| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2511000000023 |
| Дугаар | 2025/ДШМ/930 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.7.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/930
Н.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ /цахимаар/,
хохирогч Б.Д-, түүний өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1276 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Э-т холбогдох 2511000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Н- Э-, ..............., /РД:................/, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.
- 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Д-г хэл амаар доромжлон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,
- 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Д-г хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,
- 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон,
- 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шалтгаангүйгээр удаа дараа буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ****** тоотод хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,
- 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ****** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Д-г хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Н- Э-т холбогдох эрүүгийн 2511000000023 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Болд-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолоор шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон" гэж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс дээрх цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох объект нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхол, объектив тал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, байнга хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан идэвхтэй үйлдэл байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь халдлагад өртөгч /хохирогч/-ийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй. Субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Субъект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байна.” гэжээ. Улсын дээд шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоол “Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай", хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан "байнга зодох" гэж тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирхийлэл хийсэн байхыг хэлнэ. Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 “...хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тус тус хууль болон Улсын Дээд шүүхийн тайлбаруудад тусгасан байна. Хохирогч Б.Д- нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг талаар түүний өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо ** байрны орой *** тоотод нөхөр Э-ын хамт амьдардаг. Н.Э- 2024 оны 10 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчимд 10 жилийн найз Б-ын хурим дээр очно гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үүрийн 05 цагийн орчимд ирсэн. Тэгсэн торонд шээстэй өмд, цамцаа хийгээд барьсан, өөр хүний бэлтгэлийн хувцас өмссөн, хувцас нь цус болсон байхаар нь “Э-аа чи юу болсон юм” гээд асуусан чинь миний өөдөөс "янхан минь, гичий минь чамайг ална шүү" гээд намайг баруун гараараа нэг удаа түлхэхээр нь би хойшоо сандал дээр унасан чинь торноосоо шээстэй өмдөө аваад миний хоолойг боохоор гараараа татаад сонин дугарсан чинь Э- сонин харахаар нь би “бэлэг эрхтэн рүү нь нэг удаа өшиглөсөн” чинь Э- хойшоо болохоор нь би шууд унтлагын өрөө рүү ороод хаалгаа дотор талаас нь цоожлоод чимээ чагнаж байсан. Э- том өрөө рүү ороод буйдан дээр суугаад үглээд "гичий янхан минь ална шүү" гээд яриад байсан. ...Тухайн үед намайг Э- нь шээстэй өмдөөр хоолой боогоод намайг түлхсэн. ...Э- нь 2023 онд миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж байсан, 2024 оны 09 дүгээр сард нэг удаа намайг зодож байсан. Мөн 10 сард зодож байсан, зодох болгонд нь би цагдаад хандаж шүүхээр орж байсан. Бид хоёр 10 жил хамт амьдарч байна, дундаасаа хүүхэдгүй. Гэрлэлтийн баталгаатай. ..." /хх 7-8/, гэрч Ж.Ж-ы ”... Би 2023 оны 11 дүгээр сарын орчимд шинэ 47 СӨХ-д жижүүрээр орсон ба ** байрны жижүүрийн үүргийг одоог хүртэл гүйцэтгэж байна. *** тоот бол өдөр бүр асуудал үүсгэдэг болохоор тэр тоотод амьдардаг Д-, Э- нарыг танина. Намайг ажилд орсноос хойш ** байрны *** тоотод амьдардаг Э- нь байнга согтуу өглөө үүрээр ирээд өөрийн гэсэн чипгүй жижүүрийн хаалга үүдийг тогшоод төвөг уддаг мөн орцонд согтуу хэвтээд унтдаг. Ийм асуудлаас болоод оршин суугчид байнга гомдол гаргадаг ба би эхнэр Д-д нөхрөө аваарай гэж хэлэхээр чадахгүй наадах чинь гэртээ орохоор зодоон хийгээд намайг алчих гээд байдаг гэж хэлдэг. Э-ын хувьд гэр оронтой л болохоос архинд орчихсон хүн байгаа юм. Энэ мэтээр байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам тавьдаг бололтой цагдаа байнга ирдэг. 2024 оны сүүлээр байх манай СӨХ-ийн хяналтын камерын бичлэг дээр орцонд Д- нь унтлагын хувцастай хоорондоо маргалдаад зодолдож байсан. Гэртээ яг яаж зодолддог талаар бол мэдэхгүй байна. Цагдаа бол байнга ирээд Э-ыг аваад явж байхыг харсан. Сүүлд баривчилгаанд явсан сурагтай байсан. Э- нь бараг өдөр алгасахгүй согтуу ирдэг, ирэхдээ ихэвчлэн үүрээр ирдэг. Миний мэдэхийн 2024 оны сүүлээр Д-гийн нүд нь Х-өрсөн явж байсан. Манай байрныхан *** тоотыг бүгд мэднэ, яг үнэндээ бүгд төвөгшөөдөг, Э-ын талаар бол байнга гомдол гаргана согтуу орцонд унтаад байна хүүхэд айлгаад гэх мэтээр гаргадаг. Тэгээд хүмүүс энэ согтуугаа явуулаач гээд шаардлага тавьдаг..." /хх 41/, гэрч Б.Н-гийн "...Манай дүү Д-тай гэр бүл болсон эхний жилүүдэд янз бүрийн муу юм дуулдаагүй, харин 2024 оны эхээр Д- над руу яриад Э- согтуу орж ирээд хоол хийж өгсөнгүй, хүйтэн хоол байна гээд над руу цацаад асгасан, намайг ална гээд байхаар нь би цагдаа дуудаад өгчихлөө гэж хэлсэн. Энэ мэтээр сардаа нэг удаа Д- над руу ярьдаг байсан. 2024 оны 06 дугаар сараас сардаа нэг удаа ярьдаг байсан бол 2 удаа болоод давтамж нь ихэссэн. Би тэр болгонд нь цагдаад ханд гэж зөвлөдөг би очих уу гэхээр Д- цагдаа ирээд аваад явчихлаа гэхээр нь очоогүй, мөн хэд хэдэн удаа Э-тай утсаар ярихад хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүй үргэлж согтуу миний өөдөөс "би ардын багш олон шавь нартай, шавь нарын дотроос цагдаад ажиллаж байгаа хүн байгаа" гэх мэт сонин юм яриад ойлголцдоггүй. Манай дүү Д- нь 2024 оноос эхлэн над руу ярьж Э- намайг зодсон, агсам согтуу тавьсан, цагдаа дуудсан гэх мэтээр надад хэлдэг болсон. ...” /хх 43/ гэх мэдүүлгүүд, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээг хүчирхийллийн аюулын зэргийг тодруулах асуулт хэлбэрээр дүгнэхэд аюулын зэргийн “дунд” гэх дүгнэлт гарсан болно. /хх 10/, цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан байдлаар хохирогч Б.Д- өөрийн ******** дугаараас 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын хооронд 4 удаагийн "Нөхөр согтуу агсач тавиад, Намайг зодсон ’’, "Нөхөр согтуу агсам тавиад, дарамтлаад" гэх утга бүхий гомдол мэдээлэл гаргасан байдаг. /хх 31/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тодорхой шалтгаангүйгээр хохирогчийн биед байнга халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас тодорхой харагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байгаа тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1276 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Н.Э-ыг гэм буруутайд тооцож, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Н.Э-тай хамт амьдраад 10 жил болж байна. Н.Э- нь байнга архи ууж орж ирдэг бөгөөд цагдаа дуудвал ална шүү гэдэг. Би өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг 6 үйлдэлд холбогдуулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн. Эхний үйлдэл нь 2021 оны 06 дугаар сард, 2 дахь үйлдэл нь 2023 оны 06 дугаар сард, 3 дахь үйлдэл нь 2024 оны 10 дугаар сард 2 удаа, тус оны 12 дугаар сард 2 удаа гэж яллах дүгнэлт үйлдсэн. Ингэж оруулж ирэхэд хэрэгт авагдсан баримтаар 6 удаагийн үйлдэл нь тогтоогдоогүй бөгөөд 4 удаагийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Цаг хугацааны хувьд 2021, 2023 онд үйлдэгдсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан 6 сарын хугацаандаа ороогүй. Харин 12 дугаар сард үйлдсэн 2 үйлдэл нь тогтоогдсон бөгөөд эхний үйлдэл нь хүсэл зоригийн эсрэг хязгаарласан, биед нь халдаж зодсон, дараагийн үйлдэл нь биед нь халдаж зодсон зүйл байхгүй. Эдгээр 2 үйлдлийг харахад прокуророос яллаж байгаа гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх зүйл ангид багтахгүй байна. Мөн 3 удаагийн үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаагаар 6 сарын дотор үйлдэгдээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Тухайн цагаатгах тогтоолыг прокуророос хүлээж аваад үндэслэлтэй байна гэж үзээд эсэргүүцэл бичээгүй байсан. Гэвч яллах дүгнэлтэд дурдсан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн үйлдлийг шүүхээс ямар нэгэн байдлаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Харин бусад цаг хугацааны хувьд үйлдсэн үйл баримтыг цагаатгах тогтоолд дурдсан байсан бөгөөд 09 дүгээр сарын 30-ны өдрийн үйлдлийг хэрэг гэж үзэж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Н.Э-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос Н.Э-ыг “2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ****** тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Д-г хэл амаар доромжлон, айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэн зодсон” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-т холбогдох эрүүгийн 2511000000023 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, анхан шатны шүүх “... 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Н.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Д-г зодсон гэх яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримт тогтоогдоогүй. Мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эхнэр Б.Д-г зодсон гэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Н.Э-ын нотлогдож буй 3 удаагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн хэргийн хоорондын хөөн хэлэлцэх хугацаа Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд заасан зургаан сар байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй буюу тасарсан...” гэж Н.Э-ыг цагаатгажээ.
Ийнхүү цагаатгаж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд бичсэн “...эхнэр Б.Д-г 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон ...” гэх үйлдлийн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан ба тухайн үйлдэл тогтоогдсон эсэх болон няцаасан талаараа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн хэргийн хоорондын хөөн хэлэлцэх хугацаа Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд заасан зургаан сар байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй буюу тасарсан гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан асап сангийн бүртгэл мэдээлэлд 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “нөхөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг дарамтлаад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байх ба шийтгэл оногдуулсан байдалд нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2650 дугаартай шийтгэвэртэй, шүүгч Г.Ууганбаатар гэсэн бүртгэл /хх12/, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх139/, 2650 дугаартай шийтгэвэр /хх26, 145-146/ авагдсан байх ба уг шийтгэвэрүүд хоорондоо зөрүүтэй байна.
Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1276 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Цагаатгах тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1276 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ