Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01663

 

 

 

 

 

2017 07 24

1663

 

 

Баянгол дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01197 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК-д холбогдох 22 653 378 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцгээ, прокурор Н.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагад: "Кэй эйч ти эс" ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 15 102 252 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 5 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орсон. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийи 1.2-т заасан заалтын дагуу "Кэи Эйч Ти Эс" ХХК-ийн дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 7 551 126 төгрөг, бүгд 22 653 378 төгрөгийг гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Кэй Эйч Ти Эс" ХХК-ийн тайлбарт: Манай компани нь зам барилгын үйл ажиллагаа эрхэлдэг. 2015-2016 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зам барилгын ажил гүйцэтгэсэн компаниудтай хамтран ажилласан. Засгийн газар ажлын санхүүжилтийг өнөө хүртэл өгөөгүйгээс нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөгийг төлөөгүй болно. Иймд 15 102 252 төгрөгийг санхүүжилт хийгдсэн тохиолдолд төлж барагдуулна. Хугацаа хэтрүүлсэний төлбөр болох 7 551 126 төгрөгийг төлөх боломжгүй учир чөлөөлж өгнө үү гэжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэгийн тайлбарт: Хариуцагч "Кэй Эйч Ти Эс" ХХК-иас хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 7 551 126 төгрөг, бүгд 22 653 378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1, 20 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч "Кэй Эйч Ти Эс" ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252/арван таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг, алдангид 7 551 126/долоон сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг, бүгд 22 653 378/хорин хоёр сая зургаан зуун тавин гурван мянга гурван зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "Кэй Эйч Ти Эс" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 271 216 төгрөгийг гаргуулан Улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "Кэй Эйч Ти Эс" ХХК давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хураддаанд ирээгүй байхад шүүх хэргийг хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэврлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг зохигчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн явдал нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцож нотлох баримт бүрдүүлэх, мөн мэтгэлцэх боломжийг олгоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан хугацаа хэтрүүлсний төлбөр болох 7 551 126 төгрөгийг хариуцагч зөвшөөрөхгүй байхад шүүх хариуцагчид татгалзлын үндэслэлээ нотлох боломж олголгүй алдангийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар cap хүртэл нийшийн даатгалын шимтгэлээр 15 102 252 төрөгийг дутуу төлсөн гэх боловч алдангийг хэдэн сарын хэднээс эхлэн тооцож байгаа нь тодорхойгүй бөгөөд тооцооллын хувьд алдаатай байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 15 102 252 төгрөг, алдангид 7 551 126 төгрөг, нийт 22 653 378 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж зааснаар 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 15 102 252 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК нь ажиллаж буй даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сард нь багтаан төлөх хуульд заасан журмыг зөрчсөн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т ... хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулахаар заасан байх тул хариуцагч нь алданги төлөх үүрэг хуульд зааснаар үүснэ.

Шүүх хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлд дутуу төлсөн 15 102 252 төгрөг, алдангид 7 551 126 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцгээгийн хүсэлтээр хойшлуулж, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр товлосон ба тэрээр дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүхээс уг хүсэлтийг хүндэтгэн үзэх үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/01197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Кэй Эйч Ти Эс ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 768 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ