Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар  2025/ДШМ/625

 

Л.М, Л.О, Г.У,

Ө.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Л.М /цахимаар/, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Г.У /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Ө.О /цахимаар/, түүний өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Л.Оын өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Л.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.М, Л.О, Г.У, Ө.О нарт  холбогдох эрүүгийн 2402 00000 0139 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Л.О, 

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 383 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 192 дугаар зүйлийн 192.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

2. Л.М, 

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 492 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 100.000 төгрөгийн хөрөнгө хурааж, 7 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 жилийн хугацаагаар тогтоосон,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 9 жил 1 сар 21 хоногийн хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

3. Ө.О, 

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

4. Г.У, 

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

1. Л.О нь 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” зочид буудлын 1303 тоот өрөөнд байхдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Ө.О, Г.У, Л.М нараас 800.000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, улмаар тус зочид буудлын 1303 тоотод хадгалсан,

2. Л.М нь 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.5022 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн өмсөж явсан куртикнийхээ халаасанд хадгалсан,

мөн Ө.О, Г.У нартай бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт энд конвешн” зочид буудлын 1303 тоотод байрлаж байсан Л.Оад 800.000 төгрөгөөр худалдсан,

3. Ө.О нь Л.М, Г.У нартай бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт энд конвешн” зочид буудлын 1303 тоотод байрлаж байсан Л.Оад 800.000 төгрөгөөр худалдсан,

4. Г.У нь Ө.О, Л.М нартай бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0.5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорейт энд конвешн” зочид буудлын 1303 тоотод байрлаж байсан Л.Оад 800.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ө.О, Г.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Оодгор овогт Лувсангийн Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигин овогт Лхамжавын Л.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бүлэглэж худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Бөөгийнхөн овогт Өлзийбаярын Ө.О, Хөх Толбот овогт Ганхуягийн Г.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бүлэглэж худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мыг 3 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Оыг 2 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Г.Уыг 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Ө.О, Г.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оын цагдан хоригдсон 71 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, 71 хоног буюу 2 сар 11 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 09 сар 19 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын цагдан хоригдсон 290 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оад зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О, Г.У нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 800.000 төгрөгийг тэнцүү хуваан шүүгдэгч Ө.О, Г.У, Л.М тус бүрээс 266.666 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх шүүгдэгч Л.Оын байрлаж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Корпорейт энд конвешн” зочид буудлын 1303 тоотод нэгжлэг хийж, хураан авсан “ГМ-116 Корпорейт буудал х/ч Г.Мөнхдаваа IV/16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн гуурс мэт зүйл, “ГМ-116 Корпорейт буудал х/ч Г.Мөнхдаваа IV/16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар ууттай үеийн жин 0,7425 г, цэвэр жин 0,5521 г цайвар өнгийн талстлаг зүйл буюу метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, шүүгдэгч Л.Маас нэгжлэг, үзлэг хийж хураан авсан №1 гэж дугаарласан гялгар уутны хамт жин нь 1,8154 грамм, цэвэр жин нь 0,3227 грамм цагаан өнгийн нунтаг зүйл буюу метамфетамин (methamphetamine)-ны агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн эм мэт зүйл зэргийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Оад авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хэргийн бусад яллагдагч нартай уулзах, аливаа хэлбэрээр харилцахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.О, Г.У, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Оад авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох, хэргийн бусад яллагдагч нартай уулзах, аливаа хэлбэрээр харилцахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Л.М, Ө.О, Г.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 461 дүгээр хорих ангид 317 хоног ял эдэлж байгаа бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээр маргаагүй хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн анхан шатны шүүхээс улсын орлогод 266.666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан болно. Миний ээж болох Ч.А нь 2 удаа тал харваж, одоогоор биеийн байдал маш муу хэвтэрт байгаа. Иймд миний бие цаашид үлдсэн хугацаандаа ээж, үр хүүхэд, хань ижилтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч бусдад сайн үлгэр дуурайлал үзүүлж, хорт зуршил гэдэг зүйлийг ахиж хэрэглэхгүй “эх орондоо” хувь нэмэр оруулж амьдарна гэдгээ амлаж байна. Иймд ээжийн минь эрүүл мэндийн байдал, миний хувийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 3 сарын ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус хэрэгт шалгагдах явцдаа хэргийн оролцогчдыг хэр хэмжээнд таньдаг болох талаараа мөн “тэдний өгсөн зураг болоод байршлаас нь тэдний гуйсны дагуу юу болохыг нь мэдэх боломжгүй ууттай зүйлийг нь тэдэнд дөхүүлж өгөх буюу хүргэж ирснээрээ өнөөдөр уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэмээн буруутгагдаж дээрх яллагдагч, шүүгдэгч нарын өөрсдийнхөө эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санаа зорилготойгоор өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн ял шийтгэсэн явдалд туйлын ихээр гомдолтой байгаа тул хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалах чин санаа зорилготойгоор эрх зүйн байдлынхаа хүрээнд хуульд заасны дагуу эрхэм дээд шатны шүүх байгууллага танаа энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад тус гэмт хэрэгт оролцоотой гэх байдлыг нэг бүрчлэн өөрийн зүгээс үнэн зөвөөр мэдүүлсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нь миний биеийн бодит оролцоо нь “...Л.М ах надад нэг зураг  үзүүлж гуйсных нь дагуу миний бие Цамбагаравын автобусны буудлын урдаас скочоор боосон жижиг зүйлийг, юу болохыг нь мэдэлгүйгээр” авчирч өгсөн. Мөн Л.О ах болон Л.М ах нар намайг сонгуулийн  ажилд ажиллуулна гэж ярьж, түүнийхээ цалин хөлс урьдчилгаа хэлбэрээр надад ойлгуулан миний дансанд 800.000 төгрөг хийсэн бөгөөд өөрөө 10.000.000 төгрөгөөр мөрийтэй тоглож алдаад, надаас уг 800.000 төгрөгөө буцаан авсан ба дахиж надад бэлнээр өгсөн зүйл огтхон ч байхгүй. Уг хэрэгт яригдаж байгаа мөс худалдаж авах зорилгоор 700.000  төгрөгийг Л.М ах өөрийн данснаас шилжүүлсэн үйл баримт байгаа. Үүнд миний оролцоо огтхон ч байхгүй учраас миний зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ шилжүүлэгдсэн гэх 700.000 төгрөгийг ямар зорилготой шилжүүлсэн болохыг үнэхээр мэдэхгүй учраас бодитоор нь буюу мөс болон пүүз гэх аль аль зорилгоор шилжүүлснийг мэдэхгүй. Мөн аль нэг ямар зориулалтаар шилжүүлж буй болохыг тогтвортойгоор мэдүүлсээр ирсэн болно. /1хх 239-240/ Иймээс тус гэмт хэргийн оролцогчдын зүгээс хэргийн бодит байдалд нийцэх боломжгүй зөвхөн өөрсдөдөө ашигтай байхаар бодолцон тооцож өгсөн мэдүүлгийг нь үндэслэж, өөрөөр хэлбэл нэг яллагдагчийн мэдүүлгээр нөгөөг нь яллаж, энэ нь хуульд зааснаар гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй тогтоох байсан шаардлага бүрэн хангагдаагүй байхад яллагдагч нарын мэдүүлгээр ялласанд гомдолтой байна. Иймд энэхүү гомдлыг минь хүлээн авч хуульд заасан  зохих үндэслэл, журмын дагуу, шүүгдэгч миний хууль ёсны өмгөөлөгч П.Гансүхийн анхан шатны шүүхийн  хэлэлцүүлэгт “...Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан  нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй. Бүлэглэж худалдаалсан гээд байгаа, худалдаалах гэх ойлголтыг Улсын дээд шүүхээс тайлбарласан. Ашиглах үйлдлийг хэлнэ гээд байгаа. 700.000, 800.000 төгрөгийг захиран зарцуулахад миний үйлчлүүлэгч хэрхэн халдаад байгаа вэ?, энэ дээр дүгнэлт хийхгүй байна. Хувийн байдлыг тогтоох ёстой. Хамт байсан эмэгтэйг шалгаагүй. Шүүх хурлын  явцад Л.М нь Ө.Оыг юу авчирч байгаагаа мэдээгүй авчирч өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдэж өгнө үү. ...” гэж гэм буруугийн асуудал дээр дүгнэлтээ танилцуулсан болохыг анхаарч авч үзэж, тус шийтгэх тогтоолд хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж, намайг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ө.Оийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ө.Оыг шүүгдэгч Л.М, Г.У нартай бүлэглэн Л.Оад “Мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хариуцлага оногдуулсан.

1. Хэргийн бодит байдал, гэм буруугийн талаар:

Ө.Оын хувийн байдлын талаар, 1992 онд төрсөн, 32 настай, эхнэрийн хамт амьдардаг, улирлын чанартай барилгын ажил хийдэг, шүүгдэгч Л.О, Л.М нарын удирдлага доор машин тэргийг нь барих, ар гэр орных нь ажилд туслан, тэдгээрээс хэдэн төгрөгийн цалин авч, амьдралаа залгуулдаг залуу юм. Хэрэг гардаг өдөр Л.О, Л.М хоёр Ө.Оыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Глобал” гэх нэртэй орон сууцны байранд дуудсан байдаг. Очиход Л.М нь нэг эмэгтэй хүнтэй хамт нэг өрөөнд, Л.О нь нэг өрөөнд гар утсаараа тоглож байсан. Л.О хэд хэдэн удаа Ө.Оод мөнгө өгч гаргаж бэлэн мөнгөний машинд өөрийн тоглоомын данс руу хийлгүүлж тоглосон байдаг. Мөн Л.О нь Ө.Оыг явуулж "Корпорейт" зочид буудлаас өрөө захиалж авхуулсан байгаа юм. Тэгээд ороод ирэхэд нь Л.М энэ газраас ийм зүйл байгаа очоод аваад ир гээд өөрийн машины түлхүүрээ өгсөн байна. Ө.О явж тэр зүйлийг авчирч өгөөд, мөн Л.Мд машины түлхүүрийг нь өгөөд гэр рүүгээ явсан байдаг. Хэрэг илчлэгдсэний дараа Ө.О хоёр ах яагаад намайг энэ хэрэгт холбогдуулж байгаа юм бэ? гэхэд бид хоёр чамайг цагдаад гөрчихлөө гэж бодоод чамайг зарсан гэж мэдүүлсэн юм, чи хамаагүй юм байна, чи хэргээс сална, санаа зоволтгүй гэж хэлж байсан байдаг.

2. Өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нар нь илт буруугүй хүнийг хэрэгт татан оруулж хэргийг сунжруулах оролдлого хийдэг. Энэ нь олон хэргээс ажиглагдаж байгаа үзэгдэл. Шүүхийн хэлэлцүүлгээр эргэлзээ үүсдэг учир хэргийг прокурорт буцаадаг. Энэ хэрэг дээр ч бусад оролцогч нарын байр сууринаас ажиглагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг яллагдагчийн мэдүүлгээр нөгөөг нь ялладаг, бусад нотлох баримтыг үнэлж дүгнэхгүй байгаа нь буруу юм. Худалдах гэх ойлголт нь “Бараа болон эд зүйлийг зарах, худалдан авагч худалдагч талд төлбөр төлөх эдийн засгийн үндсэн ойлголт" юм. Бүлэглэн худалдаалсан гэдгийг “Эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй боловч тухайн хөрөнгөтэй ямар нэгэн байдлаар харьцах боломж бүхий этгээд нь энэ хэргийн субъект байж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн байдлаар эзэмшигчийн хяналтаас илэрхий гарсан эд хөрөнгийг ашиглах ойлголт юм” гэж өмгөөлөгч би ойлгож байна. Эндээс дүгнэхэд эд хөрөнгийн эзэмшигч нь Л.О, эд хөрөнгийг ашиглаж, өөрийн эрх мэдэлд авч байгаа этгээдүүд нь Л.М, Г.У нар байгаа юм. Миний үйлчлүүлэгчийн хувьд эд хөрөнгөнд оролцсон, ашиг авсан нэг ч нотлох баримт байхгүй, үйлдэл ч хийгдээгүй байна. Харин хар тамхийг авчирч өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч, энэ талаар мэдүүлгээ үнэн зөв, мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд заан, тууштай мэдүүлсэн байна. Миний үйлчлүүлэгч Ө.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй”, мөн хуульд зааснаар шударга ёсны зарчимд хамаарна гэж дүгнэж байгаа юм. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Г.Уыг бусадтай бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Оад 800.000 төгрөгөөр худалдсан гэм буруутай гэж үзсэн. Л.Маас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 44 минутад Г.Уын дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн тухай тэмдэглэл /2хх 41-42/, “C”-н хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цаг 41 минутад Ө.О, Л.О хоёр зочид буудлаас гарч байгаа нь харагдана. /1хх 34-39/, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 20 минутад буудалд тайрмал үстэй эмэгтэй буюу /Л.Оын эхнэр Бурмаа/ орж байгаа бичлэг.  Шүүгдэгч Л. Л.Оын мэдүүлэгт “...Оогий өөрөө авч ирсэн. ...Би тэр мөснөөсөө буудалд ганцаараа жаахан хэрэглэсэн. Тэгж байтал манай эхнэр Бурмаа ирж байна гээд мессеж бичихээр нь нуугаад тамхины хайрцагт хийсэн. Удалгүй Бурмаа орж ирсэн. Араас нь цагдаа нар орж ирсэн гэх мэдүүлэг. /1xx 188-190, 221-222/ Шүүгдэгч Л.М шүүх хуралдаанд асуусан асуултад хариулахдаа бодисыг авахдаа төлбөр тооцоогоо хийсний дараа тухайн бодисоо авдаг талаар мэдүүлсэн. Эдгээр цаг хугацаа болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээс үзэхэд Г.Уоос бодис авсан гэж үзэхэд учир дутагдалтай байхад анхан шатны шүүх орхигдуулж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Л.Мын мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Г.Уыг хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаас үзэхэд “мөс” гэх бодисыг бусадтай бүлэглэн худалдсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэх байр суурьтай оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Уод холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ байсан. Намайг тухайн өдөр эдгээр хүмүүстэй буудалд байсан, юм өгсөн гэдэг. Камерын бичлэг байдаг бол энэ талаар нотолж өгнө үү. Би өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа. Тухайн өдөр би охинтойгоо гэртээ байсан. Манай орцны камерыг шүүвэл харагдана.” гэв.

Шүүгдэгч Л.Оын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдааны гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.О хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ..” гэж заасан. Уг зохицуулалтын хүрээнд шүүгдэгч Л.Оын 5-15 насны хүүхдүүдтэй, /бага хүү О.Отгонтөгс нь аутизм F84 гэх оноштой байнгын эцэг эхийн асрамжид байдаг/ эхнэрийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Мын гэм буруугаа хүлээж, ял шийтгэлийг боломжит хэмжээнд багасгаж өгнө үү гэх агуулгатай гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. Шүүгдэгч Л.М нь Л.Оын саналаар мансууруулах бодисыг худалдаж авсан хүн. Гэтэл худалдсан хэмээн Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тухайн бодис шүүгдэгч Л.Мд байгаагүй. Анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг тодруулах үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Прокурор эсэргүүцэл бичсэнээр, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн. Эдгээр нөхцөл байдлыг ярихаар гэм буруу дээр маргасан гэж үздэг. Үйлдлийн хувьд шүүгдэгч маргадаггүй. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг нийгэмд хор аюултай гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан шударга ёсны зарчмаар гэм бурууд тохирсон ял шийтгэлийг шүүхээс хүсэж байгаа. Шүүгдэгч Л.Мын хувьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод олон жилийн ял шийтгүүлэн, гарч ирээд удаагүй байгаа. Өмнөх ял шийтгэлээ шударгаар эдлээд гараад ирсэн байхад, дахин гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар ялыг нэмэх үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Л.Мын гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрийн асуудалд маргаагүй нөхцөл байдлуудыг үндэслэн, ялыг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэх бүрэн боломжтой.” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэж, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Л.Оаас Ө.Оын эзэмшдэг /данс эзэмшигч нь н.Буян-Орших гэх эзэмшигчтэй/ данс руу 800.000 төгрөгийг тухайн өдөр шилжүүлсэн. Тухайн төрлийн бодис нь олдохгүй байна гэх агуулгаар буцаахдаа Л.Мын данс руу шилжүүлсэн. Улмаар Л.Маас Г.У руу шилжсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Хэрэгт цугларсан арилжааны банкны дансны хуулга, хяналтын камерын бичлэг, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч нар хэн алиныхаа үйлдлийг нотолсон мэдүүлгийг өгдөг. Тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Л.Мын тухайд гэм буруу дээр маргаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэн аль нь гэм буруу дээр маргадаг. Гэм буруутайд тооцохоор бид гэм буруу дээр маргаагүй, нөхцөл байдлыг тайлбарласан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокуророос ялын санал гаргасан. Энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ө.Оын тухайд юу байсныг мэдээгүй гэдэг. Хэргийн газарт нэгжлэг хийсэн. Тухайн газарт байсан хүмүүсээс биологийн дээж авч шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр энэ төрлийн бодис дээрх 4 хүнээс илэрсэн. Б.Тэнгис өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны тухай ярьж байна. Гэмт хэргийн тухайд хадгалсан болон худалдан борлуулсан асуудал яригдаж байгаа. Гэмт хэрэг 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн газарт Л.Оын эхнэр гэх эмэгтэй байсан. Тухайн бодисыг хэрэглэсэн байсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл тогтоогдоогүй. Хэрэглэсэн үйлдэл нь гэмт хэрэг биш учир дээрх 4 хүний асуудлыг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүх рүү шилжүүлсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Л.М нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Л.О нь 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Корпорейт энд конвешн” зочид буудлын 1303 тоот өрөөнд байхдаа метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Ө.О, Г.У, Л.М нараас 800.000 төгрөгөөр худалдан авч, хууль бусаар олж авсан, улмаар тус зочид буудлын 1303 тоотод хадгалсан,

- шүүгдэгч Л.М нь 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5022 грамм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн өмсөж явсан куртикныхээ халаасанд хадгалсан,

- шүүгдэгч Л.М, Ө.О, Г.У нар бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө метамфетамины агууламжтай “Мөс" гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5521 грамм, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Оад 800.000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

          нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-8/,

          хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “... “Л.О” 6,8,10,12 дугаартай багананд 1 зураас тодорч “Эерэг” гэж зааж тухайн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгаж...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-16/,

          хүний биед үзлэг хийсэн “...Л.М нь миний биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний хэрэглүүр байгаа гэснээр өмсөж явсан хар өнгийн малгайтай куртикны баруун талын халааснаас цагаан өнгийн гялгар ууттай “Мөс" гэх зүйлийг гаргаж өгснийг №1 гэж дугаарлан хураан авч, албаны цахилгаан жинлүүр дээр жинлэж үзэхэд 0.5 грамм байв. Мөн тус халааснаас улаан өнгийн оруулгатай цагаан өнгийн хуванцар гуурс соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн сав гаргаж өгснийг №2 гэж дугаарлан хураан авч...” тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 23-27/,

          хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “Л.М” 2,4,6,12,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч тухайн бодисыг хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгаж..." тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 28-30/,

          хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “... “Ө. Ө.О” 2,4,6,12,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч “Эерэг” гэж заасан байсан болохыг тэмдэглэлд тусгаж..." тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 61-63/,

          хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан “... “Г.У” 2,6,13 дугаар багананд 1 улаан зураас тодорч “Эерэг” гэж заасан байсан болохыг тэмдэглэлд тусгаж..." тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 69-71/,

          шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2348 дугаар: "1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл, №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн эм мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. №1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан улаан, цагаан өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шил мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. №3 гэж дугаарласан цэнхэр өнгийн эм мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. " /1хх 124-126/,

          шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2349 дүгээр /1хх 129-131/,

          Шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2398 дугаар: “1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Г.У” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "Г.У" гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” /1хх 164-165/,

          шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2399 дүгээр: "1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн "Ө.О” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "Ө.О” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн...” /1хх 169-170/,

          шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2345 дугаар: "1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “Л.О" болон “Н.Бурмаа” гэж хаягласан шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Л. Л.О" болон “Н.Бурмаа" гэж хаягласан шээсний дээжүүдээс болон метамфетамин /methamphetamine/ илэрсэн" /1хх 174-175/,

          шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2344 дүгээр: "1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн "Лхамжав Л.М" гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "Лхамжав Л.М" гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн” /1хх 179-180/ тус тус дүгнэлтүүд,

          дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн “...Л.Оаас 2024.04.15-ны 22:31 минутад Л.Мын дансанд 800.000 төгрөг шилжүүлсэн. Л.Маас 2024.04.15-ны 22:44 минутад Г.Уын дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн..." тухай тэмдэглэл /2хх 41-42/,

          Г.Уын тоот дансанд Г.Л.Маас 700.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2хх 103/,

          "Corporate hotel and Convention centre”-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 34-39/,

          Н.Бурмаагийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 40-41/,

          Ө.Оын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 82-86/,

          гэрч Н.Содномпилын: “... Тэр өдрийн 21 цагийн орчимд над дээр нэгэн эрэгтэй хүн орж ирээд өрөө, төлбөрийн мэдээлэл аваад гараад явсан. ...хар савхитай хүн ирээд И-Монголиа бүртгэлээр цахим үнэмлэхээ харуулаад “Мөнжаргал-95004606" гэсэн дугаараар бүртгүүлээд тэр хоёр эрэгтэй хүн 13 дугаар давхрын 1303 тоот өрөөг авч байсан. ...Дараа нь хар пальтотой эмэгтэй хүн цахилгаан шат даруулж орж байсан. Харин тэр өрөөг түрээсэлж авсан хоёр эрэгтэй хүнийг орж гарсан талаар мэдэхгүй...” /1хх 96-98/,

          яллагдагчаар Л. Л.Оын: "...2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21-22 цагийн үед 97007077 гэсэн утасны дугаартай зүс мэдэх Оогий нэртэй дүүтэй өөрийнхөө утаснаас залгаж холбогдоод 1 грамм мөсийг 800.000 төгрөгөөр худалдан авахаар яриад 800.000 төгрөгийг тэр дүүгийн Голомт банкны данс руу хийсэн. Тэгтэл "юм олдохгүй байна” гээд буцаагаад 800.000 төгрөгийг хийсэн. Хэсэг хугацааны дараа над руу залгаад “юм олчихлоо” гэхээр нь “аваад ир” гээд “Корпорейт” зочид буудлын өрөөнд Оогий өөрөө авчирч өгсөн. Би бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Би тэр мөснөөсөө буудалд ганцаараа жаахан хэрэглэсэн. Тэгж байтал манай эхнэр Бурмаа “ирж байна” гээд мессеж бичихээр нь нуугаад тамхиныхаа хайрцагт хийсэн. Удаагүй Бурмаа орж ирсэн. Араас нь цагдаа нар орж ирсэн. ...” /1хх 188-190, 221-222/,

          яллагдагчаар Л.Мын: "...2024 оны 4 дүгээр сарын 15-ны 19-20 цагийн үед Ө гэж дууддаг дүүгийн дугаар руу өөрийнхөө дугаараас залгаад Солонгос элчингийн хажууд уулзахаар тохироод уулзсан. "1 грамм мөс олж өгөх боломж байна уу” гэж асуусан чинь О “Дэлдэктэй холбогдоод асуугаад үзье” гээд миний хажууд Дэлдэк рүү залгаад мөс авахаар болсон. Ингээд Дэлдэк рүү мөс авахаар нэгдүгээр хороолол руу явсан. О мөсөө очиж аваад Л.Оад аваачиж өгөхөөр утсаар яриад явсан. Л.Оын мөс авсан 800.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар аваад Дэлдэкийн Хаан банкны Ундрах данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний биеэс хураагдсан мөсийг О дүү надад авч ирж өгсөн. О дүү Л.Оад аваачиж өгсөн мөснөөсөө талыг нь надад авчирж өгсөн. ...” /1хх 193-195, 228-229/, 

          яллагдагчаар Г.Уын: "... Намайг Дэлдэк гэж хочилдог. 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 700.000 төгрөг миний Хаан банкны дансанд Мөөжиг ахаас орж ирсэн. Энэ 700.000 төгрөг нь найз Оогий буюу Ө.О пүүз захиад түүнийхээ мөнгийг Мөөгий ахаас хийсэн юм билээ. Отгоо нь миний багын найз юм. Би Мөөжиг ахад, Отгоод ч мөс өгөөгүй...” /1хх 200-201, 248-250/,

          яллагдагчаар Ө.Оын: "...Л.М ах надад нэг зураг үзүүлээд “энэ зүйлийг очоод аваад ир” гэж хэлсэн. Би нэгдүгээр хорооллын Цамбагаравын автобусны буудлын урд талаас скочоор боосон жижиг зүйлийг авсан. ...Ингээд буудлын 1303 тоотод аваачиж өгсөн. ... “Глобал” гэх нэртэй байранд Л.М, Л.О ах бид гурав нэг хоносон. Хоёр дахь хоногийн орой Л.О ах “Корпорейт” зочид буудалд өрөө авхуулсан. ...” /1хх 239-240/ тус тус мэдүүлгүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Л.Оыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Ө.О, Г.У, Л.М нараас худалдан авч, хадгалсан,

- шүүгдэгч Л.Мыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан,

- шүүгдэгч Л.М, Ө.О, Г.У нарыг бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Л.М нь Ө.Отой уулзаж, мөс олж өгөх боломжтой эсэхийг асуухад тэрээр Г.Утой утсаар холбогдон мөс асууж, улмаар 1 дүгээр  хороолол руу явж мөс авсан байх бөгөөд Л.О нь мөс худалдаж авах 800.000 төгрөгийг Л.Мын дансанд шилжүүлж, тэрээр уг мөнгөнөөс 700.000 төгрөгийг Г.Уын данс руу шилжүүлсэн, Ө.О нь мөсөө Л.Оад хүргэж өгсөн, Л.О нь худалдаж авсан мөсөө хэрэглэсэн, хадгалсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд Л.М, Ө.О, Г.У нарын энэ үйлдэл нь Л.Оад мөс худалдахад чиглэсэн байна.  

Шүүгдэгч Л.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ө.О, Г.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Л.М “...ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын “...холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Тэнгис “...Г.Уод холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Л.М, Л.О, Г.У, Ө.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Л.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Л.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ял,

шүүгдэгч Ө.О, Г.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Л.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.М, Г.У, Ө.О нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 82 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/655 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч Л.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Г.У, Ө.О нарын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 82 /наян хоёр/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР 

 

                         ШҮҮГЧ                                   М.АЛДАР 

 

                                           ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ