| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0649/э |
| Дугаар | 660 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 660
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч Э.Энхбат,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808028210845 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Э.Б, Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хонгор” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 28-487 тоотод оршин суух хаягтай, 2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоног хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацагаар хойшлуулсан, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хүнсний дэлгүүрийн үүдэнд 2018 оны 6 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө 00 цагийн үед иргэн М.О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ:
2018 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Ивээл” дэлгүүрийн үүдэнд танил ахтайгаа тааралдаад, тэр ах дэлгүүр орсон. Хохирогч О хэдэн хүүхдүүдтэй муудалцаад маргалдаад зогсож байхаар нь би очоод тэр хүүхдүүдийг өмөөрсөнөөс болоод бид хоёр маргалдсан. О надаас зуураад тавихгүй болохоор нь нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн талааар маргахгүй, сонсгосон зүйл ангийг зөвшөөрч байна. Хохирогчид 2.500.000 сая төгрөгийг төлж өгсөн байгаа. Прокуророос санал болгосон торгуулийн ялыг зөвшөөрсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар 02-ны оройн 23:00 цагийн үед...“Ивээл” хүнсний дэлгүүр орсон. Тухайн үед дэлгүүр орохдоо мөнгөө гэртээ мартчихсан байсан болохоор худалдагчаас зээл өгөөч гэхэд худалдагч залуу зээл өгөхгүй гээд би дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэнд хоёр залуутай маргалдахад нэг залуу хүрч ирээд тэр хоёр залууг өмөөрөөд миний хамар луу толгойгоороо мөргөхөд хамт явж байсан залуу нь дундуур орж ирээд тэр залууг салгаад аваад явсан. Тэгээд би дэлгүүрийн худалдагчаас тэр залууг таних уу гээд асуухад хамт явж байсан залуугийн гэрийг мэднэ гэж хэлэхээр нь гэртээ ороод эхнэр Т-т хэлэхэд эхнэр дэлгүүрийн худалдагчаас намайг цохисон залуутай хамт явж байсан залуугийн гэрийг нь заалгаад цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж хамраа үзүүлэхэд хамар хугарсан байна гэж хэлсэн юм. Миний биед хөнгөн хохирол учруулсан Б гэдэг залуу эмчилгээ төлбөрийг минь бүрэн барагдуулсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-9-15/,
Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 02-ны оройн 20:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо Цамбагаравын автобусны буудал дээр хуурай дүү Б-той таараад бид хоёр юм ярьж байгаад пабад орж 0.5 граммын Хараа архи авч уусан юм. Тэгээд бид хоёр пабаас оройн 23:00 цаг өнгөрч байхад гараад манай гэр лүү явах замдаа...“Ивээл” хүнсний дэлгүүр ороход дэлгүүрийн үүдэнд нэг залуу 2 хүүхэдтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд би ганцаараа дэлгүүр орсон, Б миний араас явж байсан. Би дэлгүүр ороод бэлэн гоймон, нэг шил архи аваад гараад ирэхэд Б дэлгүүрийн гадна зогсож байсан залуутай маргалдчихсан, заамдалцаад зогсож байхаар нь дундуур нь ороод Б-г салгаад гэр лүүгээ аваад явсан. Гэртээ хариад архинаасаа нэг нэг татаад унтах гээд хэвтэж байхад цагдаа орж ирээд Б-г хүн зодсон гээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс рүү авч явчихлаар нь араас нь цагдаагийн хэлтэс дээр ирэхэд дэлгүүрийн үүдэнд Б-той маргалдаж байсан залуу цагдаад өргөдөл гаргаж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2018 оны 06-р сарын 02-ны оройн 23:00 цаг өнгөрч байхад манай нөхөр О хүүхдүүддээ дэлгүүрээс юм авч өгнө гээд охиноо дагуулаад гарсан юм. Удалгүй манай охин уйлчихсан, нөхрийн хамраас цус гарсан гэртээ ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хүнсний дэлгүүрийн үүдэнд нэг залуу маргалдахад хамар руу мөргөчихлөө гэж хэлэхээр нь “Ивээл” дэлгүүр орж худалдагчаас нь ямар хүнтэй маргалдсан талаар асуухад худалдагч залуу дэлгүүрээс юм авсан ахтай хамт явж байсан залуутай маргалдсан. Дэлгүүрээс юм худалдаж авсан ахын гэрийг нь мэднэ гээд надад гэрийг нь зааж өгөхөөр нь цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа ирээд манай нөхөртэй маргалдсан гэх залууг авч явсан. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл гаргаад ГССҮТ орж нөхрийнхээ хамрыг үзүүлэхэд хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22/,
Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №7424 дугаар акт:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны 2 талаар хавдсан, шаргал цус хуралттай, хамрын нурууны баруун дунд хэсэгт 0.2x0.1 см хүрэн зулгаралттай. Баруун зүүн нүдний дээд, доод зовхины дотор булангаар хүрэн шаргал цус хуралттай. Цээжний баруун урд дунд хэсгээр эмзэглэлтэй.
2018 оны 06 сарын 03-ны Толгойн ТГ: тархины эдэд голомтот болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй, тархины бор цагаан эдийн ялгарал хэвийн...2 талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй, хамар ясны баруун хажуу хана болон хянга хэсгээр зөрүүтэй, зүүн хажуу хана зөрж цөмөрсөн хугаралтай, мөн хамрын таславч урд хэсгээр ялимгүй зөрүүтэй хугаралтай, хугаралын улмаас хамрын салст болон зөөлөн эд хавагнасан.
ДҮГНЭЛТ:
1. М.О-н биед хамрын ясны баруун зүүн хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Э.Б-н гэрчээр /хх-17/ болон яллагдагчаар /хх-35-38/ өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ивээл” хүнсний дэлгүүрийн үүдэнд 2018 оны 6 дугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө 00 цагийн үед иргэн М.О-тай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамрын ясны баруун зүүн хажуу хананы зөрүүтэй цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч М.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би дэлгүүрээс гараад дэлгүүрийн үүдэнд хоёр залуутай маргалдахад нэг залуу хүрч ирээд тэр хоёр залууг өмөөрөөд миний хамар луу толгойгоороо мөргөхөд хамт явж байсан залуу нь дундуур орж ирээд тэр залууг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-9-15/,
Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дэлгүүр ороод бэлэн гоймон, нэг шил архи аваад гараад ирэхэд Б дэлгүүрийн гадна зогсож байсан залуутай маргалдчихсан заамдалцаад зогсож байхаар нь дундуур нь ороод Б-г салгаад гэр лүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...нөхөр О хүүхдүүддээ дэлгүүрээс юм авч өгнө гээд охиноо дагуулаад гарсан юм. Удалгүй манай охин уйлчихсан, нөхрийн хамраас цус гарсан гэртээ ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад...“Ивээл” хүнсний дэлгүүрийн үүдэнд нэг залуу маргалдахад хамар руу мөргөчихлөө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22/,
Шүүдэгч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Ивээл” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна зогсож байхад нэг залуу дэнжийн зүс таньдаг хүүхдүүдтэй маргалдсан зогсож байхаар нь би очоод О гэдэг залуутай маргалдаж байгаад заамдаад цаашин түлхээд өөрөөсөө холдуулахад тэр залуу над руу дайраад хүрээд ирэхэд нь толгойгоороо нэг удаа мөргөхөд хамраа бариад явчихсан...Би О-н толгой цээж рүү нь гараараа 2 удаа цохиод, заамдаад толгойгоороо хамар луу нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-19-20, 35-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.О:“... нэг залуу хүрч ирээд тэр хоёр залууг өмөөрөөд миний толгой руу 2-3 удаа цохиод, хамар луу 2 удаа мөргөчихсөн юм..”, гэрч А.А-н өгсөн “...маргаан болсны маргааш О-н нүүрийг харахад хамар нь хөхөрчихсөн байсан”, гэрч Ц.Т-н өгсөн “...Ивээл хүнсний дэлгүүрийн үүдэнд нэг залуу маргалдахад хамар луу мөргөчихлөө гэж хэлэхээр цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлгүүдээр хохирогч М.О-н хамар болон толгойн тус газар нь цохиж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирлын баримтаар 1.359.130 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн, одоо хохирогч М.О нэхэмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-г дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Э.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.