэг юм. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зах дээр танил С.Б-гийн хамт зогсож байсан чинь үл таних залуу гар утас авах уу, ай фоне 7 плас загварын гар утас байна” гэхээр нь би гар утсыг ... 330.000 төгрөгөөр авъя гэсэн чинь...надад зөвшөөрсөн. Тэгээд би худалдан авсан гар утсаа танил ах О-т 380.000 төгрөгөөр зарсан. ... 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр О- ах цагдаагийн хамт надаас ирээд “хулгайн утас худалдан авсан байна” гэж хэлээд намайг цагдаа нартай уулзуулсан. ...Тэгээд би О- ахад 380.000 төгрөгийг бэлнээр нь буцааж өгсөн. ...би 330.000 төгрөг нэхэмжилж байна...” /2хх 61/,

иргэний нэхэмжлэгч Н.З-ы “...би Чингэлтэй дүүргийн 5-р хороо “Тэди” худалдааны төв дээр хувь хүнээс гар утас худалдан авч зардаг юм. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл таних эрэгтэй хүн айфоне эс маркийн гар утсыг 120.000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би тус гар утсыг үзэж, харж байгаад худалдан авахаар болсон. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газраас тухайн гар утсыг хураан авсан ...надад гар утас зарсан залуу миний гар утас гэж хэлээд Б.Б- гэж иргэний үнэмлэх үзүүлсэн. Надад одоо 120.000 төгрөгийн хохирол учирсан, би нэхэмжилж байна...” /2хх 64-65/

иргэний нэхэмжлэгч Ц.Б-ийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ноос 09-ний өдрийн хооронд 10 цагийн орчим ажил дээрээ ирээд сууж байхад үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн ирээд “Самсунг А-30 загварын 35604910251658701 имэй дугаартай гар утас 1 ширхэгийг зарна” гээд орж ирсэн. Ингээд тухайн утсыг яагаад зарах гэж байгаа талаар асуухад “надад мөнгөний хэрэг гараад байна, би Өвөрхангай аймаг руу явах гэтэл зардал мөнгө дутчихлаа, энэ утас ямар ч асуудал байхгүй, БНСУ-аас орж ирсэн утас” гэж хэлэхээр нь тухайн үл таних хүнд итгээд утсыг нь 150.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд би дансаар шилжүүлэх гэсэн боловч заавал бэлнээр авна гээд байсан учир бэлнээр өгсөн. ...” /3хх 126-127/,

иргэний нэхэмжлэгч Н.Н-гийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчим ажил дээрээ ирээд сууж байхад 11 цаг 50 минут орчим үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн ирээд “Самсунг Эс-8 плас загварын ************ имэй дугаартай гар утас 1 ширхэг, самсунг А8 загварын ************ имэй дугаартай гар утас 1 ширхэгийг зарна” гээд орж ирсэн. ... 2 утсыг нь нийлүүлээд 350.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд би дансаар шилжүүлэх гэсэн боловч заавал бэлнээр авна гээд байсан. ... 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид ирж миний лангуун дээр үлдсэн Самсунг А8 загварын ************ имэй дугаартай гар утсыг авсан.” /3хх 131-132/,

иргэний нэхэмжлэгч Э.Р-ын “...Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт монетон гинж барьцаалж өгсөн. Тухайн гинжийг барьцаалуулсан залууг барьцаалсан гинжийг хаяна, эргэж авахгүй гэхээр нь 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Б.А-гийн хамт буцаж очоод тухайн гинжийг хаяж байхаар авчихъя гэж бодоод 2.083.500 төгрөг төлөөд авчихсан юм. Тэгэхээр би 2.083.500 төгрөгийн хохирол учирсан. ...” /7хх 237/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Прокуророос шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б-г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.  

Түүнчлэн, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 9 жилийн хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 18 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 11 жил 18 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.Адалбек “...иргэний нэхэмжлэгч Ц.Ч-ыг иргэний хариуцагчаар татаж, түүнээс иргэний нэхэмжлэгч Р.М-өд 84.081.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б- нь хохирогч Г.Б-ээс монетон эдлэл бүхий эд зүйлс хулгайлсан, тухайн үнэт эдлэлүүдээ Ц.Ч-д 74.050.000 төгрөгөөр худалдсан. Улмаар Ц.Ч- нь иргэний нэхэмжлэгч Р.М-өд 84.081.500 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Ц.Ч-, Р.М-, Р.М-ийн охин Э.Х- нарын мэдүүлэг /9хх153, 176, 189, 11хх91/-ээр тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Ц.Ч-ыг иргэний хариуцагчаар тогтоогоогүй тул Б.Б-гаас иргэний нэхэмжлэгч Р.М-өд 74.050.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Р.М- нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой үлдэгдэл хохирлоо холбогдох этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.Адалбекийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Б- “...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, ...хураагдсан эд зүйлээс алга болсон гар утаснуудын асуудлыг шалгуулах, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах ..., хохирлын хэмжээг зөв тогтоолгох ...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б- нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 63-66/-ээр эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэх боловч эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /4хх 136-137/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “...үзлэгээр хураагдсан эд зүйлийг гэрч Ц.Б-ад хүлээлгэн өгсөн” тухай тэмдэглэл /4хх 138/, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “хохирогч Б.Ц-ид үзлэгээр хураан авсан эд зүйлсд үзлэг хийж” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх 88-90/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “хохирогч Б.Ж-т үзлэгээр хураан авсан эд зүйлсд үзлэг хийж” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх 98-99/ зэргээр хохирогч нарт хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлс, мөн түүний эх Ц.Б-ад “...түүний эд зүйлийг...” хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагджээ.  

Мөн хохирогч “Д.Э-, П.О-, Б.Ж-, Б.Ц- нараас алдсан эд зүйлийн талаар тодорхой мэдүүлэг авч, хохирлын шинж чанар, хэр хэмжээг шударгаар тогтоолгох, хөрөнгийн үнэлгээг бодитоор гаргуулах” талаар хохирлын үнэлгээтэй маргаж байх боловч үнэлгээний байгууллага нь тухайн хохирогч нарын мэдүүлэг болон ижил төрлийн хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнийн харьцуулалтын аргаар хөрөнгийн үнэлгээг гаргасан ба үнэлгээний талаар хэргийн оролцогч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хохирогч нар эд хөрөнгөөрөө хэрхэн хохирсон талаар мэдүүлэг өгч алдагдсан эд зүйлсийн шинж чанар, тоо хэмжээгээ жагсаан, үнэт эдлэлийн зураг, тайланг гарган өгсөн, эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний шинжээч тухай бүр дүгнэлт гаргасан байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг үнэн бодитой тогтоосон гэж дүгнэсэн.

Мөн “...хураагдсан эд зүйлээс 6 ширхэг гар утас алга болсон асуудлыг шалгуулах...” талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн ба энэ асуудлыг тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа гэсэн улсын яллагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, энэ талаарх тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж хянан шийдвэрлэсний дараа буруутай этгээдээс хохирол төлбөрөө нэхэмжлэх боломжтой юм.  

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр “… Иргэний нэхэмжлэгч Э.Р-аас 18.4 грамм орчим жинтэй шаргал өнгөтэй металл гинж 1 ширхэг … хүлээн авч ….” (8хх 26) гэж 18.4 грамм гинж хэрэгт хураагдсан ба 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ч.Б-ийн “эд зүйл хүлээн авсан тухай” тэмдэглэлээр хураан авсан эд зүйлсийг таньж олуулах ажиллагааг хийж хүлээлгэн өгсөн талаар хэрэгт авагдсан байна.  

Мөн шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан гэх боловч хэрэгт авагдсан сэжигтнийг баривчлах тухай тэмдэглэл /11хх 16/, сэжигтнийг баривчлах тухай прокурорын санал /11хх 19-20/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /11хх 17-18/ авагдсан боловч сэжигтнийг хорих байранд хүлээн авсан ажилтны гарын үсэг, он, сар, өдөр байхгүй байх тул үүнийг баривчлагдсан гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.  

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1188 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.Адалбек, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 99 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1188 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч Р.М-ийн өмгөөлөгч Б.Адалбек, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 99 /ерэн ёс/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН 

                 ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ