Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 670

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч У.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808028150846 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 03-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овогт У.Н, Монгол Улсын иргэн, Булган аймаг Рашаант суманд 1972 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 6-209 тоотод оршин  суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч У.Н нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 6-209 тоот өөрийн гэртээ эхнэр  Ё.М-г гэрийн хананд өлгөөтэй байсан жаазтай зурагнуудыг эвдэх, хагалах, заазуур барьж ална гэж заналхийлэх зэргээр сэтгэл санааны болон үснээс нь зулгаах, цохих, түлхэх зэргээр эрүүл мэндэд гэм хор учруулсан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож,  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Н мэдүүлэхдээ:

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эхнэрээсээ  уучлалт гуйхаар ресторанд урьсан. Тэгээд гэртээ хариад маргаан болсон, би хананд өлгөөтэй байсан гэр бүлийн зурагнуудаа газар авч шидсэн, эхнэрээ үснээс нь зулгаах, багалзуурдах, зодох зэрэг үйлдэл хийсэн. Эхнэрийнхээ биед учирсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугийн талаар маргахгүй, сонсгосон зүйл ангийг зөвшөөрч  байна. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын талаарх саналыг мөн зөвшөөрч байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Ё.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр 3 сарын өмнө өөр эмэгтэй хүнтэй явж байгаад надад баригдчихсан юм. Би тэр асуудлыг нь хоёр хүүхэддээ хэлчихсэн юм.Тэрнээс болоод манай хүү аавдаа уурлаад гэр бүлийн зургаа ураад нойлд хийсэн юм. Тэгтэл манай хадам аав нөхөр лүү залгаад Б-г гэр бүлийнхээ зургийг урж нойлд хийсэн талаар хэлсэн байсан. Тэр өдөр манай нөхөр гэртээ ирж хоноогүй. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байхад манай нөхөр над руу залгаад уучлалт гуйгаад хоолонд оръё гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр СХД-ийн 14-р хороо Титэм төвд хоолонд ороод нөхөр 3-4 шилтэй пиво уугаад бид хоёр хоорондоо ярилцаж байгаад гэртээ оройн 18:00 цагийн үед харьсан. Тэгээд гэртээ ороод байж байхад нөхөр... надад агсан тавиад том өрөөний хананд өлгөөтэй байсан морины зургийг аваад газар шидээд, хананд өлгөөтэй байсан бусад гэр бүлийн болон хүүхдийн зургуудыг бүгдийг нь хагалаад, намайг худлаа ярилаа гээд миний үснээс зулгаагаад газар хагарсан шилэн дээр чирээд, босож ирээд намайг алгадаад хүүхдийн өрөөний орон дээр түлхэж унагаад хаалганы прүүс модоор миний дээрээс маш олон удаа цохьсон, тэгснийхээ дараа хоолой багалзуурдахад хэсэг ухаан санаа самарсан. Тэгтэл заазуур барьчихсан чамайг алчихая гээд заазуурны ар буюу иргүй хэсгээр нь хоолойд хоёр удаа зүссэн...У.Н бид хоёр 1996 оноос хойш хамт 22 жил амьдарч байна, бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа хоёр хүүхэдтэй...” гэх мэдүүлэг /хх-27-30, 31-33/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05-р сарын 26-ны өдөр манай ээж надад аав чинь өөр эмэгтэй хүнтэй яваад байна гэж хэлсэн. Би тэр үгийг сонссоноос хойш аавд уур хүрээд аавтай юм дуугарахгүй явж байгаа. 2018 оны 05-р сарын 27-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад гэр бүлийн зураг хартал уур хүрсэн. Тэгээд шатаах гэсэн боловч шатахгүй болохоор нь ураад нойлд хийчихсэн...2018 оны 05-р сарын 29-ний өдөр гэртээ өглөө 10:00 цагийн үед ирэхэд ээж аавд зодуулсан шинжтэй бие нь хөх эрээн болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7013 дугаар акт:

Хэсэг газрын үзлэгт: хүзүүний баруун урд доод хэсэгт 4,5х0,1см, 2,5х0,1см улаан хүрэн өнгийн зулгаралттай, цээжний баруун урд дээд хэсэгт 2,5х1,5см, доод хэсэгт 4,5х0,8см, 3x0,7см, зүүн урд дээд хэсэгт 8x1 см, хүрэн ягаан өнгийн, баруун мөрний дээд хэсэгт ЗхЗсм, зүүн мөрөнд 3x3,5см, 2х2см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 3,5х2,5см, 4,5хЗ,2см, гадна дунд хэсэгт бхЗсм, 2x1 см, 1x1 см, доод хэсэгт 1,5x1 см, дотор доод хэсэгт ЗхЗсм, 3,5x1 см, 2,5х1,5см, 1x1 см, зүүн бугалганы гадна хэсэгт 19х10см, 5,5хЗсм, 4x1,5см, ЗхЗсм, дотор дунд хэсэгт 10х4см, 2х2см, баруун тохойд ЗхЗсм, зүүн тохойд 5x2,5см, баруун шууны гадна дээд хэсэгт 1x1 см, 6х5см, доод хэсэгт 7,5х4см, дотор доод хэсэгт 4,5х1,5см, 1х1см, 0,8х1см, 1,2х1см, зүүн шууны дотор дээд хэсэгт 5,5х2см, гадна дээд хэсэгт 16х8см, доод хэсэгт 7,5х7см, 2x1,5см, баруун бугуйн гадна хэсэгт 4,5хЗ,5см, 2х2см, баруун сарвууны дээд хэсэгт 2,5х2см, 1,5x1,5см, 1х1см, зүүн сарвууны дээд хэсэгт 2x1 см, 6,5х6см, баруун гуяны гадна дээд хэсэгт 5x6,5см, Зх2см, зүүн өвдөгт 3,5х3,5см, баруун шилбэний урд дээд хэсэгт 4x2,5см, дунд хэсэгт 3x2,5см, доод хэсэгт 1х1см, зүүн шилбэний урд дээд хэсэгт ЮхЮсм, ар дээд хэсэгт 3x1,5см  хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун тавхайн доод өлмий хэсэгт 1,5x1,5см, зах ирмэг тэгш, ангайж язарсан, дунд хэсэгт 0,5x0,1см, өсгий хэсэгт 0,5x0,1см, зүүн тавхайн өлмий хэсэгт 1,5х0,5см, зүсэгдсэн шархтай. Баруун бугалганы гадна дээд хэсэгт 1,5х0,5см, 1x0,5см, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 1,8x0,1 см, 2.0,1см, 1,5x0,1 см, зүүн сарвуунд 1x0,1см, баруун бугуйн гадна дунд хэсэгт 0,5х0,1см, хэвлийн урд доод хэсэгт 4,5х0,1см, зүүн тавхайн дээд хэсэгт 1х1см, 1,2x1,2см, баруун өгзөгний дотор доод хэсэгт 0,5x0,1см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

Дүгнэлт:

1. Ё.М-н биед цээж, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун бугуй, баруун, зүүн сарвуу, баруун гуя, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, баруун, зүүн тавхайд шарх, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун бугуй, хэвлий, зүүн тавхай, баруун өгзөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо болон хурц ир ирмэг бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41), 

Шүүгдэгч У.Н-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хана руугаа хартал гэр бүлийн зураг байхгүй байхаар нь тэгвэл энэ зураг ямар үнэ цэнтэй юм бэ гээд хананд өлгөөтэй жижиг жаазтай зурагнуудыг газар авч шидэж хагалсан. Тухайн үед манай эхнэр болиоч дээ гээд намайг тайвшруулах гээд миний урдуур ороод байхаар нь гарын булчин хэсгээс нь базаад холдуулаад түлхсэн тухайн үед манай эхнэр хөл нүцгэн хагарсан шилэн дээгүүр яваад байсан тэгж байхдаа хөлөө гэмтээсэн байсан Тэгээд жоохон тайвшраад байж байхад миний хувцсыг бүгдийг нь ялгаад орон тавьчихсан байхаар нь чи надаас салмаар байгаа юм уу гээд дахиад бухимдаад хувцастайгаа  гэрээсээ гаргаад буцаж орох гэтэл хаалга цоожлоод оруулахгүй байхаар нь хаалга түлхэж онгойлгоод гэртээ ороод орон дээрээс үлдсэн хувцсаа авах чинь орилооод байхаар нь хэрэлдэж байгаа эхнэрээ ор луу түлхэж унасан. Тэгээд маргалдаж байгаад жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Миний буруу би өөрийнхөө гэм бурууг бүрэн ухамсарлаж байна. Тэгээд маргааш нь эхнэрээсээ уучлалт гуйсан болов ч хүлээж аваагүй цагдаад өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-79), 

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17), 

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 18-21), 

Аюулгүй зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 22-24) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч У.Н нь 2018 оны 5 дугаар сарын  29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 6-209 тоот өөрийн гэртээ эхнэр Ё.М-г гэрийн хананд өлгөөтэй байсан жаазтай зурагнуудыг эвдэх, хагалах, заазуур барьж ална гэж заналхийлэх зэргээр сэтгэл санааны болон үснээс нь зулгаах, цохих, түлхэх зэргээр эрүүл мэндэд гэм хор учруулсан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож,  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч Ё.М-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “..надад агсан тавиад том өрөөний хананд өлгөөтэй байсан морины зургийг аваад газар шидээд, хананд өлгөөтэй байсан бусад гэр бүлийн болон хүүхдийн зургуудыг бүгдийг нь хагалаад, намайг худлаа ярьлаа гээд миний үснээс зулгаагаад газар хагарсан шилэн дээр чирээд, намайг алгадаад хүүхдийн өрөөний орон дээр түлхэж унагаад хаалганы прүүс модоор миний дээрээс маш олон удаа цохьсон, хоолой багалзуурдахад хэсэг ухаан санаа самарсан, тэгтэл заазуур барьчихсан чамайг алчихая гээд заазуурны ар буюу иргүй хэсгээр нь хоолойд хоёр удаа зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-33),

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05-р сарын 29-ны өдөр гэртээ өглөө 10:00 цагийн үед ирэхэд ээж аавд зодуулсан шинжтэй бие нь хөх эрээн болчихсон байсан. Тэгээд надаас нуугаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39),

Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн  №7013 дугаар дүгнэлт, аюулгүйн зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 22-24), гэрлэлтийн баталгаа /хх-54/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 18--21), шүүгдэгч У.Н-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...эхнэр нөхөр”, 5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ё.М-н өгсөн “... У.Н бид хоёр 1996 оноос хойш хамт 22 жил амьдарч байна, бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа хоёр хүүхэдтэй”, гэрч Н.Б-н ”...Манай аав ээж хоёр хамт амьдраад 22 жил болж байгаа бөгөөд урд нь салж нийлж байгаагүй. Хэвийн тогтвортой амьдарч байсан...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Ё.М, шүүгдэгч У.Н нар нь гэр бүлийн харилцаа бүхий эхнэр нөхөр буюу энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Хууль зүйн хувьд У.Н нь эхнэр Ё.М-г цохих, түлхэх, зүсэх зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч У.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Ё.М нь нэхэмжилсэн зүйлгүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч У.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч У.Н-д дээрхи зүйл, хэсэгт заасан прокурорын саналын хүрээнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч У.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.