Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 213/МА2019/00028

 

 

И.*******гийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Насанжаргал, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00650 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Өлзийт сум 6 дугаар баг 3 дугаар гудамж 335 тоотод оршин суух Зурынхан овогт Ишдуламын *******гийн нэхэмжлэлтэй  

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд нөхөх олговор 80.000.000 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэрэгт прокурор С.Болорзулын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч И.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.

Хүсэлт гаргагч Ишдуламын *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний аав Ш.Дарьяа нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын хурлын 18 дугаар тогтоолоор шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 44, 47 дугаар зүйлээр дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1989 онд дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар магадлалаар цагаатгагдсан. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 131/ШШ2019/00571 дугаартай шийдвэрээр Шарын Дарьяагийн үрчилж авсан охин буюу садан төрлийн холбоотойг тогтоож өгсөн. И.******* миний бие хэлмэгдэгч миний аав Шарын Дарьяагийн хэлмэгдлийн нөхөн олговрыг гаргуулах талаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст материалаа бүрдүүлэн өгснөөр комиссын 2019 оны 03 дугаар хуралдаанаас шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг Зууны мэдээ сонины 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад нийтэлсэн. Иймд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын шийдвэрийг харгалзан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.1-т заасны дагуу 80 сая төгрөгийн нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч И.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Өмнөх шүүх хуралдаанаар садан төрлийн холбоог тогтоолгосон. Улсын цагаатгалын удирдах улсын комисс хянаж үзээд өөр нэхэмжлэх хүн гарч ирээгүй. Холбогдох бүх материалуудыг бүрэн гаргаж өгсөн байгаа. Холбогдох материалын дагуу нэхэмжлэлийн шаардлага 80.000.000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

Прокурор С.Болорзул анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар И.*******д 80.000.000 төгрөгийн нөхөн олговрыг олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь мөн хуулийн 12-р зүйлийн 12.2-т заасан нэхэмжлэлд хавсаргах баримт материалыг бүрэн хавсаргасан, мөн нөхөн олговрыг нэхэмжлэх, авах эрхтэй этгээд буюу хэлмэгдэгч Ш.Даръяагийн үрчилж авсан охин болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэжээ.

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т зааснаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын Санхүү тасгаас 80.000.000 /Наян сая/ төгрөгийг гаргуулж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ш.Даръяагийн үрчилж авсан охин ВП37112509 регистрийн дугаартай, Зурынхан овогт Ишдуламын *******д олгож, хүсэлт гаргагч И.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул гаргасан давж заалдах гомдолдоо:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Шарын Дарьяа нь Өвөрхангай аймгийн Жинст сумын харьяат, /одоогийн Баянхонгор аймаг/ лам, Баянзүрхийн хүрээнд сууж байсан. Шарын Дарьяа Онцгой Бүрэн Эрхт комиссын 1938 оны 05 сарын 13-ны өдрийн 18-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр цаазаар авах ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

Нэхэмжлэгч И.******* нь хэлмэгдэгч Ш.Дарьяагийн үрчилж авсан охин болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2019/00571 тоот шийдвэр, Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03-10/407 тоот лавлагаа зэргээр тогтоогдсон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т: хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтын 4 дүгээр хэсгийн 5-ын В, 9 дүгээр заалт, 3 дугаар хэсэгт заасны дагуу И.******* нь үрчилж авсан эцэг болох хэлмэгдэгч Ш.Дарьяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөх олговрыг нэхэмжлэх, нөхөн олговор авах эрхтэй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг олгосон заасан байгаа.

Хуулийн 23.1-д Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэж заасан болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч И.*******гийн хувьд түүний эцэг болох Ш.Дарьяа нь 1938 онд хилс хэрэгт хэлмэгдэх явцдаа ямар нэгэн эд хөрөнгө, гэр орон сууцаа хураалгасан баримт байхгүй буюу хураалгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүхээс улс төрийн хилс хэрэгт цагаатгагдсан этгээд эд хөрөнгөө хураалгаагүй нь түүнд нөхөн олговор олгохоос татгалзах үндэслэл биш буюу хэлмэгдсэн хүн бүрд олгохоор дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь илтэд үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг удирдлага болгон Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00650 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлбаатар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00650 дугаар шүүхийн шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.

Миний /үрчилж авсан/ аав Ш.Дарьяаг баривчилж явсаны дараа мал, эд хөрөнгийг 2 удаа хураасан ба ботготой ингэ, 10 ишигтэй ямаатай үлдэж байсан гэж ээж Ишдулам амьд сэрүүн байхдаа ярьдаг байсан. Хүнд ярьж болохгүй шүү гэж хэлж байсан нь одоо тодхон санагдаж байна. Архивын баримт материалд хөрөнгө хураасан тухай баримт олдоггүй юм байна лээ. Манай суманд амьдарч байсан тухайн үед ногоон малгайт буюу дотоод яамны Самбуу гэж хүн байсан тэдний үр хүүхдүүд алтан ээмэг бөгж гээд хуучны эд зүйл их хэрэглэдэг айл гэж хүмүүс ярьдаг байсан нь зарим хүмүүс хураасан эд хөрөнгийг хувьдаа завшдаг байсан юм шиг байгаа юм. Хөрөнгө хураасан баримт олдохгүй байгаа нь бидний буруу биш байх гэж бодож байна. Миний бие одоо 82 настай, зүрх судасны өвчтэй ухаан алдаж унадаг байнгын эмчийн хяналтанд байдаг өөрийн орон гэр байхгүй хүүхдүүд дээрээ л амьдардаг. Хөгшин миний нөхцөл байдал хүнд байхад аар саар зүйлээр цаг хугацаа өнгөрөөж байгаад гомдолтой байна. Би улс нийгэмдээ тасралтгүй 30 гаруй жил худалдааны салбарт ажилласныг төр үнэлж, Алтан гадас, худалдааны тэргүүний ажилтан, 5, 6 дугаар таван жилийн гавшгайч цол тэмдэгээр шагнуулж байсан. Урьд өмнө нь ямар нэг байдлаар гэр, орон сууцыг хэлмэгдэгчийн үр хүүхэд гэж юм өгч байгаагүй. Энэ тухай албан бичгийг шүүхэд гаргуулж өгсөн. Тухайн үеийн улс төрийн хилс хэргээр олон мянган хүмүүсийг шийтгэж байсан нь алдаа байснаа төр хүлээн зөвшөөрч улмаар тэдний ар гэрт төрөөс нэг удаа нөхөн олговор олгож байгаа ч хүний амь нас сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байхаа. Эсэргүүний гэр бүл, хүүхэд гээд ад шоо үзэгдэх зүйл бишгүй гарч байсан. Энэ бүхнийг даван туулж гарсан. Хуулийн зүйл заалтыг өөр өөрийнхөөрөө тайлбарлан иргэн намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Надаас өөр нэхэмжлэх хүн байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Шарын Дарьяа нь Өвөрхангай аймгийн Жинст сумын харьяат, /одоогийн Баянхонгор аймаг/ лам, Баянзүрхийн хүрээнд сууж байсан. Шарын Дарьяа Онцгой Бүрэн Эрхт комиссын 1938 оны 05 сарын 13-ны өдрийн 18-р хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр цаазаар авах ялаар шийтгэснийг Монгол Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

Нэхэмжлэгч И.******* нь хэлмэгдэгч Ш.Дарьяагийн үрчилж авсан охин болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2019/00571 тоот шийдвэр, Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03-10/407 тоот лавлагаа зэргээр тогтоогдсон. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т: хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хуулийн зохицуулалт нь хэлмэгдэгч, хэлмэгдэгч өөрөө байгүй бол нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол тухайн оршин сууж байгаа орон нутгийн засаг захиргааны зүгээс орон сууц олгоно гэсэн заалт болно.

Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хэлмэгдүүлэлтийн явцад орон сууц, гэрээ хураалгаагүй, хураалгасан эсэх нь тодорхойгүй боловч төрөөс орон сууц олгоогүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ар гэрт, эхнэр /нөхөрт/ нь орон сууц олгоогүй бол төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдэд нь нөхөн олговор олгож болох эсэхийг хуулинд зохицуулахдаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “..Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг олгоно..” гэсэн заалтаар хэлмэгдэгчийн ар гэрт нь орон сууц олгоогүй л бол хэлмэгдэгчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдэд нь нөхөн олговор олгож болохоор заасан хуулийн зохицуулалт болно. Учир нь хэлмэгдүүлэлтийн явцад тухайн хэлмэгдэгчийн гэр, орон сууцыг хураасан эсэх нь тогтоогдохгүй байгаа нөхцөлд, өөрөөр хэлбэл хэлмэгдэгч гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгаагүй байна гэж шүүх дүгнэх боломжгүй байгаа нөхцөлд хэлмэгдэгчийн төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдэд нь нөхөн олговор олгож шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй гэж үзнэ.

Хэлмэгдэгч Ш.Даръяаг хэлмэгдүүлэх явцад гэр орон сууцыг нь хураасан тухай баримт байхгүй, гэрийг нь хураасан эсэх нь тодорхойгүй байна. Ш.Даръяаг цаазаар авах ял шийтгүүлсэний дараа үлдэж байгаа ар гэрт нь /эхнэрт нь/ орон сууц олгоогүй болох нь хүсэлт гаргагч И.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад нотлох баримаар тогтоогдож байна. Хэлмэгдэгч Ш.Даръяагийн ар гэрт нь, эхнэрт нь орон сууц олгоогүй болох нь тодорхой байгаа нөхцөлд хэлмэгдэгч Ш.Даръяагийн үрчилж авсан охин И.*******д 80 сая төгрөгийг нөхөн олговорт олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар “..Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг олгоно..” гэсэн заалт нь цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн ар гэрт, эхнэр /нөхөр/-т орон сууц олгох, хэрэв орон сууц олгоогүй бол хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн, болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барсанаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд 80 сая төгрөгийг олгох үндэслэлтэй болно.

Хэлмэгдэгч нь 1938 онд хэлмэгдэх явцдаа гэр орон сууцаа хураалгасан эсэх нь тодорхойгүй, тогтоогдохгүй байгаа нөхцөлд, өөрөөр хэлбэл хэлмэгдэгч гэр, орон сууц, эд хөрөнгөө хураалгаагүй байна гэж шүүх дүгнэх боломжгүй байгаа нөхцөлд хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн үлдэж байгаа ар гэрт нь төрөөс орон сууц олгох хуулийн зохицуулалт хэрэгжих үндэслэл болно.

Прокурор нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо зохигчийн нэгэн адил эрх,үүрэгтэй талуудын тэгш эрхийн, мэтгэлзэх зарчимд үндэслэж хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэл тайлбартайгаа холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлээгүй нөхцөлд шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор С.Болорзулын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон    

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 131/ШШ2019/00650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор С.Болорзулын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

 Л.НЯМДОРЖ