| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0675/э |
| Дугаар | 686 |
| Огноо | 2018-08-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 686
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч А.Ганзориг ,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808022270718 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Л.Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1976 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм-Транс” ХХК-д автобусны жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 13-16 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ,
ТОДОРХОЙЛОХ нь
Прокуророос тогтоосон хэргийн агуулга:
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12-94 тоотод иргэн Ч.Б-н эзэмшлийн “Konka” брэндийн 55 инчийн зурагт, 2 ширхэг хүүхдийн сандал зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад 1.806000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Би мэдүүлэг өгөхгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт үнэн зөв. Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад нэг ээлжийн хамт ажилладаг жолооч Э-н хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 12-94 тоотод байх манай гэрт очоод хоол идээд хамт хоносон. Тэгээд маргааш нь ажилгүй амарч байсан болохоор манай гэрт Э бид хоёр мах чанаад байж байсан ба Э нэг хүнтэй утсаар яриад байсан ба удалгүй мөн манай ажлын жолооч зүс мэдэх Б гээд залуу манай гэрт ирсэн. Тэгээд Б орж ирэхдээ халамцуу байсан бөгөөд ах нь 2, 3 хоног архи уусан яг үхлээ гэж хэлж байсан. Тэгээд Э, Б бид гурав манай 4 настай охины хамт гарч дэлгүүр ороод нэг ундаа, нэг шил архи, хүүхдэд зайрмаг зэрэг зүйл аваад буцаж манай гэрт ирээд махаа гаргаад идэнгээ нэг шил архиа задлаад бид гурав хувааж ууж байхад Б “ах нь хэтрүүлээд уухаараа зурагтаа хагалчихаад байдаг юм, ах нь гэрийнхээ зурагтыг хагалаад одоо манайх нэг жижиг хар зурагттай байгаа” гэж ярьж байсан...архиа хувааж ууж дуусгаад дахиад дэлгүүр явах гэтэл Б ах муудаад байна гээд газар хэвтээд өгөхөөр нь би газар хэвтэж болохгүй гээд орон дээр гаргаж хэвтүүлээд, гутлыг нь тайлаад, дээрээс нь хөнжил хаяад ганцааранг нь үлдээгээд Э, М гэх залуу, манай охин бид 4 дэлгүүр лүү хамт явсан. Тэгээд дэлгүүрээс дахиж нэг шил архи, нэг ундаа аваад буцаад гараад явж байтал манай ээж, аав хоёр тааралдаад хамт нэг хашаанд амьдардаг болохоор бүдээрээ хамт гэр лүүгээ яваад гэртээ ирээд ортол Б ах дээгүүрээ майктай доогуураа чармай нүцгэн гартаа хуванцар сандал барьсан зогсож байхаар нь би Б-г хэвтүүлээд байж байтал манай охин “ааваа энэ зурагт тал нь гарахгүй байна” гэж хэлэхээр нь харахад манай зурагт тал нь гараад, тал нь ус гүйцэн юм шиг гарахгүй дээр нь цохигдсон байсан...өдөр 16 цагийн орчим Б сэргээд гайгүй болсон байхаар нь юу болсон талаар хэлээд Э-н гар утсан дээр байсан зургийг үзүүлэхэд “ахыгаа уучлаарай, ах нь зурагт авч өгнө” гэж хэлсэн...Тухайн үед Б л гэрт ганцаараа үлдсэн, манай ээж, аав хоёрын гэр нь түгжээтэй байсан. Манай гэрт орж гарсан өөр хүн байхгүй, Б ах сүүлд нь надад хэлэхдээ ах нь гэртээ байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-9-11/,
Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны ОЗ.дугаар сарын 20-ны өдөр миний даралт ихсээд байхаар нь өвгөнтэйгөө хамт аптек орж эм авчихаад буцаад гэр лүүгээ машинтай ирж байтал автобусны буудал дээр манай хүү Б хамт ажилладаг нэг жолоочтойгоо, охинтойгоо дэлгүүр орчихоод явж байхаар нь бүгдээрээ хамт яваад Б-н гэр лүү ороход хамт ажилладаг гэсэн нэг 40 орчим настай залуу бүх хувцсаа тайлсан, тэр залуу манай ач охины усанд ордог вананд шээсэн, Б-н гэрийн сандлыг эвдэлчихсэн газар хэвтэж байсан. Тэгээд би “энэ чинь одоо юу болж байна” гэхэд тэр залуу юу ч дуугарахгүй байсан ба манай хүү Б та уураа бариад гарч бай гээд манай ач охин бид хоёрыг гаргасан. Манай хүү Б тэр залуугийн хувцсыг өмсүүлээд унтуулсан байсан. Тэгээд байж байтал Б-н гэрийн зурагт эвдэрсэн байсныг мэдсэн юм. Хэсэг унтаж байгаад тэр залуу архи нь гарсан байхаар нь тэр залууд хандаж “би энэ зурагтыг 2014 онд хоёр хүүхдийнхээ хуримаар хоёр жилийн тэтгэвэрийн зээл 3.000.000 төгрөг аваад 2.400.000 төгрөгөөр нь авч өгч байсан, чи хагалсан байна” гэхэд тэр залуу “яанаа эмээ уучлаарай, би цалингийн зээл аваад төлж барагдуулна” гэж хэлсэн...Тэр залуу нилээн согтуу байсан. Сүүлдээ архи нь гараад гайгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдөр өглөө 06 цаг 30 минутанд ажилдаа гарч яваад орой 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай нөхөр охин хоёр байсан ба манай зурагт хагарсан байсан. Тэгээд би юу болсон талаар нөхөр Б-с асуухад “манай ажлын Б гэдэг залуу согтуу гэрт байж байгаад дэлгүүр яваад ирэх хооронд манай зурагтыг хагалчисан байсан, бас хамаг хувцсаа тайлаад шалдан манай охины усанд ордог вананд шээсэн байсан гэж хэлсэн. Манай гэрийн хуванцар сандал хагарсан байсан ба тэр сандлаар зурагт руу цохисон юм шиг байна лээ, манай сандал урд нь бүтэн байсан. Тэгээд манай нөхрийн хамт ажилладаг Б гэдэг залуу тухайн үед төлж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд одоо болтол төлж өгөхгүй байгаа...”гэх мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаан “ ... Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажилгүй амарч байгаад хамт ажилладаг Б-н гэрт өглөө ирээд байж байхад өдөр мөн манай ажлын надтай нэг ээлжийн жолооч байсан Б над руу залгаад юу хийж байна гэхээр нь би Б-н гэрт байна гэхэд “ах нь яваад очих уу, хоёр гурав хоног архи уусан чинь шартаж үхлээ” гэхээр нь тэг тэг хүрээд ир гэсэн чинь удалгүй хүрээд ирсэн. Б ах ирэхдээ согтуу ирсэн ба бид дөрөв нэг шил архи хувааж уугаад байж байхдаа Б ах “ах нь ойрдоо пакттай байна, гэрийнхээ зурагтыг хагалчихсан” гэж хэлж байсан. Тэгээд Б ах надад ах нь муудаад байна гээд орон дээр жоохон унтаадхая гээд хэвтсэн...бид гурав дэлгүүр гараад нэг шил архи аваад ирье гэж Б ахад хэлээд Б-н охиныг дагуулаад гарсан. Тэгээд дэлгүүр ороод нэг шил архи аваад буцахдаа автобусны буудал дээр Б-н аав, ээж хоёртой тааралдаад бүгдээрээ хамт гэрт нь ирэхэд Б ах хамаг хувцсаа тайлаад хаячихсан чармай нүцгэн зогсож байсан ба хүүхдийнх нь вананд шээсэн, Б-н зурагтыг хагалчихсан, зурагтных нь наана хуванцар сандал тавьсан дээшээ харсан байдалтай байсан, тухайн сандлаар зурагтыг цохьсон юм шиг байна лээ...би гар утсан дээрээ дарсан байсан Б ахын нүцгэн байдал, эвдэрсэн зурагтыг үзүүлээд “та одоо яаж байгаа юм бэ, айлын эд хөрөнгө эвдээд” гэхэд Б ах “за ахын дүү наад зургаа устагачих, хүнд хэлвээ, ах нь цалингийн зээл авч байгаад Б-т зурагт авч өгнө” гэж хэлээд миний гар утсан дээр байсан зургийг устгуулсан...Б-н гэрт нь Б ах ганцаараа үлдсэн, өөр хүн байгаагүй. Ирэхэд хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би хамтран амьдрагч Д.О-н хамт гэрээсээ гараад эм авахаар аптек орсон юм. Буцаж явах замд О-н хүү болох Б хамт ажилладаг гэх залуутайгаа, бас 3-4 насны охиноо дагуулаад дэлгүүрээс гарч явсан. Бид хоёр тэдэнтэй уулзаад машинд нь суугаад гэр лүүгээ явцгаасан. Тэгээд би нар тэдний гэрт бүгдээрээ орцгоосон юм. Тэгэхэд Б-н гэрт нэг хижээл насны согтуу залуу шалдан хэвтэж байсан. Тэгээд бас хүүхдийн ваннанд нь шээчихсэн, зурагт сандал нь эвдэрчихсэн байдалтай байсан...Тэр залуу төлөөд өгнө өө, цалингийн зээл аваад төлөөд өгнө, хүүтэй чинь тохирчихно гээд байсан...Нохойн хороо шиг л юм байсан. Зурагт нь хагарчихсан, зурагтны урд давхарлаж тавьсан хуванцар сандалнууд бас хагарчихсан, Б-н хүүхдийн усанд ордог цэнхэр өнгийн ваннанд тэр залуу шээчихсэн байсан....” гэх мэдүүлэг /хх-69-70/,
Шүүгдэгч Л.Б-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө...байж байтал Э залгаад Б-н гэрт хүрээд ир гээд дуудсан юм. Тэгээд Зүүн салааны хуучин эцсийн арын буудал дээр ирэхэд Б, Э хоёр тосч аваад хамт Б-н гэрт ороход мах чанасан байсан. Би махнаас идээд байж байтал нхдүүрэнгийн найз гээд нэг залуу ирээд дөрөвүүлээ хамт нэг шил архи хувааж уусан. Тэгээд би ядраад унтаад өгсөн юм...Би тухайн үед гэртээ байгаа гэж бодоод, манайх адилхан гэрт амьдардаг бөгөөд бас гэрт хүүхдийн банн байдаг юм, тэгээд андуураад гэрт нь бие зассан. Би бие засахдаа доогуур хувцсаа тайлж бие зассан юм. Би сүүлд 2 хоногийн дараа Энадад та айлын зурагт хагалсан гэж утсаар хэлэхээр нь төлөлцье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-62-63/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-4-6/, “Арвижих-Эстимейт” ХХК-н эд зүйлийн үнийн тухай тодорхойлолт /хх-24-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 12-94 тоотод иргэн Ч.Б-н эзэмшлийн “Konka” брэндийн 55 инчийн зурагт, 2 ширхэг хүүхдийн сандал зэрэг эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад 1.806.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б ах дээгүүрээ майктай, доогуураа чармай нүцгэн гартаа хуванцар сандал барьсан зогсож байхаар нь би Б-г хэвтүүлээд байж байтал манай охин “ааваа энэ зурагт тал нь гарахгүй байна” гэж хэлэхээр нь харахад манай зурагт тал нь гараад, тал нь ус гүйсэн юм шиг гарахгүй, дээр нь цохигдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-9-11/,
Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б-н гэрийн зурагт эвдэрсэн байсныг мэдсэн юм...2.400.000 төгрөгөөр нь авч өгч байсан чи хагалсан байна гэхэд тэр залуу “яанаа эмээ уучлаарай, би цалингийн зээл аваад төлж барагдуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр Б-с асуухад “Б гэдэг залуу согтуу гэрт байж байгаад дэлгүүр яваад ирэх хооронд манай зурагтыг хагалчихсан байсан, бас хамаг хувцсаа тайлаад шалдан манай охины усанд ордог вананд шээсэн байсан” гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн хуванцар сандал хагарсан байсан ба тэр сандлаар зурагт руу цохисон юм шиг байна лээ, манай сандал урд нь бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хх-14-15/,
Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б ах хамаг хувцсаа тайлаад хаячихсан чармай нүцгэн зогсож байсан ба хүүхдийнх нь вананд нь шээсэн, Б-н зурагтыг хагалчихсан зурагтных нь наана хуванцар сандал тавьсан дээшээ харсан байдалтай байсан, тухайн сандлаар зурагтыг цохьсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-16-17/,
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаан “...Зурагт нь хагарчихсан, зурагтны урд давхарлаж тавьсан хуванцар сандалнууд бас хагарчихсан, Б-н хүүхдийн усанд ордог цэнхэр өнгийн ваннанд тэр залуу шээчихсэн байсан...Б-г ороход тэр гэрт шалдан залуугаас өөр хүн байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-69-70/, шүүгдэгч Л.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл: Шүүгдэгч Л.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас хохирогч Ч.Б-т 1.806.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Б-н өгсөн “...охин ааваа энэ зурагт тал нь гарахгүй байна гэж хэлэхээр нь харахад манай зурагт тал нь гараад, тал нь ус гүйцэн юм шиг гарахгүй, дээр нь цохигдсон байсан....” гэх, гэрч Д.О-н ”...чи хагалсан байна гэхэд тэр залуу яанаа эмээ уучлаарай би цалингийн зээл аваад төлж барагдуулна гэж хэлсэн...” гэх, гэрч Л.О-н “...Б гэдэг залуу согтуу гэрт байж байгаад дэлгүүр яваад ирэх хооронд манай зурагтыг хагалчихсан байсан, бас хамаг хувцсаа тайлаад шалдан манай охины усанд ордог вананд шээсэн байсан гэж хэлсэн...” гэх, гэрч Б.Э-н “...Б ах хамаг хувцсаа тайлаад хаячихсан чармай нүцгэн зогсож байсан ба хүүхдийнх нь вананд нь шээсэн, Б-н зурагтыг хагалчихсан...байсан...” гэх /хх-16-17/, гэрч Д.Н-н “...Зурагт нь хагарчихсан, зурагтны урд давхарлаж тавьсан хуванцар сандалнууд бас хагарчихсан, Б-н хүүхдийн усанд ордог цэнхэр өнгийн ваннанд тэр залуу шээчихсэн байсан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байх тул энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.-
Иймд шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйодсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгө гэмтсэн, устсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд шүүгдэгч Л.Б хохирогч Ч.Б-т учирсан хохирлын төлөөгүй байх тул шүүгдэгчээс 1.806.000 төгрөгийг нөхөн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Л.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.